
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Нийтлэлийн агуулга:
Иран улс АНУ-д шинэ санал хүргүүлж, Ормузын хоолойг дахин нээж, дайныг зогсоох гарц хайж эхэлсэн байна. Энэхүү саналд цөмийн хэлэлцээг түр хойшлуулж, эхний ээлжид гал зогсоох хугацааг сунган байнгын энхийн шийдэлд хүрэхэд анхаарах санал багтжээ. Саналыг Пакистаны зуучлалаар дамжуулан Цагаан ордонд хүргэсэн боловч АНУ энэ саналыг хүлээн авч хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. АНУ-ын тал дотооддоо хэлэлцэж, ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын багтайгаа уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын зүгээс олон нийтэд хандан шууд хэлэлцээ хийхгүй, зөвхөн өөрсдийн нөхцөлд нийцсэн, АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалсан тохиролцоог л хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн. Ялангуяа Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ онцолсон. Харин Трамп Иранаас шинэ санал ирснийг баталж, өмнөхөөсөө “сайжирсан” ч хангалттай биш гэж дүгнэсэн байна.
Зах зээлийн хувьд энэ мэдээ эерэг нөлөө үзүүлж Азийн хувьцааны зах зээл өссөн байна. Мөн АНУ-ын хувьцааны фьючерсүүд өмнөх алдагдлаа нөхөн бага зэрэг өсөлт үзүүлжээ.
Гэсэн хэдий ч бодит нөхцөл байдал дээр зөрчил хэвээр байна. Хоёр тал хоёулаа Ормузын хоолойд хориг тогтоож, дэлхийн хамгийн чухал нефтийн тээврийн гарцыг бараг бүрэн хаасан хэвээр байна. Өмнө нь өдөрт ойролцоогоор 135 хөлөг онгоц дамжин өнгөрдөг байсан бол одоо бараг тэг болсон.
Цаашид энэ нөхцөл байдал хурдан шийдэгдэхгүй бол зах зээлд урт хугацааны нийлүүлэлтийн алдагдал үүсэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Нэг тэрбум баррель орчим газрын тосны нийлүүлэлт тасалдах магадлалтай бөгөөд хоолойг нээсэн ч нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэхэд хугацаа шаардагдана.
Одоогоор зах зээлд хамгийн их нөлөөлөх зүйлс нь төв банкуудын бодлогын шийдвэрүүд болон томоохон технологийн компаниудын санхүүгийн тайлангууд байх бөгөөд эдгээр нь зах зээлийн дараагийн чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйлс болох юм.
Уолл Стритийн хамгийн том технологийн компаниуд S&P 500 индексийг түүхэн дээд түвшинд хүргэж, зах зээлийн өсөлтийг голлон авч явж байна. Ирантай холбоотой дайн үргэлжилж байгаа ч эдгээр компаниудын гүйцэтгэл зах зээлд илүү хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд энэ долоо хоногт гарах санхүүгийн тайлангууд энэ өсөлт үргэлжлэх эсэхийг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна. Alphabet, Microsoft, Amazon, Meta болон Apple зэрэг компаниудын тайлангууд хөрөнгө оруулагчдад зах зээлийн дараагийн чиглэлийн талаар тодорхой дохио өгөх төлөвтэй байна.
“Magnificent Seven” гэгддэг томоохон технологийн компаниуд сүүлийн дөрвөн долоо хоногт зах зээлийг огцом өсгөж, S&P 500 индексийг 13%-иар нэмэгдүүлсэн. Эдгээр компаниудын хувьцаа 3-р сарын доод түвшнээс хойш 25%-иас дээш өссөн байна. Энэ өсөлт нь оны эхэнд хиймэл оюун ухаанд хэт их хөрөнгө оруулж байна гэсэн болгоомжлолоос үүдэлтэй уналтын дараа гарч ирсэн сэргэлт юм.
Технологийн компаниудын ашиг орлого бусад салбартай харьцуулахад илүү хурдтай өсөх төлөвтэй байна. 2026 оны эхний улиралд “Magnificent Seven”-ийн ашиг 19%-иар өсөхөөр байгаа нь S&P 500-ийн бусад компаниудын 12%-ийн өсөлтөөс өндөр үзүүлэлт юм. Энэ нь эдийн засгийн тодорхойгүй байдал, газрын тосны үнийн өсөлт зэрэг эрсдэлтэй үед технологийн салбар илүү тогтвортой өсөлтийн боломж санал болгож байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч эрсдэлүүд байсаар байна. Хиймэл оюун ухаанд чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулалт (capital expenditure) огцом өсөж, 2026 онд $649 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа нь компаниудын мөнгөн урсгалд дарамт болж байна. Жишээлбэл, Amazon-ийн чөлөөт мөнгөн урсгал сөрөг гарч болзошгүй бол Meta-ийн мөнгөн урсгал сүүлийн хэдэн жилийн хамгийн доод түвшинд хүрэхээр байна. Үүнтэй холбоотойгоор зарим компани зардлаа бууруулах, ажиллах хүчээ цомхотгох арга хэмжээ авч эхэлжээ.
Нийт дүнгээр харвал технологийн аваргууд зах зээлийг одоогоор тэргүүлж байгаа ч тэдний өндөр зардал, AI хөрөнгө оруулалтын өгөөж, мөн макро эдийн засгийн нөхцөл байдал нь цаашдын өсөлт тогтвортой байх эсэхийг шийдэх гол хүчин зүйлс болж байна.
2. Хөрөнгө оруулалтын сангийн мөнгөн урсгал
Хувьцааны зах зээл (equity) нийт урсгалын хамгийн том хэсгийг бүрдүүлж, зах зээлийн чиглэлийг голчлон тодорхойлж байна. Ялангуяа технологийн салбар хамгийн хүчтэй өсөлт үзүүлж энэ нь хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, томоохон технологийн компаниудын өсөлттэй холбоотой. Мөн материал, аж үйлдвэр, эрчим хүчний салбарууд ч мөн адил эерэг урсгал ихтэй байгаа нь эдийн засгийн идэвхжил болон түүхий эдийн үнийн өсөлттэй уялдаж байна.
Нөгөө талаас, зарим салбаруудад сөрөг урсгал ажиглагдаж байна. Харилцаа холбоо, хэрэглээний discretionary болон staples салбарууд тодорхой хугацаанд бууралттай гарсан нь хэрэглэгчийн зарцуулалт болон зах зээлийн итгэл буурсантай холбоотой байж болно.
Бусад хөрөнгийн ангиллууд болох бонд (fixed income), мөнгөний зах зээл (money market), түүхий эд (commodity) нь харьцангуй бага хэлбэлзэлтэй байгаа ч зах зээлийн тодорхойгүй үед тодорхой хэмжээгээр өсөлт үзүүлсэн байна. Энэ нь хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах зорилгоор зарим хөрөнгийг илүү аюул багатай ангилалд байршуулах хандлагатай байгааг харуулж байна.
Нийт дүнгээр харвал зах зээл одоогоор өсөлт эрэлхийлсэн үе шатанд байна. Хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөж хүлээж технологи, аж үйлдвэр, түүхий эд зэрэг өсөлттэй салбарууд руу хөрөнгөө чиглүүлж байна.
3. Хятадын санхүүжилтийн шахалт
Хятад улс гадаад зах зээлээс зээл, бонд босгох зөвшөөрлийг илүү хатуу болгож, батлах хугацааг уртасгасан нь компаниудад санхүүгийн дарамт үүсгэж байна. Өмнө нь 2-3 сар орчимд шийдэгддэг байсан зөвшөөрөл одоо 4-6 сар, зарим тохиолдолд 9 сар хүртэл сунжирч байгаа бөгөөд зохицуулагч байгууллага зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн ашиглалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардаж эхэлсэнтэй холбоотой юм.
Энэ удаашрал нь компаниудыг бэлэн мөнгөний хомсдолд оруулж, гадаад өрөө төлж чадахгүй болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа энэ жил ойролцоогоор 100 тэрбум ам.долларын гадаад бондын хугацаа дуусах гэж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Үүнээс зайлсхийхийн тулд зарим компаниуд богино хугацаатай (1 жилээс бага) бонд гаргах, эсвэл дотоодын банкны зээл авах зэрэг өөр эх үүсвэр рүү шилжиж байна.
Шинэ зохицуулалт нь ялангуяа өр ихтэй компаниуд болон орон нутгийн санхүүжилтийн байгууллагууд (LGFV)-ыг хязгаарлах зорилготой. Гэсэн хэдий ч энэ нь зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж, зарим компани зөвшөөрлөө бондын хугацаа дуусахаас ердөө нэг сарын өмнө авдаг тохиолдол ч гарч байна.
Нөгөө талаас, илүү сайн санхүүгийн үзүүлэлттэй эсвэл төрийн дэмжлэгтэй компаниуд харьцангуй хурдан буюу 3 сарын дотор зөвшөөрөл авч байгаа нь ялгаа үүсгэж байна. Гэсэн ч нийт дүнгээр харвал ирэх жил бондын төлбөрийн хэмжээ 131 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа тул Хятадын компаниудын санхүүжилтийн дарамт ойрын хугацаанд буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна.