
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон нийтлэл хүргэж байна.
АНУ-Ираны дипломат гарц ойртож, газрын тосны үнэ огцом буурлаа
Япон, АНУ хамтран иенийг дэмжих интервенц хийв
Хятадын гадаад худалдаа болон Азийн инфляцын төлөв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх шинэ шатны хэлэлцээ даваа гарагийн үдээс хойш эхэлнэ гэж мэдэгдэж, анх төлөвлөж байсан томоохон цэргийн ажиллагаагаа түр хойшлуулснаа зарлалаа. Түүний хэлснээр, Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн холбоотон орнууд цэргийн мөргөлдөөнөөс илүү дипломат шийдлийг дэмжихийг хүссэн нь энэхүү шийдвэрт нөлөөлсөн байна. Трамп мөн “Хэлэлцээр байгуулах боломжийг эхлээд харъя. Би хүний амь нас хохироохыг хүсэхгүй байна” хэмээн онцолжээ.
Зах зээл дипломат ахиц гарч болзошгүй гэсэн хүлээлтэд эерэгээр хариу үйлдэл үзүүлж Brent төрлийн газрын тосны үнэ даваа гарагийн арилжааны эхэнд 7.3%-иар буурч, нэг баррель нь $81.55 хүрлээ. Үүнээс өмнө 7 дугаар сард газрын тосны үнэ Ормузын хоолойн эрсдэлийн улмаас бараг 25%-иар өсөөд байсан юм. Трамп мөн Ормузын хоолойг дахин нээх асуудлаар тохиролцоонд хүрэх боломж ойртож байгаа бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийг дипломат аргаар шийдвэрлэхийг үргэлжлүүлэн зорихоо илэрхийлэв.
Хэдийгээр АНУ, Иран өнгөрсөн зургадугаар сард гал зогсоох тохиролцоонд хүрч байсан ч энэ нь долдугаар сард нуран унасан. Дараа нь хоёр тал дахин дипломат боломж олгохоор цохилтоо түр зогсоосон ч өнгөрсөн долоо хоногт Иран Йордан дахь АНУ-ын цэргийн бааз руу баллистик пуужингийн цохилт өгснөөр мөргөлдөөн дахин сэргэж, бүс нутгийн геополитикийн эрсдэл өндөр хэвээр байна.

Японы Сангийн яам 7 дугаар сарын 31-нд АНУ-ын Сангийн яамтай хамтран иений ханшийг дэмжих зорилгоор зах зээлд иен худалдан авах интервенц хийснээ мэдэгдлээ. Энэхүү хамтарсан ажиллагааны дараа иен ам.долларын эсрэг мэдэгдэхүйц чангарч, 1 ам.доллар = 155.35–155.39 иен орчимд арилжаалагдсан бөгөөд зах зээл цаашид дахин интервенц хийх боломжийг анхааралтай ажиглаж байна.

Сүүлийн 40 орчим жилийн хамгийн сул түвшинд хүрээд байсан иений ханшийг дэмжих зорилгоор Япон, АНУ хамтран валютын интервенц хийжээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент уг ажиллагаа нь иений ханшийн эмх замбараагүй хэлбэлзлийг тогтворжуулах зорилготой байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд Японыг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп ч энэхүү хамтарсан арга хэмжээг “найрамдлын дохио” хэмээн тодорхойлжээ.
Brown Brothers Harriman-ийн дэлхийн зах зээлийн стратегийн албаны дарга Элиас Хаддад АНУ оролцсон хамтарсан валютын интервенцүүд түүхэндээ хүчтэй нөлөө үзүүлж ирснийг онцолсон байна. Түүний мэдээлснээр 1998 оноос хойш хэрэгжсэн АНУ-ын оролцоотой гурван хамтарсан интервенц бүгд үр дүнтэй болсон аж.
АНУ, Япон хамгийн сүүлд 2011 онд Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн дараа бусад томоохон эдийн засгуудтай хамтран валютын зах зээлд оролцож байв. Харин энэ удаагийн ажиллагааны онцлог нь Япон дангаар бус, АНУ-тай шууд зохицуулан интервенц хийсэн явдал бөгөөд энэ нь зах зээлд илүү хүчтэй дохио өгсөн байна.
Шинжээчдийн урьдчилсан тооцоогоор зах зээлээс ойролцоогоор 58.97 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний иен худалдан авсан байж болзошгүй. Гэхдээ интервенцийн эцсийн, албан ёсны дүн Японы Сангийн яам болон Японы Төв банкны тайлан нийтлэгдсэний дараа тодорхой болох юм.
Өмнөх жилүүдэд Япон иений ханшийг тогтворжуулахын тулд дангаараа томоохон интервенцүүд хийж байсан бол энэ удаагийн АНУ-тай хамтарсан ажиллагаа нь бодлогын илүү хүчтэй, итгэл төрүүлэхүйц дохио болжээ.
Хятадын экспортын өсөлт саарах ч өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй
Хятадын экспорт 2026 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 24.5%-иар өсөх төлөвтэй байгаа нь 6 дугаар сарын 27%-ийн өсөлтөөс бага зэрэг саарсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухааны техник, тоног төхөөрөмжийн дэлхийн эрэлт өндөр хэвээр байгаа нь экспортын өсөлтийг хоёр оронтой түвшинд хадгалах гол хүчин зүйл болж байна. Харин АНУ руу чиглэсэн экспорт суурь нөлөө буурснаар дахин өмнөх оны түвшнээс доогуур гарах төлөвтэй байна.
Импортын өсөлт мөн саарах төлөвтэй байгаа бөгөөд Bloomberg Economics импортын өсөлтийг 27.7% гэж тооцоолж байгаа нь 6 дугаар сарын 36%-ийн өсөлтөөс буурсан үзүүлэлт юм. Хэдий өсөлтийн хурд бага зэрэг удаашрах ч оны эхний хагаст экспорт нийтдээ 17.6%-иар өссөн нь Хятадын гадаад худалдаа дэлхийн эрэлтээр дэмжигдсээр байгааг харуулж байна.

Тайванийн инфляц буурах ч зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байна
Тайванийн хэрэглээний үнийн индекс (CPI) 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 2.5%-иар өсөх төлөвтэй байгаа нь 6 дугаар сарын 2.6%-иас бага зэрэг буурсан үзүүлэлт байлаа. Газрын тосны жижиглэнгийн үнэ буурч, баярын улирлын нөлөө багассанаар инфляц саарсан ч үйлчилгээ, хоолны газар болон орон сууцны зардлын өсөлт суурь инфляцыг өндөр түвшинд хадгалж байна. Суурь инфляц мөн 2.3% болж бага зэрэг саарах төлөвтэй байна.
AI-д суурилсан хөрөнгө оруулалтын өсөлт Тайванийн эдийн засгийг дэмжиж, дотоод эрэлтийг хүчтэй хэвээр байлгаж байгаа нь инфляц ойрын саруудад төв банкны 2%-ийн зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс Тайванийн Төв банк 9 дүгээр сарын хурлаар бодлогын хүүгээ 12.5 суурь нэгж буюу 0.125%-иар өсгөх магадлал нэмэгдэж байна.

Өмнөд Солонгост нийт инфляц саарч, суурь инфляц өсөх төлөвтэй
Өмнөд Солонгост газрын тосны үнийн өмнөх өсөлтийн нөлөө аажмаар буурснаар 7 дугаар сард нийт инфляц 2.7%-д хүрч, 6 дугаар сарын 3.2%-иас буурах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөө өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд үргэлжлэн шингэж байгаа бөгөөд санах ойн чипийн үнийн өсөлттэй хавсран суурь инфляцыг 2.6% хүртэл нэмэгдүүлэхээр байна.
Шинжээчдийн үзэж буйгаар инфляц 2027 оны I улирал хүртэл БНСУ-ын Төв банкны 2%-ийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байх төлөвтэй. Үүний улмаас 8 дугаар сарын мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр буюу 0.25%-иар нэмэгдүүлэх магадлалтай байна.
