
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Компанийнхаа цар хүрээг тэлж, хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахаар зорьж буй бизнес эрхлэгчдэд зориулсан "Өсөлтийн хөшүүрэг: 2026" арга хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Bluesky Hotel-д амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 80 гаруй байгууллагыг төлөөлж нийт 120 орчим хүн оролцсон ба хүрэлцэн ирсэн салбартаа тэргүүлэгч компаниуд болох маркетингийн "Хөхэнэгэ" ХХК, "Өмгөөллийн "Хаанлекс Партнерс" ХХН", "Тэсо Инвестмэнт" ХХК болон "Апекс Капитал ҮЦК" ХХК-иас мэдээлэл, зөвлөгөө авсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. Osoltiin-hoshvvreg-2026
"Хөхэнэгэ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал: О.Лхагвасүрэн - AI-д тулгуурласан Бизнесийн бүтээмжийг өсгөх нь
Хиймэл оюун ухаан (AI) өнөөдөр ирээдүйн технологи бус, бизнесийн бодит бүтээмжийн стандарт болж байна. Өмнө нь хүн бодож, систем дагадаг байсан бол одоо AI санал гаргаж, хүн баталгаажуулдаг загвар давамгайлж эхэллээ.
AI-г зүгээр автоматжуулалт, эсвэл бүх ажлыг орлоно гэж ойлгох нь түгээмэл ташаа ойлголт. Үнэн хэрэгтээ AI нь ажлыг устгах биш, давтагддаг ажлыг багасгаж, хүнийг илүү үнэ цэнтэй ажилд төвлөрүүлэхэд чиглэдэг. Мөн AI ашиглахад заавал их дата, том хөрөнгө шаардлагагүй — бодит асуудал, жижиг ажлын урсгалаас эхлэхэд хангалттай.
AI бол нэг удаагийн багаж биш, байгууллагын ажиллах арга барил, шийдвэр гаргалтыг өөрчилдөг шинэ загвар юм. Байгууллагадаа AI нэвтрүүлэхдээ шууд бүх үйл ажиллагаанд нэвтрүүлэхээс илүү богино хугацааны туршилт хийх нь хамгийн үр дүнтэй. Ерөнхий асуулт өгөх бус үүрэг өгч, зорилго, хариуцлага өгч ажиллуулах ба AI нь магадлалд суурилсан тул AI санал болгоно → хүн батална гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй.
"ХаанЛекс Партнерс" ХХН Гүйцэтгэх захирал: И.Учралбаяр - Хуулийн асуудал хөрөнгө оруулагчийн нүдээр
Хөрөнгө оруулагчид ашиг хардаг ч хамгийн түрүүнд эрх зүйн орчны эрсдэлийг үнэлдэг. Төсөл хэрэгжих боломжтой юу, эрх нь баталгаатай юу, маргаан гарах уу гэдэг асуулт тодорхой байх ёстой. Энэ тодорхой байдал л итгэлийг бий болгодог тул хууль эрх зүйн хүрээнд дараах асуудлуудыг анхаарах нь зүйтэй.
- Компанийн ил тод байдал: Бүртгэл үнэн зөв үү, удирдлагын бүтэц ойлгомжтой юу, эцсийн өмчлөгч хэн бэ — эдгээр нь шийдвэр гаргах суурь. Ил тод биш бол хөрөнгө оруулалт урагшлахгүй.
- Зөвшөөрлийн эрсдэл: Зөвшөөрөл хүчинтэй юу, сунгах боломжтой юу, шилжүүлэх эсвэл барьцаалах эрхтэй юу гэдэг нь төслийн хувь заяаг шийднэ. Зөвшөөрөл тодорхойгүй бол хөрөнгө оруулалт ч тодорхойгүй.
- Хөрөнгийн баталгаа: Ямар хөрөнгөтэй вэ гэдгээс илүү эрхийн зөрчилгүй юу гэдэг чухал. Газар, дэд бүтэц, гуравдагч этгээдийн асуудал шийдэгдээгүй бол санхүүжилт саатдаг.
- Маргааны нөлөө: Хууль зүйн эргэлзээ маргаан дагуулж, хугацаа хойшилж, зардал өсгөж, эцэстээ хөрөнгө оруулагчийг зах зээлээс гарахад хүргэнэ.
Итгэл байвал хөрөнгө ирнэ, итгэл унавал хөрөнгө явна. Итгэлийг бий болгодог зүйл нь тогтвортой, хэрэгждэг хууль болон хамгаалагдсан эрх юм.
"Тэсо Инвестмент" ХХК Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр
Өнөөдрийн бизнесийн орчныг тодорхойлж буй нийтлэг хөдөлгөөнүүдэд дижитал шилжилт, автоматжуулалт, хэрэглэгч төвтэй үйлчилгээ, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил зэрэг багтана. Эдгээр нь түр зуурын давлагаа биш, харин урт хугацаанд зах зээлийг өөрчлөх хүчин зүйлс юм. Чиг хандлагыг эрт мэдэрч, бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоод ажиллагаа, хөрөнгө оруулалтаа түүнд нийцүүлсэн компаниуд зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Харин хуучин арга барилдаа хэт баригдсан байгууллагуудын хувьд хэрэглэгчээ алдах, өрсөлдөөнд шахагдах эрсдэл нэмэгддэг.
Зах зээл тэлэхийн хэрээр тоглогчид олширч, хэрэглэгчийн сонголт нэмэгдэнэ. Энэ нь бизнесүүдийг илүү хариуцлагатай, илүү бүтээмжтэй ажиллахад хүргэдэг. Өрсөлдөөн ширүүсэх үед компаниуд:
чанараа сайжруулах,
зардлаа бууруулах,
үйлчилгээгээ хурдтай болгох,
хэрэглэгчийн туршлагыг дээшлүүлэх шаардлагатай тулгардаг.
Эцэстээ хэрэглэгч хожиж, зах зээл эрүүлжинэ. Иймээс өрсөлдөөн бол айх зүйл биш, харин бодит үнэлгээ өгдөг шалгуур юм.
Амжилттай компаниудын туршлагаас харахад өрсөлдөгчөө дуурайх биш, харин өөрийн ялгарах үнэ цэнийг тодорхойлох нь хамгийн чухал байдаг. Хэн хамгийн хямд вэ гэдгээс илүү хэн хамгийн ойлгомжтой, найдвартай, хэрэглэгчид хэрэгтэй вэ гэдэг асуулт чухал болжээ. Өрсөлдөөний менежментэд стратегийн тодорхой байдал, багийн ур чадвар, инновац, брэндийн
итгэлцэл зэрэг хүчин зүйлс нэгдмэлээр ажиллах ёстой. Дотоод зохион байгуулалт сул бол зах зээл дээрх давуу тал удаан хадгалагдахгүй.
"Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б:.Лхамдолгор - Санхүүжилтийн боломжууд

Монголын хөрөнгийн зах зээлд идэвхтэй цөөн хэдэн хувьцаат компанийн арилжаа хийгдэж, хөрвөх чадвар сул, мэдээллийн ил тод байдал, тайлагнал болон институцийн хөрөнгө оруулагч бага гэх мэт тулгамдаж буй асуудлууд байдаг ч гэсэн санхүүжилт татан төвлөрүүлснээр бий болох давуу тал, үр дүн түүнээс олон байдаг.
Дэлхийн хувьцааны зах зээлд 2021 онд нийт 459 тэрбум ам.долларыг компаниуд IPO-р дамжуулан татан төвлөрүүлсэн бол 2025 онд 172 тэрбум ам. доллар болж буурсан үзүүлэлттэй байна. Харин Монгол улсад 2022 онд системийн нөлөө бүхий 5 банк IPO хийснээр хамгийн өндөр буюу 352.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол 2025 онд IPO хийсэн компани байхгүй байна. Нээлттэй хувьцаат компани болж хөрөнгө татан төвлөрүүлснээр зэх зээлээ тэлэх, стратегийн төлөвлөлт сайжрах, урт хугацааны хөрөнгө оруулалт бий болгох давуу талтай. Хувьцааны зах зээл дэлхийд болон Монгол улсад ч бууралттай үзүүлэлттэй байгаа бол нөгөө талаар аж ахуй нэгж байгууллагууд өрийн хэрэгслээр дамжуулан хөрөнгө татан төвлөрүүлэх нь ихсэж байна. Тухайлбал дэлхийн бондын зах зээлд 2021 оны байдлаар 128.3 их наяд ам.долларыг татан төвлөрүүлсэн бол 2025 он гэхэд 17 хувиар өсөж 150 их наяд ам.долларыг татан төвлөрүүлжээ. Харин Монгол улсад 2021 оны байдлаар биржийн болон биржийн бус зах зээлээр дамжуулан аж ахуй нэгж байгууллагууд 314 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол 2025 оны байдлаар 5 дахин өсөж 2.0 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн үзүүлэлттэй байгаа юм. Өрийн хэрэгслээр дамжуулан санхүүжилт татан төвлөрүүлэх нь богино хугацаанд, уян хатан нөхцөлөөр санхүүжилт татан төвлөрүүлэх давуу талтай ба энэ нь бизнесийн хурдыг нэмэгдүүлж, өсөлтийн хөшүүрэг болж чаддаг давуу талтай юм.
Хэрэв тус арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй ч хөрөнгийн зах зээлд шинээр үнэт цаас гаргах, санхүүжилт татах, мөн бонд болон хувьцаанд хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ авахтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл бид мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллахдаа үргэлж нээлттэй байна.