
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Нийтлэлийн агуулга:
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампийн Хятад дахь хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын дараа Хятад улс 2028 он хүртэл жил бүр дор хаяж $17 тэрбумын АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцсон талаар Цагаан ордон мэдээллээ. Энэхүү худалдан авалт нь өмнө тохирсон шар буурцгийн импортын амлалтаас гадуурх нэмэлт дүн бөгөөд АНУ-ын фермерүүдэд эерэг мэдээ болж байна.
Хятадын Худалдааны яам мөн хоёр тал тодорхой бүтээгдэхүүнүүдийн тарифыг харилцан бууруулах чиглэлд ажиллахаар болсон гэж мэдэгдсэн ч нарийн мэдээлэл өгөөгүй байна. Харин Трамп сэтгүүлчдэд “тарифын талаар ярилцаагүй” хэмээн онцолжээ. Өмнө нь АНУ, Хятад хоёрын худалдааны хэлэлцээрүүд бодит хэрэгжилт дээрээ сул байсан тул зах зээл энэхүү шинэ амлалтыг болгоомжтой хүлээж авч байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү тохиролцоо нь шар буурцаг, эрдэнэ шиш, торго, хөвөн, үхрийн мах зэрэг бүтээгдэхүүний экспортод эерэг нөлөө үзүүлж болзошгүй аж. АНУ-ын фермерүүд сүүлийн жилүүдэд ургац сул, үйлдвэрлэлийн зардал өндөр, мөн геополитикийн хурцадмал байдлаас үүдэн хүнд нөхцөлтэй тулгарч байгаа юм. Үүн дээр Ирантай холбоотой мөргөлдөөний улмаас бордооны үнэ өссөн нь нэмэлт дарамт болжээ.
2024 онд АНУ-аас Хятад руу хийсэн хөдөө аж ахуйн экспорт нийт $24 тэрбумд хүрсэн бөгөөд үүний $12 тэрбум нь зөвхөн шар буурцаг байсан байна. Харин худалдааны маргаан ширүүссэний дараа 2025 онд нийт экспорт $8.3 тэрбум хүртэл огцом буурчээ. Сүүлийн үед Хятад улс АНУ-ын шар буурцгаас илүүтэй Бразилаас хямд нийлүүлэлт авах болсон нь Америкийн фермерүүдэд томоохон сорилт болж байгаа юм.
Уулзалтын дараа Хятад улс АНУ-ын 400 гаруй үхрийн махны үйлдвэрийн импортын зөвшөөрлийг сэргээж, Америкийн тахианы махны импортыг дахин нээх чиглэлд хамтран ажиллахаар болсон нь худалдааны харилцаа зөөлөрч эхэлж буй дохио гэж үзэгдэж байна. Мөн хоёр тал ховор элемент болон стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэж, Иран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн байна.
Мөн уулзалтын үеэр Xi Jinping-ийн АНУ дахь айлчлалыг энэ намар зохион байгуулахаар дахин баталгаажуулсан нь хоёр улсын харилцаа ойрын хугацаанд илүү тогтвортой болох хүлээлтийг нэмэгдүүлж байна.
Boeing компани Трампийн Хятад дахь айлчлалын үеэр удаан хүлээгдсэн томоохон захиалгаа авч чадсан ч гэрээний нарийн мэдээлэл тодорхойгүй хэвээр байна. Трамп телевизийн ярилцлагын үеэр Хятад улс Boeing-оос 200 онгоц худалдан авна гэж мэдэгдсэн бөгөөд Boeing үүнийг “анхан шатны амлалт” гэж баталгаажуулжээ. Гэсэн ч ямар загварын онгоц, хэзээ нийлүүлэх зэрэг мэдээллийг аль аль тал нь дэлгээгүй байна.
