Санхүүгийн алдаа ба 13 хѳрѳнгѳ оруулагч



  1. David Merkel, AlephBlog.Com

Хөрөнгө оруулалтын алдаа:

Миний хамгийн том алдаа бол санхүүгийн хүндрэлтэй компанид хөрөнгө оруулсан явдал юм. Жишээ нь Caldor компани. Caldor нь Америкийн зүүн хойд хэсэгт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, жижиглэнгийн бараа хөнгөлттэй худалдаалагч компани байсан бөгөөд K-Mart, Wall Mart-с санхүүгийн үзүүлэлт муутай байсан юм.

90-ээд оны дундуур тэдэнд хөрөнгө босголгүйгээр дэлгүүрийнхээ тоог нэмэгдүүлэх санаа төржээ. Тэр ч байтугай чанаргүй бондууд ч гаргаж эхлэв. Надад тэдний өрийн хэмжээ өндөр харагдаж байсныг санаж байна. Гэсэн хэдий ч хямдхан санагдаж байлаа. Миний хүндэлдэг хөрөнгө оруулагч Michael price, уг компанийн энгийн хувьцааны 10 орчим хувийг эзэмшдэг байв. Ингээд л би компанийн хувьцааг худалдаж авахаар болсон юм. Компанийг дампуурахынх нь өмнө авсан үнээсээ буурсан үнээр 3-н ч удаа дахин дахин авав. Харин Michael price хувьцаагаа зарж байсныг би мэдээгүй юм. Тэр хувьцаагаа зарах нь ханшид хэрхэн нөлөөлөх талаар бодох ч үгүйгээр зарж байсан байв.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Эндээс хэд хэдэн сургамжтай зүйлийг харж болохоор байна:

  1. Тодорхой дүн шинжилгээ, үндэслэлгүй л бол авсан үнээс чинь буурсан хувьцааг нэгээс олон удаа дахин дахин битгий ав. Энэ үед л би багц бүрдүүлэлтийнхээ 7 дахь дүрмийг олсон юм.

  2. Ямар нэг хөрөнгө оруулагчийг бүү шүтэн дага. Тэр тусмаа уг том хөрөнгө оруулагч идэвхигүй, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хүндэлдэг гэдэг нь баталгаатай бус бол бүр ч итгэх хэрэггүй.

  3. Өрийн төвшин өндөртэй болон өр, хөрөнгийн харьцаа хэвийн бус компаниудад хөрөнгө оруулахаас зайлсхий.

  4. Өрсөлдөгчид хүчтэй байх үед баримтлах зохистой стратеги удирдлагын багт нь байгаа эсэхийг судалж үз.

  5. Хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхдээ тодорхой хэмжээний хязгаар тавь.

2. William Bernstein, “Four pillars of investing” буюу Хөрөнгө оруулалтын 4 багана номын зохиолч

Хөрөнгө оруулалтын алдаа:

Хувьцааг хуримтлуулах явц харьцангуй эрсдэл багатай ч цаашлах тусам, хүн капиталд хөрөнгө оруулахад эрсдэл ихэсдэг гэдгийг би ойлгоогүй юм.Тийм ч учраас би залуу байхдаа хэтэрхий болгоомжтой, хуучинсаг үзэлтэй байсан. Уг нь 40-с доош насандаа хүн эрсдэлийг эрэлхийлэх хандлагатай байдаг. Тэгээд ч хуримтлуулж буй шатанд хэлбэлзэл өндөр байх нь сүүлд нь ирэх баялагийг нэмэгдүүлдэг.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Аль болох эрт хөрөнгө оруулж эхлэх.

3. Чарли Тиан, GuruFocus.com-ийн үүсгэн байгуулагч

Хөрөнгө оруулалтын алдаа:

Мэдээж би маш олон алдаа гаргаж байсан. Хамгийн том гэж сонголт хийх нь хэцүү юм. Миний хамгийн том алдаа аль нэг хөрөнгө оруулалт биш хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй арга барилд маань байлаа. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа ашиглах шалгуурын жагсаалтыг эртхэн боловсруулах хэрэгтэй байсан юм.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Шалгуур үзүүлэлтийн тусламжтайгаар маш олон алдаа гаргахаас зайлсхийх боломжтой байсан. Одоо миний хөрөнгө оруулалтын шалгуур нь бизнесийн чанар, үнэлгээ, сүүлийн үеийн бизнесийн хөгжлийн чиг хандлагад төвлөрдөг. Хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгө оруулалтын шалгуур жагсаалтыг бий болгож, тохируулж болохоор болсон нь GuruFocus-ын хувьд ч мөн шинэ зүйл. [Редакторын тэмдэглэл: Би GuruFocus дээрх шалгуурын жагсаалтыг хэрэглэж үзсэн. Таалагдсан шүү.]

4. Todd Sullivan Rand, Стратегийн нөхөрлөлийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий түншлэгч.

Хөрөнгө оруулалтын алдаа:

2002 онд би МакДональдс компанид үхрийн галзуу өвчин болон түүний компанид үзүүлэх нөлөөлөлийг харгалзан үзэн хөрөнгө оруулалт хийсэн юм. Хувьцааны ханш 40$-оор өсөхөд нь өөрийгөө мэдрэмжтэй хөрөнгө оруулалт хийжээ гэж бодсон. Тэд 2006 онд жижигхэн “Бюррито компани”-руу хувьцаагаа хөрвүүлсэн юм. Миний салбартай огт холбогдолгүй байсан тул би уг компанийн талаар ямар ч ойлголтгүй байв. Хөрвүүлэлтийн үед надад хувьцаа нь ирсэн ч би удалгүй нэгж хувьцаагаа 50$ зарахдаа дажгүй ажиллаа гэж бодож байсан шүү. Гэтэл өнөөдөр энэ компанийн хувьцаа 647$ байна.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Компанийн талаар ямар нэг дүгнэлт гаргахаасаа өмнө жаахан ч гэсэн судалгаа заавал хийх хэрэгтэй.

5. Tobias Carlisle, GreenBackd.Com

Хөрөнгө оруулалтын алдаа:

Шинжилгээний дүгнэлтийг дагахгүй, өөрийнхөө бодлыг дагах. Ингэхээр ашигийн төвшин багасдаг. Өөрийн үзэл бодлоо илүүд үзэхгүйгээр шийдвэр гаргах нь маш хэцүү. Гэхдээ энэ л миний хамгийн их алддаг зүйл.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Шинжилгээний дүгнэлтийг дага. Судалгаагаар ихэнх хөрөнгө оруулагчид нь Magic Formula гэх мэт энгийн статистикийн загваруудыг ашиглан, хариуг нь дагах нь өндөр ашиг олоход тусалдаг гэсэн байсан.

6. Evan Bleker, NetnetHunter.com-ийн зохиогч

Хөрөнгө оруулалтын алдаа:

Хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн том алдаа нь аль нэг хувьцааг сонгосон нь алдаа биш байх. Харин зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө оруулалтын ур чадвараа бодитоор шүүхийн оронд Уоррен Баффет, Питер Линч шиг чадварлаг хүмүүсийн хөрөнгө оруулалтын загварыг хуулбарлахыг оролдох юм. Эдгээр нэр хүндтэй, гайхалтай амжилттай хөрөнгө оруулагчид ихэвчлэн хөрөнгө оруулалт хийхийг амархан мэт харагдуулдаг ч тэдний аугаа амжилтийн ард олон арван жилийн турш үргэлжилсэн уйгагүй суралцах үйл явц, хөрөнгө оруулалтын/бизнесийн авъяас, ихэнх тохиолдолд хэдхэн өгүүлбэрт багтаан бичсэн байдаг хөрөнгө оруулалтын нарийвчилсан стратегийг хэрэгжүүлэх цаг зав байдаг.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Миний хувьд механик гэж нэрлэж болох хөрөнгө оруулалтын стратегийг эртхэн хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байсан юм. Ийм төрлийн стратегиуд ихэнх дундаж хөрөнгө оруулагчид хэрэгжүүлэх боломжтой, үр өгөөж сайтай байдаг. Энэ нь олон жилийн турш алдсан алдаануудыг урт удаан хугацаанд үргэлжлэх амжилттай хөрөнгө оруулалтууд болгох боломжтой байсан.

7. Tim Melvin, TimMelvin.com-ийн зохиолч

Хөрөнгө оруулалтын алдаа:

Би нилээд олон алдаа гаргаж байсан. Гэхдээ миний алдаануудад нийтлэг тал байдаг: Аюулгүй байдал гэдэг үгийн тодорхойлолтийг дэлгэрүүлэн тайлбарлая. Жишээ нь би Hercules Offshore (HERO) гэдэг компанийн хувьцаанаас нилээд алдагдал хүлээж байсан юм. Тухайн үед бид нэг баррель нефтийг 70 ам.доллар байна гэж үнэлж байсан. Байр суурин дээрээ ч хатуу байлаа. Компанийн дотоод ажилчид ч мөн хувьцааг худалдаж авсаар компанийн чамгүй хувийг эзэмшдэг болсон байв. Компани Персийн буланд хүчирхэг өрөмдлөгийн компани байв. Энэ зах зээл ч мөн Персийн буланд сэргэж байв. Гэтэл газрын тосны үнэ 70 доллар, дараа нь 60 доллар, дараа нь 50 долларт ч хүрэв. Харин одоо өрөмдөлгийн бизнес Персийн буланд бүр байхгүй болсон. Ингээд л таны аюулгүй байдал үгүй болно. Энэ үед л би анх удаа барааны үнэ өндөр байхад хувьцаанууд дансны үнээсээ ч доогуур үнэлэгдэхийг харсан юм. Нөгөө талаараа энэ нь дохио байсан байж ч болох юм.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Зөвхөн үндэслэл бүхий магадлалыг бус харин хамгийн муу, санаанд ч оромгүй тохиолдлыг ч мөн бодож үзэх хэрэгтэй.

8. Ben Carlson, Author of AWealthOfCommonSense.com-ийн зохиолч

Хөрөнгө оруулалтын алдаа:

Миний гаргаж байсан хамгийн том алдаа бол зах зээлд амжилт олох арга бол бусад хөрөнгө оруулагчдыг болон зах зээлийг залилах, давж сэтгэх гэж итгэсэн явдал байсан юм. Бизнесийн сургуулиа төгсөөд CFA-ийн цол ч авлаа. Би өөрийгөө буруу юм хийхгүй л гэж бодож байв. Зах зээл хүнийг их даруу болгодог газар. Эцэст нь би бусдыг, зах зээлийг хуурах эсэх чухал асуудал биш, өөрийгөө хуурахгүй байх нь л чухал гэдгийг ойлгосон юм.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Өөрийгөө, зан чанараа хэрхэн удирдахыг суралцаж, өөрийнхөө удирдлаган дор буй зүйлсд анхаарлаа хандуулж эхэлсэн маань олон зүйлийг илүү хялбар болгосон юм.

9. Nate Tobik, OddBallStocks.com зохиолч, CompleteBankData.com-ийн үүсгэн байгуулагч

Хөрөнгө оруулалтын алдаа:

Аюулгүй байдлаа хангалттай тогтвортой түвшинд барьж чадахгүй байсан нь миний хамгийн том алдаа болсон. Хэсэг хугацаанд бодож үзэхийн оронд хөрөнгө оруулалт хийх гэж яарснаас болж жижиг алдаанууд байнга гаргадаг байв.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Энэ асуудлыг шийдэх хамгийн сайн арга бол хөрөнгө оруулалтаас үүдэж болох сөрөг үр дагаврыг бодож үзэх. Дараа нь хувьцааны ханш нь хамгийн муу зүйл болсон ч алдагдал хүлээхээргүй хямдхан төвшинд байгаа эсэхийг нь шалгаж үз. Энэ талаар хэдэн өдөр бодоод хөрөнгө оруулалт хий.

10. Dave Waters, OddBallStocks.com зохиолч, Alluvial Capital Management-ийн хөрөнгө оруулалтын менежер

Хөрөнгө оруулалтын алдаа:

Миний хамгийн том алдаа зах зээлд болж буй трендийг удаан хугацаанд үргэлжилнэ гэж бодсонтой холбоотой. Үүний нэг жишээ нь Awilco Drilling компани. Үнэлгээ нь мөнгөн урсгалаасаа 3,5 дахин өндрөөр үнэлэгдсэн байсан. Дараа дараагийн жилүүдэд ч энэ нөхцөл байдал үргэлжилсээр байх юм шиг санагдаж байлаа. Гэтэл дөнгөж 6 сарын дараа газрын тосны зах зээл уналтанд орж нөгөө бэлэн мөнгөний урсгалыг холын дурсамж болгож орхисноор хувьцааны ханш 60%-иар унасан.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Мөчлөгтэй салбарт хөрөнгө оруулах гэж байгаа бол цаг үргэлж тогтмол өсөлттэй байна гэж бодох хэрэггүй. Цаг хугацааг бүү хүлээ. Аюулгүй байдлын талаар үргэлж хуучинсаг гэмээр үзэл бодлыг баримтал.

