
Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш юм. Хувьцааны ханш, санхүүгийн үзүүлэлт болон бусад мэдээлэл нь тухайн үеийн нээлттэй эх сурвалжаас үндэслэн боловсруулагдсан бөгөөд үнийн хэлбэлзэл байнга өөрчлөгдөж болзошгүй. Хөрөнгө оруулагчид өөрийн судалгаа, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шийдвэр гаргах ёстой.
Премиум Групп ХХК 2015 онд Сэнтрал Экспресс төслийг эхлүүлж, 2017 оноос CU брэндийг Монголд нэвтрүүлсэн. 2021 онд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж, 2023 онд компанийн нэрээ Премиум Нэксус ХК болгон өөрчилсөн. Apex Capital-ийн шинжээчдийн тооцоогоор тус компанийн хувьцаа зах зээл дээр бодит үнэ цэнээсээ 95.5%-иар хямд арилжаалагдаж байна.
| Үзүүлэлт | Мэдээлэл |
|---|---|
| Тикер | CUMN |
| Хувьцааны үнэлгээ | BUY |
| Зах зээлийн үнэлгээ | 231.5 тэрбум ₮ |
| 52 долоо хоногийн ханш | 170.31₮ – 209.52₮ |
| P/B | 1.00 |
| P/E | 4.88 |
| Үнэлгээгээр гарсан ханш | 391.26₮ |
| Зах зээл дээр (2025/06/25) | 200.10₮ |
| Өсөх боломж | 95.5% |
Апекс капиталын үнэлгээгээр Премиум Нэксус ХК-ийн хувьцааны бодит үнэ 391.26 төгрөг бөгөөд одоогийн ханштай харьцуулахад бараг хоёр дахин өсөх орон зайтай. Үнэлгээг харьцуулалтын болон үлдэгдэл өртгийн аргаар тооцсон.
| Үзүүлэлт | IPO үе (2021Q2) | 2024 төлөвлөгөө | 2024 гүйцэтгэл | Биелэлт |
|---|---|---|---|---|
| Салбарын тоо | 127 | 360 | 445 | 124% |
| Нэгж дэлгүүрийн дундаж борлуулалт | 1.9 сая ₮ | 3.6 сая ₮ | 2.2 сая ₮ | 61% |
Премиум Нэксус ХК хэрэглэгчдэд ойртох, цаг мөнгийг нь хэмнэх зорилгоор богино хугацаанд салбар дэлгүүрийн тоог нэмэгдүүлж байна. Сүлжээ дэлгүүрийн бүрхүүлтэй байршлын стратеги нь CU брэндийн танигдах чадвар, үнэнч хэрэглэгчдийн тоог тогтмол өсгөж, маржин тогтвортой хадгалахад дэмжлэг үзүүлэв.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж