
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Мөнгөний бодлого хэрхэн өөрчлөгдөж болох вэ?
Bloomberg Intelligence-ийн 2026 оны 8-р сарын 17-ны судалгаанд Холбооны нөөцийн сангийн (Fed) дарга Кевин Уоршийн байгуулсан мөнгөний бодлогын таван ажлын хэсэг цаашид төв банкны бодлого, харилцаа холбоо болон эдийн засгийн мэдээллийг ашиглах арга барилд ямар өөрчлөлт авчирч болохыг авч үзжээ. Судалгааны гол дүгнэлтээр эдгээр ажлын хэсэг нь Fed-ийн бодлогыг бүхэлд нь эрс өөрчлөхөөс илүүтэй мөнгөний бодлогын одоогийн тогтолцоог аажмаар шинэчлэх чиглэлд ажиллах төлөвтэй байна.
Bloomberg Intelligence-ийн үзэж буйгаар хамгийн их анхаарал татах өөрчлөлт нь Fed-ийн зах зээлтэй харилцах арга барил, инфляцын 2%-ийн зорилтыг тайлбарлах арга, мөн төв банкны $6.8 их наядын балансыг хэрхэн удирдах асуудалд төвлөрнө. Харин AI болон бүтээмжийн асуудал нь урт хугацаанд чухал боловч шууд мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө нь харьцангуй бага байх магадлалтай байна.
Fed зах зээлд өгөх чиглэлээ өөрчилж магадгүй
Уоршийн нэг гол зорилго нь Fed-ийн forward guidance, өөрөөр хэлбэл ирээдүйд хүүгээ хэрхэн өөрчлөхөө зах зээлд урьдчилан хэлэх практикийг багасгах явдал юм. Түүний үзэл баримтлалын дагуу Fed тодорхой хугацааны дараа хүү хэд байхыг урьдчилан хэлэхээс илүүтэй эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрд бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах нь илүү оновчтой.
Нэг эрсдэл нь Fed ирээдүйн бодлогын чиглэлээ хэт бага тайлбарлавал зах зээл төв банк ямар мэдээлэлд ямар хариу үйлдэл үзүүлэхийг ойлгоход хүндрэлтэй болно. Энэ нь хөрөнгө оруулагчдын тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, улмаар Treasury-ийн (АНУ-ын Засгийн газрын үнэт цаас) өгөөж болон зах зээлийн хэлбэлзлийг өсгөх боломжтой.
Тиймээс Bloomberg Intelligence-ийн санал болгож буй хувилбар нь Fed “дараагийн хурлаар хүүгээ тэдэн хувиар өөрчилнө” гэж хэлэхийн оронд “инфляц тодорхой түвшинд хүрэх, ажилгүйдэл тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх тохиолдолд бодлогоо чангаруулах/зөөлрүүлэх болно” гэсэн илүү тодорхой reaction function-ийг зах зээлд өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл Fed-ийн мессеж “бид юу хийх вэ?” гэхээс илүү “ямар нөхцөл үүсвэл бид хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ?” гэсэн хэлбэр рүү шилжих боломжтой.
Мөн Fed-ийн улирал тутам гаргадаг dot plot-д (Dot Plot гэдэг нь Холбооны нөөцийн сангийн FOMC-ийн гишүүд ирээдүйд Fed-ийн бодлогын хүү ямар түвшинд байх талаар өгсөн төсөөллийг цэгүүдээр харуулсан график юм) өөрчлөлт орох магадлалтай.
Судалгаагаар dot plot-ийг бүрэн хасах боломж байгаа ч Bloomberg Intelligence үүнийг заавал гэж үзэхгүй байгаа бөгөөд илүү боломжит хувилбар нь ирээдүйн хүүгийн төсөөллийг илүү ерөнхий хүрээнд харуулах явдал гэж үзжээ.
Fed-ийн $6.8 их наядын баланс
Уорш Fed-ийн одоогийн $6.8 их наядын балансыг багасгах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Bloomberg Intelligence-ийн үзэж буйгаар энэ нь зөвхөн Fed-ийн шийдвэрээр хэрэгжихэд хүндрэлтэй.
2008 оны санхүүгийн хямрал болон COVID-19-ийн үед Fed АНУ-ын Засгийн газрын үнэт цаас (Treasury) болон ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас (MBS)-ийг их хэмжээгээр худалдан авч, балансаа огцом тэлсэн. 2020 онд Fed-ийн баланс АНУ-ын ДНБ-ий ойролцоогоор 36%-д хүрч, 2023 оны 3-р сард Treasury нийт зах зээлийн бараг 27%-тай тэнцэх хэмжээнд хүрсэн байна.
