
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
Jackson Hole: Кевин Уорш зах зээлд “hawkish” дохио өглөө
АНУ–Венесуэл: Газрын тосны нийлүүлэлтийг дэмжих оролдлого
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалт Иранд дэмжлэг болох уу?
Jackson Hole: Кевин Уорш зах зээлд “hawkish” дохио өглөө
АНУ-ын Холбооны нөөцийн сан(ХНС)-ийн тэргүүн Кевин Уорш Jackson Hole-ийн төв банкны уулзалт дээр хийсэн илтгэлээрээ мөнгөний бодлогын талаарх байр сууриа өмнөхөөс илүү тодорхой илэрхийллээ. Түүний илтгэл инфляцын эсрэг хатуу буюу hawkish өнгө аястай байсан бөгөөд 9 дүгээр сард бодлогын хүү өсөх эрсдэлийг нэмэгдүүлсэн байна. Түүний илтгэлээс гол санаануудыг авч доор авч үеэе.
Инфляцын дарамт бүрэн арилаагүй
Уорш АНУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харьцангуй хүчтэй байгаа гэж үзэж байгаа бөгөөд хэрэглээ тогтвортой, хөдөлмөрийн зах зээл бүрэн ажил эрхлэлтийн түвшинд ойр, компаниудын хөрөнгө оруулалт болон ашгийн хүлээлт өндөр хэвээр байгаа.
Харин инфляцын тухайд илүү болгоомжтой байр суурь илэрхийлсэн байна. Сүүлийн үеийн CPI (хэрэглээний үнийн индекс) болон PCE (хувийн хэрэглээний зардал)-ийн үзүүлэлтүүд сайжирсан ч үүнийг инфляцын суурь хандлага мэдэгдэхүйц өөрчлөгдсөний нотолгоо гэж үзэхэд эрт байгааг тэрээр сануулжээ. Мөн 2%-ийн PCE инфляцыг Fed-ийн үндсэн зорилт хэвээр гэдгийг дахин онцлов.

Дээрх графикаас харахад PCE үнийн өсөлт ковид 19-ийн өмнөх үеийнхээс өндөр байгаа нь инфляцын дарамт бүрэн намжаагүй гэсэн Уоршийн байр суурийг дэмжиж байна.
ХНС зах зээлд хэт их “амлалт” өгөхөөс татгалзана
Уоршийн илтгэлийн өөр нэг гол санаа нь ХНС ирээдүйн бодлогын чиглэлийг урьдчилан дэлгэрэнгүй мэдээлэхээ багасгах тухай байв. Түүний үзэж буйгаар forward guidance нь санхүүгийн хямралын үед үр дүнтэй ч хэвийн нөхцөлд бодлогын уян хатан байдлыг хязгаарлаж болзошгүй.
AI ба хөрөнгө оруулалтыг анхааралтай ажиглаж байна
Уорш хиймэл оюун ухааны эдийн засагт үзүүлэх урт хугацааны нөлөөг мөн онцолсон. Тэрээр AI бүтээмжийг тогтвортой нэмэгдүүлэх эсэх, хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлөх, цаашдын AI загварууд хэр их хөрөнгө шаардлагатай байх зэрэг асуудлыг Fed судлах шаардлагатай гэж үзжээ. Гэхдээ эдгээр судалгааны үр дүнг ойрын хугацааны мөнгөний бодлогын шийдвэрт ашиглахгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн байна.
9 дүгээр сарын хүүг өсгөх магадлал нэмэгдэв
Зах зээл Уоршийн илтгэлийг мөн hawkish байдлаар хүлээн авчээ. Илтгэлийн дараа 9 дүгээр сард бодлогын хүү өсөх зах зээлийн магадлал 36%-иас 61% болж нэмэгдсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэрт 9 дүгээр сарын 4-нд гарах наймдугаар сарын хөдөлмөр эрхлэлтийн тайлан болон 9 дүгээр сарын 11-ний CPI инфляцын мэдээлэл чухал нөлөө үзүүлнэ.

АНУ–Венесуэл: Газрын тосны нийлүүлэлтийг дэмжих оролдлого
Ираны зөрчлөөс шалтгаалсан газрын тосны нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж буй үед АНУ Венесуэлийн асар их нөөцийг ашиглах чиглэлд бодлогоо эрчимжүүлж байна. Дональд Трамп Венесуэлийн түр Ерөнхийлөгчтэй тохиролцож, АНУ хувийн хэвшлийн компаниудтай хамтран 65 тэрбум баррелиас давсан батлагдсан газрын тосны нөөцөд хяналтын оролцоотой болох хэлэлцээр байгуулснаа мэдэгдсэн. Энэ хэмжээ нь АНУ-ын 2024 оны эцсийн 46 тэрбум баррелийн батлагдсан нөөцөөс ойролцоогоор 1.4 дахин их. Харин Венесуэл нийтдээ 303 тэрбум орчим баррелийн батлагдсан нөөцтэй буюу дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй улс хэвээр байна.
Төлөвлөгөөний хүрээнд 17 стратегийн газрын тосны талбайг хөгжүүлж, Венесуэлийн олборлолтыг өдөрт 1.5 сая баррельд хүргэх зорилт тавьжээ.
Chevron ч Венесуэл дэх төслүүдээ өргөжүүлж, үйл ажиллагааны хяналтаа нэмэгдүүлэх шинэ гэрээний талаар хэлэлцэж байгаа боловч салбарыг бодитоор сэргээхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.
АНУ Венесуэлийн олборлолтыг сэргээснээр АНУ-д газарзүйн хувьд ойр, тогтвортой нэмэлт нийлүүлэлтийн эх үүсвэр бий болгож, шатахууны үнийн дарамтыг бууруулахаас гадна одоогоор ойролцоогоор 290 сая баррель буюу 44 жилийн доод түвшинд хүрээд буй АНУ-ын Стратегийн газрын тосны нөөцийг (SPR) нөхөхөд ашиглахаар төлөвлөж байна.
Гэхдээ Венесуэлийн асар их нөөц шууд өндөр олборлолт болж хувирахгүй. Нөөцийн дийлэнх нь Венесуэлийн Оринокогийн бүсэд байрлах хэт хүнд газрын тос тул олборлолт, боловсруулалтад их хэмжээний хөрөнгө, технологи шаарддаг.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалт Иранд дэмжлэг болох уу?
Шанхайн хамтын ажиллагааны уулзалт 8 сарын 31-ээс 9 сарын 1-ний хооронд Крикизтан улсад зохион байгуулагдана. ШХАБ нь 2001 онд Хятад, Орос болон Төв Азийн орнуудаас эхэлсэн бөгөөд өдгөө Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь зэрэг улсыг гишүүнээр нэгтгэсэн томоохон бүс нутгийн байгууллага болжээ. Гишүүн орнууд нь дэлхийн хүн амын 40 гаруй хувь, дэлхийн ДНБ-ий ойролцоогоор дөрөвний нэгийг бүрдүүлдэг.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг эдийн засаг, цэргийн дарамтаа нэмэгдүүлж буй бодлого нь ШХАБ бодит хямралын үед гишүүн орноо хэр хэмжээнд дэмжиж чадах вэ гэсэн асуултыг хүчтэй тавьж байна. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан АНУ, Израилийн Ираны эсрэг дайн эхэлснээс хойш анх удаа Ши Жиньпин, Владимир Путин нартай Киргизстанд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар уулзахаар байна.
ШХАБ Иранд бодит дэмжлэг үзүүлж чадах уу?
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Иран болон түүнийг дэмжиж буй орнуудын эсрэг өргөн хүрээний эдийн засгийн арга хэмжээ авахаа анхааруулсан нь ШХАБ-ын хувьд томоохон сорилт болж байна. Тус байгууллага сүүлийн жилүүдэд гишүүнчлэлээ өргөжүүлж, барууны давамгайлсан олон улсын дэг журмын эсрэг томоохон хүчний төв болохыг зорьж ирсэн ч гишүүн орнуудын ашиг сонирхлын зөрүүгээс шалтгаалан бодит нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэх чадвар хязгаарлагдмал хэвээр байна.
Иймээс Киргизстан дахь уулзалтаар Хятад, Оросын зүгээс Иранд улс төрийн болон бэлгэдлийн дэмжлэг үзүүлэх магадлал өндөр боловч шууд цэргийн тусламж үзүүлэх шинж одоогоор алга. Эдийн засгийн дэмжлэг ч хязгаарлагдмал байгаа нь Ираны хямрал ШХАБ-ын бодит чадавхыг ил тод харуулж байна.
Зах зээлийн анхаарал
Хятадын хувьд уг уулзалт нь АНУ давамгайлсан олон улсын дэг журмын эсрэг өөрийн байр сууриа илэрхийлэх боломж хэдий ч Ираны төлөө АНУ-тай шууд сөргөлдөхөөс зайлсхийх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Хятад–Оросын харилцаанд батлан хамгаалах, технологи болон эрчим хүчний хамтын ажиллагаа стратегийн гол чиглэл хэвээр байна.

Дүгнэлт: Jackson Hole-ийн илтгэлээр Кевин Уорш мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэх байр суурь давамгайлсан нь богино хугацаанд хөрөнгийн зах зээлд дарамт үзүүлэх төлөвтэй байна. Хэрэв ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргавал ам.долларын ханш чангарч, бусад валют сулрахын зэрэгцээ алтны ханшид дунд хугацааны дарамт үүсэх боломжтой.
Үүний зэрэгцээ АНУ-ын эрчим хүчний бодлого хоёр чиглэлд зэрэг өрнөж байна. Нэг талаас Ираны эсрэг цэрэг, эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж байгаа бол нөгөө талаас Венесуэлийн газрын тосны нөөцийг дэлхийн зах зээлд илүү өргөн хүрээнд нийлүүлэх боломжийг эрэлхийлж байна. Богино хугацаанд Иран болон Ормузын хоолойтой холбоотой нийлүүлэлтийн эрсдэл давамгайлж, газрын тосны үнийг өндөр түвшинд хадгалах магадлалтай. Харин дунд, урт хугацаанд Венесуэлийн олборлолт бодитоор нэмэгдэж чадвал дэлхийн нийлүүлэлтийг дэмжиж, үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд сааруулах боломжтой. Гэвч шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, улс төрийн тогтвортой байдал болон гэрээний эрх зүйн баталгаа нь гол эрсдэл хэвээр байна.
Харин энэ долоо хоногт геополитикийн анхаарлын төвд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт байна. АНУ–Ираны зөрчил хурцдаж буй энэ үед Хятад, Орос болон бусад гишүүн орнууд Ираны асуудлаар ямар байр суурь илэрхийлэх нь зах зээлийн хувьд чухал дохио болно.
Ираны хямрал нь зөвхөн АНУ–Ираны хоёр талын харилцааны асуудал бус, Хятад, Оросын тэргүүлсэн барууны бус орнуудын хамтын ажиллагаа бодит геополитикийн хямралын үед хэр нэгдмэл, үр нөлөөтэй байж чадахыг шалгах томоохон сорилт болж байна. Иймээс ойрын хугацаанд мөнгөний бодлого, газрын тосны нийлүүлэлтийн эрсдэл болон ШХАБ-ын уулзалтаас гарах улс төрийн дохио нь дэлхийн санхүүгийн зах зээлийн чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйлс байх төлөвтэй байна.