2026 онд ямар салбарт хөрөнгө оруулалт хийх вэ?
Dec 30, 20251 day ago
798
8 мин

Зөвхөн нэг компани дээр мөрий тавьж хөрөнгөө эрсдэлд оруулахгүйгээр салбаруудын дүр зургыг харж ETF(багц)-ээр хөрөнгө оруулалт хийцгээе.


1. Олон улсын геополитикийн ерөнхий дүр зураг

АНУ / Хятад: АНУ нь Ойрх Дорнодын мөргөлдөөн болон Орос–Украйны дайнд тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулсаар байгаа боловч стратегийн гол төв нь хэвээрээ Хятад байна. Европтой хийж буй худалдаа, эдийн засгийн хэлэлцээрүүд бүрэн төгс шийдэлд хүрээгүй, бусад бүс нутагт геополитикийн асуудлууд үргэлжилж байгаа ч АНУ-ын урт хугацааны бодлого, нөөцийн хамгийн их төвлөрөл Хятад руу чиглэж байна. 2026 онд ч мөн энэ чиг хандлага хадгалагдаж, ялангуяа технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, нийлүүлэлтийн сүлжээ, үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбаруудад АНУ–Хятадын өрсөлдөөн улам хурцдах төлөвтэй.
Орос / Украйн: 2026 он гэхэд Орос–Украйны дайн дуусах эсвэл дор хаяж гал зогсоох, хэлэлцээрийн шатанд шилжих магадлал өндөр гэж үзэж байна. Үүний гол шалтгаан нь Оросын хувьд дайнаас үүдэн олон улсын худалдаа, санхүүгийн сувгууд ихээхэн хаагдаж, эдийн засгийн дарамт хуримтлагдсаар байгаа юм. Мөн дайн үргэлжлэх тусам цэргийн болон төсвийн зардал огцом өсөж, энэ байдлаараа Оросын эдийн засаг дээд тал нь дараагийн 1–2 жилийг л тэсвэрлэхээр харагдаж байна. Нөгөө талаас, Украйны хувьд АНУ-д Трамп ерөнхийлөгч болсноор Америкийн шууд санхүүгийн тусламж харьцангуй буурсан ч Европын орнуудын зүгээс санхүүгийн дэмжлэг үргэлжилж байна. Энэ нь Украиныг богино хугацаанд тогтвортой байлгахаас гадна, дайн намжсан тохиолдолд сэргээн босголтын томоохон эдийн засгийн цикл эхлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.


2. AI-ийн өсөлт 2026 онд үргэлжилэх үү?

AI-ийн салбар дахь томоохон компаниуд 2025 онд хиймэл оюун ухаантай холбоотой дэд бүтэц, дата төв, чип, программ хангамжид маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Доорх графикаас харвал, эдгээр хөрөнгө оруулалтын ойролцоогоор 80–85% нь компанийн өөрийн үйл ажиллагааны мөнгөн урсгал болон өөрийн хөрөнгө (equity)-өөр санхүүжиж байна. Харин ердөө 15–20% орчим нь өрийн санхүүжилт байгаа нь онцлог юм.
Энэ бүтэц нь өмнөх томоохон санхүүгийн хямралууд болох Dot-com bubble болон 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал-ын үеэс эрс ялгаатай. Тухайн үед технологийн компаниуд өсөлтийг санхүүжүүлэхийн тулд их хэмжээний өр татсан бөгөөд дараа нь эдийн засгийн хатуу бодлого, хүүгийн өсөлт явагдахад өрийн зардал огцом нэмэгдэж, компаниудад ноцтой санхүүгийн дарамт үүсэж байсан.
Харин өнөөгийн AI-ийн хөрөнгө оруулалтын мөчлөг нь:

  • өрийн хамаарал харьцангуй бага,
  • мөнгөн урсгал сайтай, ашигтай компаниуд давамгай,
  • урт хугацааны стратегийн дэд бүтцэд чиглэсэн

байгаагаараа эрсдэл харьцангуй хянагдсан хэлбэртэй байна. Энэ нь AI-ийн салбарын өсөлт 2026 онд ч үргэлжлэх суурь нөхцөл бүрдэж байгааг илтгэж байна.

Frame 1686553468.pngЗах зээлийн эрэлт бодит байгаа юу?
2020 оноос хойш хиймэл оюун ухааны тооцоолох хүчин чадал ойролцоогоор 7 сар тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү өсөлт буурах эсвэл удаашрах шинж тэмдэг хараахан ажиглагдахгүй байна. Энэ нь AI-ийн өсөлт зөвхөн хүлээлт, спекуляци дээр бус, бодит хэрэглээ, бодит хэрэгцээнд суурилж байгааг илтгэнэ.
Доорх графикт харуулснаар, дэлхийн чипний гол нийлүүлэгчид болох Өмнөд Солонгос болон Тайванийн хагас дамжуулагчийн экспорт өмнөх жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц өсөлттэй байна. Энэ нь бодит захиалга зах зээлд эрчимтэй байгааг бататгаж байна. Тухайлбал, Тайванийн хувьд чипний экспорт өмнөх оноос 56%-иар өссөн нь AI-тэй холбоотой сервер, GPU, өндөр хүчин чадлын тооцооллын тоног төхөөрөмжийн эрэлт огцом нэмэгдсэнийг харуулж байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспорт ч урт хугацааны чиг хандлагаараа өсөлттэй хэвээр байгаа нь AI-ийн өсөлт нэг улсын эсвэл нэг компанийн түр зуурын цикл бус, харин дэлхийн хэмжээний нийлүүлэлтийн сүлжээг хамарсан бодит эрэлт гэдгийг илэрхийлж байна.

Frame 1686553469.pngСанал болгох:
VanEck Semiconductor ETF (NAS:SMH)

Global X Copper Miners ETF (COPX) /чипний гол түүхий эдүүдийн нэг/**


3. AI-ийн нөлөөгөөр дэлхий дахинд цахилгаан эрчим хүчний хэрэгцээ урьд өмнөхөөсөө илүү нэмэгдэж байна.

AI-ийн хурдацтай хөгжил нь дэлхий дахинд цахилгаан эрчим хүчний хэрэглээг урьд өмнөхөөс илүү огцом нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Хиймэл оюун ухааны өсөлт нь зөвхөн чипийн үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй бөгөөд ойрын жилүүдэд шинэ дата төвүүд олноор ашиглалтад орсноор тэдгээрийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах шаардлага эрс нэмэгдэх төлөвтэй. Үүний үр дүнд эрчим хүчний эрэлт бүтцийн хувьд өөрчлөгдөж, ялангуяа ойрын 2–3 жилийн хугацаанд:

  • байгалийн хий,

  • нарны эрчим хүч,

  • цөмийн эрчим хүчний эрэлт мэдэгдэхүйц өсөх хүлээлт бий болж байна.

    Frame 1686553471.pngОдоогийн байдлаар эрчим хүчний салбарт хамгийн хурдтай тэлж буй нь нарны эрчим хүч юм. Үүний гол шалтгаан нь өртөг харьцангуй бага, хурдан ашиглалтад орох боломжтойд оршиж байна. Тиймээс AI-д суурилсан дата төвүүдийн богино хугацааны эрчим хүчний хэрэгцээг хангахад нарны эрчим хүч хамгийн шуурхай шийдэл болох боломжтой. Харин цөмийн эрчим хүчний хувьд өсөлтийн хүлээлт өндөр байгаа ч барилга байгууламжийн хугацаа урт, хөрөнгө оруулалтын хэмжээ их шаарддаг тул дунд болон урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалтад илүү тохиромжтой сонголт харагдаж байна.

