
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
OpenAI-ийн хөрөнгө оруулалтад зориулж SoftBank ¥1 их наядын бонд гаргана
Alibaba AI-д чиглэсэн $10.2 тэрбумын хөрөнгө татлаа
АНУ-Канадын худалдааны тарифын маргаан
Японы SoftBank Group OpenAI-д хийх хөрөнгө оруулалтын санхүүжилтээ нэмэгдүүлэх зорилгоор ¥1 их наяд буюу ойролцоогоор $6.3 тэрбумын жижиглэнгийн бонд гаргахаар төлөвлөжээ. Энэ нь Японд нэг компаниас гаргаж буй хамгийн том жижиглэнгийн бонд болох юм.
Тус бонд 7 жилийн хугацаатай бөгөөд купоны хүүг 4.3–4.9% байхаар урьдчилсан байдлаар тогтоож, эцсийн нөхцөлийг 9 дүгээр сарын 4-нд зарлахаар төлөвлөсөн байна. SoftBank одоогоор OpenAI-д $60 тэрбумаас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн бөгөөд AI үйлчилгээний өсөн нэмэгдэж буй эрэлтийг дагаад дата төв болон тооцоолох хүчин чадлын хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна.
Энэ нь SoftBank-ийн 2026 онд гаргаж буй гурав дахь жижиглэнгийн бонд юм. Тус компани 4 дүгээр сард ¥418 тэрбум, 6 дугаар сард ¥260 тэрбумыг тус тус татан төвлөрүүлсэн байна.
SoftBank-ийн санхүүгийн үзүүлэлт ч сүүлийн улиралд сайжирч, цэвэр ашиг ¥1.83 их наяд хүрсэн бөгөөд үүнд OpenAI дахь хөрөнгө оруулалтын үнэлгээний өсөлт голлон нөлөөлжээ. Мөн S&P Global Ratings компанийн төлөвийг “сөрөг”-өөс “тогтвортой” болгон сайжруулсан ч урт хугацааны зээлжих зэрэглэл нь BB+, хөрөнгө оруулалтын зэрэглэлээс нэг шат доогуур хэвээр байна.

---
Хятадын технологийн аварга Alibaba Group Хонконгийн зах зээлд 710 сая ширхэг хувьцаа байршуулж, HK$80 тэрбум буюу $10.2 тэрбум татан төвлөрүүллээ. Энэ нь Хонконгийн зах зээлд бүртгэгдсэн компанийн хамгийн том нэмэлт хувьцааны санал болж байна.
Alibaba нэгж хувьцааг HK$112.7-оор санал болгосон нь Хонконгийн өмнөх хаалтын ханшаас 8.4%-ийн доогуур ханш байв. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг AI дэд бүтэц, дата төв, чип болон том хэлний загваруудын (LLM) хөгжүүлэлтэд зарцуулахаар төлөвлөжээ. Тус компани ирэх гурван жилийн хугацаанд AI салбарт 380 тэрбум юаниас дээш хөрөнгө оруулахаа мэдэгдсэн байна.
Гэвч AI-д чиглэсэн өндөр хэмжээний хөрөнгө оруулалт компанийн ашигт ажиллагаанд дарамт болж эхэлжээ. Ханжоу хотод төвтэй Alibaba-ийн 6 дугаар сард дууссан улирлын ашиг өмнөх оны мөн үеэс 75%-иас дээш буурч, 10.5 тэрбум юань буюу $1.6 тэрбумд хүрсэн бол чөлөөт мөнгөн урсгал $6.6 тэрбумын сөрөг үзүүлэлттэй гарсан байна. Үүнд AI төсөл болон тооцоолох дэд бүтцийн өсөн нэмэгдэж буй зардал голлон нөлөөлжээ.
Ийнхүү Alibaba уламжлалт цахим худалдааны бизнесээс гадна OpenAI болон Anthropic-той өрсөлдөхүйц AI тоглогч болохын тулд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байгаа ч богино хугацаанд компанийн ашигт ажиллагаа болон хөрөнгийн өгөөжид дарамт үргэлжлэх эрсдэлтэй байна.
Компанийн зүгээс нэмэлт хувьцаа гаргах шийдвэрээ зарласны дараа Alibaba-ийн хувьцааны ханш 8.57%-иар буурсан байна.
Харин The Big Short-оор олонд танигдсан хөрөнгө оруулагч Michael Burry Alibaba-ийн энэхүү нэмэлт хувьцааны саналд шүүмжлэлтэй хандаж, хөрөнгө босголт нь компанийн хөрөнгө оруулсан капиталын өгөөжийг (ROIC) цаашид бууруулах эрсдэлтэй гэж үзжээ.
Burry өмнө нь Alibaba дахь хөрөнгө оруулалтаа дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч шинэ хувьцаа гаргалтын дараа уг шийдвэрээсээ татгалзсан бөгөөд тэрээр Alibaba-ийн хувьцааны ханш одоогийн түвшнээс ойролцоогоор 50%-иар буурсан тохиолдолд дахин сонирхож магадгүй гэдгээ илэрхийлжээ.

---
АНУ-Канадын худалдааны тарифын маргаан
АНУ болон Канадын худалдааны хэлэлцээ гэнэт тасалдаж, хоёр улсын хоорондын тарифын маргаан дахин хурцадлаа. Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн АНУ дахь тусгай төлөөлөгчийн мэдээлснээр, талууд хэд хэдэн асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн гэж Канадын тал ойлгож байсан ч хэлэлцээрийн бичгээр боловсруулсан эцсийн хувилбар нь өмнөх тохиролцооноос зөрсөн нь хэлэлцээ нуран унах гол шалтгаан болжээ.
Үүний дараа Вашингтон Канадын ойролцоогоор $20 тэрбумын бараа бүтээгдэхүүнд 50%-ийн импортын тариф ногдуулахаар шийдвэрлэв. Хариуд нь Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-аас импортлох $20 тэрбумын бараанд харилцан тариф тогтоож, 9 дүгээр сарын 8-наас хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.
Худалдааны маргаан хурцадсан нь санхүүгийн зах зээлд ч шууд нөлөөлж, Канад доллар ам.долларын эсрэг 0.2%-иар суларсан байна.
Ийнхүү дэлхийн хамгийн нягт худалдааны харилцаатай хоёр улсын хооронд харилцан тариф хэрэгжихээр болсон нь нийлүүлэлтийн сүлжээ болон хил дамнасан худалдааны зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Одоогоор талуудын зөрчил үүссэн тодорхой салбар, бүтээгдэхүүнүүдийг дэлгэрэнгүй дурдаагүй бөгөөд гол асуудал нь хэлэлцээрийн бичгээр боловсруулсан нөхцөл Канадын талын ойлгосон тохиролцоотой нийцээгүй явдал гэж тайлбарлажээ.

---
Энэ 7 хоногт зах зээлийн анхаарал NVIDIA-ийн улирлын тайлан болон Jackson Hole-ийн форум дээр ХНС-ийн тэргүүн Кевин Уаршийн хийх мэдэгдэлд төвлөрнө. Эдгээр нь AI салбарын хөрөнгө оруулалтын өгөөж болон өндөр хүүгийн орчин цаашид хэр удаан үргэлжлэх талаарх хүлээлтийг тодорхойлоход чухал нөлөөтэй.
Сүүлийн үеийн мэдээллүүдээс харахад AI-ийн санхүүжилт хямралын түвшинд хүрээгүй ч хөрөнгө оруулалтын өртөг мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Alibaba AI дэд бүтэц, дата төв болон чипийн хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхээр $10.2 тэрбумын хувьцаа гаргасан бол SoftBank OpenAI дахь хөрөнгө оруулалтаа дэмжихээр $6.3 тэрбумын бонд гаргахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Nvidia-ийн AI серверүүдийн үнэ зарим тохиолдолд 15%-иас дээш өсөхөөр байгаа нь дата төв байгуулах нийт өртгийг улам нэмэгдүүлж байна.
Өрийн талаас авч үзвэл одоогоор системийн хэмжээний “AI debt crisis” үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Английн Төв банкны Санхүүгийн бодлогын хороо AI компаниудын нийт өрийн хэмжээ 2026 оны эхэнд харьцангуй бага, томоохон hyperscaler-уудын ихэнх нь өндөр зээлжих зэрэглэлтэй хэвээр байгаа тул ойрын хугацааны санхүүгийн тогтвортой байдлын эрсдэл хязгаарлагдмал гэж үнэлжээ. Гэхдээ 2026-2028 онд дата төвүүдийн гадаад санхүүжилтийн талаас илүүг өрөөр санхүүжүүлж болзошгүй, мөн компаниудын чөлөөт мөнгөн урсгал буурч байгаа нь дунд хугацаанд өрийн болон дахин санхүүжилтийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулсан байна.
Үүний эхний шинж тэмдэг бондын зах зээлд ажиглагдаж эхэлжээ. AI-тэй холбоотой АНУ-ын корпорацын бонд гаргалт 2026 онд $220 тэрбумд хүрч, хөрөнгө оруулагчид шинэ бондуудаас илүү өндөр өгөөж шаардаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, AI компаниудад хөрөнгө босгох боломж хэвээр байгаа ч “хөрөнгө олдох эсэх” бус, энэ хэмжээний хөрөнгө оруулалтаас хангалттай өгөөж бий болж, өсөж буй өр болон санхүүжилтийн зардлыг нөхөж чадах эсэх нь зах зээлийн дараагийн анхаарах гол эрсдэл болж байна.