Та тоглоомын аль талд байна вэ?

April 25, 2018

2017 онд монголын хөрөнгийн зах зээл түүхэндээ байгаагүй өндөр өсөлт үзүүлжээ. Гэвч энэ өсөлтийн ард юу байсан бэ? Хэн эндээс юуг хожсон/алдсан бэ? Яагаад хожсон/алдсан бэ? Ямар дүгнэлт гаргаж болох вэ? Ирээдүйг хэрхэн таамаглах вэ? Эдгээр асуултууд бол одоо бидний бодох хэрэгтэй бодлогууд.

 

2017 онд Монголын хөрөнгийн бирж 67,4%-ийн өсөлттэй ажилласан нь нилээд олон компаниудын үнэлгээ өсч, үүнийг даган хөрөнгө оруулагчдын мөнгө өссөн гэдгийг харуулж байна. Гэвч энэ нь зах зээлд оролцсон бүхэн нь ялсан гэсэн утга биш юм.

 

Эхлээд эдгээр өсөлтийн шалтгаан юу байсныг харцгаая.

 

1. Татвар

2016 оноос банкны хадгаламж дээр татвар ноогдуулах болсноор хүмүүс илүү өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн хайх болж хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлсэн.

 

2. Засгийн газрын үнэт цаас идэвхитэй арилжаалагдах болсон.

МХБ дээр гаргасан засгийн газрын бондын хэмжээ 2016 онд 300 тэрбум төгрөг байсан бол 2017 онд 630 тэрбум төгрөг болжээ. Мөн засгийн газрын бондын хүү 2017 онд 18% хүрснийг онцлууштай.

 

3. Хөрөнгө босголт

Компаниудын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох сонирхол нэмэгдсэн. “Сүү” ХК-ийн бонд босголт, “Ай Түүлс” компанийн IPO-г онцолж болох юм. “Ай Түүлс” компани анхдагч зах зээлээс хөрөнгө босгох үед 3 дахин их захиалга ирэн хөрөнгийн бирж дээр гарсан өдрөөсөө хойш 10 өдрийн дотор л 234%-аар өссөн. 10 сая төгрөгийг 10 өдрийн дотор л 23 сая болгож дөнгөсөн хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл амттай санагдсан мэдээж.

 

2004 онд зохиолч Патрик Мкгиннис Хардардын бизнесийн сургуулийн сонинд бичсэн нийтлэлдээ “FOMO (Fear of Missing Out)” буюу ямар нэг зүйлээс хоцорч буй мэт мэдрэмж төрөхөөс үүдэх айдас гэдэг ойлголтыг анх хэрэглэжээ. Монголын гэлтгүй ихэнх хөрөнгө оруулагчдад хамгийн их төрдөг мэдрэмжүүдийн нэг нь “FOMO”. Ямар нэг зүйлээс хоцорч буй мэт мэдрэмж төрөн бусдын авч буй, өсөлттэй хувьцаануудыг яаравчлан худалдаж авна. Яг өнөөдөр, яг одоо л хүмүүсийн авч байгаа, мөнгөө өсгөж байгаа зүйлийг авахгүй бол болохгүй мэт тэвдэнэ... Гэтэл яагаад ч юм ямар нэг юм болно. Хувьцааны ханш унана, эрэлт удааширна...  Мөнгөө алдаж эхэлсэн хүмүүс гайхшралд орон тэвдэж эхэлнэ, зарна.  Энэ хооронд өндөр өгөөж олох, эсвэл зүгээр л сандралдсан хүмүүсийг тайван харан суух хэсэг бүлэг хүмүүс ч бий. Нэг л мэдэхэд зах зээлд ялагч, ялагдагчид бий болсон байна.

 

Зах зээл дэх ялагч болон ялагдагч гэх санаагаа илүү тодорхой болгохын тулд саяхан болсон үйл явдлуудыг эргэн санацгаая.

 

Тохиолдол 1

 

АПУ ХК өсөлт, уналт, өсөлт, уналт .......?

 

АПУ ХК-ийн хувьцаа бол МХБ-ийн брэнд бүтээгдэхүүн, хамгийн их адал явдалтай учирсан хувьцаануудын нэг.  Зах зээлдээ хамгийн том тоглогч, хүчирхэг компани байсаар ирсэн хэдий ч 2013 оноос 2017 оны хагас хүртэл өндөр өрийн дарамт, ханшийн алдагдлаас болж уналтад орсноор хувьцааны ханш ч мөн даган уналтад орсон байлаа.  2017 оны 8 сард дэлхийн хэмжээний компанитай нэгдэх мэдээлэл тархан (Хайнекен) нэгж хувьцаа нь 2017/8 сард 358₮ байсан бол 2017/12 сард 987₮ хүртлээ өссөн. (4 сарын дотор 275% өсөлт). Хөрөнгө оруулагчид тун удахгүй хувьцааны ханшийг 1000₮ давна гэдэгт итгэн яг одоо л авахгүй бол оройтчих юм шиг санаж байсан үе саяхан. Гэвч хүлээлт эсрэгээрээ (12/07-ноос) эргэж тогтмол унасаар өнөөдөр (2018/04/25) 650₮-т хүрлээ. 987₮-өөр авсан хүмүүс аль хэдийн 48%-ийн алдагдал хүлээжээ. Хүмүүс гайхшралд орсон. Яагаад хувьцааны ханш унасан юм бэ? Алдагдлаа хүлээгээд гарах хэрэгтэй юу? Хэрвээ баривал алдагдлаа нөхөж, ашиг хүртэх боломжтой юу?  Урт хугацаанд халаасандаа хадгалах зүйл мөн үү?

 

Тохиолдол 2

 

ЛэндМН ББСБ IPO

 

ЛэндМН ББСБ IPO- анхдагч зах зээл дээр гарахад нь нийлүүлэлтээсээ 16.5 дахин их захиалга ирсэн. Хоёрдогч зах зээл дээр гарснаасаа хойш (2018/03/14) тогтмол өссөөр 7 өдрийн дотор (2018/03/22) 66₮ хүрч 231%-аар өссөн. Энэ үеийг ашиглаж чадсан хүмүүс 100 сая төгрөгийг 7 өдрийн дотор 231 сая төгрөг болгон өсгөжээ. 66₮ хүрэхэд мөн л хүмүүс FOMO-д автан яг одоо л зарахгүй бол оройтчих юм шиг санасан. Харамсалтай нь яг энэ айдсаас үүдэн хувьцааны ханш 2018/03/23-наас тогтмол унасаар мөн 7 өдрийн дотор 45₮-т хүрэн 31% унасан. Харин энэ үед 100 сая төгрөгөөр хувьцааг авсан хүн 7 өдрийн өдрийн дотор 68 сая төгрөгтэй болсон. Хүмүүс ахиад л гайхшралд орсон. Яагаад хувьцааны ханш унасан юм бэ? Алдагдлаа хүлээгээд гарах хэрэгтэй юу? Хэрвээ баривал алдагдлаа нөхөж, ашиг хүртэх боломжтой юу?  Урт хугацаанд халаасандаа хадгалах зүйл мөн үү?

 

7 өдрийн дотор 100 сая төгрөгийг 231сая төгрөгтэй болгож чадсан хүмүүст алга ташъя. 7 өдрийн дотор 100 сая  төгрөгийг 68 сая төгрөг болгосон хүмүүсийн хажуугаар аль болох чимээгүй өнгөрөхийг хичээе.

 

 Дараачийн алхам... Зах зээлийн эдгээр өсөлт, уналтуудад та юуг тулгуураа болгох хэрэгтэй вэ?

 

“СУДАЛГАА”

 

100 сая, 10 сая, 1 сая төгрөг гээд хэд ч бай нэгэнт л таны зовж олсон мөнгө учир зөвхөн FOMO-д автан ямар нэг газар луу мөнгөө хийх нь хуурай газар луу ус асгаж байгаатай адил үр дүн авчирч болох эрсдэл бүхий үйлдэл. Зах зээлийн шуурганд төөрөхгүйн тулд хийж буй хөрөнгө оруулалтандаа итгэлтэй байх шаардлагатай. Итгэлийг олж авахын тулд хэд хэдэн зүйлийг харгалзан үзэж судалгаа хийх хэрэгтэй.

Харгалзан үзэх ёстой хүчин зүйлсийг дурдвал:  

 

1. Хөрвөх чадвар

Та оруулсан мөнгөө хүссэн цагтаа гаргаж чадах уу? Таны авсан хувьцаа зарагдах уу? Таны мөнгийг хир удаан түгжих вэ? Хөрвөх чадварыг тоон үзүүлэлтээр хамгийн энгийнээр олох арга нь тухайн хувьцааны эргэц, өдрийн дундаж арилжааны үнийн дүнг мэдэх явдал юм.

 

2. Хувьцааны ханшийн болон компанийн өсөлт

Урт хугацаанд компанийн үйл ажиллагааны нөхцөл байдал нь ашгийн төвшин, ханшийн өсөлттэй уялддаг учир орлогын үзүүлэлт, ашгийн өсөлт нь инфляцийн өсөлт, ханшийн уналтыг давж, хадгаламжийн хүүнээс илүү өгөөж авчирч чадах эсэх нь чухал. Энэ асуултыг компанийн балансын болон орлогын тайлангаас нь компанийн өөрийн түүхэн үзүүлэлт болон зах зээлийн тренд дээр үндэслэн таамаглаж болдог.

 

3. Компанийн өрийн төвшин

Компанийн хөрөнгө юунаас бүтэж байна вэ? Компаниудын хөрөнгө нь үндсэн 2 хэсгээс бүрддэг: 1. Өр төлбөр 2. Өөрийн хөрөнгө. Таны мэдэх хэрэгтэй зүйл нь энэ 2 бүрэлдэхүүний аль нь компанид илүү их байна вэ гэдэг асуудал юм. Компани өндөр өрийн дарамттай, олсон мөнгөө (таны болон бусад хөрөнгө оруулагчдын мөнгийг эргэлдүүлж олсон) зээл болон зээлийн хүүнд төлөөд дуусах тохиолдол гарч болно.  Хэрвээ вальютын зээл өндөртэй бол ханшийн зөрүүнд ч бас мөнгө төлөх шаардлагатай болно. Давхар эрсдэл... Өрийн дарамттай бол үүнээс хир хугацаанд салах чадамжтай гэдгийг ч мөн та анхаарах ёстой. Үүнийг мөн компанийн балансын болон орлогын тайлангаас харж болно.

 

4. Үнэ

Зах зээл дээр хувьцаа хэрхэн үнэлэгдэж байна вэ? Зах зээл дээрх тоглогчдын хүлээлт хир өндөр байна вэ? Таны авч буй хувьцаа үнэтэй байна уу?  Үүнийг харах хамгийн энгийн үзүүлэлтүүдээс дурдвал P/E, P/S, P/B зэрэг санхүүгийн харьцаанууд юм.

 

 

Эдгээр тоон үзүүлэлтээс гадна та компанийн засаглал, менежмент, зах зээлийн хандлага зэргийг харгалзан үзвэл таны судалгаа бүрэн болно.

 

Мөнгийг олох амаргүй учир түүнийг юунд зарцуулахаа шийдэхээсээ өмнө анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Хаашаа, юу руу, яагаад хөрөнгө оруулж байгаагаа судалж мэдэх нь хөрөнгийн зах зээлийн шуургад автан ойд төөрсөн сармагчин лугаа адил болохоос сэргийлэх зам юм.

 

Судал, бас дахин судал.

 

Мөнгөндөө хайртай байгаарай, танд амжилт хүсье.

 

Та Монголын хөрөнгийн биржийн I,II-р ангиллын компаниуд дээр хийсэн хөрвөх чадварын, өсөлтийн, чанарын судалгааг үзэхийг хүсвэл энд дарна уу.

 

 

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Сүүлд Орсон
Please reload

Архив
Please reload

Дагах
  • Facebook Basic Square
  • LinkedIn Social Icon
  • Instagram Social Icon
  • Twitter Basic Square
  • YouTube Social  Icon
  • iTunes Social Icon
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey LinkedIn Icon
  • Grey YouTube Icon
  • Grey iTunes Icon
  • Grey Twitter Icon

© APEX CAPITAL LLC 2019