• narmandakh

Банк уу? Бонд уу?

Updated: Mar 5, 2019


Танд банкны үйлчилгээ, санал болгож буй бүтээгдэхүүн, хүүгийн үзүүлэлтэд сэтгэл хангалуун бус байх тохиолдол гарч байсан уу?


Саяхан болсон тохиолдлыг таньтай хуваалцвал:

2017 онд 10 сая төгрөгийг жилийн 14%-ийн хүүтэйгээр банкны хугацаатай хадгаламжид хадгалуулсан юм. Гэтэл гэнэт мөнгөний шаардлага гаран 11 сарын дараа мөнгөө буцааж авах гэтэл надад амласан жилийн 15%-ийн хүү жилийн 3,6% болтлоо буурлаа. 11 сарын турш мөнгөө түгжиснийхээ хариуд 3,6% авна гэдэг дэндүү харамсалтай санагдсан учир өөр ямар боломж байгаа талаар асууж үзлээ. Гэтэл би өөрөөсөө зээлэх эсвэл хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой гэнэ. Хадгаламж барьцаалсан зээлийн хүү нь хадгаламжийн жилийн хүү+7.2% орчим байна. Өөрийнхөө мөнгөө хадгалуулсныхаа төлөө хүү авах биш, хүү төлөх шаардлага гарч байгаа нь ундууцуулмаар...

Гэсэн хэдий ч Монголын топ 100 аж ахуйн нэгжийг шалгаруулахад арилжааны банкуудаас Хаан банк тэргүүтэй 5 том (Голомт, Худалдаа хөгжил, Төрийн болон Хас) банкууд эхний 15-д уул уурхайн акулуудтай өрсөлдөн оржээ. Шалгаруулалтыг хийхдээ аж ахуйн нэгжийн борлуулалт, ашиг, татвар төлөлт болон ажиллах хүчний хэмжээгээр нь жинлэн шалгаруулсан байна. Банкууд хэрхэн борлуулалт, ашгийн төвшнөөрөө Монголд ТОМ байж чадаж байна вэ?

Эхлээд банкууд хэрхэн ажиллаж, ашиг хийдэг системийг нь ойлгоцгооё. Банкны хувьд гол үйл ажиллагаа нь хадгаламж татаж, зээл олгох үйлчилгээ. Жишээ болгон Хаан банкны 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг авч үзвэл нийт эх үүсвэрийн 47.7% (3.6 их наяд төгрөг) иргэд аж ахуйн нэгжийн хадгаламжаас бүрдэж байхад, нөгөө талдаа 47.8% (3.6 их наяд төгрөг) нь иргэд аж ахуйн нэгжүүдэд зээл хэлбэрээр гарган байршуулсаныг харж болно.

ХААН БАНК САНХҮҮГИЙН ТАЙЛАН /2017 он/


*www.khanbank.com/mn/personal/page/quarterly-financial-report?menu=27

Банк ерөнхийдөө хадгаламж эзэмшигч, зээлдэгч гэсэн хоёр төрлийн харилцагчтай харьцан борлуулалт хийдэг байгууллага. Санаагаа илүү тодорхой болговол:

Хадгаламж эзэмшигч: Үүнд та, би, таны найз, нөхөр, эмээ өвөө гээд банкинд мөнгөө хадгалуулдаг бүх хүмүүсийг хамруулан ойлгож болно. Хүн ажиллаад, амьдралдаа зарцуулаад, илүү гарсан мөнгөө банкинд очиж хадгалуулна. Банк таны мөнгийг авч цааш зээлдүүлэн ашиглаж буйн төлөө жилд дунджаар 14% орчим хүү танд төлнө. Та 1 сая төгрөг хадгалуулсан бол танд 1,140,000 төгрөг болгож жилийн эцэст төлнө гэсэн үг.

Нөгөө талд Зээлдэгч: Банк хадгаламж эзэмшигчээс авсан мөнгөө иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдэд арай өндөр хүүтэйгээр зээлдүүлнэ. Процессыг бүдүүн баргаар дүгнэн харвал банк хадгаламж эзэмшигчид төлөх, зээлдэгчээс авах хүүгийн зөрүүнээс ашиг олж, үйл ажиллагаагаа явуулдаг.

Эргээд Хаан банкны орлогын тайланг авч үзвэл тухайн банкны хүүгийн орлогын 67.8 хувь (153 тэрбум төгрөг) нь банкнаас зээл авсан зээлдэгч нараас олсон хүүгийн орлого, хүүгийн зардлын 65.8 хувь (91.9 тэрбум төгрөг) нь хадгаламж эзэмшигч нарт төлсөн хүүгийн зардал, цэвэр хүүгийн орлого буюу зөрүү ашиг нь нийт хүүгийн орлогын 38.2 хувь (86.2 тэрбум төгрөг) байна.

