
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Бидний зүгээс 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX:ERDCF)-ийн дэлгэрэнгүй судалгаа, компанийн үнэлгээг харилцагчдадаа хүргэж, BUY буюу хөрөнгө оруулах зөвлөмжийг гаргаж байсан. Тухайн үед компанийн хувьцааны ханш 6.69 канад доллар байсан бол өнөөдрийн байдлаар 5.62 канад доллар болж буураад байна.
Бидний үзэж буйгаар энэхүү ханшийн бууралт нь компанийн суурь үзүүлэлтээс бус зах зээлийн богино хугацааны хэлбэлзэлтэй холбоотой гэж үзэж байгаа бөгөөд компанийн урт хугацааны үнэлгээг өөрчлөөгүй хэвээр хадгалж байна. Иймд өмнө нь хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдын хувьд ханшаа дундажлах, харин одоогоор хөрөнгө оруулалт хийж амжаагүй байгаа хөрөнгө оруулагчдын хувьд одоогийн ханшийг хөрөнгө оруулалт хийх тохиромжтой ханш гэж үзэж байна.
Энэхүү нийтлэлд өмнөх судалгаа нийтлэгдсэнээс хойш компанитай холбоотой гарсан голлох үйл явдал болон одоогийн үнэлгээ яагаад хөрөнгө оруулалт хийх боломжит түвшинд хүрснийг тайлбарласан дүн шинжилгээг нэгтгэн хүргэж байна.
1. Хувьцаа эргүүлэн худалдан авах:
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн (TSX: ERD; MSE: ERDN; OTCQX: ERDCF) 2026 оны 6 дугаар сарын 30-наас 2027 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд зах зээлээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах (Normal Course Issuer Bid) хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар компанийн нийт эргэлтэд буй энгийн хувьцааны тоо 49,386,538 ширхэг байсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд үүний 10% буюу 4.9 сая хүртэлх хувьцааг зах зээлээс худалдан авч, хүчингүй болгох боломжтой гэж компани мэдэгдсэн байна.
Хэрэв хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл зах зээл дэх нийт хувьцааны тоо буурч, нэгж хувьцаанд ногдох үнэ цэнэ (EPS) болон одоо байгаа хувьцаа эзэмшигчдийн компанийн эзэмшил өсөх эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Мөн нэг жилийн хугацаанд компанийн зүгээс тогтмол худалдан авалт хийх нь зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлж, хувьцааны ханшийг дэмжих хүчин зүйл болох төлөвтэй.
Нээлттэй компаниуд өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах шийдвэрийг компанийн суурь үнэ цэнээс доогуур үнэлэгдэж байна гэж удирдлага нь үзэж буй үед гаргах нь түгээмэл байдаг. Иймээс энэхүү шийдвэр нь компанийн удирдлагын зүгээс хувьцааныхаа урт хугацааны үнэ цэнэд итгэлтэй байгааг илэрхийлсэн эерэг дохио гэж үзэж байна.
2. Алтны ханш энэ оны хамгийн доод түвшиндээ байгаа юу?
Алтны ханш 2022 оны эхнээс өнөөг хүртэл бараг 2.3 дахин буюу 131% орчим өссөн байна. 2022 оны эхэнд унц нь 1,800 ам.доллар байсан бол өнөөдөр 4,156 ам.долларт хүрчээ.
Ялангуяа 2025 онд дэлхий даяар ам.долларын хамаарлаас татгалзах хөдөлгөөн эрчимжиж, геополитикийн тогтворгүй байдал даамжирснаар алтны ханш огцом өссөн. Улмаар 2026 оны 2 дугаар сард унц нь 5,279 ам.долларт хүрч, түүхэн дэх дээд ханшаа тогтоосны дараа ханш эргэн бага зэрэг суларсан байдалтай байна.
Дэлхийн Алтны Зөвлөл (World Gold Council)-ийн жил бүр явуулдаг Төв банкуудын алтны нөөцийн судалгаанд нийтдээ 10 их наяд гаруй ам.долларын нөөц удирддаг 74 төв банк оролцсон бөгөөд тэдгээрийн 82% нь одоо биет алт эзэмшиж байгаа нь өмнөх оны 71%-иас мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.
Судалгаанд оролцогчдын 61% нь алтны үнэ 2027 оны 6 дугаар сар гэхэд нэг унц нь 5,000–6,000 ам.долларын хооронд арилжаалагдана гэж таамаглаж байна. Ханш дээд түвшинд хүрсэн ч төв банкуудын ердөө 28% нь өндөр үнийн улмаас нэмэлт худалдан авалт хийхээс татгалзаж байгаа бөгөөд дийлэнх нь алтыг стратегийн чухал актив гэж үзсэн хэвээр байна.