Зах зээл дээр Хятад улс нийтдээ 500 хүртэлх 737 Max онгоц захиалж магадгүй гэсэн хүлээлт байсан. Үүн дээр нэмээд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчдэд ярихдаа энэхүү захиалга цаашдаа 750 онгоц хүртэл өсөж магадгүй гэж дурдсан ч мөн тодорхой нөхцөл, хугацааг тайлбарлаагүй юм. Түүний хэлснээр эхний 200 онгоцны нийлүүлэлт амжилттай болбол илүү том гэрээ байгуулагдах боломжтой аж.
Boeing-ийн хувьд Хятадын зах зээл маш чухал хэвээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тус компани Хятадад зах зээлийн байр сууриа Airbus-д алдаж эхэлсэн. Энэ арван жилд Хятад ердөө 39 Boeing онгоц захиалсан нь маш бага үзүүлэлт юм. Харин агаарын тээврийн эрэлт сэргэж, түлшний үнэ өссөнөөр шатахуун бага зарцуулдаг 737 Max зэрэг шинэ онгоцны хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Мөн Хятадын дотоодын COMAC C919 онгоцны үйлдвэрлэл хөгжиж байгаа ч одоогоор бүрэн өрсөлдөх хэмжээнд хүрээгүй тул Хятад улс АНУ болон Европын онгоц үйлдвэрлэгчдээс хамааралтай хэвээр байна.
Өмнө нь 2020 онд Хятад улс АНУ-аас $77 тэрбумын бүтээгдэхүүн, тэр дундаа онгоц худалдан авахаар амласан ч Covid-19 цар тахлын улмаас уг амлалтаа биелүүлж чадаагүй. Үүнээс гадна 737 Max-ийн ослууд болон худалдааны хурцадмал байдлаас шалтгаалан Boeing Хятадын зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа Airbus-д алдсан юм.
Мөн Трампийн мэдэгдсэнээр Хятад улс ойролцоогоор 400-450 ширхэг General Electric хөдөлгүүр худалдан авах төлөвтэй байна. GE нь Boeing-ийн 737 Max болон 787 Dreamliner онгоцны гол хөдөлгүүр нийлүүлэгч бөгөөд удахгүй гарах 777X загварт ч хөдөлгүүр нийлүүлэх юм.
3. Дэлхийн бондын зах зээл ба геополитикийн эрсдэл
Ойрхи Дорнод дахь Ираны нөхцөл байдал хурц хэвээр байж, Ормузын хоолой бүрэн нээгдэхгүй байгаа нь дэлхийн зах зээлд хүчтэй савлагаа үүсгэлээ. Газрын тосны үнэ өссөнөөр инфляц дахин нэмэгдэх эрсдэлтэй болж, төв банкнууд бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах эсвэл дахин өсгөх магадлал нэмэгдэж байна. Үүний улмаас дэлхийн бондын зах зээлд хүчтэй зарах хандлага өрнөж, урт хугацааны өгөөжүүд дээд түвшинд хүрчээ.
АНУ-ын төрийн сангийн бондуудын өгөөж өссөн бөгөөд 30 жилийн бондын өгөөж бараг 3 жилийн дээд түвшинд хүрсэн байна. Японы 10 жилийн бондын өгөөж 1996 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн бол 30 жилийн өгөөж 1999 оноос хойших дээд хэмжээнд хүрчээ. Австрали болон Шинэ Зеландын бондууд ч мөн адил өгөөж нь өсөж үнэ нь унасаар байна.
Бондын өгөөж өсөхийн зэрэгцээ хувьцааны зах зээл дарамтад орж, Азийн индексүүд буурсан байна. Гэсэн ч Samsung Electronics-ийн хувьцаа сэргэснээр KOSPI индекс 1.1%-ийн өсөлт үзүүлжээ. Харин Европ болон АНУ-ын futures индексүүд цаашид уналт үргэлжлэх дохио өгсөн байна.
Газрын тосны үнэ дахин өсөж, Brent төрлийн газрын тос баррель нь $111-оос давсан нь зах зээлийн хамгийн том эрсдэл болоод байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд газрын тос 8%-иар өссөн бөгөөд Ормузын хоолойг дахин нээх хэлэлцээрт ахиц гараагүй хэвээр байна. Үүн дээр нэмээд Доналд Трамп Ирантай тохиролцох “цаг дуусаж байна” гэж мэдэгдсэн нь геополитикийн эрсдэлийг улам нэмэгдүүлжээ.