    Frame 1686553470.png
    Санал болгох:
    Global X Uranium ETF (NYSE:URA)


    4. Дайны дронууд

Орчин үеийн дайны талбарт дронууд нь хамгийн өртөг багатай, өндөр үр ашигтай зэвсэг болж байна. Тэдгээр нь танк, байлдааны нисдэг тэрэг зэрэг уламжлалт дайны хэрэгслүүдээс хэд дахин хямд өртгөөр тагнуул, довтолгоо, саатуулах ажиллагааг гүйцэтгэх боломж олгодог.
Геополитикийн зөрчил эрчимжсэнтэй холбоотойгоор томоохон улсууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, 2025 онд НАТО-гийн орнуудын нийт батлан хамгаалахын зардал $1.6 их наядад хүрсэн. Ихэнхи шинжээчдийн таамаглалаар 2030 он гэхэд дайны дроны зах зээл $88 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Гэвч батлан хамгаалахын зардлын бүтэц дрон, автоматжуулсан систем рүү эрчимтэй шилжиж байгаа нь энэхүү үнэлгээг даруухан харагдуулж байгаа юм. Хэрэв НАТО-гийн орнууд 2030 он хүртэл жилд дунджаар $750 тэрбум зарцуулсаар байвал, дайны дроны зах зээл $250 тэрбумд хүрэх боломжтой гэж үзэж байна.

Frame 1686553472.pngСанал болгох:
Defiance Drone & Modern Warfare ETF (JEDI)


5. АНУ/Хятадын худалдааны “дайн”-аас хөрөнгө оруулагчид хэрхэн ашиг хүртэх боломжтой вэ?

АНУ болон Хятадын хоорондын худалдааны хурцадмал байдал нь сүүлийн нэг жилийн хугацаанд түр хэлэлцээрийн хүрээнд намжсан боловч уг хэлэлцээр 2026 оны 10 сард дуусах бөгөөд үүнээс хойш худалдааны маргаан дахин сэдрэх хүлээлт өндөр байна.
Энэ удаад ч мөн технологийн өрсөлдөөн, өндөр хүчин чадал бүхий чипний нийлүүлэлт, байгалийн ховор элементүүд нь худалдааны хэлэлцээний гол зангилаа хэвээр үлдэх төлөвтэй. Учир нь эдгээр стратегийн салбаруудад АНУ болон Хятад аль аль нь нэг жилийн дотор бүрэн бие даасан нийлүүлэлтийн сүлжээ бий болгох боломжгүй бөгөөд харилцан хамаарал нь дунд хугацаанд үргэлжилсээр байна.
График 6-д харуулснаар, Хятад байгалийн ховор элементүүдийн нийлүүлэлтэд давамгай байр суурьтай, харин АНУ өндөр хүчин чадал бүхий чип, дэвшилтэт технологид илүү давуу талтай хэвээр байна.
Иймээс байгалийн ховор элементүүдтэй холбоотой салбар, компаниуд нь 2026 оны сүүлийн хагаст зах зээлийн анхаарлын төвд дахин орох магадлал өндөр байна.

Frame 1686553473.pngСанал болгох:
VanEck Rare Earths ETF (REMX)


6. Роботын салбар (Үйлдвэрлэлийн робот + Хүн дүрст робот)

Доналд Трамп ерөнхийлөгч болсноор АНУ-д цагаачлалын бодлого чангарч, ялангуяа хилийн бүсийн хяналт сайжирснаар хямд хөдөлмөрийн нийлүүлэлт хумигдах төлөвтэй байна. Үүний үр дүнд ойрын жилүүдэд АНУ зэрэг хөгжингүй орнуудад үйлдвэрлэл, логистикийн салбарын автоматжуулалт эрчимжих хандлага бий болж байна.
Үүнтэй зэрэгцэн хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлөөс шалтгаалан өндөр хүчин чадалтай хүн дүрст роботууд ирэх жилүүдэд хөдөлмөрийн зах зээлд өргөнөөр нэвтрэх суурь нөхцөл бүрдэж байна. Эдгээр роботууд нь үйлдвэрлэлээс гадна логистик, эмнэлгийн хагалгаа, робот такси, хог ангилалт, цэвэрлэгээ, үйлчилгээний салбарууд-д хүчтэй нэвтрэх төлөвтэй.
Компаниудын хувьд роботын технологийг нэвтрүүлэхэд эхний хөрөнгө оруулалтын зардал өндөр боловч, дунд болон урт хугацаанд:

