Миний алсын хараа. Бүтээхийг хүсч буй ирээдүй



Хөрөнгө оруулалтын тухай хоёр дахь номоо бичиж бараг дуусгалаа. Ахин 2 жил өөрийн болон бусдын алдаанаас суралцах боломж гарсан тул энэ номыг илүү дээр байна гэдэгт итгэлтэй байна.

Ном бичсэнээр

1. Би юуны төлөө энэ салбарт ажиллаж байна вэ?

2. Миний хийж байгаа зүйл бусдад үнэ цэнэ өгч чадах уу?

3. Энэ салбарт бизнес хийх боломжтой юу?

4. Үүнийг хийх нь надад болон бусдад ашигтай байж чадах уу?

зэрэг асуултуудыг эргэцүүлэх, ухан бодох цаг хугацаа бий болж, эдгээрийг эргэцүүлэх шалтгаан бий болсон юм.

Өнгөрсөн жил би өөрийнхөө блогт орлогын тайлангаа оруулдаг байсан юм. Ингэхдээ сар бүр ажлаасаа гадуур олсон нэмэлт орлогын задаргаа, уг орлогоо юунд зарцуулж, хөрөнгө оруулсан талаараа тайлагнадаг байв. Одоогоор зогсонги байгаа ч 12 сараас эхлэн үүнийгээ үргэлжлүүлнэ гэж бодож байна. Үүнээс өмнө “хөрөнгө оруулалтын автоматжуулалт”-аа бий болгох хэрэгтэй байна.

Хөрөнгө оруулалтын автоматжуулалт нь “энэ мөнгийг юунд зарцуулах вэ” гэж санаа зовохын оронд ажлын бүтээмж, орлогын төвшингөө нэмэгдүүлэх зорилготой. Мөн хөрөнгө оруулалтын багцдаа мөнгө нэмэгдүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, цуу яриа, “халуун сэдэв”, сүүлийн үеийн тренд дээр үндэслэн бодлогогүй шийдвэр гаргахаас сэргийлэх давуу талтай.

Үүний эцсийн зорилго нь нөгөө л: Санхүүгийн хувьд тогтвортой, аюулгүй, сайхан ирээдүйг гэр бүлдээ бүтээх (тэр тусмаа бяцхан хөвгүүддээ!)

Нарийвчлан харахад миний хөрөнгө оруулалтын багцад сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс нь 1) төгрөгийн ханшийн уналт 2) бодит орлогын бууралт буюу орлогоороо өмнө нь авдаг байснаас бага хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах юм. Аль аль нь инфляцтай холбоотой бөгөөд эдгээрт хайхрамжгүй хандвал илүү их санаа зовнил, нойргүй шөнүүдийг бий болгож, өөрийн болон хүүхдийнхээ ирээдүйг удирдаж чадахгүйд хүргэнэ.

Харин одоо багцаа бүрдүүлж эхэлцгээе:

Миний багцын хэдэн хувь нь төгрөг, хэдэн хувь нь өөр валютаар байгааг нарийвчлан мэдэхгүй байгаа учир дараагийн нийтлэл дээрээ тодорхой болгон, нарийвчилъя гэж төлөвлөлөө. Үүнээс өмнө Монголын хөрөнгийн биржээс ямар хувьцаанд, хир ихийг оруулахаа шийдэх хэрэгтэй. Дор тайлбар орууллаа:

• Мандал даатгал (MNDL). Манай баг энэ компани дээр илүү нарийвчилсан судалгаа хийж байна. Манай компани багагүй хэмжээгээр энэ компанид хөрөнгө оруулсан төдийгүй би хувьдаа ч мөн энэ хувьцааг авах сонирхолтой байгаа.

• АПУ. Би ноднин жил АПУ дээр хийсэн судалгаагаа гаргаж байсан. Одоогоор шинэчилсэн судалгаа гаргахаар ажиллаж байна. Энд компанийн санхүүгийн байдлын тайлан маш эрүүл харагдаж байгааг итгэлтэйгээр хэлмээр байна. АПУ ХК-д дотоодын зах зээлд бараг өрсөлдөгч байхгүй, зах зээлийн хамгийн өндөр хувийг эзэлдэг, маш их бэлэн мөнгөтэй компани. Тэд удахгүй шингэн хүнс, сүүний зах зээлд ч хүчтэй өрсөлдөгч болно гэдэгт итгэлтэй байна.

• Говь кашмер (GOV). Одоохондоо говийн хувьцааг худалдан авахаа түр хойш нь тавихаар шийдсэн. Жилийн эцсийн тайланд өрийн төвшин болон борлуулалтын орлого нь ямар байхыг нь харах шаардлагатай гэж үзэж байна. Компани гадаад валютаар ихээхэн хэмжээний зээл авсан ба энэ нь санхүүгийн үзүүлэлтэд эрсдэл дагуулж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.

• Таван толгой (TTL). Компани ноднин жил маш өндөр ашигтай ажиллаж чадсан. Гэвч энэ жил ойролцоо уурхайн компанийн нүүрснээс олборлосон гэх маргаанаас үүдэн компанийн борлуулалт хэдэн сарын турш зогссон.

Одоохондоо эдгээрээс өөр хөрөнгө оруулахад таатай хувьцаа харагдахгүй байна. Зарим хувьцаа нь олдоход хэцүү (хэн ч зарах сонирхолгүй), хэтэрхий өндөр үнэтэй эсвэл хэтэрхий өндөр эрсдэлтэй байна.

MNDL, APU, GOV-д урт хугацаанд (магадгүй 5-10 жил) хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол TTL-ийн хувьд нүүрсний үнэ, улс төрийн тогтворгүй байдал (манай улс болон Хятадтай харилцаа) зэргээс шалтгаалан анхаарал татаж байна. Гэхдээ өөр бусад хувьцаанууд арай хямд, олдоцтой болсон тохиолдолд авах боломжтой.

Төгрөгийн багцийн задаргаа:

Өнөөгийн ханшин дээр авч үзвэл би багцынхаа 35 хувийг MNDL, 20 хувийг APU, 20 хувийг GOV, эргээд хэвийн үйл ажиллагаатай болсон тохиолдолд 10 хувийг TTL гэсэн хувьцаануудаар бүрдүүлнэ гэж төлөвлөж байна. Үлдсэн 5 хувийг богино хугацааны боломж гарч ирсэн тохиолдолд ашиглахад зориулж хадгаламжид байлгахаар төлөвлөж байна.


Хэрэв та ажлын ѳдрүүдэд Facebook Messenger-ээр дамжуулан хѳрѳнгийн биржийн топ 5 уналттай / ѳсѳлттэй хувьцаанууд болон валютын ханшыг тогтмол авахыг хүсвэл доорхи линк дээр дарна уу:

http://bit.ly/huwitsaa-une



140 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2020