
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Нийтлэлийн агуулга:
AI-ийн “Original Sin”
Шүүхийн шийдвэрүүд AI салбарын ирээдүйг тодорхойлно
AI компаниуд ба лицензийн шинэ зах зээл
AI компаниудын эрсдэлийн ялгаа
Контентын үнэ цэн дахин өсөх үе
Хиймэл оюун ухааны хөгжил дэлхийн технологийн салбарын хамгийн том өсөлтийн хөдөлгүүр болж байгаа ч түүний цаана анзаарагдахгүй үлдсэн нэгэн том асуудал бий болоод байна. Энэ нь AI загваруудыг сургахдаа ашигласан copyright буюу оюуны өмчийн эрхтэй контентуудтай холбоотой хууль эрх зүйн эрсдэл юм.
Өнөөдөр OpenAI, Google, Meta, Anthropic, Microsoft зэрэг компаниудын хөгжүүлж буй ихэнх Large Language Model (LLM) системүүд сая сая ном, нийтлэл, зураг, дуу хөгжим, вебсайт, судалгаа зэрэг контент дээр суурилан сургагдсан байдаг. Гэвч эдгээр материалын ихэнхийг зохиогч, хэвлэн нийтлэгч, контент эзэмшигчдээс албан ёсны зөвшөөрөлгүй ашигласан гэх маргаан улам хүчтэй өрнөж байна.
Үүний улмаас AI компаниудын эсрэг copyright infringement буюу оюуны өмч зөрчсөн гэх олон арван шүүхийн хэрэг АНУ-д үргэлжилж байгаа бөгөөд энэхүү асуудал нь цаашид хиймэл оюун ухааны салбарын хөгжлийн хурд, өртөг, бизнесийн загвар, хөрөнгө оруулалтын орчныг хүртэл өөрчлөх эрсдэлтэй байна.
AI салбарын хамгийн том суурь асуудлын нэг нь загваруудыг хөгжүүлэхийн тулд асар их хэмжээний өгөгдөл шаардлагатай байсан явдал юм. Үүний улмаас компаниуд интернэт дээрх нийтлэл, зураг, ном, форум, мэдээллийн сан зэрэг контентуудыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр өргөн хүрээнд ашиглан AI моделүүдээ сургаж иржээ.
Контент эзэмшигчдийн зүгээс энэ үйлдлийг “зөвшөөрөлгүй хуулбарлалт” гэж үзэж байгаа бол AI компаниуд “fair use” буюу шударга хэрэглээний хүрээнд ашигласан гэж хамгаалж байгаа юм. Гэхдээ шүүхүүд AI-ийн сургалт үнэхээр “transformative use” буюу эх бүтээлийг шинэ зориулалтаар өөрчилсөн хэрэглээ мөн эсэхийг гол асуудал болгон авч үзэж эхэлсэн байна.
Хэрэв шүүх AI компаниудын fair use хамгаалалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол лицензийн зардал огцом өсөж, AI хөгжүүлэх өртөг эрс нэмэгдэх магадлалтай.
---
2025-2026 онуудад Meta, OpenAI, Microsoft, Anthropic зэрэг компаниудтай холбоотой гол шүүхийн шийдвэрүүд гарахаар байгаа бөгөөд эдгээр нь AI салбарын хамгийн чухал хууль эрх зүйн жишиг болох төлөвтэй байгаа.
Хэрэв AI компаниуд ялбал Gen AI хөгжүүлэлт илүү хурдтай үргэлжлэх боломжтой. Харин copyright эзэмшигчид ялбал AI компаниуд лицензийн гэрээ байгуулах шаардлагатай болж, контентын үнэ цэн өсөх, AI хөгжүүлэх зах зээлд нэвтрэх өртөг нэмэгдэх, жижиг AI компаниуд зах зээлээс шахагдах эрсдэлтэй.
Тухайлбал, АНУ-ын copyright хуулиар нэг бүтээл дээр ногдох хохирлын нөхөн төлбөр 150,000 ам.доллар хүртэл хүрэх боломжтой бөгөөд AI загварууд сая сая бүтээл дээр сургагдсан гэж үзвэл эрсдэлийн хэмжээ асар өндөр болох юм.
---
Эрсдэл нэмэгдэхийн хэрээр AI компаниуд контент эзэмшигчидтэй лицензийн гэрээ байгуулах хандлага өсөж эхэлжээ. OpenAI хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээллийн платформуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Google Reddit-тэй лицензийн гэрээ байгуулж жилд ойролцоогоор 60 сая ам.долларын төлбөр төлөхөөр болсон байна.
AI-ийн дараагийн шатны өрсөлдөөн зөвхөн model capability дээр бус чанартай өгөгдөл, лицензтэй контент, хууль эрх зүйн эрсдэлийг хэрхэн удирдахаас хамаарах төлөвтэй байгаа билээ.
---
AI компаниудын copyright эрсдэл ижил түвшинд биш загварын сургалтад ашигласан өгөгдөл, AI-ийн гаргаж буй үр дүн нь эх бүтээлийг орлох эрсдэлтэй эсэх, тухайн компанийн бизнес загвар болон лицензийн бодлого зэрэг нь эрсдэлийн хэмжээг тодорхойлж байгаа билээ.
Stability AI, Perplexity зэрэг зарим компаниуд илүү өндөр эрсдэлтэй байж болзошгүйг дурдсан бол OpenAI, Anthropic, Google, Meta, Microsoft зэрэг томоохон компаниудын хувьд шүүхийн шийдвэр, fair use тайлбар болон output-той холбоотой маргаан гол нөлөө үзүүлэхээр байна.
---
AI-ийн өсөлт нь нэг талаас контент бүтээгчдэд эрсдэл авчирч байгаа ч нөгөө талаас чанартай мэдээлэл, судалгаа, нийтлэл, мэргэжлийн өгөгдлийн үнэ цэнийг дахин өсгөж эхэлжээ. Мэргэжлийн судалгааны байгууллагууд, хэвлэл мэдээллийн компаниуд, дуу хөгжим, кино, зураг эзэмшигчид, мэдээллийн сан хөгжүүлэгчид болон хууль, санхүү, эрүүл мэндийн дата нийлүүлэгчид AI компаниудтай лицензийн шинэ зах зээл үүсгэх боломжтой болж байгаа аж.
Ингэснээр AI нь зөвхөн технологийн хувьсгал биш, харин оюуны өмч, мэдээллийн үнэ цэнэ, контентын эдийн засгийг дахин тодорхойлох шинэ үеийг эхлүүлж байгааг онцолж байна.