
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

How can we help?
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Бонд арилжаа
Хувьцааны арилжаа
Санхүүжилт
Түгээмэл асуултууд

Нийтлэлийн агуулга:
Усны хомсдол нь цаашид зөвхөн байгаль орчны асуудлаар хязгаарлагдахгүй. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт, компаниудын ашигт ажиллагаа, зээлийн эрсдэл, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох стратегийн хүчин зүйл болж байна. 2030 он гэхэд дэлхийн цэвэр усны эрэлт тогтвортой хангах боломжтой нийлүүлэлтээсээ 40 хувиар давах төлөвтэй байгаа аж.
Ийм нөхцөлд уснаас өндөр хамааралтай салбаруудын үйлдвэрлэлийн зардал өсөх, үйл ажиллагаа саатах, ашигт ажиллагаа буурах, улмаар хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчдийн эрсдэлийн үнэлгээ өөрчлөгдөх магадлал нэмэгджээ. Нөгөө талаас ус цэвэршүүлэх, дахин ашиглах, давсгүйжүүлэх, алдагдал илрүүлэх зэрэг шийдлүүд шинэ хөрөнгө оруулалтын томоохон чиглэлийн эхлэл болж байна.
---
Олон бүс нутагт усны хэрэглээ байгалийн нөхөн сэргээгдэх хэмжээнээс давж эхэлсэн тул НҮБ үүнийг усны “Дэлхийн Дампуурлын Үе” гэж тодорхойлсон. Усны хомсдолын нөлөө улам гүнзгийрвэл 2050 он гэхэд дэлхийн ДНБ-ийг 8 хүртэл хувиар бууруулах эрсдэлтэй байна.
Өнөөдөр дэлхий даяар 6 тэрбум гаруй хүн усны өндөр болон маш өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч байгаа. Мөн дэлхийн тариалангийн газрын 25–40 хувь, усалгаатай тариалангийн газрын 60 хувь усны дарамтад өртөх боломжтой бөгөөд энэ нь хүнсний үйлдвэрлэл, түүхий эдийн үнэ, хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд шууд нөлөөлөх эрсдэлтэй юм.
Компанийн тайлан, олон нийтэд нээлттэй мэдэгдлүүдэд усны эрсдэлийн тухай дурдагдах тоо нэмэгдэж байгаа нь энэ асуудал түр зуурын цаг уурын шок биш, харин бизнесийн бүтцийн эрсдэл болж буйг харуулж байгаа. Тухайлбал, “усны хомсдол” гэх дурдлагын тоо компанийн тайлангуудад өссөн нь дата төв, үйлдвэрлэл, хүнс, эрчим хүч зэрэг салбаруудын усны эрсдэлийг илүү анхаарч эхэлснийг баталж байгаа билээ.
---
Усны хомсдолын хамгийн том орхигддог тал нь байгаль орчны шууд хохирол юм. Намгархаг газар, гол мөрний сав газар, гүний усны нөөц доройтох нь зөвхөн экосистемийн асуудал биш хүн амын амьжиргаа, хот байгуулалт, хөдөө аж ахуй, даатгалын салбарт хүртэл дарамт үүсгэдэг.
Намгархаг газрын алдагдлаас үүдэх экологийн хохирол 5 их наяд ам.доллараас давчихаад байгаа ба гүний усыг хэт ашигласнаас шалтгаалсан хөрсний суулт дэлхийн гадаргын 5 хувьд нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь барилга байгууламж, дэд бүтэц, даатгалын зардалд шинэ эрсдэл бий болгож байна.
Усны хомсдолд хамгийн их өртөх салбарууд нь эрчим хүч, дата төв, хөдөө аж ахуй, уул уурхай, хүнд үйлдвэр, химийн үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэрлэүүд багтаж байна. Эдгээр салбар үйлдвэрлэл, хөргөлт, боловсруулалт, түүхий эдийн олборлолт, угаалт, чанарын хяналт зэрэг олон шатанд уснаас шууд хамааралтай байдаг.
Тухайлбал, 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 36 хувь, дата төвүүдийн хүчин чадлын 42 хувь усны өндөр болон маш өндөр дарамттай бүс нутагт байршина гэж тооцоолжээ. Энэ нь хиймэл оюун ухаан, цахилгаан эрчим хүчний зах зээл, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд саад учруулж болзошгүй аж.
---
Хиймэл оюун ухааны хэрэглээ огцом өсөхийн хэрээр дата төвүүдийн цахилгаан болон хөргөлтийн хэрэгцээ нэмэгдэж байдаг. Дата төвүүд серверүүдийг хөргөхийн тулд их хэмжээний ус ашигладаг бөгөөд усны хомсдолтой бүсэд байрлах тохиолдолд зөвшөөрөл авах, өртөг зардлаа хянах, тогтвортой ажиллахад томоохон сорилт үүснэ.
AI-ийн хэрэглээ дангаараа 2027 он гэхэд 4–7 тэрбум шоо метр усны нэмэлт таталт үүсгэж болзошгүй ба 2030 он гэхэд дэлхийн дата төвүүдийн 35 гигаватт орчим хүчин чадал буюу нийт хүчин чадлын 42 хувь нь усны өндөр болон маш өндөр дарамттай бүсэд байрших төлөвтэй байгаа учир ус бага ашигладаг эсвэл усны ууршилт бараг үүсгэдэггүй хөргөлтийн технологи улам чухал болж байна. Closed-loop cooling, liquid immersion cooling зэрэг технологи нь уламжлалт ууршилттай хөргөлтөөс усны хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломжтой бөгөөд дата төвийн байршил сонголт, зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл болох юм.
---
Усны эрсдэл зөвхөн нөөцийн дутагдлаас гадна үйлдвэрлэл, уул уурхай, газрын тос, химийн салбар, хотын бохир усны менежментээс үүдэлтэй бохирдол нь ашиглах боломжтой цэвэр усны хэмжээг улам багасгадаг.
Ялангуяа PFAS буюу байгальд удаан задардаг “forever chemicals”-ийн бохирдлыг цэвэрлэх зардал ирэх жилүүдэд огцом өсөх төлөвтэй байна. PFAS болон холбогдох усны бохирдлыг цэвэрлэх нийт зардал 2021–2040 онд 300 тэрбум ам.долларт хүрч ус цэвэршүүлэх байгууламж, шүүлтүүр, бохир ус боловсруулах технологи, хяналтын системийн эрэлтийг нэмэгдүүлнэ.
Дэлхийн эдийн засгийн форумын тооцоогоор ус цэвэршүүлэх болон дахин ашиглах шийдлүүдэд 2040 он хүртэл дэлхий даяар 1 их наяд евро орчим хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
---
Усны хомсдол нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээгээ зөв удирдаж чаддаг компаниудын давуу тал илүү тодорох болно. Судалгаанд 500 сая ам.доллараас дээш зах зээлийн үнэлгээтэй 438 химийн компанийг хамруулан шинжлэхэд усны хэрэглээний үр ашиг өндөртэй компаниуд 2023 оны 1-р сараас 2026 оны 1-р сар хүртэлх хугацаанд үр ашиг багатай компаниудаас ойролцоогоор 11 нэгж хувиар илүү өгөөж үзүүлжээ.
Энэ нь усны менежмент зөвхөн байгаль орчны хариуцлагын асуудал биш, харин компанийн санхүүгийн гүйцэтгэл, хөрөнгө оруулагчдын үнэлгээ, өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйл болж байгааг харуулж байна. Усны үр ашигтай хэрэглээ нь зардал бууруулах, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, зохицуулалтын эрсдэлээс хамгаалах давуу талтай байдаг.
---
Усны хомсдол зөвхөн компаниудын үйл ажиллагаанд бус, тэднийг санхүүжүүлдэг банк, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээнд ч нөлөөлж эхэлжээ. Ус их хэрэглэдэг уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, химийн үйлдвэрлэл зэрэг салбаруудын үйл ажиллагаа доголдох үед зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн чанар, даатгалын зардалд дарамт үүсэх боломжтой.
77 глобал банкны ус их хэрэглэдэг 8 салбарт олгосон зээлийн хэмжээ ойролцоогоор 743 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь усны хомсдолыг компанийн түвшний үйл ажиллагааны эрсдэлээс давсан, санхүүгийн системийн эрсдэл болгон авч үзэх шаардлагатайг харуулжээ.
Иймээс банкууд зээлийн шалгуур, ESG үнэлгээ, салбарын эрсдэлийн жин, даатгалын нөхцөлдөө усны эрсдэлийг илүү идэвхтэй тусгах хандлагатай байна. Усны хомсдолд илүү өртөмтгий, эсвэл усны менежмент сул компаниудын санхүүжилтийн өртөг өсөх магадлалтай.
---
Усны эрсдэл нэмэгдэхийн хэрээр төрийн бодлого, стандарт, тайлагналын шаардлага чангарах хандлагатай байна. Европын холбоо хотын бохир ус цэвэршүүлэх шинэ шаардлагуудыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бол АНУ ундны усан дахь PFOA, PFOS буюу PFAS-ийн гол нэгдлүүдийн зохицуулалтыг чангатгаж байна.
