Лэнд МН-ийг яаж үнэлэх ёстой байсан юм бэ?

Updated: Jan 7



Дараах компанийг үнэлэх гээд үзээрэй.

1. Өнгөрсөн жил 100 саяын алдагдалтай ажилласан

2. 100 хувь ажиллагаатай биш аппликейшны эх үүсвэртэй

3. Зохицуулалттай зах зээлд байр сууриа олсон өрсөлдөгчидтэй

4. Өмнөх амжилтын түүхгүй

5. 25 тэрбумын үнэлгээтэй


25-н тэрбум гэдгийг хараад л тэднийг яаж өөрсдийн оруулсан хөрөнгөө 5 дахин өндрөөр үнэлж чадаж байнаа гэж гайхах нь аргагүй нөхцөл байдал бий болно. АПУ ХК, Говь ХК зэрэг аль хэдийн үйл ажиллагаа нь тогтворжсон компанийг үнэлэх арга энд тохиромжгүй байна тийм үү?-Тийм

Дээрх компанийн IPO эргэн харахуйц сайн жишээ төдийгүй технологи дээр суурилсан компанийг үнэлж чадаагүй гэдгийн маань илрэл болсон юм. АПУ, Говь зэрэг компаниуд дээр амжилттай үнэлгээ хийсэн туршлага маань зарим үед намайг ухаантай харагдуулж байсан ч яг ижил аргыг ашигласнаар би харин ч тэнэг юм шиг харагдах болов.


Үнэлгээгээ үргэлжлүүлэн бүгдээрээ Microsoft Excel нээгээд цуг сууж байна гэж төсөөлье. Би танд компани эхний 2 жилдээ 200 хувиар өсөөд, түүний дараагийн 3 жил 50 хувиар өсөн, түүнээс цааш эдийн засгийн өсөлттэй ижил хувиар өсөн тогтворжино, үйл ажиллагааны ашиг 30% байх ба компани 1 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх тутамдаа 1.55 төгрөгийн орлого олох боломжтой гэж хэлсэн гэж төсөөлье. Хэрвээ та Excel, тоонд тийм ч дуртай хүн биш бол таны анхаарал аль дээр сарнин, хэлсэн тоонуудыг маань цээжилж ч амжихгүй байх.


Байр сууриа олсон компаниуд дээр ашиглагддаг уламжлалт үнэлгээний аргыг технологийн компаниудад ашиглах нь тохиромжгүй. Гарааны технологийн бизнест дүгнэлт гаргахад хангалттай санхүүгийн үзүүлэлтүүд байдаггүй, тэдний төсөөлөл ихэнх тохиолдолд амласандаа хүрдэггүй, мөн тэд жилийн дотор 400%-ийн өсөлт үзүүлнэ гэж төлөвлөвөл ихэнх хөрөнгө оруулагчид зүгээр л “хог” гэж үзнэ. Одоо таны сонирхлыг татах юм үлдэв үү- одоо бид өөр яаж болох вэ?


Дараах хувилбарыг авч үзье: Дээрх компанийн гар утсаар дамжуулан зээл олгох үйлчилгээний зах зээлд одоогоор өрсөлдөгч байхгүй, эхний хэдэн жилдээ маш өндөр хүү тогтоох боломжтой, салбартай байх шаардлагагүй учир өндөр үнэтэй түрээсийн төлбөр төлөх шаардлагагүй зэрэг нь компанийн өндөр өсөлтийг дэмжих суурь болно. Мөн богино хугацаатай зээл олгодог учир компани мөнгөө жилд хэд хэдэн удаа эргэлдүүлж, эргэлт тутамдаа өндөр хүүгийн ашиг олж, үйл ажиллагааны мөнгөн урсгалаа хурдацтай нэмэгдүүлэх боломжтой.


Одоо ямар сонсогдож байна? Эхэнд дурдсан тоон үзүүлэлттэй хэсгээс дээр байна уу. Бидэнд өнгөрсөн рүү эргэн харж, биднийг зөв болон буруу үйлдэл хийхэд юу хөтөлсөн бэ гэдгийг тунгаан, тэндээс суралцах боломж их бий.





Өнгөрсөн жил сурсан хичээл

Хөрөнгө оруулалтыг зөвхөн тоон дээр үндэслэн хийх үе бий. Гэхдээ мөн амжилттай хөрөнгө оруулалтыг бий болгох түүхийг анхаарч үзэх үе ч бий. Цаашид би өөрийгөө илүү сайн түүх яригч талаас нь хөгжүүлэх хэрэгтэй байх. Зарим тохиолдолд би хөрөнгө оруулагч нартаа хэтэрхий олон тоо оролцуулсан мэдээлэл дээр үндэслэн зөвлөгөө өгөх үе бий. Мөн нэг үе ЛэндМН-д битгий хөрөнгө оруул гэж зөвлөн 200-300%-ийн өгөөжөө алдаж яг л тэнэг юм шиг харагдаж байсан ч үе бий.


Сайхан түүх өгүүлэх нь бизнесийн амжилтад тун чухал нөлөөлөл бий болгодог. ЛэндМН гарааны бизнесийн хувьд бүхнийг зөв хийж чадсан компани. Хэн ч тэдний 2 оронтой тоогоор хэмжигдэх өндөр хүүний талаар яриагүй. Харин бүгд бизнесийнх нь дижитал байдал, хялбар хэрэглээ, бэлэн мөнгө авах хялбар аргын талаар л ярьж байсан. Маш амжилттай IPO хийж, жилийн дотор 200 гаруй хувиар өссөн учир хамгийн чадварлаг хүмүүсийн зорих цэг болсон байна. Маш авьяастай хүмүүс үргэлж хүлээлтээс давж ажиллаж чаддаг. Цалин өндөр байх тусам түүнээс илүү ашгийг компанид авчирч чадна. Тэднийд олон авьяаслаг хүмүүс байдаг болохоор би ЛэндМН-ийн ирээдүйг аюулгүй гэж бодож байна. Тэд үнэхээр тэнэг алдаа хийчихгүй л бол аюулгүй.


Хичээл рүүгээ буцахад бид, тэр тусмаа би илүү сайн түүх ярьж сурахад суралцах хэрэгтэй юм байна. Илүү их мөнгө босгож, илүү их хувьцаа зарахын тулд биш харин харилцагчиддаа боломжит хамгийн зөв, үнэн зөвлөгөөг өгөх зорилгынхоо төлөө хамгийн сайн түүх өгүүлэх чадварыг суралцаж, боломжит тоонуудыг ашиглан бүр олон хүмүүст хүрч яагаад болохгүй гэж?


Эцэст нь бид түүхийг илүү сайн уншиж, ойлгодог болох хэрэгтэй. Компаниа асар өндрөөр үнэлэн таны мөнгийг авах сонирхолтой хүмүүс байна. Энэ нь тэдэнд сайн хэдий ч танд муу. Монголд гарсан нэг IPO 1 тэрбум гаруй төгрөгийг хөдөө агуулах байшин барихын тулд зарцуулсан. Ингэхдээ тэд зөвхөн технологийн гарааны бизнест л боломжтой гэмээр асар өндөр өсөлтийг амласан. Гэтэл жинхэнэ технологийн компаниуд болох UBER, Facebook-д өсөлт бий болгохын тулд үл хөдлөх хөрөнгө хэрэггүй шүү дээ. Тэдний жинхэнэ асуудал аппликейшнийг нь татаж авах харилцагчдын тоогоор л хязгаарлагдана.


Дүгнэн хэлэхэд тухайн хөрөнгө оруулалтыг яг юу вэ гэдгийг нягтлан тунгааж, шинэ технологийн компанийг үнэлэхдээ “хуучин” арга хэрэглэхгүй байж, “хуучин” компаниуд “технологийн” компани шиг харагдаж танд хувьцаагаа үнэтэй зарах тохиолдлыг танин болгоомжил.




  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020