
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Нийтлэлийн агуулга:
Иран АНУ-тай хийх энхийн хэлэлцээрээ зогсоов
Дэлхийн өрийн өсөлт
Байгалийн ховор элементийн зах зээлийг Хятад улс 2030 он хүртэл давамгайлах төлөвтэй байна
1. Иран АНУ-тай хийх энхийн хэлэлцээрээ зогсоов
Иран болон АНУ-ын хооронд Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг намжаах, энхийн хэлэлцээр байгуулах оролдлого сүүлийн өдрүүдэд тодорхой ахицгүй хэвээр байна. 6 дугаар сарын 1-нд Ираны талаас АНУ-тай хийж буй хэлэлцээг зогсоож буй талаар мэдээлсэн. Мөн Иран болон түүний холбоотнууд Ормузын хоолойг дахин бүрэн хаах боломжтой гэж анхааруулсан нь газрын тосны нийлүүлэлт, эрчим хүчний үнэд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Үүний нөлөөгөөр мягмар гарагийн өглөө Азийн хөрөнгийн зах зээлүүд рекорд түвшнээсээ буурч, MSCI-ийн Азийн бүсийн индекс 0.6%-иар буурсан байна. Мөн АНУ-ын голлох индексүүд болох Dow Jones, S&P 500, Nasdaq 100 фьючерсүүд уналттай байна. Brent төрлийн газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор $95 түвшинд тогтворжсон ч Ойрх Дорнодын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа нь зах зээлд болгоомжлол үүсгэж байна.
АНУ–Ираны мөргөлдөөн сунжрах эрсдэл нь хувьцааны зах зээлд дарамт үзүүлж байгаа ч хиймэл оюун ухаан болон дата төвийн дэд бүтэцтэй холбоотой компаниудын өсөлт томоохон индексүүдийг дэмжсээр байна. Тухайлбал, S&P 500 индекс найм дахь өдрөө дараалан өсөж, хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын сэдэв зах зээлийн гол дэмжлэг хэвээр байгааг харууллаа. Харин жижиг зах зээлийн үнэлгээтэй компаниуд болон хиймэл оюун ухаанаас бусад салбарын компаниудын үнэлгээнд дарамт үргэлжилсэн хэвээр байна.
2. Дэлхийн өрийн өсөлт
АНУ–Ираны мөргөлдөөн үргэлжилж байгаа нь дэлхийн эдийн засагт олон талын дарамт үүсгэж байна. Инфляцын дарамт нэмэгдэхийн хэрээр төв банкнууд бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний зэрэгцээ улс орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж байгаа нь төсвийн алдагдал болон засгийн газрын өрийн хэмжээг улам өсгөх хандлагатай байна.
Хөгжингүй орнуудын засгийн газрын өрийн хэмжээ 2015 онд ДНБ-ий 106% байсан бол 2025 онд 117% хүрч, 2035 он гэхэд 131%-д хүрэх төлөвтэй байна. Өндөр хүүгийн орчин, төсвийн алдагдлын өсөлт нь өрийн дарамтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Харин хөгжиж буй орнуудын хувьд өрийн хэмжээ илүү хурдацтай өсөх төлөвтэй байна. Өр-ДНБ-ий харьцаа 2015 оны 41%-иас 2025 онд 64% болж өссөн бол 2035 онд 80%-д хүрэх төлөвтэй байна. Үүнд эдийн засгийн өсөлтийн сааралт, төсвийн дэмжлэгийн бодлого болон өндөр түвшний зээл голлон нөлөөлж байна.
🇺🇸 АНУ-ын төсвийн нөхцөл байдал ойрын арван жилд улам муудах төлөвтэй байна. Батлан хамгаалахын зардал нэмэгдэж, өндөр хүүтэй орчин үргэлжилснээр улсын өрийн хэмжээ 2035 он гэхэд ДНБ-ий 131 хувьд хүрч болзошгүй байна.
Засгийн газрын өрийн дундаж хүү одоогийн 3.4 хувиас 2035 онд 5.2 хувь хүртэл өсөхөөр байгаа бөгөөд зөвхөн хүүгийн төлбөрийн зардал ДНБ-ий 3.2 хувиас 6.4 хувь хүртэл нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд АНУ-ын төсвийн ачааллын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг нь өрийн зардал байх магадлалтай.
🇨🇳 Хятадын засгийн газар эдийн засгаа дэмжих зорилгоор төсвийн тэлэх бодлого үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвтэй байгаа. Үүний үр дүнд тус улсын өр-ДНБ-ий харьцаа 2025 оны 69%-иас 2035 онд 101% хүрэхээр байна.
Хэрэглээ болон хувийн хөрөнгө оруулалтын өсөлт саарч байгаа энэ үед Хятадын эдийн засгийг дэмжих төрийн оролцоо өндөр хэвээр байх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ орон нутгийн засаг захиргааны өрийг дахин санхүүжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээнүүд нь нийт өрийн хэмжээг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. Гэсэн ч хүүгийн түвшин харьцангуй бага байгаа нь Хятадын өрийн дарамтыг тодорхой хэмжээнд зөөлрүүлж байна.
🇯🇵 Харин Японы хувьд нөхцөл байдал харьцангуй эерэг байна. Тус улсын өрийн хэмжээ 2025 онд ДНБ-ий 207 хувьтай тэнцэж байгаа ч инфляц болон нэрлэсэн эдийн засгийн өсөлт нэмэгдсэний үр дүнд 2035 он гэхэд 177 хувь хүртэл буурах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч хүн амын хөгшрөлт, нийгмийн халамжийн зардлын өсөлт нь урт хугацаанд дахин дарамт үүсгэх эрсдэлтэй хэвээр байна.
Дүгнэлт: Дэлхийн хэмжээнд өрийн хэмжээ өсөхийн хэрээр засгийн газруудын санхүүгийн уян хатан байдал буурч, өндөр хүүгийн орчин илүү удаан үргэлжлэх эрсдэл нэмэгдэж байна. Ялангуяа АНУ–Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт болон батлан хамгаалахын зардлын нэмэгдэл нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төв банкнуудын мөнгөний бодлогыг өндөр хадгалагдах хүчин зүйл болж байна.
Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид өндөр өртэй улс орнуудын төсвийн эрсдэл, бондын өгөөжийн түвшин болон инфляцын төлөвийг анхааралтай ажиглах шаардлагатай болж байна. Ирэх арван жилд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн том сорилтуудын нэг нь засгийн газрын өрийн тогтвортой байдал байх төлөвтэй байна.
3. Байгалийн ховор элементийн зах зээлийг Хятад улс 2030 он хүртэл давамгайлах төлөвтэй байна
Газрын ховор элемент болон соронзон материалын дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд Хятад улс ноёрхсон байр сууриа хадгалсаар байна. Ухаалаг утас, хагас дамжуулагч чип, эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин, цахилгаан хэрэгсэл, салхин турбин зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эдгээр түүхий эд зайлшгүй шаардлагатай байдаг. Иймээс дэлхийн эдийн засаг Хятадын нийлүүлэлтээс өндөр хамааралтай хэвээр байна.
Хэрэв Хятад улс газрын ховор элемент болон соронзон материалын экспортоо нэг жилийн хугацаанд огцом хязгаарлавал дэлхийн хэмжээнд ойролцоогоор $4.4 их наядын эдийн засгийн үйлдвэрлэл эрсдэлд орох боломжтой байна.
Тайвань, Вьетнам, Сингапур зэрэг цахилгаан барааны үйлдвэрлэл төвлөрсөн орнууд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Харин Европт автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Герман, Швед зэрэг улсууд газрын ховор элементээс ихээхэн хамааралтай учир нийлүүлэлтийн сааталд өртөх магадлал өндөр байна. Мөн Мексик, Өмнөд Солонгос, Япон зэрэг томоохон үйлдвэрлэгч орнуудын үйлдвэрлэлийн сүлжээ ч мөн мэдэгдэхүйц нөлөө авах төлөвтэй байна.
Газрын ховор элементийн хэрэглээ зөвхөн автомашин, компьютер, ухаалаг утсаар хязгаарлагдахгүй. Нисэх онгоц, үйлдвэрлэлийн автоматжуулалтын тоног төхөөрөмж, эмнэлгийн нарийн төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний салхин турбин, газрын тос боловсруулах үйлдвэрүүд хүртэл эдгээр материалаас хамааралтай байдаг. Иймээс нийлүүлэлтийн аливаа доголдол нь зөвхөн нэг салбарт бус, дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээг бүхэлд нь хамарсан нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.
Хятадын газрын ховор элементийн нийлүүлэлтийн давамгайлал ойрын жилүүдэд мэдэгдэхүйц өөрчлөгдөхгүй бөгөөд дэлхийн эдийн засгийн энэхүү хамаарал дор хаяж 2030-аад оны эхэн үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Иймээс АНУ, Европ болон Азийн орнууд нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, дотоодын олборлолт болон боловсруулалтын хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг эрчимжүүлж байгаа ч Хятадын зах зээлийн нөлөөг богино хугацаанд орлох боломж хязгаарлагдмал хэвээр байна.