
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 2 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
2026 онд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ
АНУ-ын өрийн маржин хэвийн түвшинд байна
1. 2026 онд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ.
Технологийн томоохон компаниуд 2026 онд маш их CAPEX-ийг төлөвлөсөн байгаа. Нэг талаараа маш өндөр өсөлтийн хүлээлт ч нөгөө талаараа хэт их зарцуулалт гэж хөрөнгө оруулагчдын зүгээс харж байна. Үүнтэй зэрэгцэн, Засгийн газрын бус эх үүсвэрүүд (ялангуяа ХНС болон банкны систем) зах зээл рүү чиглэсэн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх хандлага 2025 оны хоёрдугаар хагаст эрчимжив. Мөн өнгөрсөн 7 хоногоос ХНС-аас зах зээл рүү сар бүр $40 тэрбумыг нийлүүлж эхэлсэн. Тэгвэл эдгээр макро эдийн засгийн нөхцөл байдал 2026 онд хэрхэн үргэлжлэхийг энэхүү нийтлэлээр авч үзье.
2000 оны Dot Com-ын уналт, 2008 оны хямралын үеүдээр зах зээлийн мөнгөн урсгал багасаж, бодлогын хүү маш богино хугацаанд өсөж байсан. Харин одоогийн нөхцөл байдал нь тэдгээрийн эсрэг өрнөж байна.
(1) ХНС-ын зүгээс өнгөрсөн 7 хоногоос сар бүр $40 тэрбумыг зах зээл рүү нийлүүлж байгаа бол банкнуудын заавал хадгалах нөөцийн шалгуур үзүүлэлт багассанаар зээл олголтын хэмжээ нэмэгдсэн.
(2) ХНС-ын тэргүүн Жером Пауэл 5-р сард бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа бөгөөд одоогоор Кевин Хассетт, Кевин Уорш, Крис Валлер тэргүүтэй хүмүүс нэр дэвшээд байгаа. Эдгээр хүмүүсийн хэн нь ч тэргүүний суудалд суусан 2026 онд бодлогын хүүг ХНС-аас 100-125 суурь нэгжээр буюу 1-1.25%-иар буулгах хүлээлттэй байна.
Ковид-19-өөс хойш олон улсын мөнгөний зах зээл хамгийн бага түвшинд очоод байгаа бөгөөд энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас өөр дүр зураг ажиглагдаж байна.
Банкнуудын зээл олголт сүүлийн үед нэмэгдэж, үүний үр дүнд томоохон банкнуудын санхүүгийн тайлангууд эерэг гарлаа. Түүнчлэн ирэх улирлуудад ч ашигт ажиллагаа сайн үргэлжлэх хүлээлт зах зээлд давамгайлж байна.
Түүхийг сөхвөл 2000 болон 2007 онуудад банкны салбарын хувьцаанууд ханшийнхаа оргилд хүрч байсан бол одоогоор хөрөнгийн зах зээл дээр хараахан тийм зүйл ажиглагдаагүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар 2026 оны эхний улирлын сүүл үе, тодруулбал 3-р сард тийм үе тохиох магадлалтай бөгөөд банкны салбарт хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Гэхдээ мэдээж ямар ч тохиолдолд эрсдэлээ бодитоор үнэлж, хөрөнгө оруулах болон ашгаа хэрэгжүүлэх хугацаагаа урьдчилан төлөвлөж байх нь зүйтэй.
---
2. АНУ-ын өрийн маржин хэвийн түвшинд байна.
Доорх графикаас харахад, Dot-com, 2007, мөн ковидын дараах өсөлтийн оргил үеүдэд зах зээлд орж буй хөшүүрэгтэй мөнгөн урсгал огцом нэмэгдэж, зах зээлд хэт хөөрөл үүссэн байдаг. Ийм үед маржин санхүүжилтийн жилийн өсөлт ихэвчлэн 70-75% түвшинд хүрч, улмаар зах зээл унах эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг.
Одоогоор АНУ-ын өрийн маржин дөрөвдүгээр сарын “Liberation day” буюу худалдааны тарифын шинэчлэл зарласан өдрөөс хойш 40%, өмнөх оны мөн үе (хэвийн түвшин)-ээс 30% өссөн байна. Энэхүү өсөлт нь 2026 оны 2 эсвэл 3-р улирал хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм.
Шинжээчдийн харж буйгаар 2026 оны 7 сар хүртэл хөшүүрэгтэй мөнгөн урсгал $1.4 их наядад хүртэл нэмэгдэх тооцоололтой байгаа бөгөөд одоогийн түвшнээс 50%-иар өндөр түвшинд хүрнэ гэж үзэж байна. Ийнхүү эдийн засгийн голлох суурь үзүүлэлтүүдийг харахад одоогоор хөрөнгийн зах зээлд хөөсрөл үүссэн гэх ямар нэгэн дүр зураг хараахан бүрдээгүй байна.
Доорх графикт харуулснаар S&P 500-ийн зах зээлийн үнэлгээнд эзлэх өрийн маржин түвшин нь түүхэн оргил үетэй (2000, 2007, 2021 онуудтай) харьцуулахад хөшүүрэгтэй хөрөнгө оруулалт хараахан дээд цэгт хүрээгүйг илэрхийлж байна. Гэхдээ 2.5%-иас дээш гарах үед зах зээл дээрх хөшүүргийн эрсдэл нэмэгдэж илэрхийлэх учир анхааралтай ажиглах нь зүйтэй үзүүлэлтүүдийн нэг юм.
---
Дүгнэлт

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж