Японы мөнгөний бодлогын эргэлт ба дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө

Японы мөнгөний бодлогын эргэлт ба дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө
Dec 5, 20259 days ago
82
4 мин

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

  1. Японы мөнгөний бодлогын эргэлт ба дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө

  2. Өгөөжийн түвшин ба АНУ-ын бондын эрэлт

  3. АНУ-ын зохицуулалтын шинэчлэл ба банкны боломж


    1. Японы мөнгөний бодлогын эргэлт ба дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө

Японы Төв банкны дарга энэ 12-р сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэх талаар давуу болон сул талыг хэлэлцэнэ гэж ил тод мэдэгдсэн нь ханшийн уналтыг зогсоох анхны бодлогын дохио болж байна. Японы иений ханшийн огцом уналтыг зогсоохын тулд Төв банк анх удаа мөнгөний бодлогоор нөлөөлөхийг оролдлоо. Ялангуяа Такайчи засгийн газрын удирдлагыг авснаас хойш их хэмжээний зээлээр санхүүжсэн  томоохон зарцуулалтын амлалтууд гарсан нь иений ханшийг улам сулруулжээ.
Хэрэв Япон улс бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмбэл  дэлхийн зах зээлд хэд хэдэн өөрчлөлт гарна. Юуны өмнө иений ханш чангарч  долларын эсрэг үнэ өснө. Энэ нь Японы экспортлогч компаниудын зардлыг өсгөж, хувьцааны ханш буурах магадлалтай ч санхүүгийн салбарын хувьд ашигтай байж болно. Хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй Японы бонд руу мөнгөө шилжүүлэх хандлагатай болох ба АНУ болон Европын зах зээлээс хөрөнгө гаргах эрсдэл нэмэгдэнэ.

2024 онд доллар–иений арилжаа хүчтэй эргэж, хөрөнгө оруулагчид иенийг их хэмжээгээр зарсан нь долларын эрэлтийг өсгөж байсан юм. Мөн зах зээл дээрх эрсдэлтэй хөрөнгө(хувьцаа, крипто гэх мэт)-ийг савлуулж байсан бол энэ жил нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна.

---

2. Өгөөжийн түвшин ба АНУ-ын бондын эрэлт

Японы урт хугацааны бондын өгөөж өсөх нь АНУ-ын бондод Япон хөрөнгө оруулагчдын эрэлтэд нөлөөлж магадгүй. Гол хүчин зүйл нь АНУ-ын бонд худалдан авахад шаардлагатай валютын эрсдэлийн хамгаалалтын зардал юм. Японы Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлж, харин АНУ-ын Төв банк 2026 онд бууруулах төлөвтэй тул эрсдэл 2022 онтой харьцуулахад бага байна. 2026 онд АНУ-ын бондын зах зээлд Японы эрэлт тогтвортой байж магадгүй, гэхдээ валютын хамгаалалтын зардал болон өгөөжийн түвшин гол шийдвэрлэх хүчин зүйл хэвээр байна.

Сүүлийн үед сошиал сүлжээнд болон шинжээчид Японы талаар сөрөг дүгнэлттэй байна. Хөрөнгө оруулагчид 2008 оны санхүүгийн хямралын өмнөх үеийг санагдуулж байна гэж дурдсан. Учир нь тухайн үед ч Японы төв банк мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх гэж оролдож байсан. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал арай өөр байгаа бөгөөд Японы төв банк сүүлийн арван жилд байгаагүй бага хэмжээгээр хөрөнгө худалдан авч байгаа тул бондын өгөөжүүд өссөн нь хэвийн үзэгдэл. Харин хөрөнгийн зах зээлийн өгөөж мэдэгдэхүйц өссөн. Банкнууд хямд эх үүсвэртэй мөнгө татаж аваад (бараг хүүгүй хадгаламж), харин зээлээ илүү өндөр хүүгээр гаргах боломжтой болсон. Ингэснээр банкнууд ашгаа улам нэмэгдүүлж чадна. Яг энэ шалтгаанаар Японд хувийн хэвшлийн зээл олголт олон жилийн дараа анх удаа өсөж эхэлсэн байна. 2008 оноос ялгаатай нь, одоо банкнуудын зээл олголт буураагүй, харин эсрэгээрээ улам нэмэгдэж байна.
АНУ-д ч мөн адил нэг өөрчлөлт хийгдэх гэж байна. eSLR гэж нэрлэдэг шинэ зохицуулалтын өөрчлөлтүүд ойртож байгаа бөгөөд энэ нь банкнуудад илүү их боломж олгож, зээл олголтыг банкнууд өөрсдөө хийдэг тогтолцоог дэмжих зорилготой. Инфляци 3%-ийн түвшинд байгаа үед төрөөс мөнгө хэвлэх (quantitative easing) аргаас илүү энэ нь илүү зөв шийдэл гэж үзэж байна.

---

3. АНУ-ын зохицуулалтын шинэчлэл ба банкны боломж

Одоогоор том банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээ (eSLR) дунджаар 0.75%-аас дээш байгаа бөгөөд 2026 оноос эхлэн АНУ-ын томоохон банкнуудад тавигддаг eSLR буурах хүлээлттэй байна. Өмнө нь бүх банкнууд адилхан өндөр шаардлага хүлээдэг байсан бол шинэ дүрмээр системийн ач холбогдлоос нь хамаарч шинэчлэгдэх болно. Ингэснээр банкнууд аюулгүй хөрөнгө (жишээ нь төрийн бонд) барихад илүү уян хатан болж, зах зээлд илүү идэвхтэй оролцох боломжтой болно. Мөн заавал байлгах нөөцийн хэмжээ буурснаар банкнуудын зээл олголтын хэмжээ нэмэгдэж, ашиг нь дагаад өсөх юм.

eSLR буурах нь банкнуудад 1 их наяд ам.доллараас илүү бэлэн мөнгийг балансаас чөлөөлөх юм. Энэ нь төв банкны нөлөөг багасгаж, зохицуулагч байгууллагуудын үүргийг нэмэгдүүлнэ. Банкнууд энэ боломжийг ихэвчлэн төрийн бонд болон репо зах зээлд ашиглах бөгөөд ингэснээр санхүүжилт илүү хялбар болж, зээлийн хүү, спред багасах магадлалтай. Энэ өөрчлөлт 2026 оны эхний улиралд бодитоор мэдрэгдэж эхэлнэ.

---

Дүгнэлт
Банкны дүрэм, мөнгөний бодлогын өөрчлөлтүүд нь санхүүжилтийг хялбарчилж, зээл олголтыг нэмэгдүүлэх хандлагатай. Төв банкнууд инфляцийг тогтворжуулахын зэрэгцээ зах зээлийн эрэлт, хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих бодлого баримтлах болно. Технологи, ногоон хөрөнгө оруулалт, дижитал санхүүгийн шийдлүүд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин болж, бизнесийн мөчлөг уртсаж, тогтвортой өсөлт давамгайлах магадлалтай. Гэхдээ геополитик, валютын хэлбэлзэл, эрсдэлтэй хөрөнгийн савлагаа хэвээр үлдэх тул хөрөнгө оруулагчид илүү ухаалаг, эрсдэлийн удирдлагад суурилсан стратеги баримтлах шаардлагатай.

Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.