11. Kevin Graham, CanadianValueInvesting.Blogspot.com-ийн үүсгэн байгуулагч:

Хөрөнгө оруулалтын алдаа:

Миний урьд өмнө хийсэн хамгийн том алдаа нь 1999 онд технологийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн явдал юм. Энэ явдлаас ихийг сурч мэдсэн нь өнөөдөр ч, ирээдүйд ч ихээхэн тустай учир би энэ алдаагаа алдаа гэж хардаггүй. Болсон үйл явдлыг дэлгэрүүлэн яривал: Би Занарын хийн хувьсгалаас өмнө байгалийн хийн бизнест хөрөнгө оруулсан. Өнөөдрийн газрын тосонд болж буй үйл явдалтай төстэй зүйл болсон юм. Ямартай ч Занарын хий үйлдвэрийн салбарыг үндсээр нь өөрчилж байсан ч би бодит байдалд итгэхийг хүсээгүй. Зарим хүмүүс үүнийг үл итгэл гэж нэрлэдэг ч би бол эго төвтэй сохор байдал гэж үздэг.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

"Түүх хэзээ ч давтагддаггүй ч хэмнэлтэй байдаг." Газрын тосны салбарт ч бас энэ зүйл ажиглагдаж байна. Би энэ талаар өөрийн блог-доо нийтэлсэн байгаа.

12. Lane Sigurd, ReminiscencesOfaStockblogger.com-ийн үүсгэн байгуулагч

Хөрөнгө оруулалтын алдаа:

2008 оны хагасд Potash корпорацийн хувьцааг эзэмшиж байсан нь хамгийн том алдаа болсон. Уналтын үед ч гэсэн хөдөө аж ахуйн зах зээл тэсвэртэй байж чадна гэж бодсон. Би хямралыг дутуу үнэлж, Potash корпорацийн үйл ажиллагаа явуулж буй салбарыг хэтрүүлэн үнэлсэнээр хувьцааны суурь үзүүлэлтийг буруугаар үнэлсэн юм. Тухайн үед хөрөнгө оруулалтын багцынхаа ойролцоогоор 30%-аа алдах надад үнэхээр гашуун туршлага болсон. Мөнгөний алдагдал их байсан ч сэтгэлзүйн байдал бүр ч хүнд байв. Хичнээн өөрийнхөө зөв гэж бодож байснаас үл хамааран таныг ухаарахаас чинь ч өмнө нөхцөл байдал эргэж болно.

Энэ алдаанаас хэрхэн сэргийлж болох вэ?

Иймэрхүү үйл явдлыг давтахгүй байхын тулд таны эзэмшиж буй хувьцаанууд таагүй нөхцөл байдалд орсон тохиолдолд зүгээр л зарах хэрэгтэй. Ингэх нь үнэхээр хэцүү ч шаардлагатай үйлдэл. Ингэхийн тулд эзэмшиж буй хувьцаандаа хэт өөриймсөг хандаж, одоо байгаа үнэ цэнэд нь дасах хэрэггүй (үгүй бол та маргаангүй бүр хямд үнээр зарах шаардлага гарна).

13. Whopper Investments, WhopperInvestments.wordpress.com-ийн үүсгэн байгуулагч

Хөрөнгө оруулалтын алдаа:

Компаниас өөрөөс нь хамаагүй илүү үнэ цэнэтэй хөрөнгөтэй компанид хөрөнгө оруулсан нь хамгийн том алдаа болсон. Ийм компаниудадд нөгөөх үнэтэй хөрөнгийг борлуулахад хязгаарлалт, асуудлууд байдаг нь бэлэн мөнгөний хомсдолд хүргэж байдаг. Үүний хамгийн сайн жишээ бол Титаникийн үнэт зүйлстэй Премиогийн Үзэсгэлэнгүүд (PRXI) байж болох юм. Уг бизнест борлуулалт хийхэд өндөр хязгаарлалт тавьдаг, мөн маш өрсөлдөөнтэй бизнестэй хамааралтай байдаг. Эдгээр хөрөнгө оруулалтын хамгийн аюултай хэсэг нь авсан ханшнаасаа доогуур дүнгээр ахин авах нөхцлийг бүрдүүлж байдаг. Хүмүүс нөгөөх үнэтэй хөрөнгүүдийг хараад "хүүе энэ хувьцаа чинь 10 долларын үнэ цэнэтэй байтал хувьцаа нь 5-3 доллараас доош арилжаалагдаж байна шүү дээ” гэсэн бодол төрүүлж бизнесийн нөгөө талд нь үнэ цэнэ буурч, мөнгөн урсгал багасч буйг харах нүдийг хаадаг.

Тэр алдаанаас хэрхэн сэргийлж болох байсан бэ?

Бэлэн мөнгөгүй болох нөхцөл байдал зэрэгт анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Нийтлэлийн эх үүсвэр: https://www.valuewalk.com/2015/03/investing-mistake-avalue-investing/


0 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020