
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Өнгөрсөн 7 хоногт АНУ–Ираны мөргөлдөөн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар дараах 3 үндсэн сэдвийн хүрээнд нийтлэлийг бэлтгэлээ.
Доналд Трампын 48 цагийн шаардлага
Азийн импортлогчид гарц хайж, Ирантай хэлэлцээр эхлүүлэв
Зах зээлийн үнэлгээ ба эрсдэлийн орчин
1. Доналд Трампын 48 цагийн шаардлага
АНУ–Ираны мөргөлдөөн дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж, нөхцөл байдал улам хурцдаж, цар хүрээгээ тэлсээр байна. ЕрөнхийлөгчДоналд Трамп Ормузын хоолойтой холбоотойгоор Иранд шахалт үзүүлж, 48 цагийн дотор Ормузын хоолойг бүрэн нээхгүй тохиолдолд эрчим хүч, усан хангамжийн дэд бүтэц рүү чиглэсэн цохилт өгөх боломжийн талаар анхааруулав. BloombergTerminal-ийн мэдээлэлд Иранд 98 ширхэг эрчим хүч болон байгалийн хийн байгууламжууд үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын шинжээчдийн дунд бай болох магадлалтай объектуудын нэгээрBushehr цөмийн эрчим хүчний дэд бүтэцийн нэр дурдагдаж байна.
Ираны байр суурь: Ираны тал уг мэдэгдлийг эсэргүүцэж, Ормузын хоолойн тээврийг нээхгүй хэмээж, өөрийн нутаг дэвсгэр дэх дэд бүтэц рүү довтолгоо хийвэл бүс нутгийн газрын тос, хийн объектууд руу хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.
Дайны хажуугаар дажин: Үүнтэй зэрэгцэн, АНУ Ойрх Дорнодод анхаарлаа төвлөрүүлж байх хооронд БНХАУ Тайванийн орчимд цэргийн хүчээ нэмэгдүүлсэн нь геополитикийн эрсдэлийг бүс нутгаас давж тэлэх дохио болж байна.
Газрын тосны ханш АНУ–Ираны зөрчил хурцадсанаас хойш ойролцоогоор 55%-иар өсөөд байна. Түүнчлэн Доналд Трампын сүүлийн мэдэгдлийн дараа даваа гарагийн байдлаар Европын бирж дээр Brent төрлийн нефтийн фьючерс 1.6%-иар өсөж $112-д, харин АНУ-ын бирж дээр WTI фьючерс 3%-ийн өсөлттэйгөөр $99 орчимд арилжаалагдаж байна.
Хэрэв ойрын 48 цагийн дараа АНУ–Израил–Ираны зөрчил цаашид даамжирвал газрын тосны ханш богино хугацаанд огцом өсөхөөс гадна өндөр түвшинд хадгалагдах эрсдэл нэмэгдэнэ.
---
2. Азийн импортлогчид гарц хайж, Ирантай хэлэлцээр эхлүүлэв
Ормузын хоолойн саатал уртсаж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд дарамт үүсэхийн хэрээр Азийн томоохон импортлогч орнууд гарц хайж эхэллээ. 2025 оны байдлаар тус хоолойгоор дамжин тээвэрлэгдсэн газрын тосны ойролцоогоор 85%-ийг Азийн орнууд хүлээн авдаг бөгөөд үүнд Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос улсууд дийлэнх хувийг бүрдүүлдэг.
Газрын тос, байгалийн хий импортлогч эдгээр орнууд АНУ–Ираны хурцадмал байдлаас үүдэлтэй нийлүүлэлтийн тасалдал, үнийн өсөлтийн шууд дарамтад орж, өөр хувилбаруудыг эрэлхийлэхэд хүрч байна. Зарим улс орнууд Ирантай шууд хэлэлцээ хийж, далайн тээврийн аюулгүй байдлаа хангахыг зорьж байна. Үүний хүрээнд Энэтхэг улс шингэрүүлсэн түлш (LPG)-ийн хомсдолыг бууруулах зорилгоор дор хаяж хоёр каргог аюулгүй хүлээн авах тохиролцоонд хүрсэн бөгөөд уг хэлэлцээрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэгийн ерөнхий сайд Ираны ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр баталгаажуулсан байна.
Мөн Ираны хяналт дор хязгаарлагдмал байдлаар тээвэр сэргэсэн шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн бөгөөд Пакистан чиглэлийн нефтийн усан онгоцууд өмнөх 7 хоногт Ормузын хоолойгоор нэвтэрсэн бол Турк улсад мөн адил зөвшөөрөл олгогдсон байна.
---
3. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ба эрсдэлийн орчин
Доорх график нь S&P 500 индексийг эдийн засгийн эрсдэлийн индекстэй харьцуулан харуулсан болно. АНУ–Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш S&P 500 индекс ойролцоогоор 7%-иар буурсан ч сүүлийн нэг жилийн дундаж түвшин болох 6,421 нэгжээс дээгүүр хэвээр байна.
Энэхүү харьцуулалтаас харахад S&P 500 болон эрсдэлийн индексийн хоорондын зөрүү багасах тусам зах зээл бодит нөхцөл байдалд ойртож, илүү “шударга үнэлэгдсэн” гэж дүгнэдэг. Харин одоогийн нөхцөлд эрсдэлийн индекс өсөх хандлагатай байгаа нь зах зээлд эрсдэл давамгайлж эхэлснийг илтгэнэ. Гэсэн хэдий ч энэ түвшин нь өнгөрсөн оны худалдааны дайны үеийн огцом стрессийн нөхцөлтэй харьцуулахад харьцангуй нам хэвээр байгаа юм.
Иймд дүгнэвэл: Сүүлийн нэг сарын хугацаанд зах зээл уналттай байсан ч өндөр түвшинд хадгалагдаж байна. Үүний зэрэгцээ эрсдэлийн индекс огцом өссөн ч хоёр үзүүлэлтийн зөрүү (spread) дундаж түвшинд байгаа бөгөөд ойрын хугацаанд зах зээлийн савлагаа өндөр байх, тодорхой чиглэлгүй хэлбэлзэл үргэлжлэх магадлалтай байна. Ийм орчинд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө геополитикийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглах нь зүйтэй. Харин S&P 500 индекс 6,421 нэгжийн түвшнээс доош буувал богино хугацаанд өсөлтийн тренд алдагдаж, эрсдэлийн төлөв илүү давамгайлж тренд эргэх боломжтой гэж харагдаж байна.
Хувьцааны зах зээлээс 1 өдрийн дотор $34 тэрбум гарсан байна.
Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активуудаас гарч, “flight to quality” урсгал эрчимжиж байна. Зөвхөн өнгөрсөн баасан гарагт гэхэд ойролцоогоор $28 тэрбумын хөрөнгө сангуудаас гарч, нийт $34 тэрбум орчим хөрөнгө хувьцааны зах зээлээс гарсан байна.
Харин орох мөнгөн урсгалыг ажиглавал, хөрөнгө оруулагчид хэрэглээний суурь бүтээгдэхүүнүүд болон АНУ-ын Засгийн газрын бонд зэрэг харьцангуй тогтвортой, эрсдэл багатай актив руу хөрөнгөө шилжүүлэх хандлага илт нэмэгдэж байна.
