
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Нийтлэлийн агуулга:
Дэлхийн томоохон технологийн компаниудын сүүлийн орлогын тайлангууд хиймэл оюун ухааны (AI) өсөлт хүчтэй хэвээр байгааг харуулсан ч хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид илүү ялгавартай хандаж эхэлжээ. Өмнө нь бүх AI-тэй холбоотой компаниуд нийтэд нь өсдөг байсан бол одоо зах зээл компани бүрийн бодит ашиг, өгөөжид илүү анхаарч, “ялагч” ба “ялагдагч”-ийг ялгаж байна.
Энэ ялгаа тодорхой харагдах нэг жишээ бол Alphabet болон Meta Platforms юм. Alphabet нь хиймэл оюун ухаан болон cloud бизнесийн эрчимтэй өсөлтөд тулгуурлан хувьцааны үнээ мэдэгдэхүйц өсгөж чадсан. Харин Meta Platforms санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан ч томоохон хөрөнгө оруулалтаа өрөөр санхүүжүүлж буй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, хувьцааны үнэд дарамт болсон.
Нийт дүнгээр технологийн салбар зах зээлийн хамгийн хүчтэй хэсэг хэвээр байна. “Magnificent Seven” компаниудын ашиг бусад компаниудаас хавьгүй хурдтай өсөж байгаа бөгөөд Apple болон Amazon зэрэг компаниуд ч мөн эерэг дохио өгсөн. Гэсэн хэдий ч Microsoft зэрэг зарим компани өндөр хэмжээний AI хөрөнгө оруулалтын зардлаасаа болж богино хугацаанд зах зээлийн дарамтад орж байна.
AI-д чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулалт нь чип болон дэд бүтцийн компаниудад ашигтайгаар нөлөөлж байгаа ч зах зээл дотор өрсөлдөөн ширүүсч эхэлжээ. Nvidia-ийн ноёрхолд сорилт гарч, томоохон технологийн компаниуд өөрсдийн AI чипийг хөгжүүлж эхэлсэн нь энэ салбарт “бүгд ялна” гэсэн ойлголт төгсгөлдөө хүрч байгааг илтгэнэ.
Nvidia-тай хамтын ажиллагаа хийж буй Азийн компаниудын жагсаалт улам уртсаж байна. Энэ нь бүс нутаг AI чипийн аварга компанийн экосистемд улам гүнзгий нэгдэж байгааг харуулж байна.
Сүүлийн долоо хоногт л гэхэд Өмнөд Солонгосын LG Electronics, Тайванийн Nanya Technology, мөн Хятадын Huizhou Desay SV Automotive болон Pateo Connect Technology Shanghai зэрэг компаниуд Nvidia-тай хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээнд оролцох эсвэл бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх мэдээнээс шалтгаалан хувьцааны үнэ нь өссөн байна. Эдгээр компанийн зарим нь олон улсын түвшинд төдийлөн танигдаагүй ч Nvidia-гийн эрэлт Азийн технологийн нийлүүлэлтийн сүлжээний хувьцааны гүйцэтгэлд хүчтэй нөлөөлж байгааг харуулж байна. Одоогоор Nvidia-ийн үйлдвэрлэлийн зардлын ойролцоогоор 90%-ийг Азийн нийлүүлэгчид бүрдүүлж байгаа нь өмнөх жилийн 65%-аас огцом өссөн үзүүлэлт юм.
Nvidia сүүлийн жилүүдэд Азийн түншлэлээ өргөжүүлж, ялангуяа SK Hynix болон Samsung Electronics зэрэг чип үйлдвэрлэгчидтэй харилцаагаа гүнзгийрүүлсэн. Харин одоо шинэ шатанд гарч, зөвхөн хагас дамжуулагч бус робот, автоматжуулалт зэрэг “physical AI” салбар руу тэлж байна.
Жишээлбэл, LG Electronics Nvidia-тай гэрийн роботыг AI платформтой нэгтгэх талаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа хувьцаа нь огцом өссөн. Мөн Nanya Technology, Huizhou Desay, Pateo зэрэг компаниуд ч Nvidia-тай хамтын ажиллагааны мэдээнээс хойш хүчтэй өсөлт үзүүлсэн.
Nvidia-ийн CEO Jensen Huang “physical AI” буюу робот, автомат систем, AI-тэй үйлдвэрлэл нь генератив AI-ийн дараагийн том давалгаа гэж тодорхойлсон. Энэ нь Азийг зөвхөн чип үйлдвэрлэл биш, бодит хэрэглээний AI шийдлүүдэд чухал байр суурьтай болгож байна.

2. Зах зээлийн том хэлцэл (GameStop)
GameStop нь eBay-ийг ойролцоогоор $56 тэрбумаар (бэлэн мөнгө болон хувьцаагаар) худалдан авах санал тавьжээ. GameStop нэгж хувьцаанд $125 санал болгосон нь eBay-ийн өмнөх баасан гарагийн хаалтын үнээс ойролцоогоор 20%-ийн өндөр дүн юм. Мөн тус компани eBay-ийн 5%-ийн хувьцааг аль хэдийн эзэмшиж байгаа бөгөөд TD Bank-аас $20 тэрбумын өрийн санхүүжилт авах боломжтой гэсэн урьдчилсан баталгаа авсан гэж мэдэгдсэн. Хэлцэл амжилттай болбол 12 сарын дотор жилд $2 тэрбумын зардал хэмнэнэ гэж амласан. Энэ мэдээний дараа хоёр компанийн хувьцаа аль аль нь 15%-иас дээш өссөн.
Энэ санал нь GameStop-ийн хувьд гайхалтай өсөлтийн дараагийн алхам болж байна. Тус компани өмнө нь физик дэлгүүрүүдийн бизнес нь буурч, онлайн тоглоомын борлуулалт нэмэгдсэнээр сорилттой тулгарч байсан. 2021 онд жижиг хөрөнгө оруулагчдын “meme stock” давалгааны төвд орж, нэр хүнд нь огцом өссөн. Мөн Michael Burry зэрэг хөрөнгө оруулагчдын дэмжлэг ч нөлөөлсөн.
GameStop-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор $12 тэрбум байхад eBay нь $46 тэрбумын үнэлгээтэй, өөрөөр хэлбэл бараг 4 дахин том компани юм. Гэсэн ч GameStop $9 тэрбумын бэлэн мөнгөтэй бөгөөд худалдан авах санал нь бэлэн мөнгө болон өөрийн хувьцааны хослол байна.
Хоёр компани хоёулаа хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлтөд дасан зохицох гэж оролдож байна:
eBay платформ дээр сүүлийн 12 сард 136 сая хэрэглэгч худалдан авалт хийж, жилд $80 тэрбумын арилжаа явагдсан байна.
CEO Cohen хэлцэл бүтэхгүй бол хувьцаа эзэмшигчдэд шууд санал тавих (proxy fight) боломжтой гэдгээ мэдэгдсэн бөгөөд eBay-ийг “хэдэн зуун тэрбум долларын үнэлгээтэй компани болгоно” гэж зорьж байна.
3. Иений огцом өсөлт
Японы иен гадаад валютын зах зээл дээр огцом чангарч, ойролцоогоор 3%-иар өссөн нь бараг сүүлийн хоёр жилийн хамгийн хүчтэй өсөлтөд тооцогдож байна. Энэ өсөлтийн гол шалтгаан нь Японы засгийн газар зах зээлд шууд оролцож, иенийг дэмжих арга хэмжээ авсантай холбоотой. Албан ёсны тайлбар эхэндээ хязгаарлагдмал байсан ч дотоод эх сурвалжуудын мэдээлснээр Япон улс иен худалдан авч, ам.доллар зарсан нь ханшинд хүчтэй нөлөөлжээ. Зах зээл дээрх огцом хөдөлгөөн нь ч мөн төрийн оролцоо байсныг илтгэж байна.
Ханшийн хөдөлгөөнийг харвал иен эхлээд нэг ам.долларын эсрэг 155.57 хүртэл чангарсан ч дараа нь бага зэрэг суларч 157 орчимд арилжаалагдаж эхэлсэн. Үүнээс өмнө иен бараг 160-д хүрч, сүүлийн 40 жилийн хамгийн сул түвшинд очоод байсан нь Японы эдийн засагт дарамт учруулж байв. Ялангуяа импортын үнэ, тэр дундаа нефтийн үнэ өсөхөд иений сул ханш инфляцыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байсан.
Иений сулралын гол шалтгаан нь макро эдийн засгийн хүчин зүйлүүд юм. Нэгдүгээрт, АНУ-ын Төв Банк өндөр хүү барьж байгаа бол Японы Bank of Japan харьцангуй бага хүүтэй хэвээр байна. Энэ хүүгийн зөрүү нь хөрөнгө оруулагчдыг доллар руу татаж, иенийг сулруулах гол хүчин зүйл болж байна. Үүн дээр нэмэгдээд Ойрхи Дорнодын геополитикийн эрсдэл нэмэгдсэн нь Япон шиг импортод тулгуурласан эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
Одоо зах зээл дараагийн алхмуудыг анхааралтай ажиглаж байна. Япон улс өмнө нь 2022 болон 2024 онуудад иенийг дэмжихийн тулд нийтдээ ойролцоогоор 100 тэрбум доллар зарцуулж байсан бөгөөд ийм төрлийн оролцоо нь ихэвчлэн нэг удаагаар хангалттай үр дүн өгдөггүй. Тиймээс дахин оролцох магадлал өндөр гэж үзэж байна. Мөн хэрэв АНУ Японтой хамтран валютын зах зээлд оролцвол энэ нь зах зээлд маш хүчтэй дохио болох ч түүхийн хувьд АНУ ийм алхмыг маш ховор хийдэг.