• narmandakh

Заримдаа амжилттай хөрөнгө оруулалт юу ч хийхгүй байхыг шаарддаг!

Updated: Jan 7



Хөрөнгө оруулалт …. ???

Энэ үгийг сонсоод таны толгойд хамгийн түрүүнд юу орж ирсэн бэ? Магадгүй ашиг хийх, оруулсан дүнгээ өсгөх, үнэ цэнэ бий болгох гэх бодол орж ирсэн байх. Гэвч үүний яг эсрэг талд нь хөрөнгө үнэгүйдэх, өсөхгүй байх, алга болох эрсдэл хир байна вэ, эрсдэлийн төвшин хир өндөр байна вэ гэдэг асуулт байдаг.

Том жижиг аль ч хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулалт гэдэг нь сэтгэлийн хөөрлөөр, гоё сайхан сурталчилгаанд автан шийдвэр гаргах процесс биш харин үнэт цаас (хувьцаа) цаана байгаа бизнесийг худалдан авах үйл явц.

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг. Хөрөнгийн зах зээлээс алдагдал хүлээж, мөнгөө алдаж байсан хүмүүсийн тоо алдаж үзээгүй хүмүүсийн тооноос олон байж магадгүй. Алдаанаасаа суралцан, алдсан шалтгаанаа ойлгосны дараа хөрөнгө оруулалт ахин хийдэг хүмүүс харин хир олон бол?

Тохиолдол-1

Анод банк. 2008 оны Монголын хөрөнгийн зах зээлийн дуулиан шуугианы эзэн. 2008 оны 5 сарын 19. Анод банк Монголын хѳрѳнгийн биржээр дамжуулан нээлттэй зах зээлд хувьцаагаа гарган олон нийтээс хѳрѳнгѳ татан тѳлвѳрүүлэх ажлаа эхлүүлсэн. Нэгж хувьцаагаа 1000 тѳгрѳгѳѳр зарлан 1080 төгрөгөөр борлуулсан компани 6-хан сарын дараа дампуурлаа зарласан. Хамгийн харамсалтай хэсэг нь компанийн дампуурлаас болж нийт 1248 хувьцаа эзэмшигчид (ард иргэд) 20.1 тэрбум тѳгрѳгѳѳр хохироод үлдсэн.

Асуудал юунд байв? Анод банк монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг 2008.3.31-ний байдлаар хангахгүй байгааг монгол банкны хяналт шалгалтын газраас илрүүлсэн байдаг. Улмаар монгол банкны хяналт шалгалтын газраас 2008.4.28-ний өдөр 6а/599 тоот албан бичгээр Анод банкны захирал Л.Уламбаярт энэ тухай мэдэгдсэн. Анод банкны удирдлага Монгол банкнаас зөвшөөрөл аваагүй байхад санхүүгийн зохицуулах хорооноос IPO хийх зөвшөөрөл олгосон нь мэдээж асуудалтай үйлдэл. Гол нь Анод банк уг шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа мэтээр хѳрѳнгѳ оруулагчдад ташаа ойлгуулсан. Тэд 5 жилийн турш ашигтай ажилласан мэт харагдах тайлан хөрөнгө оруулагч нарт харуулсан ч үнэндээ 5 жилийн турш алдагдалтай ажилласан байжээ. Гэвч хуурамч санхүүгийн тайланд ч бас хөрөнгө оруулахуйц үзүүлэлт байсангүй. Банкны 356 тэрбумын хөрөнгийн 336 тэрбум нь өр зээл байна гэсэн мэдээлэлтэй тайлан өгсөн ч хүмүүс хөрөнгө оруулсан. Компанийн өрийн төвшин 95%. Цаашлаад судалсан бол Монгол банкны 4 сард гаргасан мэдэгдлийг анзаарч болох байжээ.

Уг үйл явдал олон олон хөрөнгө оруулагчдыг хохироосон. Өгүүлбэрийн бүтцийг бага зэрэг өөрчилье. Уг үйл явдлаас олон олон хөрөнгө оруулагчид хохирсон.

Санаагаа шууд тодруулахад та хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол сайн судал, шалга. Цаг тань амжихгүй, бүрэн ойлгохгүй бол таны өмнөөс судалж шалгуур үзүүлэлт тавьж харьцуулан зөвлөгөө өгөх зөвлөхүүдээс зөвлөгөө ав. Зөвлөхөө сонгохдоо ч шалгуур тавьж танд зөвлөж буй зүйлдээ шүүлтүүртэй, мэргэжлийн хандах талыг сонгоорой. Энэ нь таны эрсдэлийг хэд дахин бууруулах тодорхой алхам болно.

Тохиолдол-2

Америкт хөрөнгө оруулагчид 2 жилийн дотор 5 триллион доллар алдсан түүх бий. (Тухайн үеийн АНУ-ийн дотоодын нийт бүтээгдэхүүн 10.9 триллион доллар байсан) АНУ 1997-2000 он. АНУ-ын хөрөнгийн зах зээл, тэр тусмаа технологийн компаниудын өндөр өсөлтийн үе. Хүмүүс интернетийн, технологийн компаниудын өсөлт руу шуурч тухайн үед ашигтай ажиллаж байсан эсэх, ядаж л цаашид ашигтай ажиллах боломжтой эсэхийг ч үл анзааран интернетийн бүх л компаниудад хөрөнгө оруулж эхэлсэн.

Жишээ болгон нэг компанийг авч үзвэл: Drkoop.com

Эрүүл мэндийн мэдээлэл өгөхөөр зориулагдсан нэг төрлийн вэбсайт. IPO зарлах үедээ компани ашиггүй ажиллан, их хэмжээний өртэй байсан. Гэвч хүмүүс хувьцааг нь авсаар л байсан. Тэдний хөрөнгө оруулалтын шалтгаан: Технологийн компани, өндөр өсөлт, энэ бол жинхэнэ бүүм... Харамсалтай нь тэр итгэл найдвар, шалтгаан нь биеллээ олсонгүй. 1999 онд $9-р санал болгосон хувьцааны үнэ сарын дотор $45 хүрсэн ч 2000 оны дунд үе гэхэд $2 болсон. Хөрөнгө оруулагч ганцхан жилийн дотор 95%-ийн алдагдал хүлээжээ. Үүгээр зогсохгүй 2001 онд хаалгаа барьснаа мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулагчийн мөнгө салхинд хийсэн оджээ. Энэ бол тухайн үеийн энгийн л нэг жишээ.

2000 оны 3 сарын 10-нд технологийн хөөсрөл оргил цэгтээ хүрч NASDAQ index-ийн зах зээлийн үнэлгээ 5048,62 хүрсэн байдаг. Энэ нь 3-хан жилийн дотор хөрөнгийн зах зээлийнх нь үнэлгээ 5 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ үеийг Dot.com bubble буюу интернетийн хөөсрөл гэж нэрлэдэг. Хөөс үргэлж тогтоод байхгүй нь харамсалтай. 2000-2002 оны хооронд хөөс хагарч зах зээлийн үнэлгээ нь мөн 5 дахин унан 1114,11-т хүрсэн байна. Хөрөнгө оруулагчид 5 триллион долларыг энэ богинохон хугацаанд алджээ. Сая сая хөрөнгө оруулагчдын мөнгө салхинд хийссэн. Технологийн хөөсрөл хөрөнгө оруулагчдыг хохироосон буюу технологийн хөөсрөлөөс хөрөнгө оруулагчид хохирсон.

Дээрх хоёр тохиолдолд төстэй зүйл юу байна вэ? Хөрөнгө оруулагчид мөнгөө алдсан. Алдсан шалтгааныг зах зээлийн хөөсрөл, хэсэг бүлэг хүмүүсийн худал хуурмаг дүр, маркетингд тохож болно. Олон олон хөрөнгө оруулагчдыг дээрх хүчин зүйлс хохироосон гэхээс илүүтэйгээр хөрөнгө оруулагчид өөрсдөө хохирсон. Хохироосон бус хохирсон гэх шалтгаан нь хөрөнгийн эзэн хүн өөрийнхөө мөнгөнд хариуцлагатай хандах шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын суурь ойлголт: Таны хөрөнгө оруулсан компани сайн ажиллаж, ашиг олж байж л таны мөнгө өснө, компанийн үнэ цэнэ өсч байж л таны мөнгөний үнэ цэнэ өснө. Харин компани ашиг хийгээгүй, компанийн үзүүлэлттэй хамааралгүй масс хоорондын худалдан авалтаас хамааран таны мөнгө өсч байгаа бол үүнийг хөөс гэж нэрлэнэ. Мэдээж хөөс удаан тогтохгүй. Тэр нэг л мэдэхэд хагарна.

Заримдаа амжилттай хөрөнгө оруулалт нь юу ч хийхгүй байхыг шаарддаг.

Хөрөнгөндөө хайртай байгаарай. Танд амжилт хүсье!

Apex Team


Холбогдох мэдээллээ үлдээнэ үү!
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020