
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон нийтлэл хүргэж байна.
Иран АНУ-тай шууд хэлэлцээ хийхээс татгалзаж, Ормузын хоолойн асуудал тодорхойгүй хэвээр байна
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларснаар бодлогын хүү өсөх хүлээлт буурав
Хятадын AI салбар АНУ-тай технологийн зөрүүгээ хурдацтай багасгаж байна
Иран АНУ-тай шууд хэлэлцээ хийх боломжийг одоогоор үгүйсгэж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг сэргээх асуудлаар Омантай хэлэлцээг үргэлжлүүлж байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн мэдэгдсэнээр, АНУ 6 дугаар сард байгуулсан түр хэлэлцээрийн нөхцөлийг зөрчсөн гэж Тегеран үзэж байгаа бөгөөд зөрчил арилтал шууд хэлэлцээ сэргээхгүй гэсэн байр суурьтай байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эдийн засгийн хүндрэл хэлэлцээний байр суурийг нь зөөлрүүлж магадгүй гэж үзэж, яаравчлахгүй байгаагаа илэрхийлжээ. Ираны төв банкнаас мэдэгдсэнээр Ираны жилийн инфляц 77%-д хүрсэн нь тус улсын эдийн засгийн дарамт өндөр байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч хоёр талын зөрүү өндөр хэвээр байна. Иран АНУ-аас тэнгисийн бүслэлтийг цуцлах, цэргийн хүчээ татах, хориг арга хэмжээг хүчингүй болгох, царцаасан хөрөнгийг чөлөөлөх зэрэг шаардлага тавьжээ. Одоогоор хоёр улсын хоорондын мэдээлэл зуучлагч орнуудаар дамжин солилцогдож байна.

Ийнхүү Ираны тал хэлэлцээрээс татгалзаж, АНУ-ын зүгээс хэлэлцээрт хүрэх гэж яарахгүй гэдгээ мэдэгдсэнээр газрын тосны ханш дахин өсөж $84.30 хүрээд байна.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт хүлээлтээс сул гарч, 7 дугаар сард ажил олгогчид ажлын байраа цомхотгосон төдийгүй өмнөх 2 сарын ажлын байрны өсөлтийг бууруулан шинэчилсэн нь хөдөлмөрийн зах зээл өмнө төсөөлж байснаас сул байгааг харуулав. Үүнийг хөрөнгө оруулагчид эдийн засгийн сөрөг мэдээ гэхээс илүү Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ ойрын хугацаанд нэмэх шаардлага багаслаа гэж тайлбарлан, зах зээлд “bad news is good news” хандлага давамгайлжээ.

Үүний нөлөөгөөр зах зээлд оролцогчдын хүлээлтээр ХНС-ийн 9 дүгээр сард хүү нэмэх магадлал өмнөх 7 хоногоос 64%-иас 43% орчим болж буурсан байна. Хүүгийн өсөлтийн хүлээлт сулрахтай зэрэгцэн АНУ-ын хувьцааны зах зээл өсөж, S&P 500 индекс дээд түвшинд хүрсэн бол Азийн хувьцаанууд ч эерэг хөдөлгөөн үзүүлжээ.
Мөн ам.долларын Bloomberg индекс ажлын байрны тайлангийн дараа 0.4%-иар суларсан нь алт зэрэг ам.доллараар үнэлэгддэг хөрөнгийг дэмжив. Алт өнгөрсөн 7 хоногт 7%-иас дээш өсөж, нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр долоо хоногийн өсөлтөө үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ бодлогын хүүгийн хүлээлтэд мэдрэмтгий АНУ-ын 2 жилийн бондын өгөөж тайлан гарсны дараа 9 хүртэл суурь нэгжээр буурч, 4.19%-д хаагджээ.

Валютын зах зээлд ч хөдөлмөрийн зах зээлийн сул мэдээлэл ам.долларт дарамт болж, иен баасан гарагт огцом чангарсан байна. Үүнээс харахад сул ажлын байрны мэдээлэл иений сулралын дарамтыг тодорхой хэмжээнд бууруулсан байна.
Товчхондоо, АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларсан нь эдийн засгийн өсөлтийн хувьд сөрөг дохио боловч ХНС бодлогын хүүгээ дахин өсгөх эрсдэлийг бууруулсан учраас хувьцаа, алт болон бондын зах зээлд богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэв.
Хятадын хиймэл оюуны салбарын хөгжил сүүлийн үед эрчимжиж, Alibaba, Moonshot AI зэрэг компаниуд өндөр гүйцэтгэлтэй боловч харьцангуй бага өртөгтэй AI загварууд зах зээлд нэвтрүүлж эхэлжээ. АНУ-ын компаниуд хамгийн дэвшилтэт AI технологийн хувьд тэргүүлэх байр сууриа хадгалж байгаа ч Хятадын компаниудын инновацын хурд, үнийн өрсөлдөөн эрчимжсэнээр хоёр талын технологийн зөрүү богино хугацаанд мэдэгдэхүйц багасаж байна.
Үүний зэрэгцээ Хятадын томоохон технологийн компаниуд AI-д чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Tencent AI бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх зорилгоор урт хугацаат ам.доллар болон юанийн бондоор $4.7 тэрбум босгосон бөгөөд компанийн хөрөнгө оруулалтын зардал AI хөгжүүлэлттэй холбоотойгоор огцом өсжээ. Гэхдээ AI-д их хэмжээний хөрөнгө зарцуулж буй компаниудын хувьд хөрөнгө оруулалтын өгөөж гол анхаарлын төвд орж, Tencent-ийн ашгийн өсөлт AI-ийн зардлаас шалтгаалан 2023 оноос хойших хамгийн бага түвшинд хүрэх төлөвтэй байна.
AI-ийн өрсөлдөөн зөвхөн программ хангамжаар хязгаарлагдахгүй, дотоодын чип болон дата төвийн дэд бүтцэд ч эрчимжиж байна. Хятадын AI чип үйлдвэрлэгч Moore Threads 2026 оны I хагаст орлогоо 147%-иар ¥1.74 тэрбум хүргэсэн бөгөөд Nvidia-ийн Хятадын зах зээлээс шахагдсан орон зайг Huawei болон Cambricon-ийн хамт нөхөх гол тоглогчдын нэг болж байна. Тус компани тоглоомын чипээс AI accelerator үйлдвэрлэл рүү шилжиж, том хэлний загваруудыг ажиллуулах зориулалттай процессор хөгжүүлэхэд төвлөрчээ.
2026 онд Хонконгийн IPO-уудаар $42 тэрбумаас дээш хөрөнгө босгосны ихээхэн хэсгийг AI нийлүүлэлтийн сүлжээний компаниуд бүрдүүлсэн бол дата төвийн өргөтгөлд шаардлагатай оптик дамжуулагч үйлдвэрлэгч Zhongji Innolight дангаараа $6.8 тэрбум татжээ. Үүний зэрэгцээ ByteDance болон бусад AI компаниудын эрэлт Хонконгийн дата төвийн түрээсийн үнийг энэ онд бараг 2 дахин өсгөсөн байна.
Ийнхүү Хятадын AI салбарын өрсөлдөх чадвар хямд өртөгтэй AI загвар, технологийн компаниудын хөрөнгө оруулалт, дотоодын AI чип үйлдвэрлэл болон дата төвийн дэд бүтцийн өсөлтөөр сайжирч байна. АНУ-ын хувьд хамгийн дэвшилтэт технологийн хувьд тэргүүлсэн хэвээр байгаа ч Хятадын компаниуд өртгийн давуу тал, зах зээлээ хурдан тэлэх стратегиар өрсөлдөөнийг эрчимжүүлж байна. Үүний зэрэгцээ дэлхийн AI дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр Хятадын чип, электроникийн гадаад болон дотоод эрэлт өсөж, 2026 оны 7 дугаар сард тус улсын нийт экспорт өмнөх оны мөн үеэс 23.9%-иар өсөхөд дэмжлэг үзүүлжээ.

Дүгнэлт: АНУ–Ираны дипломат хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй, Ормузын хоолойн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа нь геополитикийн эрсдэлийг өндөр түвшинд хадгалж, хувьцааны зах зээлд тодорхой дарамт үзүүлж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт хүлээлтээс сул гарснаар ХНС бодлогын хүүгээ ойрын хугацаанд дахин нэмэх шаардлага буурна гэсэн хүлээлт нэмэгдэж, эрсдэлтэй хөрөнгүүдэд эерэг нөлөө үзүүлэв. Үүний үр дүнд өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хувьцааны зах зээл өсөж, S&P 500 түүхэн дээд түвшинд хүрсэн бол даваа гарагт Зүүн Азийн зах зээлүүд мөн өсөлтийг үргэлжлүүлжээ.
Харин Хятадын хувьд AI-ийн хөгжлийн хурд эрчимжиж, технологийн компаниуд программ хангамж, AI загвар, чип болон дата төвийн дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Хятадын компаниуд өртөг багатай AI бүтээгдэхүүнээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, АНУ-тай технологийн зөрүүгээ багасгаж байгаа ч хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхийн хэрээр AI-аас бодит орлого, ашиг бий болгож чадах эсэх нь дараагийн гол сорилт болох төлөвтэй байна.
Цаашид зах зээлийн чиглэлийг АНУ–Ираны хэлэлцээ болон Ормузын хоолойн нөхцөл байдал, АНУ-ын инфляц болон Хятадын AI компаниудын хөрөнгө оруулалт бодит орлого, ашигт ажиллагаанд хэр хурдан шилжих нь голлон тодорхойлох төлөвтэй байна.