Судалгаа

Биотехнологийн салбарын судалгаа

Биотехнологийн салбарын судалгаа

Биотехнологи нь шинжлэх ухааны мэдлэг, туршилтын аргууд дээр тулгуурлан амьд организм, эд эсийг ашиглан шинэ технологи, бүтээгдэхүүн боловсруулах шинжлэх ухааны салбар юм. Энэ нь шинэ эм бэлдмэл, сайжруулсан ургамлын сорт, амьтны үүлдэр гаргах зэрэг өргөн хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл, байгалийн шинжлэх ухааныг инженерийн ухаантай хослуулан хүний хэрэгцээнд нийцсэн инновацын бүтээгдэхүүн бүтээх зорилготой салбар юм.


Биотехнологийн салбарын хөгжил
Биотехнологийн үүсэл хөгжил нь ойролцоогоор 6,000 жилийн өмнөх хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээс эхтэй. Хүмүүс тухайн үед исэлтийн процессыг ашиглан талх, шар айраг, бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Харин орчин үеийн биотехнологийн үндэс 1960–1970-аад онд тавигдсан гэж үздэг. Тэр үед Robert A. Swanson болон Herbert W. Boyer нарын санаачилгаар анхны биотехнологийн компаниуд АНУ-д байгуулж, генийн инженерчлэлийн аргаар бүтээгдсэн анхны эм, бэлдмэлийг зах зээлд гаргаж эхэлсэн нь салбарын шинэ эрин үеийг нээсэн юм.
Салбарын хамгийн чухал нээлтүүд

  1. Антибиотик (1928 он)– Бактериудын өсөлт, үржлийг зогсоох, устгах эмийн бүтээгдэхүүнүүд бөгөөд антибиотикийн нээлт (ялангуяа пенициллин) нь 20-р зуунд халдварт өвчний нас баралтыг эрс бууруулсан, анагаах ухааны хамгийн том хувьсгалуудын нэгд тооцогддог.
  2. Генийн секвенс (1961 он)– ДНХ-ийн “үсэг” болох A, T, C, G дарааллыг уншиж, геномын бүтцийг яг ямар дарааллаар байгааг тогтоох процессыг хэлнэ. Үүний ачаар өвчний шалтгаан, удамшлын онцлог, хувь хүний эмчилгээний боломжийг нарийвчлан судлах боломжтой болсон.
  3. mRNA/messenger RNA/ (1977 он)– Эсийн дотор ДНХ дээрх мэдээллийг уншаад, уураг үйлдвэрлэх “зааварчилгаа”-г зөөж дамжуулдаг молекул. mRNA вакцинууд энэ механизмыг ашиглан биед тодорхой уургийг түр хугацаанд үйлдвэрлүүлж, дархлааг сургаж хамгаалалт үүсгэдэг.
  4. CRISPR (2012 он)– ДНХ-ийн тодорхой хэсгийг “олж, хайчилж, засварлах” боломж олгодог ген засварлах технологи. CRISPR-ийн хөгжлөөр өвчин үүсгэдэг генийн гажгийг засах, шинэ эмчилгээ, таримал ургамал, микробиологийн олон шинэ хэрэглээг нээх потенциал гарч ирсэн.

Биотехнологи ашиглагддаг гол салбарууд

1.png2.png---

Биотехнологийн салбарын зах зээл 2030 онд 1 их наяд хүрнэ

3.pngДэлхийн биотехнологийн салбарт Хойд Америк буюу АНУ болон Канад улсууд тэргүүлж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар $483 тэрбумын үнэлгээнд хүрэв. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар тус салбар нь жилийн 13%-ийн өсөлттэйгөөр 2030 он гэхэд $1 тэрбумд хүрэх тооцоололтой байна.


Эрүүл мэндийн салбар дахь биотехнологийн хөгжил

Биотехнологи нь дээрх хүснэгт 1 дээр үзүүлсэнчлэн маш олон салбарын тулгуур юм. Энэхүү судалгаагаар эрүүл мэндийн салбарт биотехнологийн хөгжил, хэрэглээ, түүнчлэн зах зээлийн хэмжээ болон өсөлтийн боломжийг авч үзнэ. Тус зах зээлийн гол өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйл нь хүн төрөлхтний хөгшрөлт бөгөөд зарим судлаачид хөгшрөлтийг хүн төрөлхтний одоогоор эмчилж чадаагүй ч эмчлэх боломжтой өвчнүүдийн нэг гэж үзэж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарт биотехнологийн хэрэглээг ерөнхийд нь генетик инжежрчлэл болон эд, эс инженерчлэл гэсэн хоёр үндсэн чиглэлд ангилан авч үзэж болно.


1. Генетик инженерчлэл гэж юу вэ?

4.pngГенетик инженерчлэл гэдэг нь амьд организмын генетикийн мэдээлэл (ДНХ, РНХ)-ийг зориуд өөрчлөх, засварлах, шинээр зохиох үйл явцыг хэлнэ. Байгалиараа байдаг генийг нэмэх, хасах, засах үйлдлээр өвчнийг эмчлэх, ургамлын ургацыг нэмэгдүүлэх, микробыг ашиглаж түлш, материал, химийн бодис үйлдвэрлэх гэх мэт шинэ чадварууд олгох. Үүнийг CRISPR, TALEN, ZFN, рекомбинант ДНХ гэх мэт олон аргуудаар хийдэг.
Генетик инженерчлэлийн хэрэглээ

  • Ген эмчилгээ, ген засвар: Удамшлын өвчин (ж/нь: цус багадалт, нүдний өвчин, дархлалын эмгэг)-д өвчилсөн генийг засах, орлуулах.
  • Хорт хавдрын эмчилгээ: CAR-T эмчилгээ буюу өвчтөний T-эсийг генийн инженерчлэлээр өөрчилж, хавдрын эсийг таньж устгадаг. Мөн ирээдүйд CRISPR-ээр илүү нарийвчлалтай, бага гаж нөлөөтэй хавдрын эмчилгээ хөгжиж байна.
  • Эм бэлдмэл: Инсулин, өсөлтийн даавар, коагуляцийн фактор, моноклональ эсрэг бие гэх мэт эмүүдийг бактер, мөөг, эсийн шугамд ген оруулж үйлдвэрлэдэг. Мөн вакцин (мРНХ вакцин, рекомбинант уурагт вакцин) хөгжүүлэхэд бас өргөн ашиглагдана.

Генетик инженерчлэлийн зах зээл

2024 оны байдлаар дэлхийн генетик инжерчлэлийн зах зээлийн үнэлгээ $1.58 тэрбум байгаа бөгөөд жилийн дундаж өсөлт нь 6.11% байгаа юм. Энэхүү дундаж өсөлтөөр тооцоход 2030 он гэхэд ойролцоогоор $2.26 тэрбум, 2035 он гэхэд $3 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Зах зээлийн дийлэнх хувийг АНУ, Канад, Мексик улсууд эзэлж байна.

5.png---

2. Эд, эс инженерчлэл /Tissue ingenering& regeneration/

6.pngЛабораторид хүний олон төрлийн эдийг бодитой загвар хэлбэрээр ургуулж чаддаг, зарим энгийн эд (арьс, мөгөөрс, нүдний эвэрлэг гэх мэт) эмнэлэгт ашиглагдаж эхэлсэн, харин бүхэл эрхтэн (зүрх, элэг, бөөр) бүрэн хэвийн ажиллах түвшинд хүртэл хараахан хүрээгүй, шилжилтийн шатандаа явж байна.
Эд, эс инженерчлэлийн хэрэглээ:

  • Хиймэл арьс: Шарх, түлэгдэлт, чихрийн шижинтэй холбоотой шарх эдгээхэд ашигладаг эс агуулсан, эсгүй хиймэл арьсны бүтээгдэхүүнүүд олон жил хэрэглэгдэж байна.

  • Мөгөөрс ба ясны эд: Өвдөгний үеийн мөгөөрсний гэмтэлд хагалгааны үед өөрийн эс болон биоматериал ашиглан нөхөн сэргээх технологиуд клиникт байдаг. Эдгээр нь эд, эс инжерчлэлийн эрт үеийн амжилттай жишээ.

  • Нүдний эвэрлэг: Эвэрлэгийн үүдэл эсийн суулгац нь зарим оронд батлагдсан стандарт эмчилгээ болж, сохролтоос сэргийлэхэд ашиглагдаж байна.

Cell therapy/gene–cell терапи: CAR-T, үүдэл эсийн суулгалт гэх мэт нь аль хэдийн зах зээлд гарсан, зарим том компани (жишээ нь Bayer) Паркинсоны өвчин зэрэгт нейрон эс суулгах клиник III шатны туршилт хийж байна.
Дээрх хэрэглээний хүрээ нь зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглээнүүд бөгөөд өнөөдрийг хүртэл зүрх, элэг, бөөрийг бүхэлд нь бүтээгээд хүний биед суулгасан, олон дахин давтагдсан амжилттай тохиолдол байхгүй. Одоогоор лабораторид, амьтанд амжилттай ажиллаж байгаа ч хүний эмчилгээнд ашиглаж эхлэхэд хугацаа хэрэгтэй байгааг эрдэмтэд онцолсон байна.

Эд, эсийн инженерчлэлийн зах зээл
2024 оны байдлаар дэлхийн эд, эс инжерчлэлийн зах зээлийн 54%-ийг АНУ тэргүүтэй Хойд Америкийн бүс нутаг эзэлж байгаа бөгөөд одоогоор хүний элэг, уушиг зэрэг эрхтэнүүдийг 3D-ээр хэвлэх ахисан түвшний инженерчлэлээр тэргүүлж, зөвшөөрөл авах шатандаа улам ойртсоор байна.
Европын бүс Хойд Америкийн араас орох бөгөөд тухайн бүсийн зах зээлийн өсөлтийн гол хүчин зүйл нь хүн амын хөгшрөлт бөгөөд эрүүл мэндийн салбарт Герман, Итали, Франц улсууд ихээхэн хөрөнгө зарцуулж байна.
Харин хамгийн хурдтай буюу жилийн 19.04%-ийн дундаж өсөлттэй бүс нь Япон тэргүүтэй Ази Номхон Далайн бүс байна.

7.png---

Салбарын эрсдэл болон ирээлүйн хүлээлт

Эрсдэл: Тус салбарын хамгийн том сорилт нь судалгаа хөгжүүлэлтийн зардал өндөр байдаг нь салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд компаниудад санхүүгийн хүндрэл бий болгох эрсдэл үүсгэдэг. Мөн зөвшөөрөл олгох засгийн газрын байгууллагуудын зүгээс хүн төрөлхтний аюулгүй байдалтай холбоотой биотехнологийн дэвшилтэт технологиудад тавигдах шаардлага, хууль эрх зүй, ёс зүйн асуудлууд яригддаг.

Ирээдүйн өсөлтөд нөлөөлөх голлох хүчин зүйлс: Сүүлийн жилүүдэд тус салбарын судалгаа, хөгжүүлэлтийн хурд нь хиймэл оюун ухаан, machine learning-ийн тусламжтай эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүний хамгийн тод жишээ нь CRISPR 2.0 буюу хиймэл оюун ухааныг CRISPR технологид нэгтгэсэнээр илүү нарийвчлалтай, аюулгүй, үр дүнтэйгээр генетикийг засварлах боломж бүрдсэн юм. 2024 онд энэхүү нээлт нь Нобелийн химийн шинжлэх ухааны салбарт шагнал хүртсэн.


Хөрөнгө оруулах боломжууд

  1. ALPS Medical Breakthroughs ETF (NYSE: SBIO) - Эрсдэл даах дуртай хөрөнгө оруулагчдад санал болгож буй ETF бөгөөд энэ нь жижиг зах зээлийн үнэлгээтэй биотехнологийн компаниудаас бүрдсэн багц юм. Эдгээр компаниуд нь эмийн бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл эрхэлдэг. Одоогоор тус компаниудаас гаргасан бүтээгдэхүүн, эмчилгээнүүд нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-ны 2 болон 3-р шатны клиник туршилтын үе шатанд явж байгаа тул эрсдэл болон боломжит өгөөж нь аль аль нь өндөр байх магадлалтай хөрөнгө оруулалт гэж үзэж болно.

8.pngSBIO багцад байгаа компаниуд ховор өвчин, DREEN(арьс, амьсгал, нүд, чих, мэдрэлийн өвчин), хорт хавдар, зурх судасны өвчин зэрэг хүн төрөлхтний хараахан бүрэн дүүрэн судалж чадаагүй, эмчилгээ нь бүрэн судлагдаагүй үндсэн 4 секторт төвлөрч байна. Мөн тус багцад хамаарах компаниуд дийлэнх нь буюу 88% нь АНУ-ын компаниуд юм.

  1. State Street SPDR S&P Biotech ETF (NYSE: XBI) - S&P 500 индексэд багтсан биотехнологийн салбарын компаниуд багтсан бөгөөд биотехнологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх АНУ-ын шилдэг компаниуд болно. Эрсдэл, өгөөжийн хувьд SBIO-тэй харьцуулахад маш тогтвортой ETF юм. Хэрэв та урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийх зорилготой, өөрийн хөрөнгө оруулалтын багцдаа эрүүл мэндийн салбараас нэмэх бодолтой байгаа бол энэхүү ETF нь хамгийн зөв сонголтуудын нэг юм.

    9.png

    10.png

11.png---

Дүгнэлт:
Биотехнологи нь хүн төрөлхтөнд олон салбарт бодит үр өгөөжөө өгч байгаа бөгөөд тэр дундаа эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн дэмжлэгтэйгээр тус салбарын хөгжил, өсөлт эрчимтэй үргэлжилж байна. Энэ чиглэлээр АНУ тэргүүлж байгаа бөгөөд тус улсад эрүүл мэндийн салбарт биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буйгаар бүртгүүлсэн 13 мянга гаруй компани байгаагаас 3000 гаруй нь идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Салбарын хөгжил хурдтай байгаагийн зэрэгцээ шинэ эмчилгээ, туршилтуудын үр дүн тодорхойгүй байдаг тул нэг компанийг сонгон хөрөнгө оруулалт хийх нь өндөр эрсдэлтэй. Тиймээс ирээдүйд амжилттай болох магадлал харьцангуй өндөр, үйл ажиллагаа нь тогтворжсон компаниудыг багцалсан дээр дурдсан 2 ETF-д өөрийн эрсдэлдээ тохируулан хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байна.



*Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахын өмнө заавал мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөс зөвлөгөө авч, тухайн шийдвэрийн эрсдэлийг бүрэн ойлгохыг зөвлөж байна. Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээ, мэдээллийн зориулалттай бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын баталгаа өгөх зорилготой бус юм. Хөрөнгө оруулах эсэх шийдвэрийг та өөрийн судалгаа, үнэлгээнд тулгуурлан бие даан гаргаарай.

Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.