• Нармандах

Хөрөнгө оруулалтын багц-ETF

Updated: Jul 10

Ганцхан бүтээгдэхүүн худалдан аван бүхэл бүтэн багц бий болгох боломжийг Exchange Traded Fund буюу ETF гэх бүтээгдэхүүн олгожээ.

Хөрөнгө оруулалтын багц гэдэг үг мөнгө удирдах, хуримтлуулах асуудалтай холбогдон багагүй яригддаг. Гэвч хүн бүрт хөрөнгө оруулалтын багц гэдэг зүйлийг бүрдүүлээд, нэг бүрчлэн шинжлэн харьцуулаад сонголт хийх цаг зав, чадамж байхгүй боломжгүй. Тийм учир хүмүүсийн мөнгийг нэгтгэн, тэдний өмнөөс удирдан хөрөнгө оруулалт хийдэг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн “Хөрөнгө оруулалтын сан” гэдэг зүйл бий болсон.


Гэвч манай улсад хөрөнгө оруулалтын сангийн хөгжил сайнгүй, ихэнх тохиолдолд хаалттай хүрээнд явагддаг учир хүн бүрт хүртээмжтэй биш. Харин гадны зах зээлд хамтын хөрөнгө оруулалтын сан хөгжөөд нэгэн зууныг үдэж байна. Сангуудыг хаалттай, нээлттэй, хамтын, эрсдэлийн гэх мэт олон янзаар ангилдаг. Эдгээр хөрөнгө оруулалтын сангуудаас танд өнөөдөр ч худалдан авах боломжтой ба тэр хэсгийг нь танилцуулах гэж байна. Энэ бол “Exchange Traded Fund (ETF)” буюу биржээр арилжаалагдах хөрөнгө оруулалтын сан юм. 1 ширхэг ETF-ыг худалдан авснаар 50,100,500-н компанийн хувьцаа эсвэл бонд, таваар агуулсан багцыг худалдан авах боломжтой юм.



ETF-ийг энгийнээр хүмүүсийн мөнгийг нэгтгэн мэргэжлийн хүмүүс удирдан төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд оруулсан сан бий болгон, сангийн нэгж эрхээ биржид чөлөөтэй худалдах, зарах боломжтойгоор тавьсныг хэлнэ. Хөрөнгө оруулагчид тухайн сангийн нэгж эрхийг худалдан авснаар тодорхой хувьцаа, таваар зэргийн багцыг худалдан авч буй юм. ETF-ийн гол давуу талыг бага дүнгээр олон төрлийн бүтээгдэхүүн аван эрсдэлээ бууруулах гэж ойлгож болно. Жишээ аван дэлгэрүүлэн ярьвал:


1. АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрээс олон компанийн хувьцааг эзэмшье гэвэл компани тус бүрийн хувьцааг худалдан авахгүйгээр тухайн бирж дээрх индексийн ETF-үүдээс сонгон авч болно. DOW30 индексийн 30 компанид бүгдэд нь хөрөнгө оруулалт хийе гэвэл тухайн индексийн ETF болох NYSE:DIA-г авч болно. Хэрвээ эдгээр компаниудаас сонгож, тус тусад нь хөрөнгө оруулалт хийнэ гэвэл 2020/07/01—ний байдлаар Apple $323.34, Boeing $153.31, Goldman Sachs $204.14, Coca-ola $46.90, McDonald’s $187.59, Nike $100.74, Walt Disney $118.75 зэрэг ханшаар арилжаалагдаж байгаа нь хувь хүн худалдан авалт хийхэд өртөг өндөртэй болохын сацуу илүү их ажиллагаатай билээ. Харин 1 ширхэг DOW30 индексийн ETF болох DIA-г өнөөдөр худалдан авбал ханш $257 орчим байгаа бөгөөд индексийн 30 компаниас бүгдээс нь тодорхой хэмжээгээр худалдан авсантай ижил юм.


2. Доорх хүснэгтэд Dow Jones Index-ийн DIA ETF-д багтсан хувьцаануудын ханшийн өдрийн өөрчлөлтийг харуулжээ. Нийт 30 компаниас тодорхой хэсэг нь өсөлттэй, зарим хэсэг нь уналттай байна. Энэ замаар аль нэг компанийн огцом уналтыг бусад хувьцаануудын өсөлтөөр баланслах боломжтой. Ингэснээр дан ганц, аль нэг компанийн хувьцааг эзэмшихээс бага эрсдэлтэй болно.



2019 оны байдлаар дэлхийд нийт 6970 ETF байдаг ба таны сонголтыг хөнгөвчлөх зорилгоор түгээмэл, сонирхолтой ETF-үүдийг доор жагсаан орууллаа. ETF-ийг тусгай зөвшөөрөлтэй, томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компани гарган, салбарын мэргэжилтнүүд удирдах тул тус бүтээгдэхүүн устах, үгүй болох зэрэг эрсдэл бага байна.

1. Томоохон индексүүдийг дагадаг ETF-үүд

Бирж бүрт тухайн улсын биржийг илтгэх индексүүд байдаг. Жишээ нь манай улсд Монголын хөрөнгийн биржийн топ-20 индекс гэж байх ба хэдийгээр МХБ-д нийт 200 орчим компани байх хэдий ч түүнээс 20-н хамгийн том, идэвхитэй арилжаалагддаг гэх мэт давуу үзүүлэлт бүхий 20 компанийг сонгон сагсалж, тухайн сагсны ханшийг зах зээлийн илэрхийлэгч болгон ашигладаг. Тэгвэл яг ийм жишиг бүх л улсад байна.


АНУ-ын хувьд “S&P 500 Index”-т АНУ-ын нээлттэй, хамгийн том компаниудыг багтаасан байна. Гэвч индексийг худалдан авах боломжгүй буюу зах зээлийн илэрхийлэгч үзүүлэлт билээ. Харин хөрөнгө оруулалтын менежментийн компани болох “State Street Global Advisors” тус индексд багтсан 500 компанид хөрөнгө оруулсан сан байгуулан, түүнийхээ нэгж эрхийг биржээс худалдан авах боломжтойгоор тавина. Ингээд та “SPY” гэх хаягтай бүтээгдэхүүнээс худалдан авахад индексийг илэрхийлэгч 500 компанид хөрөнгө оруулж байна гэсэн үг. Яг ийм байдлаар 2. Dow Jones Index буюу Америкийн топ 30 компанийн индекс, 3. Nikkei 225 Index буюу японы 225 томоохон компанийн индекс 4. Nasdaq 100 TR буюу АНУ-ын Nasdaq биржид бүртгэлтэй 100 компанийн индекс, DAX буюу Германы шилдэг 30 компаниудаас бүрдсэн индекс, Hang Seng буюу Хонгконг-ийн 50 компаниудаас бүрдсэн индекс тэдгээрийг дагасан ETF-үүд байна. Улс бүрийн нэрийн хуудас болсон томоохон бренд, хөрөнгө чинээ бүхий компани, банкнууд индексийн сагсанд багтана. Харин тэдгээрийг багтаасан том сагсыг худалдан авахыг нь 1 ширхэг хувьцаа худалдан авахаас ялгаагүй хялбар процес, хөрөнгө мөнгө шаардагдахаар болгон хөнгөвчилжээ.

2020 он гарсаар ихэнх улсын хөрөнгийн зах зээл уналттай байсныг та дээрх индексүүдийн уналтаас харж болно. Гэвч энэ нь хэний ч төсөөлөөгүй үйл явдалтай холбоотой учир 3 жилийн үзүүлэлтийг оруулсан ба тус өөрчлөлт нь тухайн валютын ханш дээр үндэслэсэн болохыг анхаарна уу.

Жич: Дээрх индексүүдийг дагасан маш олон төрлийн, олон улсын ETF-үүд байдаг ба хамгийн түгээмэл ашиглагддаг ETF-үүдийг жагсаасан болно.

2. Индексүүдийг салбараар задалсан ETF

Магадгүй танд бүх л салбарыг оролцуулсан 500 эсвэл 100 компанийн нэгдэл сонирхолгүй байж болох юм. Эсвэл аль нэг салбарт илүү найдлага тавьж ч байж болно. Тэгээд ч задлаад харвал бүх л салбарын өсөлт өөр өөр байна. Дээрх хүснэгтэд “S&P 500 Index”-ыг салбар тус бүрээр задалсан ETF-үүдийг оруулсан байна. Цар тахал гарснаас хойш буюу 2020 он гарснаас хойш технологийн болон эрүүл мэндийн салбар өсөлтөө хадгалсаар байгаа бол бусад бараг бүх л салбар уналттай, түүнээс санхүүгийн болон эрчим хүчний салбар хамгийн хүнд цохилттой тулгарчээ. Харин өнгөрсөн 3 жилийн хугацааг харгалзан үзвэл мөн л технологийн салбар хамгийн өсөлттэй байгаа бол эрчим хүчний салбар уналттай байна. Дээрх өмнөх үеийн үзүүлэлтийг ашиглан технологийн салбарт хөрөнгө оруулах бол “XLK” гэсэн нэршилтэй бүтээгдэхүүнийг биржээс авч болох нь.


Дээрх хүснэгтэд оруулсан мэдээлэл нь жишээ болгох зорилгоор зөвхөн АНУ-ын S&P500 индексд бүртгэлтэй компаниудыг салбар тус бүрээр салгасан ETF-үүдийг харуулсан болохыг анхаарна уу. Та өөр улсын аль нэг салбарыг илүү сонирхож байгаа бол дээрх АНУ-ын жишээ шиг салгасан ETF-үүд байх тул дэлгэрүүлэн харах боломжтой.


3. Салбарын ETF-үүд (Индекс хамаарахгүй)

Индексүүдийг салбараар задалсан ETF-үүд зөвхөн тухайн индексд багтсан компаниудыг ялган оруулсан байдаг. Тэгвэл бусад томоохон менежментийн компаниуд зөвхөн индекс-д баригдалгүй, өөрсдийн шалгуураар салбар салбарын компаниудыг нэг багц болгодог.


Жишээ нь:

1. IBB- Тус Биотехнологийн ETF тахлын нөлөөг үл харгалзан саяхан бүх цаг үеийн дээд ханшаа тогтоогоод буй.

2. VHT-Цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй, мөн вакцин гарах хүлээлттэй холбоотой эрүүл мэндийн салбар өсөлт үзүүлээд буй. Тэр тусмаа аль компани вакциныг түрүүлэн гаргах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа энэ үед танд хүлээлт үүсгэж буй вакцинтай хамааралтай компаниудыг багтаасан ETF-ыг сонгож болох юм.

3. BST- Тус ETF-ыг технологийн салбарын өсөлт цаашид ч мөн үргэлжилнэ гэж үзэж буй тохиолдолд бусад төрлийн технологийн компаниудын ETF-тэй харьцуулан үзэж болно.

4. COPX- Энэ ETF-д дэлхийн зэсийн томоохон компаниуд багтах манай улсын Оюутолгойн толгой компани болох TRQ-ч мөн багтдагийг онцлууштай.

5. JETS- Дэлхийн 50 гаруй томоохон нисэхийн компанийг багтаасан ETF ба маш том уналт үзүүлээд буйг зарим хөрөнгө оруулагчид худалдан авах боломж гэж харж байна.

6. GDX- Алтны ханш өсч, газрын тосны үнэ бууралттай энэ үед алтны компаниудын хувьцаа сонирхож буй бол тус салбарын 50 гаруй компанийг багтаасан GDX ETF-ыг сонирхож болох юм.

Дээрх жишээнүүдтэй адилаар та бусад төрлийн салбаруудыг сонирхвол мөн дэлгэрүүлэн харах боломжтойг дахин давтъя.


4. Бусад сонирхолтой ETF-үүд


Олон төрлийн суурь бүтээгдэхүүн ашиглан ETF-ыг тухайн гаргагч байгууллага ямар ч байдлаар гаргаж болно. Үүнд компаниудын хувьцаа, засгийн газрын бонд, таваар ч багтана. Жишээ болгон таны сонирхлыг татаж болох ETF-үүдийн тайлбарыг доор оруулъя.


1. SH- Энэ ETF нь “S&P 500”-т суурилах ба тус индексийн ханшийн эсрэг зүг хөдөлгөөн үзүүлнэ. Өөрөөр хэлбэл S&P 500 индексийн ханш өсөхөд буурч, буурахад өснө. Хэрвээ тус 2 бүтээгдэхүүний ханшийг нэгтгэн харвал яг л усны тусгал мэт харагдана. Тус индексийн зөвхөн ханшийн өсөлтийн үед бус бууралтын үед ч мөн ашиг олох боломжийг “SH ETF” олгоно.

2. TLT- Засгийн газрын 20-с дээш жилийн хугацаатай тогтмол өгөөжтэй бондын индексийг дагана.

3. MILN- Тус ETF нь Millennial буюу 1980-2000 оны хооронд төрсөн хүмүүсийн хэрэглээг дагадаг. Үүний тулд тус ETF энтертайнмент, хувцас, хүнс, боловсрол, санхүүгийн гэх мэт төрөл бүрийн салбарын компаниудад оруулсан багц санал болгодог.

4. SOCL- АНУ, Хятад, Орос, Япон зэрэг олон улсуудын томоохон Social media-гийн компаниудыг багцалдаг.

5. SNSR- Технологийн салбар, тэр дундаас Internet of things буюу интернетийн хөгжлийг даган гарч ирж буй ухаалаг төхөөрөмж, хэрэгслүүд зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдийн хөгжил, үйлдвэрлэгч, борлуулагч компаниудыг багцална.

6. IAU- Алтад хөрөнгө оруулдаг сангийн ETF. ETF-үүд хувьцаа, бондоос гадна алт, мөнгө, газрын тос зэрэг тавааруудыг ч мөн дагана. Иймд та заавал таваарыг биетээр авах шаардлагагүй, тухайн таваар хөрөнгө оруулсан ETF-ыг худалдан авах замаар хөрөнгө оруулах боломжтой.


ETF авахад анхаарах зүйлс


1. Багцын хуваарилалт

Top holdings буюу тухайн ETF-ийн хөрөнгийн дийлэнх хэсгийг ямар компаниудад оруулсныг анхаараарай. Жишээ нь S&P500-ын SPY ETF 500 компанийг багтаасан гэдэг нь компани тус бүрээр ижил мөнгөн дүнд эзэмшиж байна гэсэн үг биш.

Дээрх зурагт харуулсанчлан нийт 500 компаниас зөвхөн эхний 10 компани нь тухайн сангийн нийт хөрөнгийн 26.79%-ыг эзэлж байна. Үүнийг даган дээрх компаниудын ханшийн нөлөөлөл нийт ETF-ийн ханшинд бага хэмжээгээр эзэмшдэг компаниудын ханшийн өөрчлөлтөөс илүү нөлөөтэйг анхаарна уу.


1. Хөрөнгийн хэмжээ

Нийт 6970 орчим ETF байгааг дээр дурдсан. Иймд энэ дундаас Asset Under Management буюу нийт хөрөнгийн хэмжээ өндөр дүн бүхий ETF-ийг сонгох хэрэгтэй. Хөрөнгийн хэмжээ өндөр байх тусам хөрвөх чадвар өндөр байна. Хөрвөх чадвар сул байх нь буцан зарах нөхцөлд эрэлт бага байх, эсхүл авах зарах ханшийн зөрүү өндөр байх зэрэг нөхцөл үүсдэг.


2. Issuer буюу ETF-г гаргаж буй байгууллага

ETF-г тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд л гаргах эрхтэй. Гэвч үүнд том жижиг, нэр хүнд бүхий гэх мэтчилэн


3. Дунд, урт хугацааны үзүүлэлт

Энэ нийтлэлийн турш дурдсан ихэнх ETF-үүдийн ханшийн 2020 оноос хойш буюу 6 сарын үзүүлэлт сөрөг байгааг бид харж байна. Энэ нь цар тахлын нөлөөлөлтэй шууд холбоотой учир 1 жил болон 3 жилийн үзүүлэлтийг илүү чухалчилж харах нь бидэнд тухайн ETF-ийн чанарын үзүүлэлтийг илүү тайлбарлах болов уу.


4. Ногдол ашиг

Хэрвээ та тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн сонирхож байвал ETF-ийн түүхэн үзүүлэлтүүдээс ногдол ашгийн хэмжээг мөн харах боломжтой. Тухайн сагсанд багтаж буй компаниуд ногдол ашиг тараасан тохиолдолд ETF ногдол ашиг тараах боломжтой.


Ганцхан худалдан авалтаар бүхэл бүтэн багц бүрдүүлэх боломжийг ETF гэх бүтээгдэхүүн бий болгосон нь гайхалтай. Мөн олон төрлийн ETF худалдан авах нь багцаар багц үүсгэх боломжийг ч бий болгоно. Гэвч багцад багтах олон бүтээгдэхүүнээс хамааралтайгаар зарим ганц компанийн хувьцаа шиг огцом хэлбэлзэл үзүүлэхгүй, удаашралтай байж болохыг ч мөн анхаараарай.


Энэ нийтлэлийг энэ хүрээд дуусгая. Дээр дурдагсан мэдээлэл нь хөрөнгө оруулалт хийх, зарах зөвлөгөө биш ба зөвхөн мэдээллийн чанартай бэлтгэгдсэн болно.

Таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг.


Хэрвээ та хувьцаа, бонд, ETF, таваар болон бусад төрлийн үнэт цаасыг олон улсын биржээр дамжуулан авахыг хүсвэл Апекс капитал ҮЦК-д хандана уу.

355 views
Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020