
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Өнгөрсөн 7 хоногт АНУ–Ираны мөргөлдөөн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар дараах 3 үндсэн сэдвийн хүрээнд нийтлэлийг бэлтгэлээ.
Хөнгөн цагааны зах зээлийн шок
Дайны нөлөө зах зээлд
Улс орнууд хямд өртөгтэй түлш рүү шилжиж байна.
Онцлох: Хөрөнгө оруулагчдын мэдэх ёстой 5 чухал мэдээ
Ийнхүү даваа гарагийн арилжаагаар Азийн хөрөнгийн зах зээл уналттай нээгдэж, АНУ-ын индексүүдийн фьючерсүүд уналттай, биткойны ханш $66 мянга хүрэн буурснаар эрсдэлтэй хөрөнгүүд (хувьцаа, крипто зах зээл) 5 дахь долоо хоногтоо уналтыг үзүүлж байна. Харин үүний эсрэгээр түүхий эдийн зах зээлд газрын тос, байгалийн хий болон хөнгөн цагааны үнэ огцом өсөлттэй байна.
---
1. Хөнгөн цагааны зах зээлийн шок
Өнгөрсөн долоо хоногт АНУ-аас Иранд хүргүүлсэн 15 шаардлагыг Иран няцааж, зэвсэгт мөргөлдөөн хурцадмал хэвээр үргэлжилж байна. Үүний хүрээнд Ираны дэд бүтэц, тэр дундаа цахилгаан болон heavy water (хүнд усны) үйлдвэрүүд цохилтод өртсөн бол Ираны зүгээс Персийн булангийн бүсийн гол үйлдвэрлэгчид болох Бахрайн, АНЭУ-ын хөнгөн цагааны үйлдвэрүүдийг онилсон нь олон улсын түүхий эдийн зах зээлд томоохон эрсдэл үүсгэж эхэллээ.
Хөнгөн цагаан нь нисэх онгоц, автомашин, нарны панель, сав баглаа боодол зэрэг өргөн хэрэглээтэй стратегийн металл бөгөөд нийлүүлэлтийн доголдол нь ялангуяа АНУ-ын батлан хамгаалахын салбарт дарамт үүсгэх эрсдэлтэй.
Ойрх Дорнодын бүс нутаг дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн ойролцоогоор 9%-ийг бүрдүүлдэг. Сүүлийн нөхцөл байдлын улмаас Катарт үйлдвэрлэл 40%-иар, Бахрайнд 19%-иар буураад байна.
Цохилтод өртсөн хоёр үйлдвэр жилд нийт 3.2 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэдэг байсан нь зах зээлд мэдэгдэхүйц нийлүүлэлтийн шок үүсгэх хэмжээ юм. Үүнийг ОХУ-ын United Co. Rusal PJSC компанийн нийлүүлэлтэд тавигдсан хязгаарлалтаас үүдэн хөнгөн цагааны үнэ өмнө нь 30%-иар өссөн түүхэн жишээтэй харьцуулж болно.
Эдгээр үйл явдлын нөлөөгөөр даваа гарагийн арилжаагаар хөнгөн цагааны үнэ болон салбарын компаниудын хувьцаа огцом өсөлт үзүүлэв. Хөнгөн цагааны фьючерс ханш он гарснаас хойш +15%, дайн эхэлснээс хойш +9%, даваа гарагт 6% орчмоор тус тус өсөлтийг үзүүлж нэг тонн нь $3492-д хүрэв.
Өнгөрсөн бямба гарагт Ираны зүгээс Бахрайн болон АНЭУ-ын нутаг дэвсгэр рүү 40 пуужин, 60 дроныг хөөргөсөн байна.

---
2. Дайны нөлөө зах зээлд
АНУ-Ираны дайн эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулагчид Азийн зах зээлээс хөрөнгөө татаж эхлээд байна. Үүний гол шалтгаан нь Ормузын хоолойгоор дамждаг газрын тосны урсгалын 80 гаруй хувийг Азийн томоохон эдийн засгууд хүлээн авдагтай холбоотой. Иймээс мөргөлдөөн удаан үргэлжилж, газрын тосны үнэ өндөр түвшинд хадгалагдвал Азийн орнуудын инфляц, импортын зардал болон эдийн засгийн өсөлтөд дарамт учруулах эрсдэлтэй байна. Дайн эхэлснээс хойш Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлээс гадаадын хөрөнгө оруулагчид нийт $26 тэрбумын хөрөнгө татан гаргасан бол, зөвхөн 3-р сард Энэтхэгийн хувьцааны зах зээлээс $11.7 тэрбумын хэмжээтэй гадагшлах урсгал бүртгэгджээ.

Доорх график нь АНУ-ын Засгийн газрын бондын сарын нийт өгөөжийн өөрчлөлтийг харуулж байна. Одоогийн байдлаар US Treasuries нь 2024 оны 10-р сараас хойших хамгийн сул сарын гүйцэтгэл рүү дөхөж байгаа нь бондын үнэ буурч, үүний зэрэгцээ өгөөжийн түвшин (yield) өсөж буйг илтгэж байна. Ерөнхийдөө зах зээлд эрсдэл нэмэгдэх үед хөрөнгө оруулагчид аюул багатай хөрөнгө гэж үздэг Засгийн газрын бонд руу шилжиж, ханш нь өсөж, өгөөжийн түвшин нь буурах хандлагатай байдаг. Харин энэ удаад инфляц дахин өсөх эрсдэл, мөн бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдаж болзошгүй гэсэн хүлээлт давамгайлж байгаа тул бондын ханш сул, yield өндөр хэвээр байна.
---
3. Улс орнууд хямд өртөгтэй түлш рүү шилжиж байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, зарим улс орон илүү хямд, тогтвортой эх үүсвэр болох нүүрсний хэрэглээ рүү буцан шилжиж байна. Үүний нөлөөгөөр нүүрсний зах зээлд эрэлт өсөж, ханш нь ч нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
Ялангуяа Ази дахь цахилгаан үйлдвэрлэгчид үнэтэй болсон эсвэл тасалдах эрсдэлтэй хийг орлуулахын тулд нүүрсийг илүүтэй ашиглаж эхэлжээ. Шингэрүүлсэн байгалийн хий(LNG)-н үнэ огцом өсөх үед нүүрс нь харьцангуй хүртээмжтэй, хямд өртөгтэй, суурь ачаалал даах боломжтой түлш гэж үнэлэгддэг тул эрэлт нь нэмэгддэг.
---
Дүгнэлт:
Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал эрчимжиж, АНУ болон Иран улс зөвхөн санхүүгийн бус, эдийн засаг, аюулгүй байдлын томоохон хохирол амсаж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын бүс нутгийн түншүүд болох АНЭУ, Катар, Бахрайн төдийгүй Ойрх Дорнодын түүхий эдээс өндөр хамааралтай Азийн томоохон эдийн засгууд ч мөн адил сөрөг нөлөөлөлд өртөж байна.
Зах зээлийн хувьд, тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр таваарын зах зээлд эрэлт огцом өсөж, газрын тос зэрэг стратегийн бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна. Харин эсрэгээрээ хувьцаа болон крипто хөрөнгүүдэд дарамт үүсэж, эрсдэлтэй активуудын үнэ буурах, хөрөнгөө татах хандлага ажиглагдаж байна.
Өөдрөг хувилбараар харвал, ойрын хугацаанд Пакистан, Турк, Саудын Араб, Египет зэрэг улсууд зуучлан талуудын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулж, мөргөлдөөнийг намжаах хэлэлцээний эхлэл тавигдах боломж бий.
Нөгөө талаас хэрэв мөргөлдөөн 6-р сар хүртэл үргэлжилбэл газрын тосны үнэ баррель нь $200 хүрэл өсөх эрсдэлтэй бөгөөд энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон савлагаа, цаашлаад хямрал үүсгэх магадлалыг нэмэгдүүлнэ.
Хөрөнгө оруулагчдадаа өгөх зөвлөгөө бол одоогийн нөхцөл байдалд шинээр хөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр Ойрх Дорнодын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, эрчим хүчний хямрал удаан хугацаанд үргэлжлэх эсэх дээр дүн шинжилгээ хийж ойрын 7 хоногуудад одоо бүрдүүлсэн багцаа анхаарч зарим хувьцаан дээр ханшаа дундажлах арга барил баримталсан нь илүү оновчтой шийдэл гэж үзэж байна.