
Энэхүү тайланд Хас банкны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн шинжилгээ, Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, эдийн засгийн өсөлт ба зээлийн эрэлтийн хамаарал, банкны салбарын өрсөлдөөний орчин зэрэг гол сэдвийг хамрууллаа. Мөн хувьцаа эзэмшигчид болон санхүүжилтийн бүтэц, олон улсын санхүүжилтийн хэрэгцээ, санхүүгийн тайлангийн хэтийн төлөвийг нарийвчлан авч үзэж, төгсгөлд нь Хас банкны хувьцаанд хийсэн шинжилгээг хавсаргасан болно.
Хас банкны хувьцаанд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь тогтвортой өсөлтийн нөөц, ногдол ашгийн хүлээлтэд тулгуурласан эерэг төлөвтэй байна. Банкийн засаглал олон улсын түвшинд нийцэж, санхүүжилтийн сувгууд нь төрөлжсөн нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна.
| Үзүүлэлт | Мэдээлэл |
|---|---|
| Тикер | XAC |
| Арилжааны зөвлөмж | Buy |
| Хөрөнгө оруулалтын хугацаа | Урт хугацаа |
| Ханш (2025.05.27) | 852₮ |
| 52 долоо хоногийн хүрээ | 700.46₮ – 899.85₮ |
| Зах зээлийн үнэлгээ | 896.3 тэрбум ₮ |
| Эргэлтэд гаргасан хувьцаа | 1,052,017,943 |
| Цэвэр ашгаас ногдол ашгийн хувь (2024) | 28% |
2023 онд эдийн засгийн бодит өсөлт 7.42% болж, 2018 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрсэн нь нүүрсний экспортын хэмжээ 70 сая тонн буюу 8.9 тэрбум ам.долларт хүрсэнтэй холбоотой. Уул уурхайн салбарын өсөлт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, экспортын өндөр үнэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлсэн.
Нүүрс Монгол Улсын экспортын орлогын 30-40%-ийг бүрдүүлдэг. 2024 онд 83.8 сая тонн нүүрс экспортолсон ч дэлхийн зах зээлийн үнэ буурснаар орлого 8.7 тэрбум ам.долларт буурсан. Эдийн засгийн тэлэлтийн үед аж ахуйн нэгж, өрхүүд ирээдүйн эрэлтэд итгэж, хөрөнгө оруулалт, хэрэглээнд зориулсан зээлийн эрэлтийг нэмэгдүүлдэг. Сүүлийн найман жилийн статистикаас харахад эдийн засгийн өсөлт болон арилжааны банкнуудын нийт зээлийн үлдэгдэл хоорондоо 0.56 гэсэн эерэг дунд зэрэг хамааралтай байгаа нь энэ хандлагыг баталгаажуулж байна.
Олон улсын болон дотоодын байгууллагууд өөр өөр төсөөлөл гаргасан ч Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банк 6.7%-ийн өсөлтөөр үнэлж буй нь хамгийн өөдрөг таамаг юм. Монголбанкны 2025 оны I улирлын тоймд эдийн засгийн өсөлт тухайн үед 4.9% байсан бөгөөд жилийн эцэст 5.4%-д хүрч хурдасна гэж үзсэн. Үүнд хөдөө аж ахуйн сэргэлт, уул уурхайн салбар, ялангуяа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгааг гол шалтгаан гэж тодорхойлсон.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж