Трамп Европын 8 улсад шинээр тариф тогтоолоо
Jan 19, 20261 day ago
70
4 мин

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

  1. Геополитик - Түүхий эдийн ханшийг дахин өсгөх үү

  2. Хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтууд

  3. Хөрөнгө оруулалтын зардлын өсөлт


    1. Геополитик - Түүхий эдийн ханшийг дахин өсгөх үү

Венесуэл - АНУ-ын томоохон газрын тос үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзалт хийсэн боловч одоогоор бодитой, ач холбогдолтой шийдвэр хараахан гараагүй байна. Үүний гол шалтгаан нь Венесуэлд газрын тос олборлох, боловсруулах дэд бүтэц шинээр байгуулахад асар өндөр зардал шаардлагатай бөгөөд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд гаргахад бэлэн компани одоогоор байхгүй. Түүнчлэн Венесуэлийн асуудал нь Хятад-АНУ-ын харилцааг улам хурцатгаж, хоёр улсын геополитикийн зөрчлийн нэг гол цэг болж байна.
Гренланд - Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч Доналд Трамп Европын зарим улсад 10%-ийн худалдааны тариф ногдуулж, хэрэв Гренландтай холбоотой тодорхой хэлэлцээрт хүрч чадахгүй бол 6 сарын 1-нээс уг тарифыг 25% хүртэл нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. Тариф тогтоосон орнуудын жагсаалтад Дани, Норвеги, Швед, Франц, Герман, Голланд, Финланд, Их Британи багтаж байна. Одоогоор Гренланд нь Данийн харьяанд өөртөө засах статустай бүс нутаг боловч АНУ-ын Трамп уг арлыг АНУ-ын эзэмшилд оруулах сонирхлоо удаа дараа илэрхийлсээр байгаа билээ.
Иран - АНУ ба Ираны харилцаа одоогоор ихээхэн хурцадмал хэвээр байна. АНУ Ираны дотоодын эсэргүүцлийг хүчээр дарсан, мөн цөмийн хөтөлбөрөө хязгаарлаагүй гэх үндэслэлээр эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлж байгаа бол Иран улс АНУ-ыг дотоод хэрэгт нь оролцож байна хэмээн буруутгаж, цэргийн хариу арга хэмжээ авах боломжтойг анхааруулж байна. Хоёр улс шууд зэвсэгт мөргөлдөөн хийгээгүй ч бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилж, дипломат шугамаар хурцадмал байдлыг намжаах оролдлогууд зэрэг явагдаж байна. Ойрх Дорнод нь дэлхийн нефтийн гол бүс нутаг тул зөрчил хурцдах үед нефтийн үнэ өсөх хандлагатай болж, энэ нь инфляц нэмэгдэх, шатахуун, тээврийн зардал өсөхөд нөлөөлдөг. Үүний зэрэгцээ АНУ–Ираны хурцадмал байдал нь хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, алт зэрэг аюулгүй хөрөнгийн эрэлтийг дэмжиж байна.
Хятад - АНУ-ын зүгээс олон улс оронтой зэрэгцэн хурцадмал харилцаа үүсгэж буй цаад гол зорилго нь түүхий эд, байгалийн нөөцийн нийлүүлэлтийн сувгаа төрөлжүүлэх, улмаар урт хугацаандаа Хятадаас нийлүүлэлтийн хараат бус байдлаа нэмэгдүүлэхэд оршиж байна. Харин Хятад улс өндөр технологийн салбарт хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд хиймэл оюун, кибер аюулгүй байдлын зарим гадаад программ хангамжийн импортыг хязгаарлаж, дотоодын өндөр түвшний программ хангамжийн салбарыг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримталж байна.
Ийнхүү Хятад-АНУ-ын хурцадмал байдал нэмэгдсэнээр тус хоёр улсын худалдааны хэмжээ 2026 он гармагц огцом буурсан байна.

Frame 1686553468.png---

2. Хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтууд

Хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт 2026 онд санах ойн чип, дата төвүүд, сүлжээний хүчин чадал дээр суурилна. Одоогоор хагас дамжуулагч, DRAM зэрэг техник хангамж үйлдвэрлэдэг болон хөгжүүлэлт хийдэг компаниудын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өндөр түвшинд хүрсэн.
Харин хамгийн их анхаарал татаж буй салбар нь цахилгаан эрчим хүч, сүлжээний дэд бүтэц юм. Дата төвүүдийн тоо, хүчин чадал дээр суурилсан эрэлт нэмэгдэхийн хэрээр тогтвортой, тасралтгүй цахилгаан хангамж зайлшгүй шаардлагатай болж, энэ нь эрчим хүчний компаниудын орлого, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлж байна.
Иймд хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын дараагийн шат нь “код, алгоритм”-аас илүү чип, дата төв, цахилгаан сүлжээ, бодит хөрөнгө оруулалтын зардал дээр төвлөрөх хандлагатай байна.

Frame 1686553471.png---

3. Хөрөнгө оруулалтын зардлын өсөлт

Дээр дурдсанчлан хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд санах ойн чип, дата төв, сүлжээ болон цахилгаан эрчим хүч зэрэг бодит физик дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтын зардлаа эрчимтэй нэмэгдүүлэх шаардлага улам тодорхой болж байна. 2026 он гарснаар энэ чиг хандлага бодитоор хэрэгжиж эхэлж, ялангуяа оны эхний хагаст CapEx (хөрөнгө оруулалтын зардал) цаашид ч өсөх хүлээлт зах зээлд давамгайлж байна.

Frame 1686553474.pngОдоогийн нөхцөлд хиймэл оюун ухаан болон автоматжуулалт нь хөдөлмөрийн хомсдол, тарифын дарамт, нийлүүлэлтийн саад зэрэг бэрхшээлүүдтэй тулгарч байгаа. CapEx-ийн идэвхжил бодит үйлдвэрлэл, дэд бүтцэд чиглэж байгаа нь олон жил үргэлжлэх хөрөнгө оруулалтын мөчлөг бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд бодлогын хүү өндөр, эдийн засгийн нөхцөл харьцангуй хатуу хэвээр байсан ч зах зээлийн идэвх гэнэт саарах бус, харин урт хугацааны, тэсвэртэй өсөлтийн хэлбэрт шилжих магадлал нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, технологи → CapEx → бүтээмж → бодит орлогын өсөлт гэсэн дам нөлөө нь эдийн засгийн мөчлөгийг уртасгах боломжтой.
CapEx-ийн өсөлт энэ онд үргэлжилж, бодит хөрөнгө оруулалтууд идэвхтэй хэрэгжвэл компаниудын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, улмаар цалингийн зардлаа нэмэгдүүлэх шаардлага 2027 оноос илүү тодорхой болох хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, эхний шатанд автоматжуулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт давамгайлах боловч эдийн засгийн идэвх тогтвортой хадгалагдвал 2027 онд цалингийн өсөлт нэмэгдэх суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Frame 1686553475.png---

Дүгнэлт: 2026 онд хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын хувьд цахилгаан эрчим хүчний салбар өндөр өгөөжтэй байх хүлээлттэй байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны өсөлтийг дагаж бий болж буй техник хангамж, цахилгаан зэрэг физик хүчин зүйлсээс ашиг хүртэх стратегийг илүүтэй сонгох болж байна. 

Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.