
Агуулга:
Өмнөд Солонгосын чипийн зах зээлийн тэсрэлт
АНУ-ын санхүүгийн нөхцөл байдал
Такайчийн ялалт ба парламентын олонх: Nikkei шинэ дээд түвшин
1. Өмнөд Солонгосын чипийн зах зээлийн тэсрэлт
2026 он гарснаас хойш Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл хүчтэй өсөж, өсөлтийн гол хүчин зүйл нь Samsung Electronics, SK hynix зэрэг хагас дамжуулагчийн салбарын ханшийн өсөлт байв.
2025 оны 10 сард NVIDIA Өмнөд Солонгосын Засгийн газар болон Samsung, SK Group, Hyundai Motor Group, NAVER Cloud зэрэг томоохон тоглогчидтой хамтран 2030 он хүртэл 260 мянга гаруй Blackwell AI GPU нийлүүлэх хамтын ажиллагаагаа зарласан нь Солонгост “AI factory”, дата төв, автоматжуулалтын хөрөнгө оруулалтыг хурдасгах хүлээлт үүсгэв.
SK hynix компанийн хувьд өндөр хурдын санах ой (HBM)-н эрэлт AI серверийн мөчлөгтэй хамт өсөж, компанийн АНУ-ын томоохон хэрэглэгчидтэй хийх түншлэлүүд зах зээл дээр эерэг хүлээлт бүрдүүлж байна. Мөн 2026 оны 1 сард Microsoft Azure дата төв рүү AI чип нийлүүлэх талаар SK Hynix-ийн зүгээс мэдэгдсэн байна.
АНУ-ын томоохон технологийн компаниудын 2026 оны өндөр хөрөнгө оруулалтын зардал(capex)-ын төлөвлөгөө (ялангуяа “Гайхамшигт 7”-ын хэмжээнд) нь дата төв, AI дэд бүтэц, чипийн нийлүүлэлтийн сүлжээний захиалгыг тэлэх суурь хүчин зүйл болж байна. Макро түвшинд Солонгосын экспортын сэргэлт болон чипийн салбарын хөрөнгө оруулалтын мөчлөг уялдаж, чиптэй холбоотой ETF-ийн хөдөлгөөн экспортын мөчлөгтэй давхцах зураглал ажиглагдаж байна.
2026 оны 1 сард Өмнөд Солонгосын үйлдвэрлэлийн идэвхжилийн индекс (PMI) 50-оос дээш гарсан нь үйлдвэрлэлийн салбар өргөжиж эхэлснийг илтгэнэ. PMI нь шинэ захиалга, үйлдвэрлэлийн гарц, ажил эрхлэлт, агуулахын нөөц зэрэг гол дэд үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог тул бизнесийн мөчлөгийн чиглэлийг эрт баримжаалахад ашиглагддаг, улмаар эдийн засгийн өсөлт болон хөрөнгийн зах зээлийн ерөнхий чиг хандлагыг урьдчилан таамаглахад ашигладаг чухал индексүүдийн нэг юм. Харин экспортын өсөлт өмнөх оны мөн үеэс 33.9%-иар нэмэгдсэн нь гадаад эрэлт нэмэгдэж буй дохио бөгөөд PMI-ийн сайжирсантай хавсарч үзвэл ойрын хугацаанд үйлдвэрлэлийн идэвхжилийн өсөлт цаашид үргэлжлэн нэмэгдэх хандлагатайг илтгэж байна.
---
2. АНУ-ын санхүүгийн нөхцөл байдал
2020 оноос хойш АНУ-ын бизнесийн мөчлөгийг санхүүгийн нөхцөлөөс гадна улс төр, бодлогын “шок” хүчин зүйлүүд илүү хүчтэй савлуулж байна. Цар тахлын хөл хорио ба цуцлалт, сонгуулийн мөчлөг, худалдааны тариф/хориг, төсвийн бодлого, засгийн газрын түр зогсолт зэрэг шийдвэрүүд нь зах зээл болон бодит эдийн засгийн үзүүлэлтүүдэд огцом хэлбэлзэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Санхүүгийн нөхцөлийн индекс нь эдийн засагт мөнгө, зээл ямар хялбар хөрвөж байгааг нэгтгэн хэмждэг бөгөөд хүү, хувьцааны үнэ, валютын ханш зэрэг үзүүлэлтүүдийг жинлэн тусгадаг. Сүүлийн чиг хандлагаар энэ индекс 2023 оноос хойш зөөлрөх (easing) шинжтэй байгаа нь санхүүжилтийн дарамтыг бууруулж, бодит эдийн засгийн идэвхжилд дэмжлэг болох суурь нөхцөл бүрдүүлдэг. ISM composite-ийн хөдөлгөөнтэй харьцуулахад санхүүгийн нөхцөл зөөлрөх үед бизнесийн итгэл, шинэ захиалга, эргэлтийн хүлээлт сэргэх нь түгээмэл ажиглагддаг.
Харин түүхий эдийн зах зээлийн хувьд бизнесийн мөчлөг оргил үедээ ойртох тусам илүү өргөн хүрээнд олон нэр төрлийн түүхий эд зэрэг өсөх хандлага нэмэгддэг. Гэсэн хэдий ч одоогийн түвшинд түүхий эдийн цикл оргил үеүдтэйгээ харьцуулахад нийтээрээ зэрэг өсөх хандлага хараахан бүрэн ажиглагдаагүй байна.
Дүгнэж хэлбэл, 2020 оноос хойш АНУ-ын эдийн засгийн мөчлөгийг тайлбарлахад санхүүгийн нөхцөлийн индекстэй зэрэгцээд бодлогын шийдвэрүүдээс үүсэх огцом өөрчлөлтүүдийг заавал хамтад нь авч үзэх шаардлага улам нэмэгдэж байна.
3. Такайчийн ялалт: Доод танхимд олонх болж, Nikkei түүхэн дээд түвшин хүрлээ
Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгуулиар Ерөнхий сайд Санаэ Такайчигийн удирдсан эрх баригч Либерал Ардчилсан Нам 465 суудлаас 316-г авч, доод танхимд хүчтэй олонх бүрдүүллээ. Сонгуулийн үр дүнг хөрөнгийн зах зээл эергээр хүлээн авч, Nikkei 225 индекс сонгуулийн дараа огцом өсөж түүхэн дээд түвшинд хүрлээ.
Бодлогын чиглэл: Такайчи сонгуулийн кампанит ажлын хүрээнд эдийн засгийг дэмжих төсвийн бодлогоо эрчимжүүлэх байр суурь илэрхийлж, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний татварыг тодорхой хугацаанд түр түдгэлзүүлэх зэрэг санаачилга дэвшүүлсэн нь зах зээлд эерэг дохио болов.
Батлан хамгаалах бодлого: Геополитикийн хувьд Такайчийн засаг захиргаа бүс нутгийн эрсдэлийг (ялангуяа Хятадтай холбоотой) илүү хурцаар үнэлж, батлан хамгаалах зардлыг одоогоор 2 дахин нэмэгдүүлээд байгаа бөгөөд ирэх сар гэхэд ДНБ-ний 2% хүргэх зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор пуужин, эсрэг цохилт(counterstrike), дрон зэрэг нисгэгчгүй системүүдэд анхаарал хандуулах бодлого яригдаж байна.
Хятад: Хятадын зүгээс Японы эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Японы далайн бүтээгдэхүүний импортод тавьсан хязгаарлалтаа дахин чангатгаж, мөн Япон руу чиглэсэн dual-use барааны экспортын хориг тогтоосонтой холбоотойгоор ховор элементтэй холбоотой нийлүүлэлт, экспортын хяналт чангарах эрсдэл үүсээд байна
Эдгээрийг дүгнэвэл, доод танхимд либерал ардчилсан нам хүчтэй олонх болж, бодлогын хөтөлбөрүүдээ урагшлуулах улс төрийн суурь баталгаажсанаар Такайчийн ирэх жилүүдийн төсөв, бодлогын багцаа батлуулахад томоохон дэмжлэг болох юм. Гэхдээ төсвийн тэлэлт болон батлан хамгаалах зардлын өсөлт зэрэг нь нэг талаас эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн өсөлтөд дэмжлэг болох ч нөгөө талаас урт хугацаандаа өрийн дарамт бий болох, бүс нутгийн геополитикийн эрсдэлийг зэрэг өсгөх магадлалтай.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд