
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Инвескор ББСБ ХК нь 2025 онд үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, дотоод болон олон улсын зах зээлд байр сууриа бэхжүүлсэн жил байлаа.
Мөн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн 1 нэгж хувьцааг 10 нэгж болгон хуваах буюу 1:10 хувьцаа хуваах шийдвэрийг хэлэлцэж, нийт саналын 97.57%-ийн дэмжлэгтэйгээр баталсан.
---
2025 онд компанийн чанаргүй зээлийн харьцаа 9.5% болж, 2024 оны 4.9%-иас ойролцоогоор 1.9 дахин өссөн байна. Үүнд ЖДҮ болон бизнесийн зээлдэгчдийн орлого төлөвлөснөөс буурсан, макро эдийн засгийн орчин суларсан, инфляцын дарамт өндөр байсан нь голлон нөлөөлсөн гэж компаниас тайлбарлалаа.
Үзүүлэлтийн хувьд зээлийн багцын чанарт дарамт нэмэгдсэнийг харуулж байгаа ч компанийн удирдлага эрсдэлийн бодлого, багцын хяналтаа сайжруулах замаар чанаргүй зээлийг бууруулах чиглэлд ажиллахаа мэдэгдсэн.

---
2025 онд Инвескор ББСБ ХК-ийн үндсэн үйл ажиллагааны орлого, ашигт ажиллагаа болон балансын хэмжээ өсөлттэй гарсан байна. Хүүгийн орлого өмнөх оны 224.5 тэрбум төгрөгөөс 310.8 тэрбум төгрөг болж 38.4% өссөн нь зээлийн багцын тэлэлт болон санхүүгийн үйлчилгээний орлогын суурь өргөжсөнийг харуулж байна.
Ашигт ажиллагааны хувьд цэвэр ашиг 83.4 тэрбум төгрөгөөс 100.6 тэрбум төгрөг болж 20.6% өссөн нь компанийн үйл ажиллагааны үр ашиг хадгалагдаж буйг илтгэж байна. Мөн цэвэр хүүгийн орлого 193.9 тэрбум төгрөгт хүрсэн нь үндсэн бизнесийн орлого тогтвортой өссөнийг харуулж байна.
Балансын үзүүлэлтээр нийт хөрөнгө 1.14 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 23.2% өссөн бол эздийн өмч 336.5 тэрбум төгрөг болж 35.4% нэмэгджээ. Энэ нь компанийн хөрөнгийн суурь тэлж, өөрийн хөрөнгийн хамгаалалт сайжирсныг илтгэж байна.

Харьцаа үзүүлэлтүүдийн хувьд ашигт ажиллагаа өндөр түвшинд хадгалагдсан ч зээлийн эрсдэлийн зардал нэмэгдсэн нь 2025 оны санхүүгийн үр дүнд анхаарах гол хүчин зүйл боллоо. Тухайлбал, хүлээгдэж буй зээлийн алдагдлын зардал 59.4 тэрбум төгрөгт хүрсэн нь зээлийн багцын чанарын дарамт компанийн ашигт ажиллагаанд илүү мэдрэгдэх болсон дохио юм.
Иймд 2025 оны санхүүгийн үр дүнг орлого, ашиг, хөрөнгийн өсөлтөөр эерэг гэж дүгнэж болох ч цаашид зээлийн эрсдэлийн удирдлага, багцын чанар болон санхүүжилтийн сахилга бат нь компанийн үнэлгээ, хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлөх гол үзүүлэлт хэвээр байна.