
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Геополитик болон эдийн засгийн тогтворгүй орчинд төв банкууд алтны нөөцөө түүхэнд байгаагүй эрчимтэй нэмэгдүүлж байна. Дэлхийн Алтны Зөвлөл (World Gold Council)-ийн жил бүр явуулдаг Төв банкуудын алтны нөөцийн судалгаанд нийтдээ 10 их наяд гаруй ам.долларын нөөц удирддаг 74 төв банк оролцсон бөгөөд тэдгээрийн 82% нь одоо биет алт эзэмшиж байгаа нь өмнөх оны 71%-иас мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Энэхүү нийтлэлээр судалгааны гол дүгнэлт, төсөөлөл, хандлагуудыг эмхэтгэн танилцуулж байна.
Судалгааны хамгийн гол дүгнэлт нь төв банкууд алтны стратегийн үүрэгт итгэх итгэл нь буурахгүй, харин ч нэмэгдэж байгаа явдал юм. Оролцогчдын 84% нь ирэх таван жилд алтны нийт нөөцөд эзлэх хувь хэмжээ өнөөгийн түвшинд хадгалагдах буюу цаашид өснө гэж үзсэн нь өмнөх жилийн 76%-иас өссөн үзүүлэлт юм.
Макро эдийн засгийн орчин эрс хувьсан өөрчлөгдөж буй ч төв банкуудын дийлэнх нь алтыг урт хугацааны найдвартай стратегийн актив хэмээн үзсэн хэвээр байна. Тиймээс алтны эрэлт нь богино хугацааны хэлбэлзэлд автахгүй, тогтвортой байх төлөвтэй байгааг судалгаа онцолж байна.
Оролцогчдын 89% нь ирэх 12 сард дэлхийн төв банкуудын алтны нөөц үргэлжлэн өснө гэж таамаглаж байгаа бол, төв банкуудын 45% нь өөрсдийн алтны нөөцөө ирэх нэг жилд шууд нэмэгдүүлнэ гэж хариулсан нь судалгааны түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Гэхдээ энэ хандлага бүх бүс нутагт жигд биш байна. Хөгжиж буй болон шинээр гарч ирж буй зах зээлийн (EMDE) төв банкууд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад алтны нөөцөө нэмэгдүүлэх илүү өндөр хүлээлттэй байна.
Алтны ханш 2022 оны эхнээс өнөөг хүртэл бараг 2.3 дахин буюу 126% орчим өссөн байна. 2022 оны эхэнд унц нь 1,800 ам.доллар байсан бол өнөөдөр 4,061 ам.долларт хүрчээ.
Ялангуяа 2025 онд дэлхий даяар ам.долларын хамаарлаас татгалзах хөдөлгөөн эрчимжиж, геополитикийн тогтворгүй байдал даамжирснаар алтны ханш огцом өссөн. Улмаар 2026 оны 2 дугаар сард унц нь 5,279 ам.долларт хүрч, түүхэн дэх дээд ханшаа тогтоосны дараа ханш эргэн бага зэрэг суларсан байдалтай байна.
Оролцогчдын 61% нь алтны үнэ 2027 оны 6 дугаар сар гэхэд нэг унц нь 5,000–6,000 ам.долларын хооронд арилжаалагдана гэж таамаглаж байна. Ханш дээд түвшинд хүрсэн ч төв банкуудын ердөө 28% нь өндөр үнийн улмаас нэмэлт худалдан авалт хийхээс татгалзаж байгаа бөгөөд дийлэнх нь алтыг стратегийн чухал актив гэж үзсэн хэвээр байна.
2022 онд Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ зах зээлийг хүчтэй хөдөлгөж, төв банкуудыг түүхэнд байгаагүй их хэмжээгээр алт худалдан авахад хүргэсэн. Зөвхөн 2022 оны 3 дугаар улиралд 457 тонн алт худалдаж авсан нь түүхэн дээд амжилт болжээ.
Түүнээс хойш худалдан авалтын эрч аажмаар саарч, улиралд дунджаар 180–370 тонн болж тогтворжсон ч 2022 оны хямралын өмнөх үетэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр хэвээр байна. 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар төв банкуудын худалдан авалт дахин идэвхжиж, 244 тоннд хүрчээ.
2025 онд Польш улс 102 тонн алт худалдан авч дэлхийд тэргүүлсэн бол Казахстан (57 тонн), Хятад (44 тонн) улсууд удаалжээ. Харин Турк улс энэ жил 79 тонн алт худалдсан нь хамгийн өндөр борлуулалт байв. Энэ нь тухайн бүс нутагт үүссэн мөргөлдөөн болон лирагийн ханшийг тогтворжуулах шаардлагатай холбоотой юм.
Хамгийн анхаарал татах дүгнэлт нь төв банкууд алтны үнэ хэд байхаас үл хамааран худалдан авалтаа хийдэг явдал юм. Жишээ нь, алтны үнэ харьцангуй доогуур байсан 2022 онд төв банкууд түүхэнд байгаагүй их хэмжээний худалдан авалт хийсэн. Харин 2025–2026 онд ханш дээд цэгтээ хүрэхэд худалдан авалтын эрч бага зэрэг саарсан ч 2022 оны өмнөх үетэй харьцуулахад өндөр хэвээр байв. Эндээс үзэхэд төв банкууд ханшийн богино хугацааны хөдөлгөөнийг дагаж ашиг олох гэж яарахгүй, харин урт хугацааны стратегийн зорилгоор алтны нөөцөө тогтвортой нэмэгдүүлж байна.
Дүгнэлт:
Төв банкуудын алт худалдан авалтын гол шалтгаан нь эрсдэлээс хамгаалах явдал юм. Алт эзэмших уламжлалт шалтгаан нь нөөцийн төрөлжүүлэлт (diversification) хэвээр байгаа ч геополитикийн эрсдэлээс хамгаалах зорилго энэ жил 51%-иар өсчээ.
Тодорхой эрсдэлүүдийн хувьд төв банкууд Ойрхи Дорнодын мөргөлдөөн (85%), АНУ-ын гадаад бодлогын тодорхойгүй байдал (81%), эрчим хүчний аюулгүй байдлыг хамгийн том аюул хэмээн нэрлэсэн байна. Эдгээр макро эдийн засгийн эрсдэлүүд нь дээр дурдсан олон туйлт мөнгөний системд шилжих хандлагатай нийлж, алтны стратегийн ач холбогдлыг улам бэхжүүлж байна.
Ирэх 10 жилд төв банкууд засгийн газрын бондоос илүүтэй корпорацийн бонд, алт, хувьцааг нөөцийн багцдаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
