Энэхүү судалгаа нь Microsoft компанийн үйл ажиллагааны хураангуй, сүүлийн улирлын санхүүгийн мэдээлэл, голлох санхүүгийн харьцаа үзүүлэлт, сүүлийн үеийн цаг үеийн чухал мэдээллүүд болон техник шинжилгээний мэдээллүүдийг нэгтгэсэн болно.
1. Үйл ажиллагааны тайлан
Microsoft Corp-ийн хувьд санхүүгийн жил нь 7 сарын 1-ээс дараа жилийн 6 сарын 30 хүртэлх хугацааг тооцдог юм. 2026 оны 4 сарын 29-ны өдөр тухайн компанийн 2026 оны 3-р улирлын тайлан гарсан.
Тус компанийн орлогыг Productivity and Business Process, Intelligent Cloud, More Personal Computing гэсэн 3 ангилалд хуваан авч үздэг.
- Productivity and Business Process: Орлогын энэ ангилалд ихэвчлэн оффисын программ хангамж, бизнесийн хэрэглээний платформууд орно. Жишээ нь: Microsoft 365 хэрэглээний программууд(Word, Excel, PowerPoint, Outlook гэх мэт), LinkedIn, Dynamics
- Intelligent Cloud: Энэ ангилалд сервер, үүлэн технологийн платформууд, хиймэл оюун ухаан, өгөгдлийн баазууд багтана. Жишээ нь: Azure, Windows Server, Nuance Healthcare болон тэдгээрийн үүлэн технологийн үйлчилгээнүүд, виртуал дэлгэцүүд.
- More Personal Computing: Windows болон дэлгэцүүд, тоглоомууд, интернэт хайлтын систем болон зар сурталчилгааны мэдээнүүд хамаарна.
- Productivty and business process ангиллын хувьд 2025 оны байдлаар 17%-ийн өсөлттэй байсан бөгөөд голчлон оффисын программууд (+14%), Dynamics 365 (+15%), LinkedIn (+9%) зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс дийлэнх орлогыг бүрдүүлдэг байна.
-
Intelligent Cloud нь 2025 оны жилийн эцсийн байдлаар Microsoft компанийн нийт орлогын 37.72%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ ангилалын орлогын гол хөшүүрэг нь Azure буюу хиймэл оюун ухаан дээр суурилсан үүлэн технологи юм.
-
More Personal computing ангиллын орлогын хэмжээ 2023, 2024 онуудад агшсан ч 2025 оны байдлаар 7%-иар өсөлт үзүүлэв. Өсөлтөд гол нөлөө үзүүлсэн нь тоглоомын сегмент буюу Xbox-ийн контент, үйлчилгээ, төхөөрөмжүүдийн борлуулалт өссөнтэй холбоотой байв. 2026 оны эхний III улирлын байдлаар more personal computing ангилалын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа хэдий ч III улиралд 1%-иар буурсан үзүүлэлттэй байгаа нь сүүлийн жилүүдэд энэхүү ангилалын орлого тогтвортой бус байгааг илэрхийлж байна.
2. Microsoft Corp-ийн санхүүгийн тайлан
Microsoft компани нь орлогын тайлан дээрээ орлогоо бүтээгдэхүүн болон үйлчилгээ гэж 2 хэсэгт хуваан харуулдаг.
- Бүтээгдэхүүн хэсэгт нэг удаагийн худалдан авалтаас орж ирдэг орлогууд болох Windows лиценз, зөөврийн компьютерүүд, таблетууд зэрэг багтана. Энэхүү орлогын хэсгийн нийт орлогод эзлэх хэвийн жин жил бүр багассаар байна.
- Үйлчилгээний хэсэгт гишүүнчлэл, үүлэн технологийн үйлчилгээ, онлайн сурталчилгаа зэрэг үргэлжилсэн үйлчилгээний орлогууд багтана. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой энэхүү хэсгийн орлоо нэмэгдсээр байгаа. Мөн ирээдүйд ч нэмэгдэх хүлээлттэй байгаа билээ.
2026 оны III улирлын орлогын тайлангийн голлох үзүүлэлтүүд:
- Microsoft компанийн нийт орлогын хэмжээ $82.89 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18%-ийн өсөлтийг үзүүлээд байгаа юм.
- Нийт ашиг $56.06 тэрбум хүрч 16%-иар, цэвэр ашиг $31.78 тэрбум 23%-иар тус тус өссөн байна.
- Нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS 23%-иар өсөж, $4.27 хүрэв
- Орлогын өсөлтөд нөлөөлсөн томоохон үйлчилгээ бол Microsoft cloud-ийн орлого $54.50 тэрбумын орлогыг бүрдүүлсэн нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 29%-ийн өсөлттэй байлаа.
- Мөн баталгаажсан захиалгын хэмжээ(remaining performance obligation) $627 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 99%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарлын төвд байдаг хиймэл оюун ухаан дээр суурилсан үүлэн технологийн үйлчилгээнээс $34.7 тэрбумын орлогыг бүрдүүлсэн нь өмнөх оноос 30%-ийн өсөлттэй байсан бөгөөд үүнээс Azure-гийн орлогын өсөлт нь 40% хүрээд байгаа юм.
- Тус компани OpenAI-д нийт ойролцоогоор 13 тэрбум ам.долларын стратегийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2026 оны санхүүгийн жилийн III улиралд уг хөрөнгө оруулалттай холбоотой Microsoft-ын цэвэр ашиг $14 саяар буурсан байна. Харин өмнөх оны мөн үед OpenAI дахь хөрөнгө оруулалтын нөлөөгөөр цэвэр ашиг $583 саяар буурч байсан нь энэ удаагийн алдагдлын хэмжээ эрс багассаныг харуулж байна. Энэ нь OpenAI-ийн бизнесийн үйл ажиллагаа, орлогын өсөлт болон үнэлгээний тогтворжилттой холбоотой гэж үзэж болно.
2026 оны III улирлын санхүүгийн байдлын тайлангийн голлох үзүүлэлтүүд:
- Microsoft компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23%-иар өссөн байна. Энэхүү өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь эздийн өмчийн 29%-ийн өсөлт бөгөөд уг өсөлт нь өмнөх улирлуудаас хуримтлагдсан цэвэр ашиг буюу хуримтлагдсан ашгийн нэмэгдэл өндөрг байснаас шалтгаалсан байна.
- Тайлант хугацаанд компанийн нийт хөрөнгийн 60%-ийг эздийн өмч бүрдүүлж байгаа нь санхүүгийн бүтцийн хувьд харьцангуй тогтвортой байгааг илтгэж байна.
- Нийт өр төлбөрийн хэмжээ 279.86 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн байна. Нийт өр төлбөрийн 49%-ийг богино хугацаат өр төлбөр, үлдсэн 51%-ийг урт хугацаат өр төлбөр бүрдүүлж байна.
3. Санхүүгийн харьцаа үзүүлэлт
- Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2022–2025 онд тасралтгүй өсөж, 2025 онд 13.64 нэгжээр хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. 2026 оны бүтэн жилийн EPS 17.38-д хүрэх таамаглалтай байгаа нь компанийн ашиг бий болгох чадвар сайн байгааг илтгэнэ.
- Нийт хөрөнгийн өгөөж (ROA) 2022 онд 21.79%-тай байсан бол дараагийн жилүүдэд буурч, 2025 онд 16.45%-д хүрсэн байна. Харин сүүлийн 12 сар(TTM)-аар авч үзвэл 18.03% болж сэргэсэн нь компанийн хөрөнгийг ашиглан ашиг олох үр ашиг сайжирч эхэлснийг харуулж байна.
- Эздийн өмчийн өгөөж (ROE) мөн адил буурах хандлагатай байсан бөгөөд 2022 оны 43.68%-аас 2025 онд 29.65% болж буурсан байна. Харин сүүлийн 12 сар(TTM)-аар авч үзвэл 30.21% болж өссөн нь эздийн хөрөнгийг ашиглах үр ашиг тодорхой хэмжээнд сайжирсныг илэрхийлж байна.
- Ерөнхийд нь дүгнэвэл, компанийн ашигт ажиллагааны үзүүлэлтүүд 2022–2025 онд аажмаар буурсан боловч 2026 оны TTM-ээр ROA болон ROE өсөлт үзүүлж, ашигт ажиллагаа сэргэх шинж тэмдэг ажиглагдаж байна. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь компанийн урт хугацааны үнэ цэнийг дэмжих эерэг хүчин зүйл болж байна.
- P/E үзүүлэлт 2024 оны 33.6x түвшнээс 2026 оны TTM байдлаар 27.0x болж буурсан нь ашгийн өсөлт хувьцааны үнийн өсөлтөөс түрүүлж байгааг илтгэнэ. Гэсэн хэдий ч Microsoft-ийн P/E нь S&P 500-ийн дундаж болох 27.8x-тэй ойролцоо байгаа бөгөөд Magnificent 7-ийн 32.4x үзүүлэлтээс доогуур байна. Энэ нь Microsoft нь том технологийн компаниудын дунд харьцангуй боломжийн үнэлгээтэй ангилалд шилжиж байгааг харуулж байна.
- P/B харьцаа мөн адил 2024 оны 12.3x-оос 2026 оны 7.7x хүртэл буурсан байна. Хэдий буурсан ч S&P 500-ийн 5.7x үзүүлэлтээс өндөр хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчид Microsoft-ийн биет бус хөрөнгө, хиймэл оюун ухаан (AI), үүлэн үйлчилгээний ирээдүйн өсөлтийн боломжийг үнэлсээр байгааг илэрхийлж байна. Харин Magnificent 7-ийн дундаж 11.8x-ээс доогуур байгаа нь Microsoft бусад мега технологийн компаниудтай харьцуулахад харьцангуй бага үнэлгээтэй байгааг харуулна.
4. Сүүлийн үеийн мэдээ
Шинжээчдийн тооцооллоор Microsoft Copilot-ийн хэрэглэгчдийн тоо 25 саяыг давж, Azure платформын орлогын өсөлт 40%-иас дээш түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
Квант тооцооллын хөгжил:
Microsoft шинэ үеийн Majorana 2 квант чипийг танилцуулсан бөгөөд өмнөх хувилбараас ойролцоогоор 1,000 дахин найдвартай ажиллагаатай гэж мэдэгдэв. Энэхүү технологийн дэвшил нь арилжааны зориулалттай бүрэн хэмжээний квант компьютер хөгжүүлэх хугацааг богиносгож, 2029 он гэхэд бодит хэрэглээнд нэвтрүүлэх зорилтыг дэмжиж байна.
Дэд бүтэц ба стратегийн түншлэлүүд:
Anthropic компани Microsoft-ийн хөгжүүлж буй AI серверийн чипүүдийг ашиглах талаар хэлэлцэж байгаа талаар мэдээлэгдэв.
AI дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд IREN компани Microsoft-д зориулсан дата төвийн дэд бүтцийг санхүүжүүлэхээр $3.6 тэрбумын зээл татан төвлөрүүлжээ.
Хууль эрх зүйн маргаан:
Activision Blizzard-ийг худалдан авсантай холбоотой хувьцаа эзэмшигчдийн шүүхийн маргааныг эцэслэхийн тулд Microsoft $250 саяын төлбөр төлөхөөр тохиролцсон.
Valve корпорацтай байгуулсан гэрээтэй холбоотойгоор PC тоглоомын зах зээлийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр Microsoft-ийн эсрэг шинэ нэхэмжлэл гарчээ.
5. Техник шинжилгээ:
- Хувьцааны ханш 2022 оны сүүлээс эхлэн тогтвортой өсөлтийн трэндэд шилжсэн байна. Ханш нь урт хугацааны өсөлтийн суваг дотор хөдөлж байгаа бөгөөд сувгийн доод шугам нь хүчтэй дэмжлэг (support), дээд шугам нь эсэргүүцэл (resistance) болж байна.
- $370 түвшин нь өмнө нь хэд хэдэн удаа чухал дэмжлэгийн цэг болж байсан. Хамгийн сүүлд буюу 2026 оны эхээр ханш унах үед энэхүү $370 түвшин болон өсөлтийн трэндийн шугам давхцаж, хүчтэй дэмжлэг үзүүлснээр ханш эргэн өсжээ.
- $410 - $420 бүс нь одоогийн байдлаар ханш энэ бүсийг дээш сэтлэн гарч, $427.34 дээр (одоогийн үнэ) арилжаалагдаж байна. Энэ нь уг бүс эсэргүүцлээс дэмжлэгийн бүс болон хувирч байгаа бөгөөд хувьцааг худалдан авах тохиромжтой нөхцөл бүрдсэнийг харуулж байна.
- Хэрэв ханш дэмжлэгийн бүсээс өсөлт үргэлжлэвэл богино хугацаанд $470 буюу 10% өсөх боломжтой бөгөөд урт хугацааны зорилтот ханш нь $540 байхаар байна.
Дүгнэлт: Microsoft Corp-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дэлхий даяар маш олон хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон нь тухайн компани нь аль хэдийнээ зах зээлийн байр сууриа урт хугацаанд бий болгосныг илтгэнэ. Мөн сүүлийн жилүүдэд зах зээлийн эрэлттэйгээ уялдан хиймэл оюун ухааныг өөрсдийн бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлж байгаа нь тухайн компанийн ирээдүйд олох ашиг, орлогын хүлээлт нэмэгдэх хүлээлттэй байгаа билээ.
Microsoft нь зах зээлийн үнэлгээ дунджаас өндөр, тогтвортой өсөлттэй компани хэвээр байгаа боловч “Гайхамшигт 7” бүлгийн бусад компаниудтай харьцуулахад илүү боломжийн үнэлгээнд арилжаалагдаж байна. Иймээс хөрөнгө оруулагчдын хувьд өндөр өсөлтийн потенциал болон харьцангуй зохистой үнэлгээний тэнцвэрийг санал болгож буй технологийн салбарын тэргүүлэх компаниудын нэг гэж үзэж болно.