Зах зээл дээрх гол өөрчлөлт нь АНУ-ын Төв банкны бодлогын хүлээлт эрс өөрчлөгдсөн явдал байлаа. Хэдхэн сарын өмнө 2026 онд хоёр удаагийн хүү бууруулалт хүлээж байсан бол одоо зах зээл 2027 оны 3 сар гэхэд дахин хүүг өсгөх магадлалтай гэж үзэж байна.
Мөн энэ долоо хоногийн зах зээлийн хамгийн чухал үйл явдлын нэг нь NVIDIA-ийн орлогын тайлан байх болно. Сүүлийн саруудад AI салбарын өсөлт хувьцааны зах зээлийг өндөр түвшинд хадгалж байсан ч хэрэв NVIDIA-ийн тайлан сул гарвал технологийн хувьцаанууд болон нийт зах зээлд дарамт үүсэж магадгүй гэж шинжээчид анхааруулж байна.
Үүнээс гадна Ирантай холбоотой хурцадмал байдал үргэлжилж, АНЭУ-ын цөмийн байгууламжид drone халдлага гарсан нь гал зогсоох хэлэлцээр хэр эмзэг байгааг дахин харууллаа. G7-ийн сангийн сайд нар энэ долоо хоногт дэлхийн бондын зах зээлийн selloff-ийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа ч бодит шийдэл олоход хүндрэлтэй хэвээр байна.
Японы хөрөнгө оруулагчид 2026 оны эхний улиралд АНУ-ын засгийн газрын бондуудаас сүүлийн дөрвөн жилийн хамгийн их хэмжээгээр гарч эхэлсэн нь дэлхийн санхүүгийн зах зээлд анхаарал татаж байна. Энэхүү борлуулалт нь Японы дотоодын хүү өсөж, хөрөнгө оруулагчдын хувьд дотоодын зах зээл илүү ашигтай болж эхэлсэнтэй холбоотой юм.
Мөн АНУ-ын өндөр хүүгийн орчин нь валютын ханшийн зөрүүг нэмэгдүүлж, япон хөрөнгө оруулагчдын US Treasury bond эзэмших бодит өгөөжийг бууруулсан байна. Үүний үр дүнд олон санхүүгийн байгууллагууд эрсдэлээ бууруулах зорилгоор долларын хөрөнгөө зарж эхэлжээ.
Япон улс нь АНУ-ын засгийн газрын бондын хамгийн том гадаад эзэмшигчдийн нэг учраас ийм хэмжээний sell-off нь АНУ-ын бондын өгөөж өсөх, зах зээлийн савлагаа нэмэгдэх, мөн дэлхийн хөрөнгийн урсгалд тодорхой дарамт үүсгэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Дүгнэлт
АНУ-Хятадын худалдааны харилцаа зөөлөрч, Boeing, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбаруудад эерэг хүлээлт үүсэж байгаа нь эрсдэлийг бага зэрэг бууруулж байна. Гэвч нөгөө талд Ираны асуудал, газрын тосны үнийн өсөлт, инфляцын дарамт, бондын өгөөжийн огцом өсөлт зэрэг нь дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй дарамт үзүүлсээр байна. Ялангуяа Япон зэрэг том хөрөнгө оруулагчид АНУ-ын бондуудаас гарч эхэлсэн нь хөрвөх чадвар буурч, зах зээлийн савлагаа нэмэгдэх эрсдэлийг өсгөж байгаа юм. Одоогийн байдлаар зах зээл AI болон технологийн салбарын өсөлтөөр тогтож байгаа ч хэрэв инфляц өндөр хэвээр үлдэж, NVIDIA-ийн тайлан хүлээлтэд хүрэхгүй бол хувьцааны зах зээлд илүү том correction эхлэх магадлал өндөр хэвээр байна.