
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
АНУ–Хятадын дээд хэмжээний уулзалт.
Инфляцын дарамт: AНУ-ын макро эдийн засгийн орчин.
Антропик компанийн IPO 11 дүгээр сар болж хойшиллоо.
АНУ–Хятадын дээд хэмжээний уулзалт.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 9 дүгээр сарын 24-ний пүрэв гарагт Вашингтонд уулзахаар товлоод байна. Уулзалтын өмнөх бэлтгэл хэлэлцээний хүрээнд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн нар Нью-Йорк хотноо уулзаж, худалдаа, хиймэл оюун ухаан болон Ираны дайнтай холбоотой асуудлуудыг хэлэлцэв.
Хэлэлцээний нэг гол үр дүн нь хоёр улс хиймэл оюун ухааны асуудлаарх тусгай яриа хэлэлцээний механизм байгуулахаар тохиролцсон явдал байв. АНУ-ын талаас үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний хиймэл оюун ухаантай холбоотой ноцтой тохиолдол гарсан үед хоёр улс харилцан мэдээлэх AI notification mechanism бий болгох санал дэвшүүлжээ. Бессентийн тайлбарласнаар уг яриа хэлэлцээ нь хиймэл оюун ухааны хөгжлийн зорилго, боломж болон эрсдэлийн талаар хоёр талын нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэх юм. Харин уг мэдээлэх механизмын талаар Хятадын тал эцсийн байр сууриа одоогоор нийтэд тодорхой илэрхийлээгүй байна.
Худалдааны чиглэлд хоёр тал энэ оны тавдугаар сард эхлүүлсэн U.S.–China Board of Trade механизмыг бодитоор хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Энэхүү механизмын хүрээнд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоогүй бараа бүтээгдэхүүний тарифыг харилцан бууруулах боломжийг судалж байгаа бөгөөд эхний шатанд АНУ болон БНХАУ тус бүр ойролцоогоор 30 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг уг зохицуулалтад хамруулах талаар хэлэлцэж байна. Ингэснээр хоёр улсын худалдааны тодорхой хэсгийг тарифын дарамтаас чөлөөлж, харилцан худалдааг тогтворжуулах суурь нөхцөл бүрдэх боломжтой юм.
Инфляцын дарамт: AНУ-ын макро эдийн засгийн орчин
АНУ-ын эдийн засагт хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалт эрчимжиж, төсвийн өндөр алдагдал үргэлжилж буй энэ үед эрчим хүч, хүнсний үнийн өсөлт инфляцыг дахин өдөөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эдгээр хүчин зүйлс нэгэн зэрэг үргэлжилбэл АНУ-ын урт хугацааны Засгийн газрын бондын өгөөж дунд хугацаанд 6%-д хүрэх боломжтой байна.
Эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй гол хүчин зүйлсийн нэг нь хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалт болж байна. Amazon, Alphabet, Microsoft, Meta болон Apple гэсэн таван том технологийн компанийн хөрөнгийн зардал сүүлийн дөрвөн улиралд нийлээд $510 тэрбум болж, өмнөх дөрвөн улирлын 291 тэрбум ам.доллараас 75 орчим хувиар өссөн байна. Мөн дата төвийн дөрвөн томоохон хөгжүүлэгч ирээдүйн түрээс, барилга, эрчим хүч болон тоног төхөөрөмжид нийт $2.4 их наядтай тэнцэх хэмжээний зарцуулалтын үүрэг хүлээгээд байгаа нь хөрөнгө оруулалтын цикл цааш үргэлжлэх боломжтойг харуулж байна. Үүнийг 1990-ээд оны сүүл үеийн интернетийн хөрөнгө оруулалтын өсөлттэй цар хүрээгээр нь харьцуулсан бөгөөд өнөөгийн нөхцөлд үүн дээр төсвийн өндөр алдагдал давхардаж буйгаараа онцлог байна.

Гэвч өндөр өсөлт нь инфляцын эрсдэлийг дагуулж байна. Одоогийн бодит өсөлт дээр 2.5 хувийн инфляцыг нэмбэл нэрлэсэн өсөлт жилийн дүнгээр тооцсон улирлын хурдаар 7.5 хувь орчимд хүрч байгаа бөгөөд энэ нь цар тахлын дараах сэргэлтийг эс тооцвол сүүлийн хэдэн арван жилийн өндөр түвшний нэг юм. Үүний улмаас инфляц хэт халж, Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын хязгаарлалтаа удаан хадгалах шаардлага үүсэх эрсдэл нэмэгдэж байна.

Энэ дарамтыг эрчим хүчний зах зээл улам нэмэгдүүлж байна. АНУ-ын дизель түлшний жижиглэнгийн дундаж үнэ 2026 оны 9 сарын 19-ний байдлаар галлон тутамд 6.505 ам.долларт хүрч, түүхэнд анх удаа $6.29 хүрч, он гарснаар 80 гаруй хувиар өссөн байна. 9 сар гарснаас хойш үнэ 87 центээс илүүгээр өсөж, 2022 оны оргил түвшнээс давсан байна.

Дизелийн үнийн өсөлтийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн доголдол байна. АНУ–Ираны дайны улмаас Ормузын хоолойгоор дамжих тээвэр буурсан хэвээр байгаа бөгөөд бүс нутгийн түүхий нефтийн экспорт дайны өмнөх хэмжээнд бүрэн сэргээгүй байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ дизелийн экспортын ихэнх хэсгийг хориглож, Украины дроны довтолгоонууд Оросын боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагаанд дарамт учруулж байгаа нь олон улсын түлшний нийлүүлэлтийг улам хязгаарлаж байна.
Дизель түлшний үнэ өсөх нь зөвхөн тээврийн салбарын асуудал биш юм. Ачааны машин, хөдөө аж ахуйн техник, галт тэрэг, цахилгаан үүсгүүр, усан тээвэр болон халаалтын системүүд дизельд түшиглэдэг тул түлшний өндөр үнэ үйлдвэрлэл, ложистик болон хүнсний бүтээгдэхүүний өртөгт дамжин нөлөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнийн шок удаан үргэлжилбэл бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болон хэрэглэгчид хүргэх зардал нэмэгдэж, инфляцыг тогтвортой өндөр түвшинд хадгалах нэг суваг болж байна.
Энэ нөхцөл нь бондын зах зээлд шууд нөлөөлж байна. 30 жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын бодит өгөөж сүүлийн 18 орчим жилийн өндөр түвшинд хүрч, инфляцын хүлээлт мөн өсөх шинжтэй байгааг онцолжээ. 30 жилийн нэрлэсэн өгөөж 5.25%-иас дээш тогтож байгаа тул эхний дараагийн түвшнийг 5.50% гэж үзэж байгаа бөгөөд AI хөрөнгө оруулалтын өсөлт, төсвийн өндөр алдагдал болон эрчим хүчний хямрал хэвээр үлдвэл 6%-ийн өгөөж дунд хугацааны эрсдэлийн хувилбар хэвээр байна.

---
Антропик компанийн IPO 11 дүгээр сар болж хойшиллоо.
Хиймэл оюун ухааны Claude загварыг хөгжүүлэгч Anthropic компанийн орлогын өсөлт 2026 онд эрчимтэй хурдасч, оны эцэс гэхэд жилийн дүнгээр тооцсон орлогын хурд (annualized revenue run rate) $100 тэрбум давах төлөвтэй байна. Бизнесийн байгууллагууд Claude-ийг програмчлал, ажлын урсгал болон бусад байгууллагын хэрэглээнд өргөн нэвтрүүлж байгаа нь орлогын өсөлтийн гол хөдөлгөгч болж байна.
Үүний зэрэгцээ Anthropic хөрөнгийн зах зээлд гарах бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Анх 2026 оны 10 дугаар сард IPO хийхээр төлөвлөж байсан ч компанийн олон нийтэд арилжаалагдах хугацааг 11 дүгээр сар хүртэл нэг сараар хойшлуулсан байна.
Anthropic-ийн олон нийтэд гарах үйл явц нь зөвхөн компанийн хувьд бус, нийт хиймэл оюун ухааны салбарын хувьд анхаарал татах үйл явдал болж байна. Компанийн үнэлгээ $2 их наяд орчимд хүрч болзошгүй гэж зах зээл таамаглаж байгаа хэдий ч цаашдын үнэлгээнд орлогын өндөр өсөлтийг тогтвортой хадгалах чадвар, тооцооллын өндөр зардал, өрсөлдөөн болон хиймэл оюун ухааны зохицуулалт, аюулгүй байдлын асуудлууд гол хүчин зүйл болох төлөвтэй байна.
Дүгнэлт: АНУ-ын эдийн засагт нэг талаас технологийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа боловч нөгөө талаас төсвийн тэлэлт, эрчим хүчний нийлүүлэлтийн доголдол болон өндөр үйлдвэрлэл, тээврийн зардал инфляцын дарамтыг хадгалж байна. Хэрэв энэ хослол үргэлжилбэл эдийн засгийн хатуу бодлого удаан үргэлжилж, урт хугацааны бондын өгөөж өндөр хэвээр байх магадлал нэмэгдэнэ. Энэ нь Засгийн газрын болон компанийн бондын санхүүжилтийн өртөг, үл хөдлөх хөрөнгө болон өсөлтийн өндөр үнэлгээтэй хувьцааны үнэлгээнд дарамт үзүүлэхийн зэрэгцээ өндөр өгөөжтэй тогтмол орлогын хэрэгслүүдийн сонирхлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж болохоор байна.