Эдгээр худалдан авалт нь санхүүгийн системд хөрвөх чадвар нийлүүлэх, Treasury-ийн өгөөжийг бууруулах, банкуудын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой байсан. Гэвч дараа нь банкуудын нөөц хадгалах шаардлага нь Basel III (Банкны капитал, хөрвөх чадвар болон эрсдэлийн удирдлагыг чангатгасан олон улсын стандарт) зэрэг капиталын зохицуулалттай нягт холбоотой болсон.
Иймээс Fed балансаа хурдан бууруулвал банкуудын нөөцийн хэмжээ хэт буурч, санхүүгийн зах зээлд дарамт үүсэх эрсдэлтэй. Bloomberg Intelligence-ийн үзэж буйгаар банкуудын нөөцийн эрэлтийг эхлээд бууруулах, үүний тулд банкны капиталын зохицуулалтад өөрчлөлт хийх шаардлагатай.
Тиймээс балансын бодлогын хувьд Уоршийн зорилго хэрэгжих ч огцом QT (quantitative tightening буюу Төв банкны балансыг бууруулах бодлого) хийхээс илүү зохицуулалтын өөрчлөлттэй уялдсан, удаан хугацааны процесс болох төлөвтэй.

Инфляцын 2%-ийн зорилт илүү уян хатан болж магадгүй
Судалгааны хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг нь Fed-ийн 2%-ийн инфляцын зорилт юм. Fed одоогоор PCE (Хувийн хэрэглээний зардлын үнийн индекс) үнийн индексийг инфляцын үндсэн хэмжүүр болгон ашигладаг бөгөөд 2%-ийг үнийн тогтвортой байдлын зорилго гэж үздэг. Уорш 2026 оны 7-р сарын хурлын дараах мэдэгдэлдээ 2%-ийг “хатуу зорилт” гэж тодорхойлсон.
Гэхдээ Bloomberg Intelligence-ийн үзэж буйгаар инфляцыг яг 2.0%-д тогтмол барихыг шаардах нь бодит эдийн засгийн нөхцөлд хэт хатуу байж болно. Жишээлбэл PCE инфляц 1.7%-2.3% орчимд хэлбэлзэж байсан ч үнийн тогтвортой байдлын зорилт үндсэндээ биелж байна гэж үзэх боломжтой гэсэн санааг гаргажээ.
Энэ нь мөнгөний бодлогын хувьд чухал. Учир нь инфляц 2%-аас бага зэрэг өндөр байгаа бүрт Fed автоматаар хүүгээ өсгөх шаардлагагүй болно. Инфляцын чиг хандлага болон шалтгаан илүү чухал болох юм.
Инфляцын шалтгааныг ялгаж үзэх нь хүүгийн бодлогод чухал
Уоршийн ажлын хэсгүүдийн нэг гол санаа нь инфляц юунаас үүссэнийг илүү анхаарч үзэх явдал байж магадгүй. Жишээлбэл, хэрэглээ болон эрэлт хэт хүчтэй байснаас үнэ өсөж байгаа бол Fed хүүг өндөр байлгаж, эрэлтийг сааруулах шаардлагатай байж болно. Харин газрын тосны үнэ огцом өсөх, нийлүүлэлтийн тасалдал зэрэг инфляцын үед хүү өсгөх нь инфляцыг шууд шийдэхгүй мөртлөө эдийн засгийн өсөлтийг сулруулах эрсдэлтэй.
Иймээс цаашид Fed инфляцын тоог дангаар нь харахаас илүүтэй:
Эрэлтээс үүдсэн инфляц уу?
Нийлүүлэлтийн тасалдал уу?
Түр зуурын үнийн өсөлт үү?
Урт хугацаанд үргэлжлэх суурь инфляц уу?
гэдгийг илүү нарийвчлан авч үзэх хэрэгтэй болно.
Ингэснээр хөрөнгө оруулагчид инфляцын түвшнийг дангаар нь бус, түүний шалтгаан болон эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг хамтад нь үнэлэх хэрэгтэй болно. Учир нь инфляц өндөр гарсан ч Fed заавал хүүгээ өсгөнө гэсэн үг биш болж, инфляцын бүтэц болон эдийн засгийн бусад үзүүлэлтүүдийг хамтад нь харах шаардлагатай болно.

Fed-ийн шинэ хандлага: Бодит эдийн засгийн үзүүлэлт
Өнөөгийн эдийн засгийн үзүүлэлтийн нэг хүндрэл нь олон үзүүлэлт сар, улирлаар гардаг бөгөөд заримдаа тухайн үеийн эдийн засгийн бодит нөхцөл байдлыг хоцорч харуулдаг.
Тиймээс Economic Data Task Force нь Fed-д өндөр давтамжтай, бодит цагийн мэдээллийг илүү өргөн ашиглуулах боломжийг судалж байна. Bloomberg Intelligence-ийн санал болгож буй хамгийн бодитой хувилбар нь Fed өөрөө цоо шинэ мэдээллийн систем байгуулахын оронд одоо байгаа төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг нэгтгэсэн “nowcast” буюу эдийн засгийн шуурхай төлөвийн үзүүлэлт бий болгох явдал юм.
Ингэснээр Fed эдийн засгийн нөхцөл байдлыг хэдэн сарын дараа биш, аль болох бодит цаг хугацаанд үнэлэх боломжтой болно. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь Fed-ийн шийдвэрүүдийг зөвхөн CPI, PCE, ажилгүйдлийн түвшин зэрэг уламжлалт үзүүлэлтээр таамаглахаас илүү олон төрлийн өндөр давтамжтай мэдээллийг анхаарах шаардлагатай болно гэсэн үг.

AI ба бүтээмж: Урт хугацаанд Fed-ийн хүүгийн бодлогод нөлөөлөх хүчин зүйл
AI, роботик болон бусад шинэ технологи эдийн засгийн бүтээмж, ажил эрхлэлтэд хэрхэн нөлөөлөхийг судалгаанд дурдсан. Bloomberg Intelligence энэ ажлын хэсгийн санал нь бусад дөрвөн ажлын хэсгийн саналтай харьцуулахад Fed-ийн бодлогын хүрээнд томоохон өөрчлөлт авчрахгүй байх магадлалтай гэж үзсэн байна. Учир нь технологийн шинэчлэл эдийн засагт нөлөөлдөг нь шинэ үзэгдэл биш. Гэсэн хэдий ч AI нь өмнөх технологийн өөрчлөлтүүдээс цар хүрээгээрээ ялгаатай байж болох юм.
Bloomberg Intelligence-ийн таамгаар AI-ийн нөлөөгөөр ойрын жилүүдэд бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийн боломж нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд томоохон хэмжээний сөрөг нөлөө шууд үүсэхгүй байх боломжтой.
Тиймээс AI нь зөвхөн технологийн салбарын асуудал биш бөгөөд Fed-ийн урт хугацааны хүү, инфляц, эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд нөлөөлөх макро хүчин зүйл болж байна.

Дүгнэлт
Уоршийн Fed-ийн хамгийн том өөрчлөлт нь бодлогын зорилго өөрчлөгдөхөөс илүүтэй, бодлогыг хэрэгжүүлэх арга барил өөрчлөгдөхөд оршино. Fed ирээдүйн хүүгийн чиглэлийг урьдчилан амлахын оронд эдийн засгийн бодит мэдээлэлд тулгуурлаж, инфляцын шалтгааныг илүү нарийвчлан ялгаж, 2%-ийн зорилтыг тодорхой хэмжээнд уян хатан тайлбарлах боломжтой. Үүний зэрэгцээ балансын хэмжээг бууруулах зорилго тавьж байгаа ч банкны зохицуулалтын шинэчлэл шаардлагатай хэвээр байна.
Зах зээлийн хувьд хамгийн чухал өөрчлөлт нь Fed-ийн “reaction function” буюу тодорхой эдийн засгийн нөхцөлд ямар бодлого хэрэгжүүлэхийг илүү сайн ойлгох шаардлага бий болох явдал юм. Тиймээс цаашид зөвхөн нэг удаагийн CPI, PCE эсвэл ажилгүйдлийн тооноос илүүтэй инфляцын чиг хандлага, түүний шалтгаан, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн бодит цагийн мэдээлэл болон AI-аас үүдэх бүтээмжийн өсөлт зэрэг хүчин зүйлс Fed-ийн шийдвэрийг тодорхойлоход илүү чухал болж магадгүй.