
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
АНУ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өсөх төлөвтэй байна.
Хятадаас АНУ руу нийлүүлсэн ховор металын экспорт нэмэгдсэнгүй
АНУ-ын Азийн эдийн засаг дахь нөлөөлөл
Биткойны ханш энэ онд Холбооны Нөөцийн Сан (ХНС)-ийн бодлогын хүү буурах магадлалын индексийг дагаж буй дүр зураг ажиглагдаж байна. Учир нь зөөлөн мөнгөний бодлого нь ерөнхийдөө эрсдэлтэй хөрөнгө оруулалтын ангилалд эерэг нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна Д. Трампын эдийн засгийн бодлоготой холбоотойгоор 2025 оны 4 болон 10-р сард гарсан хөрөнгийн зах зээлийн уналтын үеэр дэлхийн нийт арилжааны хэмжээ 2 дахин нэмэгдсэн.
12 сарын 1-ны байдлаар Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 0.25-аар бууруулах магадлал 87.5% байна.
1. АНУ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний салбар өсөх төлөвтэй байна.
АНУ-ын Төв банк мөнгөний зөөлөн бодлого руу шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор АНУ-ын эдийн засаг ойрын ирээдүйд огцом сэргэлт үзүүлэх төлөвтэй байна. Үйлдвэрлэл болон үйлчилгээний идэвхжлийн индексүүдийг харахад сүүлийн саруудад 50-аас доош түвшинд байсан нь хатуу мөнгөний бодлого баримталж байсантай холбоотой юм.
2025 онд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд сонирхолтой дүр зураг ажиглагдаж байна. Трампын Засгийн газрын хэрэгжүүлж буй цагаачдын тоог бууруулах бодлогын нөлөөгөөр АНУ-ын уугуул иргэдийн ажил эрхлэлт нэмэгдэж, харин цагаач ажиллагчдын эзлэх хувь буурах хандлага үргэлжилж байна.
2025 онд томоохон компаниуд хиймэл оюун ухаантай холбоотой төсөл, дэд бүтцэд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Харин 2026 онд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд тогтворжиж, бусад салбарууд руу чиглэх хүлээлттэй байна. Ялангуяа Засгийн газрын гол бодлогын нэг болох дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлжээ.
Дээрх графикаас харахад АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн чухал үзүүлэлт болох ASA Staffing Index буюу түр ажлын байрны тоо өсөх хандлагатай байгаа нь үйлдвэрлэлийн идэвхжил эргэн нэмэгдэж байгааг илтгэнэ.
Мөн АНУ-ын банкуудын заавал байлгах нөөцийн шаардлага буурсан нь 2026 онд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбаруудад хүчтэй дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна. Шинжээчдийн тооцоолсноор, энэхүү зохицуулалтын өөрчлөлтөөр дамжин банкуудын зээл олголтоор зах зээлд 250–300 тэрбум ам.доллар хүртэл хэмжээний мөнгөн хөрөнгө орох боломжтой хэмээн үзэж байна.
2. Хятадаас АНУ руу нийлүүлсэн ховор металын экспорт нэмэгдсэнгүй
АНУ болон Хятад улс 10-р сард байгалийн ховор элементийн худалдааг нэг жилийн хугацаанд хэвийн үргэлжлүүлэхээр тохиролцсон ч, одоогоор ховор элементийн худалдаа бодитоор өссөн дүр зураг хараахан ажиглагдаагүй байна.
Иймээс АНУ-ын зүгээс “Operation Warp Speed–style” хөтөлбөрөөр ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг найрсаг орнуудад(Энэтхэг, Австрали, Вьетнам, Солонгос гэх мэт) төвлөрүүлэхийг зорьж байна.
Хятад улсын хувьд эдийн засгийн өсөлт удааширч, инфляц нэмэгдэх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт саарж байгаа нь БНХАУ-н улсын олон улсын худалдааны эргэлттэй шууд холбоотой. Харин инфляц өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл нь Хятад улс түүхий эдийн дэлхийн хамгийн том импортлогчдын нэг бөгөөд 2025 онд газрын тос, ховор элемент зэрэг гол нэр төрлийн түүхий эдийн үнэ өссөн явдалтай холбоотой гэж үзэж байна.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын дараагаар 2022–2024 онд олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгийн зах зээлээс их хэмжээний хөрөнгөө татаж эхэлсэн. 2025 онд томоохон технологийн компаниудын санхүүгийн тайлангууд хүчтэй гарч байгаа боловч хөрөнгийн зах зээл дээрх ханшийн гүйцэтгэл болон компанийн бодит үйл ажиллагааны үзүүлэлт хоёрын хооронд зөрүү хэвээр байна. Энэ зөрүү нь Хятадын компаниудын үнэлгээ цаашид өсөх боломж байсаар байгааг харуулж байна.
Хятадын CSI 300 индекс он гарснаас хойш 19.79% өсөөд байгаа нь S&P 500 индексийн өсөлтөөс 3%-иар илүүбайгаа юм.
3. АНУ-ын Азийн эдийн засаг дахь нөлөөлөл
АНУ болон Энэтхэгийн эдийн засгийн уялдаа сүүлийн саруудад эрчимтэй тэлж байна. АНУ–Хятадын худалдааны зөрчил гүнзгийрэхийн хэрээр Вашингтон “friend-shoring” буюу найрсаг түнш орнуудад үйлдвэрлэл, нийлүүлэлтээ шилжүүлэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа нь Энэтхэгийг стратегийн хувьд илүү чухал байр сууринд авчирч байна.
Солонгосын АНУ руу хийсэн экспорт, ялангуяа санах ой чипийн нийлүүлэлт огцом өссөн нь АНУ-ын үйлдвэрлэлийн идэвхжилийг таамаглах гол индикатор болж байна. АНУ-ын дотоодын чип үйлдвэрлэл эрэлтээ хангаж чадахгүй байгаа тул Солонгосын SK Hynix компани болон Micron Technology Inc компанийн Солонгос дахь үйлдвэрээс худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь Солонгосын экспортод хүчтэй өсөлт үзүүлж байна.
Дүгнэлт

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж