
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж


“Түмэн шувуут” ХК-ийн ерөнхий танилцуулга
“Түмэн шувуут” ХК нь анх 2004 онд 20’000 өндөглөгч тахианы фермтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Тус компани нь 2019 онд Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ба одоогоор 600,000 гаруй өндөглөгч тахиатайгаар дотоодын нийт өндөгний хэрэглээний 44 хувийг ханган ажиллаж байна.
Хувьцааны үзүүлэлт
2026 оны 04-р сарын 08-ны өдрийн байдлаар эргэлтэд гаргасан хувьцааны тоо 199’042’046 ба нийт хувьцаа эзэмшигчдийн тоо 23,000 үүнээс компанийн 5 ба түүнээс дээш хувийг эзэмшигч 4 хүн буюу Л.Эрхэмбаяр 60,000,000 ширхэг хувьцаа-30%, Б.Тунгалаг 60,033,855 ширхэг хувьцаа ба 30,02%, Ж.Болд 20,000,000 ширхэг хувьцаа ба 10%. Э.Баяржаргал-20,000,000 ширхэг хувьцаа ба 10% тус тус эзэмшиж байна.
Хувьцааны гүйцэтгэлийн хувьд 2020–2021 онд МХБ-ийн идэвхжил, компанийн өсөлтийн хүлээлттэй холбоотойгоор ханш огцом өсөж, 2021 онд ~₮816 хүрсэн. Харин 2022–2023 онд зах зээлийн засвар, инфляц болон тэжээлийн зардлын өсөлтөөс шалтгаалан хувьцааны үнэ буурч, ₮300–₮400 орчимд тогтворжсон. 2024–2025 онд компанийн борлуулалт, ашиг, өндөгний үйлдвэрлэл эрчимтэй өссөн нь хувьцааны үнэд эерэг нөлөөтэй байсан.
Үйл ажиллагаа

Үйл ажиллагааны хувьд “Түмэн Шувуут” ХК нь дан ганц өндөг, махны үйлдвэрлэлээс гадна “Агрофийд” тэжээлийн үйлдвэр, 3200 га усжуулсан тариалангийн аж ахуй, цаасан хайрцагны үйлдвэр, органик бордооны үйлдвэртэй ба эдгээр нь геополитикийн нөхцөл байдал, ханшийн савлагаа, тээвэрлэлтийн саатал зэрэг эрсдлүүдээс өөрсдийн үйл ажиллагааг хамгаалсан стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрүүд юм.
Эрсдэл: Өндөгний аж ахуйн хувьд үйл ажиллагааны хамгийн том эрсдэлүүд нь шувууны болон малын гаралтай өвчин, хүнсний аюулгүй байдал байдаг ба Түмэн Шувуут ХК-ны хувьд эдгээр эрсдэлүүдээс шат дараатай сэргийлж, эрсдэлийн удирдлагын бодлогоо тодорхойлж байна. Шувууны өвнөөс сэргийлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ISO 22000:2018 хүнсний аюулгүй байдлын тогтолцоо болон ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг.

Түмэн Шувуутын борлуулалтын өсөлтийг Монголын өндөгний зах зээлийн өсөлттэй хамтад нь харвал компанийн цаашдын боломж нэлээд тодорхой харагдаж байна. Санхүүгийн тайлан мэдээллээр борлуулалтын орлого 2022 оны ₮46.0 тэрбумээс 2025 онд ₮99.0 тэрбумд хүрч, гуравхан жилийн хугацаанд 2.2 дахин өссөн байна. Энэ өсөлтийн цаана Монголын өндөгний зах зээлийн өөрчлөлт чухал үүрэгтэй.
Тус компанийн орлогыг бүтээгдэхүүнээр нь задлан үзвэл өндөг, тэжээл, органик бордоо гэсэн гурван үндсэн бүлэгт хувааж болно.

Өндөгний сегментэд Түмний өндөг, Омега-3, иодтой, селенитэй, сувиллын, өглөөний болон залуу тахианы өндөг зэрэг олон төрөл багтдаг. Тэжээлийн чиглэлд тахиа болон малын бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэдэг бол шувууны сангасыг дахин боловсруулж органик компост бордоо үйлдвэрлэдэг. Орлогын бүтцийн хувьд өндөг хамгийн том хувийг эзэлдэг, компанийн үндсэн бизнес нь өндөглөгч тахианы аж ахуй бөгөөд жилд 200 саяас дээш өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин тэжээл, бордоо нь өндөгний үйлдвэрлэлийг түшиглэсэн босоо интеграцийн нэмэлт бизнесүүд юм.
Тиймээс Түмэн Шувуутын орлогын гол хөдөлгөгч нь өндөгний борлуулалт, цаашдын өсөлтийн боломж нь өндөгний үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ тэжээл, бордоо зэрэг дагалдах бизнесийн орлого өсөх явдал гэж дүгнэж болно.
Зах зээлийн шинжилгээ

2025 онд Монголын нийт өндөгний хэрэглээ ойролцоогоор 515 сая ширхэг, үүнээс 76% буюу 395 сая орчим ширхэгийг дотоодын үйлдвэрлэгчид хангаж, импортын эзлэх хувь 24% болсон байна. Өөрөөр хэлбэл зах зээл өсөхийн зэрэгцээ импортын орон зайг дотоодын үйлдвэрлэгчид эзэлж байна. Түмэн Шувуут 2025 онд 175 сая гаруй өндөг үйлдвэрлэснээр дотоодын үйлдвэрлэлийн ойролцоогоор 44%-ийг дангаараа бүрдүүлж байгаа нь компанийн зах зээлийн байр суурь маш хүчтэйг харуулна. Цаашдын хамгийн том өсөлтийн хөшүүрэг нь “Түмэн Шувуут-3” төсөл байна. Тус төсөл бүрэн хэрэгжсэнээр компанийн өндөг үйлдвэрлэх хүчин чадал жилд 230–250 сая ширхэгт хүрч, дотоодын хэрэглээний ойролцоогоор 50%-ийг дангаараа хангах боломжтой гэж компани мэдээлсэн. 2026 онд үйлдвэрлэлээ 244–250 сая ширхэг хүргэх зорилт тавьсан байна.
Монголчуудын өндөгний хэрэглээ мөн сүүлийн жилүүдэд нэлээд хурдтай өсөж байна. 2025 онд ойролцоогоор 515 сая ширхэгт хүрчээ. Сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол Улсын өндөгний нийт хэрэглээ 6 дахин өссөн байна.

2022–2026 оны хугацаанд Түмэн Шувуутын нийт хөрөнгө, өр төлбөр болон эздийн өмч бүхэлдээ өсөх хандлагатай байна. Ялангуяа 2025 онд нийт хөрөнгө 83%-иар огцом өсөж, ₮121.6 тэрбумд хүрсэн нь компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэмжээ эрчимтэй тэлснийг харуулж байна.
2026 оны эхний хагас жилд өсөлтийн хурд саарсан ч нийт хөрөнгө ₮125.2 тэрбум, эздийн өмч ₮75.2 тэрбум болж өссөөр байна. Харин өр төлбөр 2026H1-д бага зэрэг буурсан нь компанийн санхүүжилтийн бүтэц сайжирч, өөрийн хөрөнгийн суурь бэхжиж байгааг илтгэж байна.

Түмэн Шувуут ХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүдийг шувууны аж ахуйн салбарын компаниудтай харьцуулахад өрсөлдөх чадвар сайтай харагдаж байна. 2026 оны ROA 8.72%, ROE 14.52% байгаа нь салбарын дундажтай харьцуулахад өндөр түвшин бөгөөд компанийн хөрөнгө болон өөрийн хөрөнгийг ашигтайгаар ажиллуулж байгааг харуулна. Харин P/E 6.88x, P/B 1.06x байгаа нь хувьцааны үнэлгээ зах зээлийн үнэд харьцангуй ойр байгааг илтгэнэ.
Нөгөө талаас ногдол ашгийн үзүүлэлт мөн сайжирч, нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг ₮21.8 болж, ногдол ашгийн өгөөж 5.93% болсон байна. Энэ нь TUM-ийг зөвхөн хувьцааны үнийн өсөлт хайдаг бус, тогтмол мөнгөн өгөөж хүртэхийг хүсдэг хөрөнгө оруулагчдад ч сонирхолтой болгож байна.
Компанийн бизнесийн өсөлт ч мөн сайн байна. Борлуулалтын орлого 2022 оны ₮46 тэрбумаас 2025 онд ₮99 тэрбум болж хоёр дахин өссөн бөгөөд 2026 оны эхний хагасын орлого аль хэдийн ₮68 тэрбум хүрсэн.
Дүгнэлт
“Түмэн Шувуут” ХК-ийн 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс харахад борлуулалт, үйлдвэрлэлийн хэмжээ болон ашигт ажиллагаа өсөх хандлагатай байгаа нь компанийн үндсэн үйл ажиллагааны өсөлт тогтвортой үргэлжилж байгааг харуулж байна. Монголын өндөгний хэрэглээ нэмэгдэж, импортын эзлэх хувь буурч байгаа нь компанийн зах зээлийн байр суурь болон цаашдын өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болж байна.
Компанийн цаашдын өсөлтийн гол хөшүүрэг нь “Түмэн Шувуут-3” төсөл бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр дотоодын өндөгний зах зээлд эзлэх байр сууриа цаашид нэмэгдүүлэх боломжтой. Мөн тэжээлийн үйлдвэр, тариалан, сав баглаа боодол, органик бордооны үйлдвэрлэл зэрэг гол үйлдвэрлэлээ дэмжих зорилготой жижиг үйлдвэрүүдтэй учир түүхий эд, ханш, тээвэрлэлтийн эрсдэлийг бууруулах давуу талтай.
Цаашдын хувьцааны ханшид үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлтөөс гадна ашигт ажиллагааны тогтвортой байдал, “Түмэн Шувуут-3” төслийн хэрэгжилт, ногдол ашгийн бодлого болон МХБ-ийн арилжааны идэвх голлон нөлөөлөхөөр байна.