  • хөдөлмөрийн зардлыг бууруулах,
  • бүтээмжийг нэмэгдүүлэх,
  • ажиллах хүчний тогтворгүй байдлын эрсдэлийг багасгах

боломж олгодог стратегийн шийдэл болж байна.
Одоогийн байдлаар Хятад улс роботын зах зээлд тэргүүлэгч байр суурьтай бөгөөд дэлхийн үйлдвэрлэлийн роботын зах зээлийн 50%-иас дээш хувийг эзэлж байна. Харин АНУ-ын зүгээс роботын салбарыг стратегийн ач холбогдолтой гэж үзэж, үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогын түвшинд дэмжих хүлээлт зах зээлд бий болоод байна.

Санал болгох:
Roundhill Humanois Robotics ETF: HUMN


7. Технологид төвлөрсөн багцаа солонгоруулъя: Биотехнологийн салбар

Технологийн хурдацтай хөгжил нь бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчлөөд зогсохгүй, эрүүл мэндийн салбарт бодит ахиц дэвшил авчирч байна. Үүний тод жишээ нь биотехнологийн салбар бөгөөд урьд нь эмчлэгдэх боломжгүй, судалгаа нь бүрэн гүйцэд хийгдээгүй олон өвчний хувьд шинэ эмчилгээ, оношилгооны шийдлүүд технологи, хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр бий болсоор байна.
Геномик, молекул биологи, AI-д суурилсан эмийн нээлт зэрэг чиглэлүүдийн дэвшил нь биотехнологийг урт хугацааны өсөлтийн өндөр потенциалтай салбар болгож, эрүүл мэндийн салбарын бүтцийг үндсээр нь өөрчилж байна.
Дэлгэрэнгүй судалгаатай танилцах.
Санал болгох:
State Street SPDR S&P Biotech ETF (NYSE: XBI)


8. 2025 он криптогийн салбарт чухал жил байв.

Крипто зах зээлийн хувьд 2025 он бүтэц өөрчлөгдсөн онцгой жил байлаа. АНУ-д батлагдсан GENIUS Act-аар крипто активуудыг тодорхой нөхцөлтэйгөөр албан ёсны хөрөнгө (asset) гэж хүлээн зөвшөөрсөн нь криптог уламжлалт санхүүгийн системтэй бодитоор холбох суурь болж өгсөн. Үүний үр дүнд томоохон санхүүгийн байгууллагууд криптог богино хугацааны спекулятив хэрэгсэл бус, харин төлбөр тооцоо, клиринг, settlement, санхүүгийн дэд бүтцийн шинэ давхарга гэж харж эхэллээ.
2026 онд:

  • stablecoin ба төлбөрийн шийдлүүд,
  • tokenized assets (бондууд, мөнгөний зах зээлийн хэрэгслүүд),
  • санхүүгийн байгууллагад чиглэсэн blockchain-ний дэд бүтэц зэрэг сегментүүд зах зээлийн өсөлтийг тодорхойлох магадлал өндөр байна.

Өөрөөр хэлбэл, крипто зах зээл нь “үнэд суурилсан өсөлт”-өөс “хэрэглээнд суурилсан үнэ цэн” рүү шилжиж, бодит, тогтвортой мөнгөн урсгал бий болгож чадсан төслүүд урт хугацаанд давамгайлах шатанд орж байна.

Санал болгох:
iShares Ethereum Trust ETF (NAS: ETHA)
iShares Bitcoin Trust ETF(NAS: IBIT)

*Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахын өмнө заавал мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөс зөвлөгөө авч, тухайн шийдвэрийн эрсдэлийг бүрэн ойлгохыг зөвлөж байна. Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээ, мэдээллийн зориулалттай бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын баталгаа өгөх зорилготой бус юм. Хөрөнгө оруулах эсэх шийдвэрийг та өөрийн судалгаа, үнэлгээнд тулгуурлан бие даан гаргаарай.

Footer image
Apex Logo

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Иргэн

Байгууллага

Нийтлэл судалгаа

Бидний тухай

© 2018 Apex Capital. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.