
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
Олон улсын инфляцын эрсдэл, төсөөлөл
АНУ-Хятадын технологийн өрсөлдөөнд Хятад дахин нэг алхам урагшлав
Anthropic-ийн орлого 14 дахин өсөв.
Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдлаас үүдсэн газрын тосны үнийн шок суларч байгаа ч дэлхийн инфляцын эрсдэл бүрэн арилаагүй байна. Ирантай холбоотой мөргөлдөөн өргөн хүрээнд даамжралгүй үргэлжилж, Ормузын хоолойн нийлүүлэлтийн эрсдэл хэвээр байгаа ч ойрын хугацаанд нөхцөл байдал огцом хурцдах шинж бага байгаа нь газрын тосны үнийг баррель тутамд 90 ам.доллароос доогуур түвшинд тогтоож байна.
Суурь таамаглалаар Brent газрын тосны үнэ III улиралд 80 ам.доллароос дээш хадгалагдаж, шатахуун төдийгүй бордоо, хуванцар, тээвэр логистикийн зардлаар дамжин үнийн дарамтыг үргэлжлүүлэх төлөвтэй. Үүний нөлөөгөөр дэлхийн инфляц 2026 оны IV улиралд 4.5% орчимд оргилдоо хүрэх тооцоотой байна. Харин мөргөлдөөн эрчимжиж, газрын тос 130 ам.долларт хүрвэл инфляц 5.3% хүртэл өсөх эрсдэлтэй бол тогтвортой энхийн тохиролцоонд хүрсэн тохиолдолд оны эцсийн инфляц 4.1% орчимд хязгаарлагдах боломжтой.

Гэхдээ инфляцын төлөв улс орнуудаар ялгаатай байна. АНУ-д суурь инфляц саарч, хөдөлмөрийн зах зээл суларч байгаа нь Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс түдгэлзүүлэхээр байна. Харин Японд импортын эрчим хүч, хүнсний үнэ нэмэгдсэнээр инфляц өсөж, Японы төв банк 10 дугаар сард бодлогын хүүгээ 1.25% болгон өсгөх төлөвтэй. Евро бүсэд эрчим хүчний нөлөөгөөр инфляц түр өссөн ч суурь үнийн дарамт харьцангуй сул хэвээр бөгөөд 2026 оны инфляцыг 2.8%, 2027 онд 2.1% болгон буурна гэж тооцжээ.
Хөгжиж буй орнуудын хувьд газрын тосны үнийн өсөлтийн нөлөө илүү хоцрогдож дамжихын зэрэгцээ цаг агаарын огцом өөрчлөлтийн улмаас хүнсний үнэ өсөх эрсдэл давамгай байна. Ялангуяа Азийн хүнсний бүтээгдэхүүний жин өндөртэй эдийн засгууд инфляцын дарамтад илүү өртөмтгий. Энэтхэг, Филиппин зэрэг оронд мөнгөний бодлого дахин чангарах боломжтой бол Тайланд зэрэг улс шатахууны татаасаар үнийн өсөлтийг хэсэгчлэн сааруулж байна. Малайзын инфляц оны эцэс гэхэд 4%-иас давах эрсдэлтэй байна.

Ерөнхийдөө, газрын тосны анхны үнийн шок намжиж байгаа ч түүний нийлүүлэлтийн сүлжээгээр дамжих хоцрогдсон нөлөө болон цаг агаарын өөрчлөлтөөс үүдэлтэй ургац буурч, хүнсний үнийн дарамт 2026 оны үлдсэн хугацаанд дэлхийн инфляцыг өндөр түвшинд хадгалах төлөвтэй байна. Иймээс төв банкуудын бодлогын чиглэл нэгэн ижил бус байх бөгөөд АНУ хүлээлтийн горимд үлдэх бол Япон болон зарим хөгжиж буй орон бодлогоо чангатгах эрсдэл өндөр хэвээр байна.
Alibaba-ийн Qwen хиймэл оюуны загварууд сүүлийн зургаан сарын хугацаанд дэлхий даяар 3 тэрбум гаруй татагдаж, open-weight AI загварын хэрэглээгээр Meta болон Google-ийг давсан байна. Alibaba 460 гаруй Qwen загварыг нээлттэй болгосон бөгөөд тэдгээр дээр суурилсан 300 мянга гаруй derivative model бий болжээ. Харьцуулбал 2026 онд Google-ийн загварууд 418 сая, Meta-ийнх 227 сая таталттай байсан гэж Hugging Face мэдээлсэн байна.

