
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

“Монос Групп”-ийн охин компани болох “Монос Хүнс” ХК-ийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал 4 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
2025 оны жилийн эцсийн санхүүгийн гүйцэтгэл:
Тус компани 2025 онд борлуулалт болон ашигт ажиллагааны үзүүлэлтүүдээ мэдэгдэхүйц сайжруулж, тогтвортой өсөлтөө хадгалсан гүйцэтгэлтэй ажилласан байна.
Нийт борлуулалтын орлогыг бүтээгдэхүүний төрлөөр задлан авч үзвэл ус, ундааны бүтээгдэхүүн 51%-ийг бүрдүүлж, орлогын хамгийн өндөр хувийг эзэлж байна. Үүний дараагаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн 26%, хүүхдийн бүтээгдэхүүн 14%, цайны бүтээгдэхүүн 7%-ийг тус тус бүрдүүлжээ.
Үйлдвэрлэлийн хувьд хуурай хүнсний үйлдвэрлэл өмнөх оноос 7%-иар өсөж 332.1 тонн хүрсэн бол шингэн хүнсний үйлдвэрлэл 13%-иар өсөж нийт 12 сая литрт хүрсэн байна.
Санхүүгийн байдлын тойм:
Өр төлбөр: Нийт өр төлбөр ₮31.3 тэрбумд хүрч, өмнөх оноос 11.8%-иар буурсан байна. Тайлант хугацаанд ₮24.5 тэрбумын зээл шинээр авч, ₮29.4 тэрбумын зээлийг эргэн төлснөөр өрийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.
Компанийн өрийн дарамт буурч, эздийн өмч нэмэгдсэн нь санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулсан эерэг үзүүлэлт болж байна.
Санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд :
Компанийн үнэлгээ болон ашигт ажиллагааны голлох харьцаа үзүүлэлтүүдийг авч үзвэл P/E 4.6, P/B 1.2 түвшинд байгаа нь зах зээлийн хувьд харьцангуй боломжийн үнэлгээтэй байгааг илтгэж байна.
Ашигт ажиллагааны үзүүлэлтүүдийн хувьд ROE 37.8%, ROA 12.7% байгаа нь компанийн хөрөнгө болон эздийн өмчийг үр ашигтай ашиглаж, өндөр өгөөж бий болгож байгааг харуулж байна.
Мөн цэвэр ашгийн маржин 16.1% байгаа нь орлогоос ашиг болгон хувиргах чадвар сайн байгааг илтгэж, компанийн үйл ажиллагаа тогтвортой, үр ашигтай байгааг харуулж байна.
Хувьцааны ханшийн гүйцэтгэл (MSE:MFS):
Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд нээлттэй хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийхэд үндсэндээ хоёр төрлөөр өгөөж хүртэх боломжтой. Нэгдүгээрт ногдол ашиг, хоёрдугаарт хувьцааны ханшийн өсөлт юм.
Тус компани нээлттэй хувьцаат компани болоод 6 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 5 удаа ногдол ашиг тараасан байна. Харин зах зээл дээрх хувьцааны ханш нь 2021 оны зах зээлийн оргил үеэс хойш буурч, одоогоор хоёр дахин доогуур түвшинд арилжаалагдаж байна.
Хурлын үеэр хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарал татсан асуудал нь компанийн орлого, ашиг өсөж, түүхэн дээд үзүүлэлтүүдийг үзүүлж байгаа хэдий ч хувьцааны ханшийн гүйцэтгэл сул байгаа явдал байв.
2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тус компанийн хувьцааны ханш ₮73.88 байгаа нь түүхэн дээд ханш болох ₮149.99-өөс ойролцоогоор 49.3%-иар буурсан, харин 2019 оны IPO үеийн үнээс 5.5%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн компанийн ТУЗ-ийн төлөөлөгчид 2026 онд хувьцааны ханшийг дэмжих зорилгоор өөрийн хувьцааг зах зээл дээрээс худалдан авах зэрэг арга хэмжээ авах төлөвлөгөөгүй байгааг мэдэгдэв.
Дүгнэлт: Компанийн хувьд борлуулалтын орлого болон цэвэр ашгийн хэмжээгээр түүхэн дээд түвшинд хүрч, ашигт ажиллагаа тогтвортой хадгалагдаж байна. Гэсэн хэдий ч хувьцааны ханш нь түүхэн дээд түвшнээсээ ойролцоогоор 50%-иар буурсан хэвээр байна.
Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн онцлог (ногдол ашгийн дараа зах зээл унах), арилжааны идэвх сул байдал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж байж болох ч 2022 оны дунд үеэс эхлэн Топ-20 индекс өсөлтийн чиг хандлагатай байгааг харгалзан үзвэл компанийн ханш зах зээлийн ерөнхий трендийг бүрэн дагаагүй байна.
Хэрэв тус компанийн ашигт ажиллагаа энэ онд үргэлжилж, ирэх онд ногдол ашгийн хэмжээ нэмэгдэх тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн өгөөж өсөх боломжтой. Тиймээс одоогийн ханш нь хөрөнгө оруулахад тохиромжтой түвшин гэж үзэж байна.