
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Энэхүү судалгаагаар Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болон тэдгээрт нөлөөлж буй гол хүчин зүйлсийг авч үзэв. Монгол Улс уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэй бөгөөд экспортын орлого, төсвийн орлого болон гадаад валютын урсгалын үндсэн эх үүсвэр нь ашигт малтмалын салбар хэвээр байна. Иймээс уул уурхайн салбарын мөчлөг, олон улсын түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдал нь дотоодын эдийн засгийн өсөлт, төгрөгийн ханш болон санхүүгийн зах зээлд шууд нөлөөлдөг онцлогтой.
Монгол Улсын нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9% өссөн бөгөөд энэхүү өсөлтөд нүүрс болон зэсийн экспорт голлон нөлөөлөв.
Уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс болон зэсийн үнэ 2026 оны эхний хагас жилд тус бүр 11% болон 6.7% өсөж, экспортын орлогыг дэмжих чухал хүчин зүйл болов.
Монголбанкны гадаад валютын албан нөөц түүхэн дээд түвшинд хүрч, улсын гадаад төлбөрийн чадвар болон төгрөгийн ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж байна.

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн бөгөөд сүүлийн таван жилийн дундаж өсөлт 5.21 хувьтай байна. Энэ нь эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөлтийн чиг хандлагаа хадгалж байгааг харуулж байна. Харин 2026 оны I улиралд бодит ДНБ 6.74 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.87 хувиар өсжээ.

2025 оны бүтэн жилийн ДНБ-ий салбарын бүтцийг авч үзвэл үйлчилгээний салбар нийт нэмэгдэл өртгийн 44 хувийг бүрдүүлж байна. Энэ нь дотоодын зах зээлд худалдаа, тээвэр, банк санхүү, боловсрол, эрүүл мэнд зэрэг үйлчилгээний салбарууд эдийн засгийн идэвхжил, хэрэглээ болон ажлын байрны гол хөдөлгөгч хүч болж байгааг харуулж байна. Үүний дараа уул уурхайн салбар ДНБ-ий 25 хувийг эзэлж, экспортын орлого, гадаад валютын урсгал болон улсын төсвийн орлогын гол эх үүсвэрийн нэг хэвээр байна.
ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо нийт үйлдвэрлэлийн хэмжээнээс завсрын хэрэглээг хасаж, эдийн засгийн салбаруудын бий болгосон нэмэгдэл өртгийн нийлбэрээр тодорхойлдог. Бодит ДНБ-ийг 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсоноор үнийн өсөлт буюу инфляцын нөлөөг арилгаж, эдийн засгийн бодит өсөлтийг илэрхийлдэг.
3.1. 2026 оны эхний хагас жилийн гадаад худалдаа

Монгол Улс 2026 оны эхний хагас жилд нийт 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 36.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнээс экспортын хэмжээ 10.4 тэрбум ам.долларт хүрч 57.9 хувиар, импортын хэмжээ 6.1 тэрбум ам.долларт хүрч 10.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Ийнхүү 2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Экспорт, импортын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний бүтцийг авч үзвэл Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Тухайлбал, зэс, нүүрс, алт нь экспортын орлого болон эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг стратегийн гол түүхий эдүүд юм.
Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөхөд Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдал, газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн тасалдсал голлон нөлөөлжээ. Эдгээр хүчин зүйл нь БНХАУ-ын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлж, Монголын нүүрсний экспорт өсөх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. 2026 оны эхний хагас жилд Монгол Улсын БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 56.3%-иар өсөж, 59.2 сая тоннд хүрч, Индонезийн дараах хамгийн том нүүрс нийлүүлэгч хэвээр байна. Харин Монгол Улс коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн байр сууриа хадгалжээ.
Харин импортын өсөлтөд Ойрх Дорнодын болон ОХУ-Украйны дайнаас үүдэлтэй газрын тос, байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсантай холбоотой үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, 2026 оны эхний хагас жилд импорт 10.6 хувиар нэмэгдэхэд дизель түлш болон автобензиний импортын үнийн дүн өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.
3.2. Нийт гадаад худалдаа /Улсаар/

Экспорт: Монгол Улсын экспорт газарзүйн хувьд өндөр төвлөрөлтэй бөгөөд нийт экспортын 90 гаруй хувийг БНХАУ дангаар бүрдүүлж байна. Худалдааны дийлэнх хэсгийг газрын боомтоор гүйцэтгэдэг нь тээвэр, логистикийн зардлыг харьцангуй бага түвшинд хадгалах давуу талтай. Гэвч нэг зах зээлээс хэт хамааралтай энэхүү бүтэц нь худалдан авагч талын хэлэлцээний хүчийг нэмэгдүүлж, хил, боомтын үйл ажиллагаа, стандартын шаардлага болон түр саатал зэрэг хүчин зүйлс Монгол Улсын экспортын орлого, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх эрсдэлийг бий болгодог. Мөн энэ нь Монголын эдийн засгийн өсөлт БНХАУ-ын эдийн засгийн мөчлөг, түүхий эдийн эрэлттэй нягт уялдаатай байгааг харуулж байна.
Харин Монгол Улс алтаа Швейцарь Улсад Лондоны үнэт металлын зах зээлийн жишиг үнээр нийлүүлж байна.
Импорт: Монгол Улс экспорттой харьцуулахад илүү олон улсад бараа бүтээгдэхүүн импортолдог боловч импортын бүтэц нь мөн тодорхой цөөн түнш улсад төвлөрсөн хэвээр байна. Тухайлбал, хөрш орнууд болон Азийн үйлдвэрлэлийн гол төвүүдээс машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг түлхүү импортолдог.
Харин дизель түлш, автобензиний нийлүүлэлт ОХУ-аас өндөр хамааралтай байгаа нь шатахууны үнэ, нийлүүлэлт болон тээвэрлэлтийн аливаа өөрчлөлт Монгол Улсын инфляц, үйлдвэрлэлийн зардал, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна.
3.3. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад худалдаа

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бүтэц нүүрс, зэс, алт гэсэн гурван тулгуур дээр тогтож байна. Нүүрс нь бүс нутгийн эрчим хүч, гангийн мөчлөгөөс хамаардаг бол зэс нь дэлхийн үйлдвэрлэл, цахилгаанжуулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын урт хугацааны чиг хандлагатай уялдах стратегийн металл юм. Алт нь эрсдэлийн үед үнэ нь харьцангуй дэмжигдэх хандлагатай тул төлбөрийн тэнцэл, валютын урсгалыг тодорхой хэмжээнд хамгаалах шинжтэй байдаг. Гэсэн ч экспортод нүүрсний худалдаа давамгайлдаг учир олон улс дээрх нүүрсний ханш болон эрэлт нь Монгол улсын эдийн засагт нөлөөлөх голлох хүчин зүйл хэвээр байсаар байна.

Олон улсаас Монгол руу оруулж буй хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь уул уурхайн салбарт чиглэдэг бол Сингапур улсын хувьд банк, санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг ихээр хийж байна.


Монгол Улсын төсөв 2020–2023 онд харьцангуй тогтвортой байсан боловч 2024 онд огцом тэлж, 2025 онд өндөр түвшинд хадгалагдан үлдэв. Эдийн засгийн суурь бүтэц нь уул уурхайд төвлөрсөн, орлого нь түүхий эдийн үнэ, экспортын биет хэмжээ, гадаад эрэлтээс шууд хамаардаг учраас түүхий эдийн ханшийн өсөлтийн мөчлөгийн үед төсвийн орлого хурдан өсөх ч ханш буурах мөчлөгт (үнэ, хэмжээ, тээвэр логистикийн нөхцөл сулрах үед) амархан агших онцлогтой.

