
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Өнгөрсөн 7 хоногт АНУ–Ираны мөргөлдөөн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар дараах 3 үндсэн сэдвийн хүрээнд нийтлэлийг бэлтгэлээ.
Дайны нөлөө АНУ-ын эдийн засагт
Ойрх Дорнодын орнуудын хөрөнгө эрсдэлд орвол яах вэ?
Газрын тос бол мөсөн уулын зөвхөн орой

1. Дайны нөлөө АНУ-ын эдийн засагт
АНУ–Ираны хооронд үүсээд буй хурцадмал байдал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ираны талаас АНУ-тай хэлэлцээ эхлүүлэх оролдлого хийсэн боловч Ираны тавьсан нөхцөлүүд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампд таалагдсангүй. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч өөрийн сошиал сүлжээгээр дамжуулан НАТО-ын зарим орнууд уг мөргөлдөөнд идэвхтэй оролцохгүй байгаа талаар шүүмжилж, холбоотнуудын байр суурийг ил тод буруушаасан мэдэгдэл хийв.
Энэ нөхцөл байдал Ойрх Дорнодын бүс нутаг дахь геополитикийн тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэлийг өсгөж байгаа нь газрын тосны ханшийг огцом өсөж, өнөөдрийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ ойролцоогоор $97 орчим түвшинд арилжаалагдаж байна.
Газрын тосны үнийн хөдөлгөөнийг өмнөх томоохон геополитикийн шок болох Орос–Украйны дайны эхний үетэй харьцуулбал энэ удаагийн өсөлт илүү огцом, зах зээлийн мэдрэмж илүү хурц байгаа нь ажиглагдаж байна.
Нөгөө талаас, зах зээлийн зарим оролцогчид АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын геополитикийн бодлогыг “TACO” (Trump Always Chickens Out) гэх хэллэгээр тайлбарлаж байна. Энэ нь Трамп эхэндээ хатуу мэдэгдэл хийдэг ч бодит цэргийн мөргөлдөөнийг өргөжүүлэхээс зайлсхийдэг хандлагатай гэсэн ойлголтыг илэрхийлдэг. Иймээс зарим хөрөнгө оруулагчид өмнөх Хятадын худалдааны маргаан, Венесуэл, Гренланд зэрэг жишээнүүдийг харгалзан үзэж, одоогийн хурцадмал байдал бүрэн хэмжээний олон улсын дайн руу шилжих магадлал харьцангуй бага гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч өнөөгийн нөхцөл байдал нь инфляцын өсөлт, хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг сааруулах замаар эдийн засгийн өсөлт удаашрах хүлээлтийг зах зээлд бий болгож байна.
---
2. Ойрх Дорнодын орнуудын хөрөнгө эрсдэлд орвол яах вэ?
Ойрх Дорнод, Персийн булангийн бүс нутагт Арабын Нэгдсэн Эмират, Израил, Кувейт зэрэг улсуудад дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд төвлөрдөг. Хэрэв бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал улам хурцадвал банкны системийн ажиллагаа удаашрах, валютын хяналт чангарах, эсвэл хил дамнасан мөнгөн шилжүүлэгт саад үүсэх эрсдэл нэмэгддэг. Ийм нөхцөлд хөрөнгө эзэмшигчид капиталаа хурдан шилжүүлэх, үнэ цэнээ хадгалах боломжит сувгуудыг эрэлхийлдэг тул биткойн болон stablecoin-уудын эрэлт нэмэгдэж, улмаар ханш өсөх нөхцөл бүрдэж болзошгүй.

---
3. Газрын тос бол мөсөн уулын зөвхөн орой
1987–1988 онуудад Иран–Иракийн дайн хурцадсан үед Ормузын хоолой орчмын далайн тээвэрт олон удаагийн халдлага гарч, газрын тос тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэж байсан. Харин өнөөгийн нөхцөлд олон улсын газрын тосны тээвэрлэлтийн урсгал тодорхой хэмжээнд саатаж байгаа ч доорх графикаас харахад 1980-аад оны үеийнх шиг бүрэн зогсолт үүсээгүй хэвээр байна.
Нөгөө талаас, бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор Итали, Франц, Энэтхэг зэрэг орнууд Ирантай дипломат уулзалтууд хийж, өөрсдийн газрын тосны импортын урсгалыг аюулгүй хадгалах асуудлаар хэлэлцэж эхэлсэн байна.
Азийн зах зээл, тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, Тайванийн хөрөнгийн зах зээлүүд даваа гарагийн байдлаар бууралттай байлаа. Учир нь дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гол төвүүд эдгээр улсуудад байрладаг бөгөөд Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал чип үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл үүсгэж болзошгүй байдал үүсээд байна.
Хагас дамжуулагч үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай хелиум хэмээх ховор хийний дэлхийн далайн тээвэрлэлтийн ойролцоогоор 35% нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг. Иймээс уг хоолойн орчимд үүсэх аливаа саатал нь хелиумын нийлүүлэлтэд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, TSMC, Samsung, SK Hynix зэрэг томоохон хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хелиумын нөөц дуусвал чип үйлдвэрлэл тасалдах боломжтой гэсэн үг.
Тэгвэл эдгээр компаниудын нөөц хэр хугацаанд хүрэлцэх вэ?
Одоогийн байдлаар TSMC ойролцоогоор 45 өдрийн үйлдвэрлэлийн нөөцтэй, SK Hynix ойролцоогоор 75 өдрийн хелиумын нөөцтэй. Хэрэв үйлдвэрлэлийн хэмжээ хэвээр байж, харин нийлүүлэлт 35%-иар буурна гэж үзвэл:
Нөгөө талаас, 2026 оны 3-р сарын байдлаар Өмнөд Солонгосоос АНУ руу чиглэсэн чипийн экспорт өмнөх сараас өссөн үзүүлэлттэй байгаа нь үйлдвэрлэлийн идэвх өндөр хэвээр байгааг харуулж байна. Хэрэв хагас дамжуулагчийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсээр байвал хелиумын нөөц дээрх тооцооллоос илүү хурдан дуусах эрсдэл бий.
