Зээлийн хүүгийн түвшинд хязгаар тогтоох ёстой юу?



Таны хариулт салсан замын аль талд зогсож байгаагаас шалтгаална: Хуримтлуулагч (хадгаламж>зээлээс) эсвэл зээлдэгч (зээл>хуримтлал). Таны ашиг сонирхлын зөрчил таныг ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэж хариулахад нөлөөлнө (би итгэлтэй байна!).

Хэрэв энэ мулгуу улс төрчид (хоёр нам ямар ч ялгаа байхгүй) зээлийн хүүгийн түвшинд хязгаар тогтоож чадвал та жил бүрийн 15%-н хүүтэй хадгаламждаа баяртай гэж хэлээд сайн явуулаарай.


Зээлийн хүү буурснаар банкуудын бохир ашгийн маржин 5%-тай болж түрээс, цалин, татвар гэх мэт зардлуудаа төлөөд ямар ч ашиггүй үлдэнэ. Аливаа компанийн оршин тогтнох шалтгаан нь ашигт ажиллагаа байдгийг санах хэрэгтэй.

Та хадгаламждаа нэлээн их хэмжээний мөнгөтэй гэж бодъё. Гэтэл хадгаламжийн хүү 15%-иас ойролцоогоор 9.5% болж буурлаа. Энэ тохиолдолд та мөнгөө яах вэ гэдэг бодолд автана.


Таны толгойнд эхлээд:

1. Би хаанаас 15%-ийн хүүг хүртэх боломжтой вэ?

2. 15%-ийн хөрөнгө оруулалтын эрсдэл хэр байх вэ?


Би амлаж байна. Дээрх асуултуудын хариулт нь тийм ч таатай байхгүй байх болно. Үүнээс цаашлаад та дараагийн асуултуудыг асууж эхэлнэ:

1. Хадгаламжийг орлох ямар бүтээгдэхүүн байна вэ?

2. Хувьцаа? Бонд? Бусад хөрөнгө оруулалтууд?


Харамсалтай нь Монголд бусад хөрөнгө оруулалт олоход маш хүндрэлтэй. Өндөр өгөөж санал болгож буй хөрөнгө оруулалтууд ихэнх тохиолдолд хэтэрхий эрсдэлтэй байдаг.

- Хөрөнгийн зах зээл рүү орж хувьцаа авах уу?

- Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчин итгэл төрүүлэх үү?

- Хувьцаа эзэмшигчдийг төр хамгаалдаг уу?


Санхүүгийн Зохицуулах Хорооны үйл ажиллагаа болон Улсын Их Дэлгүүр ХК, Гутал ХК, Сүү ХК, Талх Чихэр ХК гээд л маш олон компаниудын үйл ажиллагааг хараад байхад ихэнх нь олигарх бүрдүүлж жижиг хувьцаа эзэмшигчдээ хүндэлж, эрх ашгийг нь хамгаалдаггүй. Сайн засаглалтай дотоодын хувьцаат компаниуд (Говь ХК, Heineken-ын ачаар АПУ ХК, Таван Толгой ХК гээд л жагсаалт дуусаж байгаа юм)  хэт жижигхэн бөгөөд одоогийн хөрөнгийн зах зээл нь ₮500 тэрбум болон түүнээс дээш хөрөнгө оруулалтыг шингээх багтаамжгүй билээ.


Та саруул ухаантай бол эцэс сүүлд нь дараах асуултыг асууна:

- Төгрөгөө 9.5%-р хадгалуулах нь зөв үү?


Мэдээж ҮГҮЙ! 1990 оноос хойш төгрөгийн ханш Зимбабве, Венесуэл, Аргентин гэх мэт улсуудаас бусад улсын валютын эсрэг унасаар л байна.


Жилийн 9.5%-ийн хадгаламжийн хүү таныг худалдан авах чадвараа алдахаас хамгаалж чадахгүй. Та 9.5%-иар төгрөгөө хадгалж чадахгүй л байх болов уу. Хэрэв хадгалах шийдвэр гаргасан бол тэнэг шийдвэр гаргажээ. Учир нь улс төрчид өдөр, сар, жил бүр таныг хамгаална гэж ярьдаг ч үнэндээ энэ амлалтынхаа яг эсрэгийг л хийдэг (сонирхлын зөрчилтэй учраас).


Төгрөгийг 10%-иас доош хүүгээр хадгалуулах нь утгагүй гэдгийг ойлгосон та USD, EUR эсвэл юанийн хөрөнгө оруулалт хайж эхэлнэ.


- Ам. доллароо 6%-р хадгалах уу? EUR-оо 4%-р уу? Эсвэл юанийг 3%-р уу?


6%-ийн ам.долларын хадгаламж одоо ашигтай харагдаж эхэлж байгаа биз? Ингээд л та банк руу явж төгрөгөө ам.доллар болгож ам.долларын хадгаламж нээнэ. Ихэнх хүмүүс тантай адил ухаалаг хандаж дээрхтэй адил шийдвэр гаргаж төгрөгөө ам.доллар болгож эхэлнэ. Ингэснээр төгрөг МАШ ИХЭЭР суларч эхэлнэ. Маш хурдацтайгаар.


Би юу гэж хэлэх гээд байна вэ?

Одоогийн байдлаар дотоодын хүүгийн түвшинг чөлөөт зах зээл удирдаж байна. Мөнгөний өртөг ойролцоогоор 15% байна. Хэрэв тийм биш байсан бол банкууд хадгаламжийн хүүгээ нэмэх байсан. Хэдхэн сарын өмнө Засгийн газар өөрөө 18%-р ЗЭЭЛЖ байсан. Одоо зээлийн хүүгээ бууруулъя гэж үү?


Засгийн газар таныг удирдаж, хяналтанд байлгаж таны эрх ашгийн эсрэг аливаа шийдвэр гаргахыг оролдох болгонд та өөрийгөө хамгаалах зорилгоор өөр сонголтуудыг хайж эхэлдэг. Улс төрчид үүнийг тооцоолоогүй л байх. Учир нь тэдний зорилго нь ердөө л нэрээ гаргаж дараагийн сонгуульд дахин сонгогдох юм. Таны зээлийн хүүгийн зардал 20% байна уу 30% байна уу тэдэнд ямар ч хамаагүй.


Энэ нь эдийн засгийн хямрал, банкны тогтворгүй байдалд хүргэж эцэст нь таныг эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд хүргэж таны ирээдүйн сайн сайхныг тань үгүй хийх болно.


Эцсийн үг

Хүүгийн түвшинг бууруулъя гэж хашхирч байгаа хүмүүст:

Та өөрөө эхлээд хийгээд үз! Хадгаламжийн хүүг 9.5% болгож бууруулаад бусдад 15%-р зээл гарга гээд банкаасаа шаардаад үз. Та тэгэхгүй л байх. Таны хувийн сонирхолтой зөрчилдөж байгаа учраас!


Хэрэв энэ тэнэглэл батлагдаж хууль болбол төгрөг болон ирээдүйн төгрөгийн хуримтлалдаа баяртай гэж хэлсэн нь дээр байх. Мөн банкнаас зээл авахад тань амжилт хүсье (банкууд зээл гаргахгүй яагаад гэвэл төгрөгийн эх үүсвэр байхгүй учраас). Танд ам.долларын зээл авах л сонголт үлдэх байх. Бид бүгд ам.долларын өртэй байх нь ямар гайхамшигтай байсныг өнгөрсөн жилүүдийнхээ туршлагаасаа мэдэж байгаа.


Энэ популист үйлдлээ зогсоогоод иргэд бидний нийгмийн даатгал, тэтгэврийг хүрээлж буй залилан, луйврыг шалгаж, Улсын Их Дэлгүүр болон Номин Группийн явуулж буй бизнесийн моделийг хязгаарлаж, Талх Чихэр, Сүү, Материал Импекс гэх мэт компаниудад аудит хийж шалгахыг хүсэж байна.


Иргэд бидэнд байгаа ганц эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг булааж, иргэдийн мэдлэггүйг нь ашиглаж санал авахын оронд бидэнд илүү дээр хувилбар, сонголтыг бий болгохыг хүсэж байна.

Anyway. Angry Iderbat.

7 views

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Аюуд Тауэр, 7 давхарт, 702 тоот

Утас: 7510-7500

И-мэйл: investment@apex.mn

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2019