Төсвийн орлого:Төсвийн орлогын бүтцийг авч үзвэл гадаад үйл ажиллагааны орлого 29.9 хувиар хамгийн өндөр жин эзэлж, НӨАТ 24.0 хувь, нийгмийн даатгалын орлого 22.2 хувийг тус тус бүрдүүлжээ. Эдгээр гурван эх үүсвэр нийлээд нийт орлогын 76.1 хувийг эзэлж байгаа нь төсвийн орлого гадаад худалдаа, уул уурхайн экспорт, дотоодын хэрэглээ болон хөдөлмөр эрхлэлтийн түвшнээс өндөр хамааралтай байгааг харуулж байна.
Төсвийн зарлага: Төсвийн зарлагын бүтцэд бараа, үйлчилгээний зардал 36.5 хувиар хамгийн өндөр жин эзэлж байна. Үүний дараа нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж 20.0 хувь, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж 16.6 хувь, Засгийн газрын урсгал шилжүүлэг 8.8 хувийг тус тус бүрдүүлжээ.
Бараа, үйлчилгээний зардал болон Засгийн газрын урсгал шилжүүлэг нийлээд нийт төсвийн зарлагын 45.3 хувийг эзэлж байгаа нь төрийн үйлчилгээний цар хүрээ өргөн, төрийн байгууллагууд хөдөлмөрийн зах зээл болон бараа, үйлчилгээний худалдан авалтад томоохон байр суурь эзэлж байгааг харуулж байна. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж нийт зарлагын 16.6 хувийг бүрдүүлж байгаа нь халамжийн шинжтэй зарлагын ачаалал харьцангуй өндөр байгааг илтгэнэ.

2025 онд Монголбанк инфляцын дарамт, зээлийн хурдацтай өсөлт, төгрөгийн ханш болон гадаад секторын эрсдэлийг харгалзан мөнгөний бодлогын төлөвийг чангаруулсан. Энэ хүрээнд 2025 оны 3 дугаар сард бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэн уг түвшинд хадгалж байна. Инфляц 2026 оны эхээр 7.5 хувь болж харьцангуй саарсан ч 6 дугаар сард 12 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс 2 дахин өндөр, сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Инфляцын дарамтыг сааруулах бодлогын гол сувгийн нэг болох зээлийн нөхцлийг мөн үе шаттайгаар чангатгасан. Тухайлбал, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг эхлээд 50 хувиар тогтоож, өрхийн өрийн ачаалал хэт хурдтай нэмэгдэх эрсдэлийг хязгаарлахыг зорьсон бол 2026 оны 1 дүгээр сард уг хязгаарыг 45 хувь болгон дахин бууруулжээ. Үүний зэрэгцээ мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг зохистой түвшинд хадгалах зорилгоор банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Гэсэн хэдий ч 2026 он гарснаас хойш автомашины шатахууны үнэ өссөн нь тээвэр, үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний барааны зардлаар дамжин инфляц нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.
Гадаад валютын нөөц:

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимжсэнээр гадаад валютын албан нөөц 2026 оны эхний хагас жилд өсөлттэй байлаа. 2026 оны 6 дугаар сарын байдлаар валютын нөөц 7.66 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сард бүртгэгдсэн 7.73 тэрбум ам.долларын түүхэн дээд түвшнээс 1 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч он гарснаас хойш 9.29 хувиар нэмэгдэж, 2023 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн байна.
Монгол Улс харьцангуй жижиг, гадаад худалдаанаас өндөр хамааралтай эдийн засагтай тул гадаад валютын нөөцийн түвшин нь төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, импортын төлбөрийн чадварыг дэмжих, гадаад эдийн засгийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой үзүүлэлт юм.
Ам.долларын ханш:

2022 онд ам.долларын эсрэг төгрөгийн ханш огцом суларсан. Үүнд БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлогоос шалтгаалсан экспортын саатал, хил боомтын хүндрэл, Орос-Украины дайн, импортын төлбөрийн өсөлт болон гадаад валютын эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин 2023 онд экспортын орлого болон гадаад валютын урсгал сэргэснээр ханшийн дарамт буурч, төгрөгийн ханш харьцангуй тогтворжсон байна.
2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монголбанкнаас зарласан албан ханшаар нэг ам.доллар 3,592.77 төгрөгтэй тэнцэж байна. Азийн бусад орны валюттай харьцуулахад энэ онд төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгаа нь оны эхнээс гадаад худалдааны эргэлт, экспортын орлого эрчимтэй өссөн, мөн Монголбанкны гадаад валютын нөөц түүхэн өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой гэж үзэж байна. Эдгээр хүчин зүйл нь зах зээл дэх валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийн огцом савлагааг хязгаарлахад дэмжлэг үзүүлжээ.
Нөгөө талаас, АНУ-ын бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь ам.долларын өгөөж, эрэлтийг дэмжиж, Азийн томоохон орнуудын валютуудад сулрах дарамт үзүүлж байна. Үүний зэрэгцээ Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдал нь хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг нэмэгдүүлж, ам.долларын ханш чангарахад нөлөөлж байна.
Дүгнэлт: Монгол Улс нь дэлхийн хоёр том эдийн засаг болох БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог, ашигт малтмалын салбарт өндөр түшиглэсэн харьцангуй жижиг эдийн засагтай улс юм. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт БНХАУ-ын эрэлтээс, харин шатахууны импорт ОХУ-ын нийлүүлэлтээс өндөр хамааралтай байдаг нь эдийн засагт гадаад орчны эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч 2026 оны эхний хагас жилд Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан нүүрсний эрэлт нэмэгдсэн нь Монгол Улсын экспортын орлого, төсвийн орлого болон эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг үзүүлэв. Түүнчлэн БНХАУ-ын зах зээлтэй газарзүйн хувьд ойр байрладаг нь тээвэр, логистикийн зардлыг харьцангуй бага түвшинд хадгалах давуу тал болдог.
Нөгөө талаас ОХУ, Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний зах зээлийн тодорхойгүй байдал болон шатахууны үнийн өсөлт нь Монгол Улсын инфляцын дарамтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг болж байна. Үүний нөлөөгөөр Монголбанк мөнгөний хатуу бодлогыг удаан хугацаанд хадгалах нөхцөл үүсээд байна. Энэ нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зээл, санхүүжилтийн өртгийг өндөр түвшинд хадгалж, хэрэглээ, хөрөнгө оруулалт болон бизнесийн идэвхэд дарамт учруулах эрсдэлтэй.
Цаашид АНУ, Ираны зэвсэгт мөргөлдөөн удаан үргэлжилж, олон улсын эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтийн эрсдэл өндөр хэвээр байх, мөн БНХАУ-ын нүүрсний худалдан авалт тогтвортой хадгалагдах тохиолдолд Монгол Улсын нүүрсний экспортын орлого цаашид ч дэмжигдэх боломжтой. Гэхдээ энэхүү эерэг нөлөө нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ болон хил, логистикийн нөхцөлөөс өндөр хамааралтай хэвээр байна.
Зэсийн хувьд технологийн тоног төхөөрөмж, цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд хэвээр байна. Томоохон эдийн засгуудын хооронд хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч болон дата төвийн хөгжлийн өрсөлдөөн эрчимжиж байгаатай холбоотойгоор дэлхий даяар эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Иймээс зэсийн эрэлт урт хугацаанд тогтвортой хадгалагдах, улмаар Монгол Улсын экспортын орлогод эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна.
Алтны хувьд геополитикийн эрсдэл, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон валютын ханшийн савлагаанаас хамгаалах хөрөнгийн эрэлт дунд хугацаанд өндөр хэвээр байх төлөвтэй. Мөн төв банкуудын стратегийн нөөц бүрдүүлэх бодлогод алт чухал байр суурь эзэлсэн хэвээр байгаа тул урт хугацааны эрэлт тогтвортой хадгалагдах боломжтой.
Хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн салбарын таатай мөчлөг нь хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын орлого, ашигт ажиллагаа болон үнэлгээнд эерэг нөлөө үзүүлэх боломжтой тул эрсдэл даах чадвар, хөрөнгө оруулалтын зорилгодоо нийцүүлэн салбарын компаниудын хувьцааны багц дахь жинг урт хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлэх нь өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ уул уурхайн салбарын орлогын өсөлт нь төсвийн зарлага, өрхийн орлого, банкны зээл болон бизнесийн идэвхээр дамжин бусад салбаруудад эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Ийм нөхцөлд хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх нэмэгдэж, уул уурхайтай шууд болон шууд бусаар холбоотой компаниудад хөрөнгө оруулалтын боломжууд бүрдэх төлөвтэй байна.