
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж



1. XPENG-ийн үндсэн бүтээгдэхүүнүүд
XPeng-ийн гол бүтээгдэхүүнд цахилгаан SUV, седан болон MPV загварууд багтдаг бөгөөд X9, G6, G9, P7+ зэрэг загваруудаараа Хятадын EV зах зээлд өрсөлддөг. Мөн компанийн XNGP ухаалаг жолоодлогын систем нь камер, мэдрэгч болон AI технологид тулгуурлан жолоодлогын тодорхой хэсгийг автоматжуулах зорилготой.
Компанийн бизнес зөвхөн автомашинаар хязгаарлагдахгүй бөгөөд ADAS/өөрөө жолоодох систем, EV платформ, программ хангамж, роботик болон нисдэг автомашины технологи зэрэг шинэ үеийн хөдөлгөөнт технологид хөрөнгө оруулж байна.

2. Санхүүгийн тайлан

2025 оны жилийн эцсийн байдлаар:
XPeng компанийн 2025 оны нийт борлуулалтын орлого $10.97 тэрбумд хүрч, өмнөх оноос 87.7%-иар өссөн байна. Үүнээс автомашины борлуулалтын орлого $9.78 тэрбум болж, 90.8%-ийн өсөлт үзүүлсэн байна.
Үйлчилгээ болон бусад орлого 65.6%-иар өсөж, $1.19 тэрбумд хүрэв. Энэхүү өсөлтөд үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээний хүрээнд үзүүлсэн техникийн судалгаа, хөгжүүлэлтийн үйлчилгээний орлого, сэлбэг хэрэгслийн борлуулалт болон нүүрстөрөгчийн кредитийн арилжаа эерэгээр нөлөөлжээ.
Нүүрстөрөгчийн кредитийн арилжаа* (carbon credit trading) гэдэг нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан эсвэл зохицуулалтын шаардлагаас бага хэмжээний нүүрстөрөгч ялгаруулсан компани өөрт бий болсон “кредит”-ээ бусад компанид худалдах үйл ажиллагаа юм.
Борлуулалтын өртөг өмнөх оноос 77.7%-иар өсөж, $8.9 тэрбум болсон хэдий ч орлогын өсөлт өртгийн өсөлтөөс давсан байна. Үүний үр дүнд нийт ашгийн маржин 2024 оны 14.3%-иас 18.9% болж сайжирсан бөгөөд автомашины маржин 12.8%, үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны маржин 68.2%-д хүрчээ.
XPeng-ийн 2025 оны санхүүгийн үзүүлэлтүүд нь автомашины нийлүүлэлтийн өсөлт орлогыг тэлж, үйлчилгээний өндөр маржинтай орлогын хувь нэмэр нэмэгдсэнээр компанийн нийт ашигт ажиллагаа сайжирсныг харуулж байна.
2026 оны II улирлын байдлаар:
2026 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар компанийн борлуулалтын сүлжээ 257 хотыг хамарсан 740 салбартай борлуулалтын үйл ажиллагаа явуулж байна.
XPeng 2026 оны II улиралд 103,295 автомашин нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 0.1%-иар буюу үл ялиг өссөн үзүүлэлттэй боловч тус улиралд компанийн нийт орлого ашгийн маржин өссөнтэй холбоотой $2.91 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 8%, өмнөх улирлаас 51.5%-иар өсжээ.
XPeng II улиралд $197 саяын цэвэр алдагдалтай ажилласан нь өмнөх улирлын $259 саяын алдагдлаас сайжирсан үзүүлэлт байв.
2026 оны эхний хагас жилийн байдлаар XPeng-ийн орлого улирлын дүнгээр хүчтэй сэргэсэн ч автомашины нийлүүлэлтийн жилийн өсөлт бараг зогсонги хэвээр байгаа бөгөөд компани цэвэр ашгийн түвшинд хараахан хүрээгүй байна.

XPeng-ийн санхүүгийн үзүүлэлтүүдээс харахад 2023-2025 онд алдагдал буурч, ашигт ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан боловч компани одоогоор тогтвортой цэвэр ашигтай түвшинд бүрэн хүрээгүй байна.
P/S үзүүлэлт 2023 оноос хойш тогтмол буурч, 2026 H1-д 1.11 болсон нь XPeng-ийн борлуулалтын орлого өсөхийн зэрэгцээ зах зээлийн үнэлгээ орлоготой харьцуулахад харьцангуй буурсныг харуулж байна.
P/B 2023 оноос хойш ерөнхийдөө өсөж, 2026 H1-д 2.60 болсон байна. Энэ нь зах зээл XPeng-ийн өөрийн хөрөнгийг өмнөхөөсөө өндөр үнэлж байгааг илэрхийлж байна.
Ашгийн маржин өсөж, 2023 оны 1.47%-иас 2026 H1-д 20.68% хүрсэн нь XPeng-ийн бүтээгдэхүүнээс үлдэх нийт ашиг эрс сайжирсныг харуулж байна. Энэ нь үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний бүтэц болон борлуулалтын ашигт ажиллагаа сайжирч байгааг илтгэх эерэг үзүүлэлт юм.
Цаг үеийн мэдээ
EV-ээс Physical AI компани болох
XPeng-ийн урт хугацааны хамгийн том өөрчлөлт нь автомашины компаниас хиймэл оюун ухаан, роботик, бие даасан жолоодлого, нисдэг автомашин зэрэг бодит ертөнцөд ашиглагдах технологи хөгжүүлэгч компани болох явдал юм.
Компанийн 2025 оны тайланд Гүйцэтгэх захирал Хэ Шяопэнг хиймэл оюун ухаанаар удирдагдах автомашины дэлхийн зах зээл дэх эзлэх хувийг нэмэгдүүлэх, L2+ түвшний жолоодлогын туслах системээс L4 түвшний бүрэн бие даасан жолоодлого руу шилжих, VLA загварыг олон улсын зах зээлд нэвтрүүлэх, хүн дүрст роботыг олноор үйлдвэрлэх зорилтоо тодорхойлсон.
Хиймэл оюун ухаан болон бие даасан жолоодлогыг гол өрсөлдөөний давуу тал болгох
XPeng өөрийн Turing хиймэл оюун ухааны чип, VLA (Харах–Хэл–Үйлдэл) загвар болон XOS үйлдлийн систем гэсэн технологийн иж бүрэн системийг өөрөө хөгжүүлж байна. 2026 оны 8-р сарын сүүлээр XPeng VLA 2.0 системийн томоохон шинэчлэлээ танилцуулсан. Шинэ хувилбар нь хиймэл оюун ухаанд зөвхөн орон зайн гурван хэмжээст орчныг бус, цаг хугацааны өөрчлөлтийг багтаасан дөрвөн хэмжээст орчныг ойлгох чадварыг нэмэгдүүлсэн бөгөөд төхөөрөмж дээр ажиллах загварын үзүүлэлт 3.5 дахин өссөн. Мөн L4 түвшний робот таксины зарим боломжийг өргөн хэрэглээний автомашинд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр XPeng автомашинаа уламжлалт тээврийн хэрэгслээс “автомашин + программ хангамж + хиймэл оюун ухаан” бүхий бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилготой.
Олон улсын зах зээлд эрчимтэй тэлэх
XPeng зөвхөн Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч хэвээр үлдэхгүй, дэлхийн ухаалаг хөдөлгөөнт тээврийн брэнд болохыг зорьж байна. 2026 оны II улиралд гадаадын зах зээлд 20,000 гаруй автомашин нийлүүлсэн бөгөөд 2026 оны эхний хагасын орлогын 25% нь гадаад зах зээлээс бүрдсэн байна. Мөн L03 загварын гадаад нийлүүлэлт IV улирлаас эхэлж, гадаадын зах зээл дэх улирлын автомашины нийлүүлэлтийг 40,000-аас дээш болгох зорилт тавьжээ.
Хүн дүрст робот болон нисдэг автомашин
XPeng-ийн урт хугацааны стратегийн хамгийн сонирхолтой хэсэг нь автомашинаас гадна бодит ертөнцийн хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүний экосистем байгуулах явдал юм. 2026 оны 8-р сард XPeng-ийн роботикийн бизнес 900 сая ам.доллароос дээш хөрөнгө босгож, 6.3 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн. Энэхүү хөрөнгийг хүн дүрст роботыг олноор үйлдвэрлэх болон бодит ертөнцийн хиймэл оюун ухааны загварыг хөгжүүлэхэд зориулахаар төлөвлөж байна.
Мөн 2026 оны 9-р сарын 8-нд IRON хүн дүрст роботын үйлдвэрлэлийн шугам албан ёсоор ажиллаж эхэлсэн. Энэ нь XPeng-ийн роботикийн технологийг туршилтын загварын шатнаас олон тоогоор үйлдвэрлэх шатанд шилжүүлж буй чухал алхам юм. Үүнээс гадна XPeng нисдэг автомашин/Land Aircraft Carrier-ийг хөгжүүлж байгаа бөгөөд автомашин, робот болон нисдэг төхөөрөмжийг нэг бодит ертөнцийн хиймэл оюун ухааны экосистемд нэгтгэх урт хугацааны стратегийнхаа нэг хэсэг гэж үзэж байна.

XPeng-ийн хувьцааны ханш өмнөх хугацаанд $8.50–$11 орчимд хүчтэй суурь үүсгэж, энэ бүсээс дахин сэргэх оролдлого хийж байна. График дээрх өмнөх ханшийн хөдөлгөөнөөс харахад $10.88 орчим нь ойрын хугацааны гол дэмжлэгийн түвшин болж байна.
XPeng-ийн хувьцаа $28 орчимд хүрсэн оргилоосоо Хятадын EV зах зээлийн өрсөлдөөн, өсөлтийн хүлээлтийн бууралт болон ашиг түгжих борлуулалтын нөлөөгөөр буурсан. Хэрэв ханш $10.88 түвшнээс дээш тогтвортой хадгалагдаж, өсөх хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл эхний зорилтот түвшин нь $12 орчим, дараагийн эсэргүүцэл $14 орчим байна. Эдгээр түвшнүүдийг давж чадвал дунд хугацаанд $17 орчим хүртэл өсөх боломж нээгдэхээр харагдаж байна
Дүгнэлт
XPeng нь уламжлалт цахилгаан автомашин үйлдвэрлэгчээс хиймэл оюун ухаан, бие даасан жолоодлого, роботик зэрэг технологид суурилсан Physical AI компани болох чиглэлд эрчимтэй хөгжиж байна. 2025 онд орлого болон ашигт ажиллагаа сайжирсан ч 2026 оны эхний хагаст цэвэр ашигт хараахан хүрээгүй байна. Харин AI технологи, олон улсын зах зээл болон роботикийн бизнесээ зэрэг хөгжүүлж байгаа нь компанийн урт хугацааны өсөлтийн гол чиглэл болж байна. Хувьцааны ханш өмнөх оргилоосоо ихээхэн буурсан хэдий ч $10.88 орчим түвшнээ хадгалж чадвал сэргэх боломж харагдаж байна.