
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

2026 оны 2-р сард улсын хэмжээнд инфляц 6.5% байсан бол 8-р сард 12.5% -д хүрч хагас жилийн дотор хоёр дахин өсөөд байна. Энэ хугацаанд Монголбанкны бодлогын хүү 2025 оны 3-р сараас хойш тогтсон 12% хэвээр байж, 8-р сард 0.5 нэгжээр л нэмэгдэн 12.5% болсон билээ.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр инфляц ба бодлогын хүү хоёулаа 12.5 хувь буюу бодит хүү (real interest rate) тэг болжээ.
Хагас жилийн өмнө бодлогын хүү инфляцаас 5.5 нэгжээр их байсан бол 2026 оны эхний хагасын байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсөж, 28.2 их наяд төгрөгт хүрсэн. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар энэ өсөлтийг төгрөгийн бодит өгөөж эерэг байсантай холбон тайлбарлаж, иргэд хугацаагүй хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдсэнийг онцолжээ.
Тэр эерэг бодит өгөөж одоо алга болж байна. 28.2 их наяд төгрөгийн бодит өгөөж ердөө 1 нэгж хувиар сөрөг гарахад л жилд 282 тэрбум төгрөгийн худалдан авах чадвар үгүй болох юм.
Энэ удаагийн инфляцын өсөлтөд хүнсний үнэ голлон нөлөөлжээ. Наймдугаар сарын 12.5%-ийн инфляцын 5.8 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлэг бүрдүүлсэн бол импортын барааны үнэ 2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна. Мөн долоодугаар сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 52.4%-иар өсжээ.
Бодлогын хүү нь зээлийн өртөг болон зах зээлийн эрэлтийг өөрчлөх замаар инфляцад нөлөөлдөг. Харин махны нийлүүлэлт, импортын үнэ зэрэг нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлтийг бодлогын хүүгээр шууд бууруулах боломж хязгаарлагдмал бөгөөд Монголбанк ч энэ төрлийн инфляцад мөнгөний бодлого шууд нөлөөлдөггүй, харин хоёрдогч нөлөө болон хүлээлтийг хязгаарлахад чиглэдэг гэж тайлбарладаг.
Наймдугаар сарын шийдвэрийг ч инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлахад чиглэсэн гэж мэдэгдсэн. Эдийн засгийн үүднээс энэ нь ойлгомжтой сонголт юм. Бодлогын хүүг огцом нэмэгдүүллээ гээд мах болон импортын барааны үнэ шууд буурахгүй. Харин зээлийн өртөг нэмэгдэж, иргэд болон бизнесийн санхүүгийн дарамт өсөх эрсдэлтэй. Тиймээс бодлогын хүүг шат дараатай нэмэгдүүлэх сонголт хийсэн ч инфляц буурах хүртэл бодлогын хүү үнийн өсөлтөөс хоцорч болзошгүй байдалд хүрээд байна.
Өнгөрсөн зун 1 сая төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлээд, энэ зун яг 1 сая төгрөгөөр нь буцаан авлаа гэж бодъё. Хэрвээ харагдах үнийн дүнгээр нь адилтгавал ижил болов ч бараа бүтээгдэхүүний худалдан авах чадвараар харьцуулахад ялгааг харах боломжтой юм. Жишээ нь үхрийн махаар хэмжиж үзвэл жилийн дотор 55.9% өссөн бөгөөд жилийн өмнөх 1 сая төгрөгөөр авах байсан махнаас 36 орчим хувиар бага махыг авах байна .
Инфляцын үед төгрөгийн дүн хэвээр үлдсэн ч худалдан авах чадвар буурч болно. Тиймээс нүдэнд харагдах мөнгөн дүнгээр бус бодит үнэ цэнэ нь хэр өөрчлөгдөв гэж үнэлэх шаардлагатай.
Ерөнхийдөө төгрөгөөр тогтсон өртэй тал инфляцын үед харьцангуй давуу байр суурьтай байдаг. Харин тогтмол мөнгөн дүнгээр авлагатай, мөнгөө бэлнээр хадгалж буй талын худалдан авах чадвар буурах эрсдэлтэй. Хүснэгтээр ямар хүмүүст илүү эрсдэлтэй болон ашигтай байх талаар харууллаа:

Татварын дараах бодит өгөөжийг тооцох:
Хадгаламж, бондын зарласан хүүг шууд харьцуулах нь хангалтгүй. Хүүний орлогоос татвар суутгасны дараах цэвэр өгөөж инфляцаас өндөр байж мөнгөний худалдан авах чадвар хадгалагддаг. Тооцоолох арга:
Инфляц ÷ (1 − татварын хувь)
12.5%-ийн инфляцтай үед:
10%-ийн татвартай хадгаламжийн хүү хамгийн багадаа 13.89%
5%-ийн татвартай нээлттэй бондын хүү хамгийн багадаа 13.16% байх шаардлагатай.
Хүү эдгээр түвшнээс доогуур байвал мөнгөний дүн өссөн ч худалдан авах чадвар нь бодитоор буурдаг байна.
Бэлэн мөнгөний хэрэглээгээ танах:
Гэнэтийн хэрэгцээнд зориулсан хэдэн сарын зардлаа даатгалтай, хүссэн үедээ авах боломжтой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд байршуулж, инфляцын нөлөөлөөс хамгаалах. Инфляц өндөр, бодит хүү тэг эсвэл сөрөг үед мөнгөө их хэмжээгээр бэлнээр хадгалах тусам худалдан авах чадвар нь буурна. Тиймээс нөөцөөс давсан мөнгөө зорилго, хугацаа, эрсдэл даах чадвартаа тохирсон өгөөжтэй бүтээгдэхүүнд хуваарилах нь үнэ цэнийг нь хамгаалахад тустай.
Зээлийн хэрэглээгээ бууруулах:
Инфляц өндөр үед өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэж, өрхийн бодит орлого болон зээл төлөх чадварт дарамт учруулдаг. Үүн дээр зээлийн хүү өндөр байвал төлбөрийн ихэнх хэсэг хүүд зарцуулагдаж, нийт төлөх дүн улам өснө.
Тиймээс шинээр хэрэглээний зээл авахаас зайлсхийж, одоо байгаа зээлүүдээсээ хамгийн өндөр хүүтэйг нь түрүүлж төлөх нь зүйтэй. Ингэснээр хүүний зардлаа бууруулж, сарын мөнгөн урсгалаа чөлөөлөн, санхүүгийн эрсдэлээ багасгах боломжтой.
Бонд худалдан авснаар хөрөнгө оруулагч тухайн компани эсвэл байгууллагад тодорхой хугацаатайгаар мөнгө зээлдүүлж, урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хүүний орлого авах боломжтой.
Шинээр гарч буй бондын хүү нь зах зээлийн хүү, инфляцын хүлээлт болон эдийн засгийн нөхцөлд үндэслэн тогтоогддог. Тиймээс инфляц өндөр үед татварын дараах бодит өгөөж, хугацаа, эргэн төлөлтийн нөхцөл болон бонд гаргагч компаны санхүүгийн чадавхыг харьцуулан, өөрт тохирсон бондыг сонгох нь хөрөнгийнхөө үнэ цэнийг хамгаалж, тогтмол өгөөж хүртэх үр дүнтэй арга юм.
Бонд дараах хоёр үндсэн давуу талтай.
Шууд санхүүжилт олгох боломжтой:
Хадгаламжид байршуулсан мөнгийг банк зээл хэлбэрээр эргэлтэд оруулдаг бол бонд худалдан авснаар хөрөнгө оруулагч компани эсвэл төрийн байгууллагад шууд санхүүжилт олгож байдаг. Тиймээс бондын хүү нь зах зээлийн нөхцөлөөс хамааран хадгаламжийн хүүнээс өндөр тогтоогддог.
Татварын таатай нөхцөлтэй:
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.5-д зааснаар нээлттэй арилжаалагддаг өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5%, хаалттай буюу биржийн бус бондын хүүгийн орлогод 10%-ийн татвар ногдуулдаг. Татварын хувь бага байх тусам хөрөнгө оруулагчид үлдэх цэвэр өгөөж өндөр байдаг:
Инфляцаас түрүүлж, мөнгөө төлөвлөгөөтэй ажиллуулаарай
Мөнгө тань дансанд хөдөлгөөнгүй байх хугацаанд инфляц худалдан авах чадварыг нь бууруулсаар байдаг. Харин тохирсон хугацаа, хүүгийн нөхцөлтэй бонд сонгосноор мөнгөө тогтмол өгөөж бий болгоход зориулан ажиллуулах боломжтой.
Apex Бондын хүү, хугацаа болон төлөлтийн нөхцөлтэй танилцаж, зорилгодоо тохирох сонголтоо мэргэжлийн брокерийн зөвлөгөөтэйгээр хийгээрэй.