
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
Геополитик- Иран
АНУ-ын инфляц сүүлийн жилүүдээс хамгийн тогтвортой түвшинд хүрээд байна.
АНУ-ын засгийн газар компаниудад тарифын нөхөн олговор өгөх үү?
1. Геополитик- Иран
Ойрх Дорнодод геополитикийн нөхцөл байдал дахин хурцдаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ өсөх хандлага ажиглагдаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израйл Иран руу агаарын цохилт өгсөн бол Иран хариу арга хэмжээ авч, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт зэрэг улсад байрлах АНУ-ын цэргийн баазуудыг чиглэсэн довтолгоо хийв.
Ираны дээд удирдлага Али Камейни агаарын цохилтод өртөн нас барсан тухай мэдээлэл гарсан бөгөөд Трампын зүгээс Ираны шинэ удирдагчтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэсэн ч баталгаатай эх сурвалжаас Ираны шинэ удирдагч сонгогдсон эсэх талаар мэдээлэл хараахан гараагүй байна.
Стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20%-ийг дамжуулдаг. Хэрэв тээврийн саатал үүсвэл нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ богино хугацаанд огцом хэлбэлзэх хандлагатай байна. Агаарын цохилтын дараа West Texas Intermediate (WTI) фьючерс ханш богино хугацаанд 10% орчим өсөж, нэг баррель нь $70 давав.
Одоогийн байдлаар олон улсын зах зээлд ажиглагдаж буй нөхцөл байдал:
Азийн зах зээл уналттай нээгдэх,
Батлан хамгаалах салбарын хувьцаанууд өсөх,
Эрчим хүчний компаниудын үнэлгээ нэмэгдэх,
Аюулгүй хөрөнгүүд болох үнэт металлууд чангарах хандлага ажиглагдаж байна.
---
2. АНУ-ын инфляц сүүлийн жилүүдээс хамгийн тогтвортой түвшинд хүрээд байна.
Хэрэглэгчийн үнийн индекс (CPI) болон Хувийн хэрэглээний зардлын үнийн индекс (PCE) хоёулаа инфляцыг хэмждэг боловч тооцооллын арга, жин, хамрах хүрээ, бодлогын хэрэглээгээрээ ялгаатай. АНУ-ын Холбооны Нөөцийн Сан инфляцын албан зорилтоо PCE-ээр хэмждэг.
Хэрэглэгчийн үнийн индекс (CPI) болон Хувийн хэрэглээний зардлын үнийн индекс (PCE) -ийн зөрүү сарын 0.30%-ийн өсөлтөөс тогтмол доогуур буюу 0.15%-ийн орчимд хэлбэлзэж байна. Хэдийгээр 2025 оны 12 дугаар сарын Хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) Үйлдвэрлэгчийн үнийн индексээс (PPI) шалтгаалан зах зээлийн хүлээлтээс өндөр гарсан ч харьцангуй тогтвортой байна.
Хэрэв энэхүү 2 индексийн зөрүү ихэсвэл (CPI нь PCE-ээс илүү өсөх) энэ нь нийт инфляц идэвхжиж буйн дохио юм. Харин зөрүү хумигдаж байвал инфляц саарч байгаа хэрэг. Иймээс энэ онд CPI өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад тогтвортой байх төлөвтэй байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн саарах, мөн CPI-д өндөр жин дардаг орон сууцны түрээсийн үнэ тогтворжих төлөвтэй байна. Түүнчлэн, эдийн засагчдын шинэчилсэн тарифаас улбаатай инфляц хөөрөгдсөн шинж тэмдэг одоогоор ажиглагдахгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “The One Big Beautiful Bill” хуулийн хүрээнд зарим томоохон дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төслүүд 2026 оноос бодитоор хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор АНУ-ын үйлдвэрлэлийн идэвхжилийн үзүүлэлтүүд сайжрах хандлага ажиглагдаж байна.
Үүний зэрэгцээ зах зээлийн “Гайхамшигт-7” хэмээн нэрлэгддэг томоохон технологийн компаниуд 2026 оны хөрөнгө оруулалтын зардлаа (CapEx) өмнөх жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн нь үйлдвэрлэл, дэд бүтэц, дата төв болон технологийн нийлүүлэлтийн сүлжээнд нэмэлт эрэлт үүсгэж байна. Ийнхүү шинэ захиалга өсөх, үйлдвэрлэлийн гарц нэмэгдэх, хөрөнгө оруулалтын мөчлөг дахин идэвхжих шинж тэмдгүүд ажиглагдаж байна.
---
3. АНУ-ын засгийн газар компаниудад тарифын нөхөн олговор өгөх үү?
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хэрэгжүүлсэн гадаад худалдааны бодлогын хүрээнд ногдуулсан нэмэгдсэн тарифуудын хууль зүйн үндэслэлд Дээд шүүхээс хууль бус хэмээн шийдвэрээ зарласантай холбоотойгоор тарифын бодлогын цаашдын хувь заяа тодорхойгүй байдалд орж байна.
Нэмэгдсэн тарифт хамгийн их өртсөн салбаруудын нэг болох олон улсын ложистик, тээврийн салбарт томоохон компаниуд хохирол амссан гэж үзэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг болох FedEx АНУ-ын Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжлэн шүүхэд өгсөн. Үүнтэй холбоотойгоор нэмэгдсэн тарифаас төвлөрсөн орлогыг тарифын улмаас санхүүгийн хохирол амссан компаниудад буцаан олгох эсэх асуудал яригдаж байна. Одоогийн байдлаар АНУ-ын Төрийн сангийн нэгдсэн дансанд тарифын нэмэгдлээс үүдэлтэй ойролцоогоор $175 тэрбумын орлого хуримтлагдсан гэх тооцоо бий.
Хэрэв нөхөн төлбөр өгөх шийдвэр гарвал эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
Хэрэв шүүхийн шийдвэрээр уг орлогын тодорхой хэсгийг буцаан олгох шаардлага үүсвэл Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл богино хугацаанд $150 тэрбум орчмоор буурч, улмаар санхүүгийн систем дэх мөнгөн урсгал нэмэгдэх боломжтой. Энэ нь богино хугацаанд зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, Засгийн газрын бондын гаргалтад нөлөөлөх, мөнгөний зах зээлийн хүүгийн түвшинд түр зуурын дарамт үүсгэх зэргээр эдийн засагт нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Хөрөнгийн зах зээл дэх нөлөөлөл
Харин хөрөнгийн зах зээлд богино хугацаанд зах зээл дэх хөрвөх чадвар нэмэгдэн, эрсдэлтэй хөрөнгүүд болох хувьцаа, крипто валют зэрэг нь богино хугацаанд дэмжлэг авч болзошгүй.
Харин дунд хугацаанд төсвийн алдагдалд дарамт нэмэгдэх, тарифын бодлогоос үүдэлтэй худалдааны тодорхойгүй байдал үргэлжилбэл бизнесийн хөрөнгө оруулалт саарах магадлалтай гэж харагдаж байна.
