
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүлээлтээс давж, хүүгийн өсөлтийн магадлал нэмэгдэв
Солонгосын вон сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрлээ
AI-ийн хөрөнгө оруулалтын өсөлт төсөөлснөөс хүчтэй ч оргил үе ойртож байна
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүлээлтээс давж, хүүгийн өсөлтийн магадлал нэмэгдэв
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл 8 сард хүлээлтээс илүү хүчтэй сэргэж, хөдөө аж ахуйн бус салбарт шинээр бий болсон ажлын байрны тоо 162 мянгаар нэмэгдлээ. Энэ нь шинжээчдийн 55 мянган ажлын байр нэмэгдэнэ гэсэн хүлээлтээс бараг гурав дахин өндөр үзүүлэлт юм.

Гэсэн хэдий ч шинээр бий болсон ажлын байрны тоо сар бүр мэдэгдэхүйц хэлбэлзэж байна. Тухайлбал, 3 сард 214 мянган ажлын байр нэмэгдэж байсан бол 7 сард өсөлт 21 мянга болж саарсан бөгөөд 8 сард дахин 162 мянгад хүрч сэргэлээ. Харин ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны 11 сарын 4.5 хувийн дээд түвшнээс буурч, 8 сард 4.1%-д тогтвортой хадгалагдсан байна.
Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ тогтоохдоо хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал болон инфляцын төлөвийг голлон харгалзан үздэг. Ажлын байрны өсөлт хүлээлтээс давсан нь эдийн засгийн идэвхжил тогтвортой байгааг илтгэж, ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлэх боломжтой гэсэн хүлээлтийг өсгөж байна. Гэвч хөдөлмөрийн зах зээлийн нэг сарын үзүүлэлт дангаараа хүүгийн шийдвэрийг тодорхойлохгүй бөгөөд инфляцын мэдээлэлтэй хамтатган үнэлэх шаардлагатай.
9 сарын 10-ны Пүрэв гарагт Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI), 11-ний Баасан гарагт Хэрэглээний үнийн индекс (CPI) тус тус нийтлэгдэнэ. Хэрэв инфляц хүлээлтээс өндөр гарвал 9 сарын 15–16-нд болох ХНС-ын мөнгөний бодлогын хурлаар хүү нэмэгдүүлэх хүлээлт улам бэхжих бол инфляц саарсан үзүүлэлт нь мөнгөний бодлогыг чангатгах дарамтыг бууруулах боломжтой.
Солонгосын вон сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрлээ
Өмнөд Солонгосын воны ханш ам.долларын эсрэг сүүлийн 2 сарын хугацаанд 14%-иар, он гарснаас хойш 6 орчим хувиар чангарч, нэг ам.доллар 1,334.70 вонтой тэнцсэн нь 2024 оны 10 сараас хойших хамгийн өндөр түвшин боллоо. Воны ханшийн өсөлтийг хагас дамжуулагчийн салбарын хувьцааны өсөлт болон гадаадын хөрөнгө оруулагчдын Солонгосын зах зээлд оруулж буй хөрөнгийн урсгал воны эрэлтэд байна.
Тухайлбал, Samsung Electronics болон SK Hynix компанийн хувьцааны өсөлт KOSPI индексийн өсөлтийг тэргүүлсэн бол гадаадын хөрөнгө оруулагчид тус индексэд багтдаг хувьцаануудаас нэг өдрийн дотор 800 тэрбум гаруй вон буюу 598 сая ам.долларын цэвэр худалдан авалт хийжээ. Ингэснээр гадаадын хөрөнгийн цэвэр урсгал 3 дахь арилжааны өдрөө дараалан эерэг гарсан байна.
Гэвч воны ханшийн өсөлт хэт эрчимжсэн байж болзошгүйг техникийн үзүүлэлтүүд анхааруулж байна. Ханшийн өсөлтийн эрчийг хэмждэг RSI индикатор үзүүлэлт 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь богино хугацаанд өсөлт саарах, эсвэл ханшид залруулга гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

AI-ийн хөрөнгө оруулалтын өсөлт төсөөлснөөс хүчтэй ч оргил үе ойртож байна
AI-ийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, 2026 оны байдлаар томоохон технологийн компаниудын хөрөнгө оруулалтын зардал түүхэн дээд түвшинд хүрээд байна. Энэхүү хөрөнгө оруулалтын томоохон хэсэг нь дата төвийн бүтээн байгуулалт, сервер болон бусад тоног төхөөрөмжийн худалдан авалтад чиглэж байгаа бөгөөд компаниуд тоног төхөөрөмж нийлүүлэгчид, цахилгаан эрчим хүчний байгууллагуудтай олон жилийн гэрээ байгуулж байна.
Ийнхүү AI-ийн хөрөнгө оруулалтын мөчлөг АНУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчний нэг болж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь улам нэмэгдэж байна. Bloomberg-ийн судалгаагаар AI-тай холбоотой хөрөнгө оруулалт өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын бодит ДНБ-ий өсөлтөд ойролцоогоор 1 нэгж хувийн хувь нэмэр оруулсан нь нийт өсөлт (АНУ-ын 2025 оны ДНБ-ий өсөлт 2.1%)-ийн тал орчимтой тэнцэж байна.

AI-ийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлж буй нөлөө: Bloomberg-ийн шинжээчдийн тооцооллоор 2026 оны II улирал хүртэлх сүүлийн 4 улирлын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг 3.1% гэж тооцсон нь 1990-ээд оны сүүлчийн интернетийн хувьсгалын үеийн өсөлттэй ойролцоо түвшин юм.

АНУ-ын нийт ажил эрхлэлтийн 26% буюу 41 сая орчим ажлын байр AI-ийн нөлөөнд тодорхой хэмжээгээр өртөх эрсдэлтэй гэж судлаачид үзжээ. Ялангуяа оффисын ажилтан, IT мэргэжилтэн, бизнесийн мэргэжилтнүүдийн ажилд авах эрэлт харьцангуй суларч байгаа ч AI-аас шалтгаалсан өргөн хүрээний ажлын байрны хомсдол одоогоор нотлогдоогүй байна.
Хөрөнгө оруулалтын эрсдэл: Хөрөнгө оруулагчдын хувьд гол эрсдэл нь өсөлтийн хурд саарах явдал юм. AI-ийн хөрөнгө оруулалтын өсөлт 2026 онд оргилдоо хүрч, 2027 онд эерэг хэвээр байх боловч ДНБ-д оруулах нэмэлт хувь нэмэр нь буурах төлөвтэй байна.

Бодлогын хүүгийн нөлөө: Хэрэв ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлбэл хөрөнгө оруулалтын өсөлт илүү огцом саарах эрсдэлтэй. ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлбэл зээлийн өртөг өсөж, компаниудын хөрөнгө босгох болон дата төв, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах зардал нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ ирээдүйн ашгийн өнөөгийн үнэ цэнэ буурч, хөрөнгө оруулагчдын өндөр үнэлгээтэй AI компаниудад хөрөнгө оруулах сонирхол саарч болзошгүй. Иймээс компаниуд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө хойшлуулах эсвэл танах эрсдэлтэй. Иймээс AI-ийн урт хугацааны боломж өндөр хэвээр байгаа ч зах зээлд хөрөнгө оруулалтын мөчлөгийн оргил үе болон зарцуулалтын өсөлтийн тогтвортой байдал гол анхаарах асуудал болж байна.
Дүгнэлт:
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл ба бодлогын хүү: 8 сарын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт хүлээлтээс сайн гарсан нь ХНС-ын мөнгөний бодлогын цаашдын чиглэлд нөлөөлөх чухал хүчин зүйл болж байна. Хэрэв энэ долоо хоногт нийтлэгдэх инфляцын үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарвал 9 сарын 15-16-нд болох ХНС-ын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгж буюу 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх эрсдэл өсөж болзошгүй. Иймээс хөрөнгө оруулагчдын анхаарал PPI, CPI-ийн мэдээлэл болон ХНС-ын шийдвэрт төвлөрч байна.
Солонгосын вон: Даваа гарагийн байдлаар воны ханш сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрсэн нь Солонгосын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэнтэй холбоотой. Воны ханш чангарах нь импортын бараа, түүхий эдийн өртгийг бууруулах давуу талтай боловч экспортлогч компаниудын үнийн өрсөлдөх чадвар болон гадаад валютаар олсон орлогын воноор илэрхийлэгдэх дүнд дарамт учруулж болзошгүй. Мөн ханшийн өсөлт богино хугацаанд хэт эрчимжсэн тул залруулга гарч, вон ам.долларын эсрэг сулрах эрсдэлтэй.
AI-ийн хөрөнгө оруулалт: AI-ийн хөрөнгө оруулалт АНУ-ын эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмжийг дэмжих гол хүчин зүйлсийн нэг болж байгаа ч хөрөнгө оруулалтын мөчлөгийн өсөлтийн хурд саарах болон мөнгөний бодлого чангарах гэсэн хоёр сорилт тулгарч байна. Хүүгийн өсөлт нь санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлж, компаниудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дарамт учруулах боломжтой. Иймээс AI-ийн урт хугацааны боломж өндөр хэвээр байгаа ч хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын зарцуулалтын тогтвортой байдал, бодит өгөөж болон бодлогын хүүгийн цаашдын чиглэлийг анхаарах шаардлагатай юм.