
Дэлхийн макро эдийн засгийн суурь орчинд гарч буй өөрчлөлт, тэдгээрийн зах зээлд үзүүлэх нөлөөг доорх гурван сэдвийн хүрээнд задлан шинжиллээ.
Дэлхийн эдийн засаг 2026 онд мөчлөгийн хувьд “макро зун”-д шилжинэ
Түүхий эдийн үнэ өсөх үү?
Зэсийн үнэ зах зээлийн ирээдүйн өсөлтийг урьдчилан харуулж эхэллээ
Сүүлийн жилүүдэд зах зээлийн гол анхаарал технологи, крипто хөрөнгө оруулалтын активуудад төвлөрч ирсэн. Харин 2026 онд дэлхийн эдийн засгийн мөчлөг дараагийн шатандаа шилжиж, түүхий эдийн эрэлт болон гүйцэтгэл сайжрах суурь нөхцөл бүрдээд байна.
Макро шинжилгээнд эдийн засгийн мөчлөгийг улирлаар ангилдаг. Макро өвлийн үед өсөлт сул, инфляц буурдаг бол макро хаварт өсөлт сэргэж, инфляцын дарамт бага хэвээр үлддэг. Харин макро зун өсөлт хурдсаж, инфляцын дараагийн шат аажмаар идэвхжихийн зэрэгцээ бизнесийн захиалга, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт бодитоор тэлдэг. Эргээд макро намарт инфляц оргилд хүрч, бодлогын орчин чангарах эрсдэл нэмэгддэг байна. Одоогийн нөхцөл байдал нь эдийн засаг макро хавраас макро зун руу шилжих хөдөлгөөн илүү тодорч эхэлснийг илтгэж байна.
График 1. АНУ-ын эдийн засгийн макро мөчлөгийн шилжилт (Хавар → Зун)
Макро мөчлөг макро зуны шатанд шилжих үед түүхий эдийн зах зээл түүхэнд хамгийн хүчтэй хариуг үзүүлж ирсэн. Учир нь эдийн засгийн өсөлт хурдсахын хэрээр компаниудын урт хугацааны хөрөнгө оруулалтын (CapEx) шийдвэрүүд идэвхэждэг. Үүний үр дүнд үйлдвэрлэл, дэд бүтэц, эрчим хүч, тээвэр болон аж үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжиж, улмаар түүхий эдийн бодит эрэлт огцом нэмэгддэг байна.
Хүснэгт 1. Макро мөчлөг ба активуудын гүйцэтгэл

Доорх графикаас харвал GMI-ийн санхүүгийн нөхцөл байдлын индекс нь үйлдвэрлэлийн идэвхийг илэрхийлдэг ISM индексийг дунджаар 9 сарын түрүүлэлтэй урьдчилан чиглүүлдэг байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн идэвх нь санхүүгийн нөхцөлийн өөрчлөлтийг ихэвчлэн дагаж хөдөлдөг бөгөөд санхүүгийн нөхцөл сайжирснаас тодорхой хугацааны дараа үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн идэвх бодитоор нэмэгдэх хандлага түүхэнд давтагдсаар иржээ.
Одоогийн нөхцөлд ам.долларын ханш сулрах, бодлогын хүү болон тогтмол өгөөжтэй хэрэгслүүдийн өгөөж буурах, зээлийн олдоц сайжрах, хөрөнгө оруулагчдын хувьцаанд хөрөнгө оруулах хандлага нэмэгдэх зэрэг хүчин зүйлс нийлж санхүүгийн нөхцөлийг илүү таатай болгож байна. Үүний үр дүнд ойрын улирлуудад үйлдвэрлэлийн идэвх нэмэгдэх, улмаар түүхий эдийн бодит эрэлт тэлэх суурь нөхцөл бүрдэж байна.
График 2. Санхүүгийн нөхцөл байдлын индекс ба үйлдвэрлэлийн идэвхийн индекс (ISM)
Харин түүхий эдийн зах зээл GMI-ийн санхүүгийн нөхцөл байдлын индексийг дунджаар 10 сарын хоцролттойгоор дагаж хөдөлдөг. Одоогийн байдлаар санхүүгийн нөхцөлийн чиглэл дээш хэвээр хадгалагдаж байгаа нь түүхий эдийн гүйцэтгэл үргэлжлэн сайжрахыг илтгэж байна.
График 3. Түүхий эдийн спот үнийн индекс ба санхүүгийн нөхцөл байдлын индекс

Зэс нь макро шинжээчдийн хувьд эдийн засгийн мөчлөгийг ажиглахад хамгийн их ашиглагддаг металлуудын нэг юм. Түүхэн өгөгдлөөс харахад зэсийн үнийн хөдөлгөөн нь бизнесийн идэвхжил бодитоор сэргэхээс өмнө эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлтийг зах зээл дээр түрүүлж тусгадаг байна.
“Dr. Copper” буюу “Зэс эмч”
Олон улсын зах зээл дээр зэсийг “Dr. Copper” буюу эдийн засгийн мөчлөгийг урьдчилан “оношилдог” дохио гэж нэрлэдэг. Учир нь зэс нь зөвхөн түүхий эд биш, харин эдийн засгийн дараагийн шатны өсөлтийн хүлээлтэд хамгийн түрүүнд хариу өгдөг металл юм. Зэс нь үйлдвэрлэл, дэд бүтэц, цахилгаан сүлжээ, дата төв, автоматжуулалт зэрэг бодит эдийн засгийн гол салбаруудад өргөн хэрэглэгддэг тул түүний эрэлт эдийн засгийн идэвхжилтэй шууд уялддаг. Иймээс зэсийн үнэ ихэнхдээ ISM зэрэг макро үзүүлэлтүүдээс өмнө хөдөлж, зах зээл ирээдүйн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлт рүү чиглэж эхэлснийг илэрхийлдэг.
График 4. Зэсийн үнийн өөрчлөлт ба үйлдвэрлэлийн идэвхийн индекс (ISM)
AI ба роботжуулалтын хөрөнгө оруулалтын мөчлөг чипээс бодит дэд бүтэц рүү шилжиж байна. Real Vision-ийн судалгаагаар 2024–2025 онд AI-ийн эхний шат болох semiconductor-ийн огцом өсөлт аль хэдийн явагдсан. Тайваний экспорт, график процессор (GPU) болон дэвшилтэт логик чипүүдийн огцом өсөлт нь энэхүү хөрөнгө оруулалтын мөчлөг эхэлснийг илэрхийлсэн.
Харин одоо чипүүд суурилагдсаны дараах хоёр дахь шат эхэлж байна. Энэ нь дата төвийн эрчим хүч, сүлжээ, хөргөлт, цахилгаан дамжуулах шугам, үйлдвэрлэлийн автоматжуулалт, роботжуулалт зэрэг бодит дэд бүтцийн томоохон CapEx-ийн мөчлөг юм. Энэ шат нь удаан хугацаанд үргэлжилдэг, их хэмжээний хөрөнгө шаарддаг бөгөөд зэс, аж үйлдвэрийн металлын эрэлтийг бүтцийн хувьд нэмэгдүүлдэг. Яг энэ үед ISM болон түүхий эдийн зах зээл бодит эдийн засгийн сэргэх хандлагыг баталж эхэлдэг.
График 5. Үйлдвэрлэлийн идэвхийн индекс (ISM) ба Тайваний экспорт

Дүгнэлт

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд