• Нармандах

Коронавирусын вакциниуд болон хөрөнгө оруулалт

Updated: 6 days ago



2020 оны 7 сарын 29-ны байдлаар нийт 165 байгууллага Covid-19 вакцины хөгжүүлэлт хийж байгаагаас 27 вакцин нь хүн дээр туршилт хийж байна. Цөөнгүй компаниуд вакциныг 2020 онд багтаан гаргах хүлээлттэй байгаа ажээ. Одоогоор амжилттай хөгжүүлэлт хийж буй ихэнх компаниуд нээлттэй буюу хувьцааг нь шууд худалдан авах боломжтой байгаа нь сайхан боломж байж болох юм. Гэвч өндөр хүлээлттэй холбоотойгоор ийм төрлийн хувьцааны өсөлт хөөсөрч, он гарсаар 35 дахин өссөн тохиолдолд ч гарлаа. Өсөлт зогсохгүй үргэлжилсээр байгаа ба түрүүлж амжилттай ажилласан компаниуд бүр их өсөлт үзүүлэх нь тодорхой хэдий ч үлдсэн хэсэг нь том уналт үзүүлэх эрсдэл дагуулж буй тул вакцин гаргалтын үйл явц, хүлээлт үүсгэж буй компаниуд, хөрөнгө оруулалтын хувилбарууд зэрэг мэдээллүүдийг өгөхөөр бэлдлээ.


ВАКЦИН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ПРОЦЕСС

Юуны өмнө вакцин хөгжүүлэхэд ямар үе шатуудыг давах шаардлагатайг мэдэх хэрэгтэй тул дор товч байдлаар орууллаа.


ЭМНЭЛГИЙН ӨМНӨХ (Preclinical testing): Эрдэмтэд вакциныг хулгана, сармагчин зэрэг амьтад дээр туршина.


1-Р ШАТ (АЮУЛГҮЙН ШАТ): Цөөн тооны хүмүүст аюулгүй байдал, тунгийн хэмжээ, дархлааны системд үзүүлэх нөлөөлөл зэргийг шалгах зорилготой.


2-Р ШАТ (ӨРГӨЖҮҮЛЭХ ШАТ): Хэдэн зуун хүмүүсийг хамруулан хүүхэд, хөгшид зэрэг бүлгүүдэд хуваарилан тус бүрт үзүүлж буй нөлөөллийг шалгана. 2020 оны 6 сард АНУ-ын зүгээс вакцинжуулсан хүмүүсийн ядаж 50%-д дархлаа тогтсон тохиолдолд түүнийг effective гэж үзэх буюу хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн байна.


3-Р ШАТ (СҮҮЛИЙН ШАТ): Хэдэн мянган хүмүүсийг хамруулан үр дүн, харш нөлөө зэргийг судлана. Судалгаа хийхдээ энгийн бүлгийг тайвшруулах эм бэлдмэл ашигласан хүмүүстэй харьцуулан үзнэ.


ЗӨВШӨӨРӨЛ: Улс бүрийн зохицуулах байгууллагууд вакцины үр дүнг шалган зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ. Цар тахлын үед зарим вакциныг албан ёсны зөвшөөрөл гарахаас өмнө онц байдлын үед ашиглах боломжтой байна.


Дээрх 4 шатны туршилтыг хийж, холбогдох байгууллагуудаар зөвшөөрөгдсөний дараа үйлдвэрлэл эхэлдэг байна. Вакцин хөгжүүлэгч байгууллагууд бүх шатыг амжилттай даван туулсан ч дэлхий нийтэд тус вирусын дархлаа бүрэн тогтоох үйлдвэрлэл явуулахын тулд ахин 6-12 сарын хугацаа шаардлагатай гэх хүлээлт байгаа ажээ.


ВАКЦИН ГАРГАН АВАХ АРГУУД

Вакцин гарган авах үндсэн 4 төрлийн аргыг одоогоор компаниуд коронавирусын вакцин гарган авахаар ашиглаж байгаа ба Whole-Virus Vaccines буюу идэвхигүй вирусыг ашиглах арга хамгийн түгээмэл ашиглагддаг байна.

Ашиглаж буй аргаас шалтгаалан хөгжүүлэх хугацаа, сайн дурынхны аюулгүй байдал, шаардлагатай тунгийн хэмжээ зэрэг нь ялгаатай байдаг байна.


Олон компаниуд вакцин хөгжүүлэлтэд өрсөлдөж буй хэдий ч хамгийн түрүүнд хөгжүүлэлт хийж дуусгасан компаниудад ашигтай нөхцөл үүсэх тул бид хөгжүүлэлтийн явцаар ангилан харах хэрэгтэй. Вакцины сүүлийн шатуудад явж буй, олон нийтэд хүлээлт үүсгээд буй компаниудын мэдээллийг доод хэсгээс уншина уу.


3-Р ШАТНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БУЙ КОМПАНИУД


AstraZeneca&Oxford (NYSE:AZN)

Швед, Англи улсын хамтарсан буюу AstraZeneca болон Оксфордын их сургуулийн хамтран хөгжүүлж буй вакцин Англид 2 болон 3-р шатыг зэрэг туршиж байна. 7-р сарын 20-нд эхний шатны туршилтын тайлангаа тавихад вакцин аюулгүй, гаж нөлөө үзүүлээгүй үр дүн гарсан. Хэрвээ вакцин амжилттай болвол 2 тэрбум тун вакцин үйлдвэрлэх чадвартай гэжээ. Энэ оны 10 сард багтаан онцгой байдалд зориулан вакциныг ашиглаж магадгүй гэж үзэж байна. Хувьцааны ханш жилийн эцсээс 13% өсөлт үзүүлээд байна.


Moderna (NYSE:MRNA)


Америкийн хүн дээр туршилт явуулж эхэлсэн анхны компани ба уламжлалт бус буюу (Viral Vector Vaccines) арга болох messenger RNA (mRNA) ашигладаг ба тус төрлийн вакциныг халдварт өвчинд ашиглаж байсан түүх байхгүй төдийгүй тус компани вакцин гарган авч байсан түүхгүй ажээ. Гэвч уламлалт вакцинтай харьцуулахад олон тоогоор үйлдвэрлэхэд хялбар учир хүлээлт дагуулж байна. 7 сарын 14-нд 1-р шатны үр дүнгээ танилцуулсан ба 3-р шатыг 7 сарын 27-нд эхэлсэн байна. Вакциныг 2021 оны эхээр гаргах хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн. АНУ-ын засгийн газрын зүгээс хүлээлт үүсгэн компанид 1 тэрбум ($483B+$472B) орчим долларын дэмжлэг үзүүлээд байна. Хувьцааны ханш жилийн эцсээс 326%-ийн өсөлт үзүүллээ.


Sinopharm (HKG:1099)-Hangseng healthcare

Уламжлалт арга болох идэвхгүй болсон вирусыг ашиглан туршилт явуулж буй тус компани Хятад улсын засгийн газрын өмч. Энэ сард Арабын нэгдсэн улсад 3-р шатны туршилтаа явуулж эхэлсэн байна. Хувьцааны ханш жилийн эцсээс 34%-ийн уналттай байна.



Sinovac (NASDAQ:SVA)

Хятадын Sinovac Biotech компани нь 6 сард 1 болон 2 дугаар шатны үр дүнгээ танилцуулсан. 7 дугаар сард Бразилд 3-р шатны туршилтаа хийж эхэлсэн ба жилд 100 сая тун үйлдвэрлэх хүчин чадалтай гэж одоогоор мэдэгджээ. Хувьцааны ханш жилийн эцсээс 64%-ийн өсөлт үзүүлээд байна.

BioNTech (NASDAQ:BNTX) Pfizer (NYSE:PFE) Fosun Pharma (HK:02196)


Германы BioNTech, New York-д байрлалтай Pfizer, Хятадын Fosun Pharma хамтран мөн mRNA вакцин гаргахаар ажиллаж байна. 1 болон 2-р шатны үр дүнгээ 7 сард танилцуулсан ба мөн 7 сарын 27-нд 3-р шатны туршилтаа эхэлжээ. 7 сарын 22-ны өдөр Pfizer компанид АНУ-н засгийн газраас 1.9 тэрбум долларын, 20 онд багтаан 100 сая тун, түүнээс цааш 500 сая тун худалдан авах хэлэлцээр байгуулжээ. Амжилттай болсон тохиолдолд Pfizer-ийн мэдээллэснээр 2021 оны төгсгөлд 1.3 тэрбум тунг үйлдвэрлэх хүлээлттэй байна гэжээ. Хувьцааны ханш BioNTech (NSDQ:BNTX) 152% өсөлт, Pfizer (NYSE:PFE) -0.41% бууралт, Fosun Pharma (HK:02196) 60%-ийн өсөлт үзүүлсэн байна.


2-Р ШАТНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БУЙ КОМПАНИУД


CanSino Biologics (HK:6185)


Хятадын CanSino Biologics компани улсынхаа цэргийн эмнэлгийн хүрээлэнтэй хамтран вакцин хөгжүүлэн ажиллаж байгаа ба 7 сард 1 болон 2 дугаар сарын үр дүнгээ танилцуулан эерэг үр дүн гарсан. Хятадын цэргийн хүчний зүгээс 6 сарын 25-нд вакциныг “онц шаардлагатай бүтээгдэхүүн” гэж хүлээн зөвшөөрсөн ба цөөн тооны бүлэг ашиглахаар хүлээн зөвшөөрсөн анхны вакцин болж байна. Хувьцааны ханш жилийн эцсээс 311%-ийн өсөлт үзүүллээ.

Johnson & Johnson (NYSE:JNJ)

Тус компани Ebola өвчний эсрэг вакцин гарган авч байсан туршлагтай ба одоогоор 1 болон 2-р шатны туршилтаа зэрэг эхлүүлэн ажиллаж байна. Тэд 2021 онд 1 тэрбум тунг үйлдвэрлэх хүлээлтэй байна. Мөн АНУ-ын засгийн газраас 456 сая долларын дэмжлэг 3 сард авчээ. Хувьцааны ханш жилийн эцсээс 0.66%-ийн өсөлт үзүүлжээ.


Novavax (NYSE:NVAX)


Америкийн Novavax компани 1 болон 2-р шатны туршилтаа зэрэг эхлүүлэн ажиллаж байна. 7 дугаар сарын 6-нд АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй Operation Warp Speed буюу вакцины хөгжүүлэлтэд зориулан 5 болон түүнээс дээш компанид санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх програмд багтан 1.6 тэрбум долларын дэмжлэг авч чадсан байна. Амжилттай болсон тохиолдолд 100 сая тунг 2021 оны эхэн улиралд багтаан АНУ-д гаргах, Европ,Азийн салбар нь дэлхийн хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байна. Хувьцааны ханш жилийн эцсээс 3634%-ийн өсөлттэй байна.


Хүн дээр туршилт хийж буй дээр дурдагдаагүй бусад компаниудын вакцин хөгжүүлэлтийн байдал:

Хэдэн вакцин шаардлагатай вэ?

Энэ талаар нарийн тооцоо гараагүй хэдий ч вирус аль хэдийн дэлхий нийтийг хамраад байгаа тул ихэнх оронд вакцины шаардлага нэн даруй, өндөр хэмжээгээр үүсээд байгаа бол ба цор ганц вакцин нийт дэлхийг хамгаалж чадах эсэх нь асуулт дагуулж байгаа тул 1-с илүү вакцин шаардлагатай байх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь зарим вакцин зарим бүлэгт илүү сайн нөлөөлж чадах бол бусад хэсэгт нөлөөлөл бага байх боломжтой гэнэ. Мөн компаниудын вакцины үр дүнд хамрагдсан бүлгийн дархлаа үүсгэх хувь, сөрөг нөлөөлөл зэргээр ялгаатай. Үүнээс гадна вакцин гарган авахдаа ашиглаж буй арга барилаас хамаарч үйлдвэрлэлтийн өртөг, хурд өөр өөр байх боломжтой байдаг байна. Мөн энэ удаа вакцин гарган авах туршигдаж байгаагүй аргуудыг ашиглаж байгаа нь анхаарал татаж байна. Одоогоор мэдэгдэж байгаа амжилттай болсон тохиолдолд хамгийн өндөр вакцин үйлдвэрлэх чадал бүхий компани 2 тэрбум тун хэмээн мэдэгдэж байна.


Мөн Англи, Европын холбоо, АНУ зэрэг томоохон гүрнүүд урьдчилсан байдлаар хэд хэдэн компанитай зэрэг худалдан авах хэлэлцээр хийж буй нь улсууд нэн тэргүүнд шаардлагатай бүлгүүдэд вакцины хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн компанид хандах, бусдаас түрүүлэх боломжийг эрэлхийлж буйг илэрхийлж байна.


Хөрөнгө оруулах нь зөв үү?

Мэдээж та зөв компаниа сонгож чадвал зөв. Гэвч аль компани нь түрүүлэх вэ гэдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Харин эндээс бид вакцины хөгжүүлэлт дээр ажиллаж буй компаниуд нь маш өндөр эрсдэлтэй, түүнийг дагах маш өндөр өгөөжтэй байж болохыг л мэднэ. Зарим компаниуд нь зөвхөн Covid-19-ийн вакцин хөгжүүлэлтэд үйл ажиллагаа нь төвлөрч буй компаниуд байгаа тул амжилтгүй тохиолдолд илүү өндөр эрсдэл үүснэ. Зарим нь аль хэдийн байр сууриа олсон эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг компаниуд байгаа хэдий ч хувьцааны ханш он гарснаас хойш маш өндөр өсөлт, хүлээлттэй холбоотой хөөсрөл бий болгосон нь мөн л үйл явдал эсрэгээр эргэх тохиолдолд өндөр эрсдэл үүсэхийг илтгэж байна. Харин хамгийн түрүүлж, хамгийн үр дүнтэй вакциныг гарган авч чадсан компани эсхүл компаниуд таны хөрөнгө оруулалтын төдийгүй нийт хөрөнгийн зах зээлийн аврал болох боломжтой.


Хэрхэн хөрөнгө оруулах боломжтой вэ?

Хүлээлт үүсгэж буй ихэнх компаниудыг АНУ, Хонконгийн биржээс худалдан авах боломжтой. Дээр дурдсаныг нэгтгэвэл NYSE:AZN, HKG:1099, NASDAQ:SVA, NYSE:MRNA, NASDAQ:BNTX, HK:6185, NYSE:JNJ, NYSE:NVAX, NYSE:PFE, HK:02196 байх ба бусад хөгжүүлэгч компаниудын жагсаалтыг шинжлэн мөн авах боломжтой. Харин ганц хоёр компанийн хувьцааг худалдан авахаас зайлсхийж байвал эдгээр компаниудыг багтаасан ETF буюу багцуудыг худалдан авах нь зохимжтой байж болох юм. Үүнд iShares Core Hang Seng Index ETF (HKG:3115), iShares NASDAQ Biotechnology ETF (NASDAQ:IBB), SPDR® S&P Biotech ETF (NYSE:XBI), VanEck Vectors Biotech ETF (NASDAQ:BBH) дурдаж болно. Энэ тохиолдолд та багц худалдан авч буй тул нэг компанийн хувьцаа худалдан авсантай харьцуулахад эрсдэл бага.


Эцэст нь таны сонгосон компани хэдхэн хоногоор хоцорсны төлөө боломжит өндөр ашгаа алдах боломжтойг сануулъя. Иймд дээр дурдсанчлан өндөр эрсдэл бүхий бүтээгдэхүүн тул зөвхөн дааж чадах эрсдэлийн хэмжээгээр худалдан авахыг, аль нэг бүтээгдэхүүнийг сонгосон бол тогтмол тухайн компанийн болон бусад компаниудын үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг цаашид ажиглах, эсвэл эрсдэлээ бууруулан ETF худалдан авах нь зохимжтой болов уу.

Ашигласан эх үүсвэрүүд:


https://www.theguardian.com/

https://www.nytimes.com/

World Health Organization


Энэ материал нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш ба зөвхөн мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн болно.


Таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг.

Танд амжилт хүсье.

0 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020