ХААН БАНК ОРЛОГЫН ТАЙЛАН-аас (2017 он)


Монголд банкуудын хугацаатай хадгаламжийн дундаж хүү жилийн 14.8% (татварын өмнөх), харин банкнаас зээл авч бизнесээ санхүүжүүлбэл бизнесийн зээлийн дундаж хүү 24.5% байна. (Банкуудын хүүгийн дэлгэрэнгүй судалгааг энд дарж авна уу). Энэ 2 дүнгийн зөрүү нь тэдэнд ашиг хэлбэрээр үлддэг учир монголд тэд ТОМ байдаг ажээ.

Нийтлэлийнхээ дараагийн хэсэгт (цөм хэсэг) хадгаламж эзэмшигчид хөрөнгөө бусдад ашиглуулсны төлөө авч буй хүүгийн орлогоо нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн зардлаа бууруулах, хэн хэндээ ашигтай хувилбараар ажиллах ямар боломж байдаг талаар ярилцъя.

Мэдээж хөрөнгөтэй хүн болон хөрөнгө шаардлагатай хэсэгтэй шууд хамтарч ажиллах, санхүүжүүлэх талбар нь өөрөө хөрөнгийн зах зээл. Тэгэхээр танд болон бизнес эрхлэгч нарт ашигтай хамтран ажиллах боломж нь хөрөнгийн зах зээл дээр л бий болно. Энэ бол компанийн БОНД.

Бонд нь зээлдэгч болон хадгаламж эзэмшигч хоёрын голд байх зуучлагч “БАНК” үгүйгээр хадгаламж эзэмшигч авах хүүгээ өсгөх, зээлдэгч төлөх хүүгээ багасгах боломжийг бүрдүүлдэг. Энгийнээр тайлбарлавал аж ахуй нэгжүүд банкийг алгасан шууд иргэдээс мөнгө зээлэн, санхүүжилт босгохыг Бонд гаргах гэнэ. Нөгөө талд иргэд шууд аж ахуй нэгжүүдэд мөнгөө зээлж, хадгалуулахыг бонд авах гэнэ.

Компанийн бондын хүү (Монголд) дунджаар 16%-18% байгаа нь аль аль талд нь ашигтай нөхцөл. Мөн бонд эзэмшигч 1 сар, 6 сар, 8 сар бариад зарсан ч жилийн нэрлэсэн (16%-18%) хүүгийн өгөөжөө авах боломжтой, хугацааны дундуур зарсан хүүгийн алдагдал хүлээхгүй байдгаараа бонд нь худалдан авагч талдаа томоохон давуу талыг бий болгодог.

Компанийн бонд эрсдэл багатай байдаг. Учир нь бизнес эрхлэгч компанийн хувьд олон нийтээс санхүүжилт татах нь банкнаас зээл авахаас хамаагүй илүү сахилга бат, ил тод байдал шаардсан ажил. Компанийн хувьд нэг өрөөнд суугаад, хэдэн хүнтэй яриад асуудлаа шийдэх явц одоо олон нийтэд мэдээлэл хүргэх, сонирхсон хүн бүр мэдээлэл авах боломжтой байдлаар зохион байгуулагдаж эхэлнэ. Хэрэв та бизнестээ сахилга баттай, ил тод, шударга байж чаддаг бол хөрөнгө эзэмшигчидтэй шууд харьцан, нээлттэйгээр мэдээллээ өгөн, санхүүжилтын зардлаа бууруулах боломж, орчин нээлттэй байна.

Хөрөнгийн эздийн хувьд хөрөнгөө бусдад ашиглуулан авч буй төлбөрийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр багахан цаг зав гарган хэнд хөрөнгөө ашиглуулах, хэнтэй хамтарч бизнесийг нь санхүүжүүлэх вэ гэдэг дээр судалгаа хийж өөрийн авч буй ашгийн хэмжээ, хугацаагаа тогтоох боломж ч мөн нээлттэй байна.

Мэдээж энэ хоёр талыг холбох ямар нэгэн зүйл байх нь тодорхой. Компанийн бондыг олон нийтэд санал болгох, хөрөнгө оруулагчдад танилцуулах, холбох ажлыг “андеррайтер”-ийн компани хариуцдаг. Тэд хөрөнгө оруулагчийн өмнөөс судалгаа хийн, эрсдэлийг тодорхойлдог бол бонд гаргагчийн өмнөөс танилцуулга бэлдэж, олон нийтэд таниулах, санал болгох ажлыг хийдэг.

Хэрвээ та хадгаламжаас өндөр хүүтэй, хугацааны дундуур гэрээгээ цуцалсан ч хүүгийн алдагдал хүлээхгүй бүтээгдэхүүний талаар судалгаа, мэдээлэл, боломжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Апекс Капитал”-тай холбогдоорой.

Э-майл хаяг: investment@apex.mn

Утас: 99193917

Судлагаатай, ашигтайгаар мөнгөө байршуулцгаая.

Танд амжилт хүсье.

APEX TEAM


0 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020