Qwen-ийн өсөлт нь Хятадын AI компаниуд харьцангуй хямд, өөрчлөн хөгжүүлэхэд хялбар нээлттэй загваруудаар АНУ-ын хаалттай системүүдтэй өрсөлдөж байгааг харуулж байна. Alibaba мөн Qwen-ийг өөрийн cloud платформоор дамжуулан Зүүн Өмнөд Ази, Африкийн байгууллагын хэрэглэгчдэд түгээж, хөгжүүлэгчдийн экосистемээ хурдтай тэлж байгаа аж.
Anthropic-ийн 2026 оны II улирлын урьдчилсан тайлангаар орлого $11.5 тэрбумаас давж, өмнөх оны мөн үеийн $787 саяас ойролцоогоор 14 дахин өссөн байна. Мөн I улирлын $4.73 тэрбумын орлоготой харьцуулахад өсөлт эрчимтэй үргэлжилжээ. Тус компани II улиралд тохируулсан үйл ажиллагааны ашигтай ажилласан гэж хөрөнгө оруулагчдад танилцуулсан.

Өсөлтөд Claude-ийн байгууллагын хэрэглээ, ялангуяа програмчлал зэрэг ажлын урсгалыг автоматжуулах хэрэглээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Anthropic-ийн жилийн орлогын run rate тавдугаар сард $47 тэрбумыг давсан бөгөөд компани IPO-д бэлтгэж, Morgan Stanley, Goldman Sachs болон JPMorgan-тай хамтран ажиллаж байгаа талаар мэдээллэж байсан. Гэхдээ энэ нь II улирлын урьдчилсан тоон үзүүлэлтүүд бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой.
Дүгнэлт
АНУ–Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч геополитикийн эрсдэл бүрэн намжаагүй хэвээр байна. Ормузын хоолойгоор дамжих газрын тос, байгалийн хий зэрэг стратегийн түүхий эдийн нийлүүлэлт доголдож байгаа нь дэлхийн эрчим хүчний үнэ болон инфляцын дарамтыг өндөр түвшинд хадгалж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөдөлмөрийн зах зээл болон инфляцын үзүүлэлтүүд харьцангуй суларсан нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалыг бууруулсан хэдий ч геополитик, эрчим хүчний үнийн эрсдэл бүрэн арилсангүй.
Үүний зэрэгцээ AI салбарын өсөлтийн эрч саараагүй байна. АНУ, Хятадын технологийн хөгжлийн зөрүү аажмаар хумигдаж, сүүлийн саруудад Хятадын технологийн компаниудын AI хөгжүүлэлт болон хэрэглээ улам эрчимжиж байгаа нь өрсөлдөөнийг шинэ шатанд гаргаж байна.
Нөгөө талд Anthropic-ийн орлогын хурдацтай өсөлт үргэлжилж байгаа нь IPO-д бэлтгэж буй компанийн хувьд хөрөнгө оруулагчдын анхаарлыг улам татаж байна. Ялангуяа AI технологийг зөвхөн хөгжүүлэлт бус, бодит орлого болон ашигт ажиллагаа болгон хувиргаж эхэлсэн нь салбарын дараагийн өсөлт зөвхөн технологийн боломж бус, бизнесийн бодит үр дүнгээр хэмжигдэх үе рүү шилжиж байгааг харуулж байна.
Anthropic компанийн Open AI компанитай харьцуулсан судалгааг ЭНД дарж уншина уу.