
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Сайхан наадацгаасан уу? 🇲🇳 Үндэсний их баяр наадмын өдрүүдээр олон улсын санхүүгийн зах зээлд өрнөсөн онцлох үйл явдлууд болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан гол мэдээнүүдийг нэгтгэн хүргэж байна. Нийтлэлийн агуулга:
Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Ираны хоорондын цэргийн мөргөлдөөн хурцдаж, хоёр талын довтолгоо зөвхөн цэргийн объектуудаар хязгаарлагдахгүй болсон нь дэлхийн зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэв.
Геополитикийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр Brent төрлийн газрын тосны үнэ 3.8%-иар өсөж, баррель нь 91 ам.долларыг давлаа. Энэ нь сүүлийн нэг сар гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшин юм. Мөн WTI газрын тосны үнэ 84.5 ам.долларт хүрч өсөв. Хөрөнгө оруулагчид Ойрх Дорнодын мөргөлдөөн газрын тосны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд үүний үр дүнд эрчим хүчний үнэ өсөх эрсдэл дахин нэмэгдлээ.
Газрын тосны үнэ өсөхөд инфляц дахин сэргэх магадлал нэмэгддэг. Инфляц өндөр хэвээр байвал төв банкууд бодлогын хүүгээ бууруулах бус, харин өндөр түвшинд удаан хадгалах шаардлагатай болдог. Ийнхүү АНУ-ын Засгийн газрын бондын үнэ буурч, өгөөж нь өсөх хөдөлгөөн ажиглагдав. Австрали, Шинэ Зеландын бондууд ч мөн адил дарамтад орсон нь хөрөнгө оруулагчид инфляцын эрсдэлийг дахин үнэлж эхэлснийг харуулж байна.
Зах зээл мөн Холбооны Нөөцийн Сангийн (Fed) дарга Кевин Уоршийн инфляцтай тэмцэх байр суурийг анхааралтай ажиглаж байна. Хэрэв энэ долоо хоногт гарах АНУ-ын PMI зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд хүчтэй хэвээр байвал Fed есдүгээр эсвэл аравдугаар сард бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх магадлал өсч болзошгүй байна.
Технологийн салбарт хамгийн анхаарал татсан мэдээний нэг нь TSMC байлаа. Тус компани АНУ-ын Аризона муж дахь үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэх зорилгоор нэмэлт 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Энэ нь AI болон өндөр хүчин чадалтай тооцооллын чипийн эрэлт урт хугацаанд хүчтэй хэвээр байгааг илтгэж байна.
Мөн Samsung Biologics Швейцарийн PolyPeptide Group компанийг 1.8 тэрбум ам.долларын үнэлгээгээр худалдан авахаар тохиролцсон нь биотехнологийн салбар дахь өрсөлдөөн улам эрчимжиж байгааг харууллаа.
Энэ долоо хоногт Хятадын эдийн засагтай холбоотой хэд хэдэн чухал мэдээ гарлаа. Нэг талаас эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жилийн хамгийн сул түвшинд хүрсэн бол нөгөө талаас хиймэл оюун ухааны салбарт Хятад улам идэвхтэй хөрөнгө оруулж, дэлхийн технологийн өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэхээр зорьж байна.
Хятадын эдийн засаг 2026 оны II улиралд өмнөх оны мөн үеэс ердөө 4.3%-иар өссөн нь сүүлийн гурван жил гаруйн хамгийн сул өсөлт боллоо. Энэ үзүүлэлт нь зах зээлийн таамаглал болон Засгийн газрын жилийн 4.5-5.0%-ийн зорилтот түвшнээс доогуур гарсан нь дотоодын эрэлт, үл хөдлөх хөрөнгийн салбар болон хэрэглээний сэргэлт хангалттай биш байгааг харуулж байна.
Хятадын экспортын салбар хүлээлтээс хавьгүй сайн үзүүлэлттэй байна. Зөвхөн зургадугаар сард экспортын хэмжээ 412 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 27%-иар өссөн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, дотоодын эрэлт сул байгаа ч гадаад зах зээлийн эрэлт эдийн засгийг тодорхой хэмжээнд дэмжиж байна.
Хятадын хувьд AI бол зөвхөн технологийн шинэ чиг хандлага биш, харин үндэсний стратегийн нэг хэсэг болоод байна: Үүнийг батлах хамгийн том жишээ нь Хятадын тэргүүлэх DRAM санах ойн чип үйлдвэрлэгч ChangXin Memory Technologies (CXMT) компанийн IPO юм. Тус компани Шанхайн STAR зах зээл дээр хувьцаагаа гаргаж, 66.6 тэрбум юань (ойролцоогоор 9.8 тэрбум ам.доллар) татахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Хятадын түүхэн дэх хамгийн том IPO-уудын нэг болох төлөвтэй байна. Үүнээс гадна Хятадын AI стартап DeepSeek ч мөн IPO хийх бэлтгэлээ эхлүүлээд байгаа бөгөөд хэрэв төлөвлөгөөний дагуу явбал 2027 онд хөрөнгийн зах зээлд бүртгэгдэх боломжтой.
Хятадын өрийн шинэ бодлого: Хятадын эдийн засгийн хамгийн том сул талуудын нэг нь орон нутгийн засаг захиргааны санхүүжилтийн байгууллагууд буюу LGFV (Local Government Financing Vehicle)-уудын их хэмжээний өр юм. Сүүлийн жилүүдэд эдгээр байгууллага олон их наяд юанийн өр босгож, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж ирсэн ч өрийн хэмжээ хэт өссөн нь эрсдэл дагуулж эхэлсэн.
Иймээс эрх баригчид шинээр бонд гаргах нөхцөлийг улам чангаруулж, өрийн хэмжээ нь өмнөх түвшнээс давсан LGFV-үүдэд шинэ бонд гаргахыг хязгаарлаж эхэлжээ. Энэ алхам нь Хятадын өрийг бууруулах урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг сааруулж болох ч урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах зорилготой юм.
7 дугаар сарын 10-нд Өмнөд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч SK Hynix компани АНУ-ын Nasdaq биржид SKHY тикертэйгээр арилжаалагдаж эхэллээ. Санал болгосон үнэ $149 байсан бол АНУ-ын хоёрдогч зах зээл дээр $170-аар нээгдэж, арилжаалж эхэлснээсээ хойш $194 хүртэл өссөн ч баасан гарагийн арилжаагаар $154.03-т хаагджээ.
Хиймэл оюун ухааны хөгжлийг дагасан санах ойн чипийн эрэлт эрчимтэй өсөж буйтай холбоотойгоор АНУ болон Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлүүдийн уялдаа нэмэгдэж байна. Үүний илрэл болгон сүүлийн 60 хоногт Nasdaq-100 болон KOSPI индексийн корреляц 0.46 хүрсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр түвшний нэг бөгөөд таван жилийн дундаж болох 0.16-аас бараг 3 дахин өндөр үзүүлэлт болжээ.
Одоогоор Өмнөд Солонгосын хөрөнгийн биржид 2,900 гаруй компани бүртгэлтэй бөгөөд үүнээс 830 орчим нь KOSPI индексийн бүрэлдэхүүнд багтдаг. Харин KOSPI индексийн нийт жингийн ойролцоогоор 50%-ийг Samsung Electronics болон SK Hynix гэсэн хоёр компани дангаараа бүрдүүлдэг нь тус индексийн хөдөлгөөн тус 2 компаниас өндөр хамааралтайг харуулж байна.
Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл нь дэлхийн томоохон зах зээлүүдийн дундаас хамгийн өндөр хэлбэлзэлтэй зах зээлүүдийн нэг хэвээр байна. Үүнд хиймэл оюун ухааны салбарын эрчимтэй өсөлтөөс шалтгаалан Samsung Electronics болон SK Hynix зэрэг санах ойн чип үйлдвэрлэгчдийн хувьцааны огцом савлагаа голлон нөлөөлж байгаа бөгөөд үүн дээр хөрөнгө оруулагчдын хөшүүрэгтэй арилжаа нэмэгдсэн нь зах зээлийн хэлбэлзлийг улам хүчтэй болгож байна.
Зургадугаар сард хүрсэн оргил үеэс хойш БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ ойролцоогоор 25%-иар буурч, зах зээлээс 1 их наяд гаруй ам.долларын үнэлгээ арчигдан, нийт зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.доллар орчимд хүрээд байна. 2 томоохон чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш 35 болон 40%-иар тус тус буурсан бол KOSPI индекс оргил түвшнээсээ 30%-ийн уналттай байна. Гэсэн хэдий ч 2026 оны эхнээс өнөөдрийг хүртэл KOSPI индекс нийтдээ 60%-ийн өсөлттэй хэвээр байгаа нь өмнөх хүчтэй өсөлтийн дараах засвар хөдөлгөөн үргэлжилж байгааг илтгэж байна.
Дүгнэлт: АНУ–Ираны гал зогсоох хэлэлцээр нуран унаснаар мөргөлдөөн дахин эрчимжиж, олон улсын зах зээлд инфляцын эрсдэл дахин голлох сэдэв боллоо. Үүний нөлөөгөөр газрын тосны фьючерсийн ханш өсөж, эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгдсэнээр хувьцааны зах зээлд дарамт үүсэж, хөрөнгийн ангиллуудын хэлбэлзэл эрчимжиж байна.
Нөгөө талаас, Хятадын хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөн эрчимжиж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал Хятадын технологийн компаниуд болон хөрөнгийн зах зээл рүү дахин чиглэж байна. Энэ нь богино хугацаанд АНУ болон Азийн бусад орнуудын технологийн салбарын хувьцаанд дарамт үзүүлэх магадлалтай. Харин Хятадын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сул хэвээр байгаа тул тус улсын хөрөнгийн зах зээлийн цаашдын өсөлт нь экспортын эрч, AI салбарын хөрөнгө оруулалт болон эдийн засгийг дэмжих бодлогын үр нөлөөнөөс ихээхэн хамаарах төлөвтэй байна.