2027 онд Европын холбооны Urban Wastewater Treatment Directive-ийн шинэчилсэн шаардлагууд хэрэгжих, 2031 он гэхэд АНУ-ын ундны усны системүүд PFAS-ийн шинэ зохицуулалтад нийцэх шаардлагатай болохыг онцолжээ. Энэ нь ус их хэрэглэдэг болон ус бохирдуулах эрсдэлтэй компаниудад нэмэлт хөрөнгө оруулалт, тайлагнал, технологийн шинэчлэл шаардана.
Цаашид усны чанар, усны хэрэглээ, дахин ашиглалт, бохир усны хяналт, нийлүүлэлтийн сүлжээний усны ул мөр зэрэг үзүүлэлтүүд компанийн ESG тайлан, зээлийн үнэлгээ, зөвшөөрөл авах үйл явцад илүү чухал байр суурь эзлэх магадлалтай байгааг харуулж байна.
2026–2036: Усны салбарын бодлого, зохицуулалтын өөрчлөлтүүд:
• 2026 оны 10-р сар: Биологийн олон янз байдлын асуудлаарх НҮБ-ын COP 17 уулзалтууд усны нөөцийг хамгаалахад нөлөөлөх шинэ хэлэлцээрүүдэд хүргэж болзошгүй.
• 2026 оны сүүл: Колорадо мөрний ус хуваарилах гэрээний хугацаа дуусахаас өмнө хэлэлцээ эсвэл холбооны түвшний шинэ санал гарах боломжтой.
• 2026 оны 12-р сар: НҮБ-ын Усны бага хурал Тогтвортой хөгжлийн зорилго 6 буюу Цэвэр ус ба ариун цэврийн байгууламжийн хэрэгжилтэд чиглэнэ.
• 2027 он: Европын Холбооны орнууд шинэчлэгдсэн Хот суурин газрын бохир ус цэвэрлэх удирдамжийг хэрэгжүүлэх хууль батлах шаардлагатай. Үүнд үйлдвэрлэгчийн хариуцлагыг өргөтгөх зохицуулалт багтана.
• 2030 он: COP 15-ын хүрээнд өгсөн дэлхийн газар нутаг, цэвэр ус, далай тэнгисийн 30%-ийг хамгаалах амлалтыг биелүүлэх эцсийн хугацаа.
• 2031 он: АНУ-ын ундны усны системүүд “мөнхийн химийн бодис” гэж нэрлэгддэг PFОA болон PFОS бодисын менежменттэй холбоотой шинэ зохицуулалтыг дагаж мөрдөх шаардлагатай.
• 2036 он: АНЭУ-ын Усны аюулгүй байдлын стратегийн хүрээнд усны хэрэглээг 21%-иар бууруулж, цэвэршүүлсэн усыг дахин ашиглах хэмжээг 95%-д хүргэх зорилт тавьсан.
Усны хомсдол нь нэг талаас эрсдэл боловч нөгөө талаас шинэ хөрөнгө оруулалтын боломж үүсгэж байна. Ус цэвэршүүлэх, дахин ашиглах, давсгүйжүүлэх, ухаалаг тоолуур, алдагдал илрүүлэх, усны чанарын хяналт, ус бага хэрэглэдэг үйлдвэрлэлийн технологи хөгжүүлдэг компаниуд ирэх жилүүдэд илүү эрэлттэй болох хүлээлттэй байна.
Харин ус их хэрэглэдэг боловч үр ашиг муутай компаниудын хувьд үйлдвэрлэлийн зардал өсөх, ашигт ажиллагаа буурах, зээлийн эрсдэл нэмэгдэх, хөрөнгө оруулагчдын шахалттай тулгарах магадлал өндөр гарчээ.
---
Усны хомсдол нь зөвхөн байгаль орчны асуудал биш, харин дэлхийн эдийн засаг, эрчим хүч, хиймэл оюун ухаан, хүнс, уул уурхай, үйлдвэрлэл, санхүүгийн системд зэрэг нөлөөлөх системийн эрсдэл болж байна. Усны нөөц багасах, бохирдол нэмэгдэх, зохицуулалт чангарах, дата төв болон эрчим хүчний эрэлт өсөхийн хэрээр компаниудын өрсөлдөх чадвар усны менежментээс улам их хамаарах болно.
Ирэх жилүүдэд усны эрсдэлийг зөв удирдаж чадсан компаниуд зардал, зөвшөөрөл, санхүүжилт, хөрөнгө оруулагчдын итгэлийн хувьд давуу талтай болох бол усны хэрэглээ өндөр, үр ашиг муутай компаниудын хувьд энэ нь ашигт ажиллагаа болон үнэлгээнд шууд дарамт болох төлөвтэй байна.