• Нармандах

Та яагаад гадны валютаар хѳрѳнгѳ оруулах хэрэгтэй вэ?

Updated: Dec 11, 2020

(“Олон улсын арилжааг цэгцтэйгээр ойлгох нь”- цуврал нийтлэл 1 )


Бид олон боломжийг мэдэхгүй, анзаараагүй эсхүл зүгээр л залхуурснаас болж алдсан байдаг. Хөрөнгийн зах зээл гэдэг зүйл рүү шагайвал энэ мэдрэмжийг бүр ч тодоор авна. Жишээ нь бидний өдөр бүр ашигладаг Facebook компанийн хувьцаа 2012 оноос хойш бараг 10 дахин ($29-$269) өссөн, магадгүй таны одоо бариад сууж буй Iphone-ийг үйлдвэрлэгч Apple компанийн хувьцаа сүүлийн 10 жилд 16 дахин өссөн ($6.8-$117), нөгөө алдарт Bitcoin 2012 оноос хойш бүр 3872 дахин ($4.8-$18,581) өссөн байдаг. Энэ хэсгийг уншаад танд магадгүй харамсах мэдрэмж төрөх эсхүл тухайн үед надад эднийг худалдан авах боломж байгаагүй юм чинь гэх зэрэг бодол төрж болох юм. Гэхдээ дээр дурдсантай төстэй эсхүл зүгээр сууснаас ядаж 2 дахин дээр үр дүн авчрах боломжууд одоо ч байгаа, тэдгээр боломжууд нь юу байж болох талаар энэ нийтлэлийн турш ярилцъя.


Хамгийн эхэнд хүмүүсийн хамгийн түгээмэл мэддэг ХАДГАЛАМЖ-ийн тухай бодоцгооё.

Энэ үед хүмүүсийн хамгийн түгээмэл асуудаг асуулт нь “Төгрөгөөр хадгалуулах уу, гадны валютаар хадгалуулах уу?”байдаг. Тус хэсэгт 10 сая төгрөгийг 2015 онд банкинд төгрөгөөр болон валютаар хадгалахын ялгааг харууллаа. Ингэхдээ Монгол банкны жилийн эцсийн хадгаламжийн валютын болон төгрөгийн жигнэсэн дундаж хүүг ашиглан, хүүгээс хүү тооцох замаар бодсон болохыг анхаарна уу.

Ашигласан эх сурвалж: www.mongolbank.mn


Эндээс тийм ч том ялгаа гарахгүй байгааг анзаарч байгаа байх. Учир нь банкнууд валютын хадгаламжийн хүүг тогтоохдоо ханшийн өөрчлөлтийг урьдчилан тооцоолж, эцсийн өгөөж нь төстэй байхаар санал болгодогтой холбоотой. Гэвч төгрөгийн хүүгийн нэрлэсэн өгөөж 7-8% өндөр байхад л бодит өгөөж нь тэнцэж байгааг харж байгаа байх. Энэ нь мэдээж төгрөгийн ханшийн уналттай холбоотой.


Сүүлийн 10 жилийн турш онцлох валютын эсрэг төгрөгийн ханш хэрхэн хөдөлснийг доорх хэсгээс харцгаая:

Ашигласан эх сурвалж: www.mongolbank.mn


10 жилийн хугацаанд Доллар, Юань, Вон гэх валютуудын эсрэг төгрөг ойролцоогоор 2 дахин суларсан байна (Харин манай валют Оросын рублийн эсрэг бага зэрэг чангарч ирснийг бодууштай). Тэгэхээр та энэ процессийн эсрэг үйлдэл хийхгүй зүгээр л байгаад байвал бүдүүвчлэн бодоход 10 жилийн дотор таны амьдрал чимээгүйхнээр 2 дахин дордсон байна гэж ойлгож болох юм.


Эндээс ханшийн эрсдэл гэх зүйлээс хамгаалахын тулд өөр бусад улсын вальютаар хөрөнгө оруулах шаардлага үүсч буй юм. Монголд гадны валютаар хөрөнгө оруулахад долларын хадгаламжаас өөр сонголт ихэнх хүмүүст байхгүй. Гэтэл Монгол банкны зүгээс зах зээлд долларжилтыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсан нь долларын хадгаламжийг бүр ч төвөгтэй болгож орхив.


  1. Дээр дурдсан шиг валютын хадгаламж эцэст нь танд төгрөгийн хадгаламжтай ойролцоо л өгөөж өгөх юм байна.

  2. Долларын хадгаламж даатгалгүй болсон. Төгрөгийн хадгаламж 20 сая төгрөг хүртэл даатгалтай байдаг. Энэ банк дампуурсан тохиолдолд таны долларын хадгаламжийг бүр ч эрсдэлд оруулна.

  3. 2020 онд банк болон иргэд хооронд доллароор төлбөр тооцоо хийхийг хориглосноор дансандаа доллартой хүн шилжүүлэг хийх тохиолдолд заавал төгрөг болгох, түүнээс буцаан доллар болгох, энэ процесс дунд ханшнаас алдагдал хүлээх зэргээр илүү төвөгтэй систем бий боллоо. Энэ бүгд Монгол банкнаас бодлогын түвшинд зах зээл дэх долларжилтыг бууруулах зорилт бүхий асуудал тул цаашид ч мөн долларт ээлтэй зах зээл бий болохгүй бололтой.

Тэгвэл хадгаламжаас өөр дараагийн сонголт юу байж болох вэ?


ХУВЬЦАА

Хөрөнгийн зах зээл гэдэг асар том далай, түүнийг дагах технологийн буянаар бид тив алгасан, гэрийнхээ мухарт сууж байгаад л дэлхийн хамгийн том газрын тос, технологийн үйлдвэрлэлийн компаниуд, Монголынхоо шилдэг компаниудын ч мөн эзэн болох, түүний өсөлт хөгжилөөс бодитоор хуваалцах боломжтой байдаг нь бодит гайхамшиг биз ээ.


Юу ярих гээд байгаагаа илүү тодорхой болгохын тулд доорх хэсэгт хамгийн идэвхтэй арилжаалагддаг дэлхийн болон Монголын томоохон компаниудын ханшийн 5 жилийн хугацааны өөрчлөлт, түүнээс таны хүртэж болох байсан ашгийг харуулъя.


Ингэхдээ хамгийн Монголын компаниудаас Апу ХК, ГовьХК-гийн өөрчлөлтийг, Америкаас SPDR S&P 500 (SPY) буюу АНУ-ын 500-н компанийг нэгтгэсэн ETF-г болон одоо бидний түгээмэл ашигладаг FB компанийн хувьцааг оруулав.


Ашигласан эх сурвалж: Mongolbank.mn, mse.mn, investing.com


Ханшийн өөрчлөлтөөс үүдэлтэйгээр SPY 87% өсөлт үзүүлсэн ч танд 171%-ийн өгөөж, FB 154% өсөлт үзүүлсэн ч танд 268%-ын өгөөж өгөх байжээ. Гадаад валютаар хөрөнгө оруулалт хийх нь тухайн хувьцааны өсөлтөөс гадна ханшийн өсөлтийг шингээх учир бидэнд давхар давуу тал бий болгож байна. Тооцооллыг мөнгөнд хөрвүүлэн 5 жилийн өмнө 10 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн бол хэрхэн өөрчлөгдөх байсныг доорх хүснэгтээс хараарай.



Гэвч энд нэг түлхүүр үг байгааг анзаараарай: 5 ЖИЛ. Тухайн хүн 5 жилийн турш тус хувьцааг барьсан бол гэдэг нөхцөл гарч ирж байна. Эдгээр хувьцаанууд бүхий л хугацаанд ийм өсөлттэй байгаагүй. Жишээ нь хувьцааг худалдан авснаас 1 жилийн дараа үзүүлэлтүүд ямар байх байсныг доорх хэсгээс харцгаая.

Эндээс та мөнгөө бүтэн жил түгжисний эцэст өөрчлөлтгүй, алдагдалтай, хадгаламжаас доогуур өгөөжтэй, ганц л хувьцаа маш өндөр өгөөжтэй ажилласныг харж болно. Иймд энд ХУГАЦАА гэдэг зүйл чухал гэдэг нь харагдаж байна.


Мөн дээрх жишээнүүдэд бид дандаа өсөлттэй, сайхан түүхтэй, амжилттай компаниудыг дурдчихлаа. Гэвч маш олон компаниуд ийм амжилт авчирдаггүй. Танд янз бүрийн салбарын хэд хэдэн компаниудын 5 жилийн үзүүлэлтийг энд харуулъя.

Ашигласан эх сурвалж: investing.com


Газрын тос, уул уурхай, хувцас хэрэглэл, технологийн гэх зэрэг салбарын дээрх компаниуд 5 жилийн хугацаанд өсөлт үзүүлээгүй, уналттай, зарим нь хадгаламжаас доогуур өсөлт үзүүлжээ. Иймд ямар компанийг сонгох буюу ЮУ гэдэг асуулт чухал болж байна.


Хувьцаанууд сайн бас муу байхад тухайн компанийн, салбарын, эдийн засгийн, улс төрийн гээд олон хүчин зүйлс нөлөөлнө. Эндээс шинжээчдийн хийдэг ажил гарч ирнэ. Хөрөнгийн зах зээлийн шинжээчид, зөвлөхүүд ерөнхийдөө л ЮУГ, ХЭДИЙ ХУГАЦААНД хөрөнгө оруулах хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлохын тулд ажилладаг. Ингэхдээ ерөнхий 2 замыг баримтлах ба товчоор дараах байдалтай байна.

Өөрөөр хэлбэл суурь шинжилгээний үндсэн дээр сайн гэж үзсэн компанид харьцангуй урт хугацаанд хөрөнгө оруулахыг санал болгоно. Мөн техник шинжилгээнд үндэслэн ханшийн богино хугацааны хөдөлгөөнөөс ашиг хийх зорилгоор богино хугацааны хөрөнгө оруулалтын боломжийг ч санал болгож болно. Гэвч энэ цуврал нийтлэл маань харьцангуй урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүст голчлон зориулагдсан. Учир нь ихэнх хүмүүс макро, микро эдийн засгийн үзүүлэлтийг шинжлэх, зах зээлийн чимээ шуугианд орооцолдох, ханшийн хөдөлгөөнийг өдөр бүр харах завгүй. Магадгүй тийм ч учраас өдийг хүртэл хамгийн амар хөрөнгө оруулалт болох хадгаламжийг сонгож ирсэн байх.


Иймд бидний зүгээс урт хугацаанд буюу цаашид 3-5 жилийн турш барих хөрөнгө оруулалтуудын боломжуудыг сонголоо. Тэдгээрийг сонгохдоо ямар зарчим баримталж, юуг үндэслэсэн болохоо хамгийн энгийнээр, хэнд ч ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээх болно. Тэдгээр аргачлалыг та ч бас амьдралдаа ашиглан өөрийн сонголтуудаа хийх, эсхүл бидний сонголтуудыг даган хамтдаа алхаж болох юм.


Эндээс та магадгүй бидэнтэй санал нэгдэх тохиодолд хамтдаа алхах боломжтой. Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс уншина уу.


Дараагийн нийтлэлүүдийг уншихыг хүсвэл бидний Facebook хуудсыг дагаарай.


Энэхүү бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болно. Энд дурдагдсан компаниуд, тэдний хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш ба уг судалгааг бэлдсэн шинжээчийн үзэл бодол болно. Судалгаанд ашигласан мэдээ, мэдээлэл, санал бодол нь бидний найдвартай гэж үзсэн эх сурвалжид тулгуурласан.

1,045 views0 comments
Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2021