Хамгийн анхаарал татах зүйл нь төв банкууд алтны үнэ хэд байхаас үл хамааран худалдан авалтаа үргэлжлүүлж буй явдал юм. Жишээ нь, алтны үнэ харьцангуй доогуур байсан 2022 онд төв банкууд түүхэнд байгаагүй их хэмжээний худалдан авалт хийсэн. Харин 2025–2026 онд ханш дээд цэгтээ хүрэхэд худалдан авалтын эрч бага зэрэг саарсан ч 2022 оны өмнөх үетэй харьцуулахад өндөр хэвээр байв. Эндээс үзэхэд төв банкууд ханшийн богино хугацааны хөдөлгөөнийг дагаж ашиг олох гэж яарахгүй, харин урт хугацааны стратегийн зорилгоор алтны нөөцөө тогтвортой нэмэгдүүлж байна.
Дүгнэлт: Төв банкуудын алтны худалдан авалт нь дэлхийн алтны ханшийг дэмжих гол хүчин зүйлсийн нэг хэвээр байна. Одоогийн байдлаар төв банкуудын худалдан авалтын хэмжээ түүхэн өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд олон улсын томоохон төв банкуудын алтны ханшийн төсөөлөл ч одоогийн зах зээлийн үнээс өндөр хэвээр байна.
Erdene Resource Development Corporation-ийн үндсэн бүтээгдэхүүн нь алт тул алтны зах зээлийн ханшийн өөрчлөлт нь компанийн орлого, ашигт ажиллагаа болон үнэлгээнд шууд нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Иймээс алтны ханшийн эерэг төлөв хадгалагдаж буй өнөөгийн орчин нь компанийн санхүүгийн үзүүлэлт болон ирээдүйн өсөлтийн хүлээлтийг дэмжих эерэг суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
3. Компанийн техник шинжилгээний үзүүлэлт
2007 оноос эхэлсэн уналтын томоохон трендийг 2025 онд сэтлэн ханш хүчтэй өсөлтийг үзүүлсний дараа засвар хөдөлгөөн сүүлийн жилийн хугацаанд үргэлжилж уналтын тренд дээр дахин retest хийн 2018 оноос эхэлсэн эхэлсэн pattern-ний дээд орой, ханшийн support zone Fibo 0.50-0.618 түвшинд ханш ирсэн зэрэг хэд хэдэн томоохон дэмжлэгийн бүс дээр ирсэн нь ирэх саруудад ханшийн дараагийн үндсэн чиглэл тодорхойлогдох боломжтойг илтгэж байна. Одоогийн байгаа ханш дээр худалдан авалт хийх нь бага хэмжээний эрсдэл хүлээн өндөр өгөөж авах боломжтой юм.
Одоогийн байдлаар $5.50 орчим нь хамгийн чухал дэмжлэгийн бүс болж байгаа бөгөөд энэ түвшин нь өмнөх эсэргүүцэл байсан бүс болон өсөх тренд шугамтай давхцаж байгаагаараа ач холбогдолтой юм. Хэрэв энэхүү дэмжлэг хадгалагдвал ханш дахин өсөлтийн мөчлөгт шилжих магадлал өндөр байна.
Эхний зорилтот түвшин $7.61 нь хамгийн ойрын хүчтэй эсэргүүцлийн бүс бөгөөд энэхүү түвшнийг өндөр арилжааны идэвхтэйгээр давж чадвал өмнөх оргилууд руу чиглэсэн өсөлт үргэлжлэх боломжтой. Дараагийн зорилтот түвшин нь $8.50 орчим, цаашлаад $11.65 орчим байх боломжтой байгаа нь бидний өмнө нь хийсэн ирээдүйн мөнгөн урсгал дээр суурилсан үнэлгээний зорилтот ханшуудтай ойролцоо түвшнүүдэд байгаа юм.
Урт хугацааны өсөх тренд одоогоор эвдээгүй хэвээр байгаа бөгөөд $5.50 орчмын дэмжлэг хадгалагдсан тохиолдолд $7.61-ийг даван гарах хөдөлгөөн эхлэх боломжтой.
Ерөнхий дүгнэлт:
Компанийн зарласан хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр, алтны зах зээлийн төлөв, суурь болон техник шинжилгээний үр дүнг нэгтгэн авч үзвэл Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшний дунд болон урт хугацааны төлөв эерэг хэвээр байна. Та өмнөх судалгаатай энэхүү холбоосоор орж танилцах боломжтой.
АНУ–Ираны геополитикийн хурцадмал байдлын улмаас Засгийн газрын бондын өгөөж өсөж, ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд богино хугацаанд тодорхой дарамт үзүүлсэн. Гэсэн хэдий ч төв банкнуудын худалдан авалт, геополитикийн тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн эрсдэлийн нөлөөгөөр алтны ханш урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдах суурь нөхцөл хэвээр байна.
Алтны үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөв нь компанийн ирээдүйн орлого, мөнгөн урсгал, ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлөх хүлээлтийг дэмжиж байна. Түүнчлэн Эрдэнэ Ресурс олборлолт болон алтны борлуулалтаа эхлүүлээд байгаа нь энэхүү эерэг зах зээлийн орчны үр өгөөжийг бодитоор хүртэх боломжийг нэмэгдүүлж байна.
Нөгөө талаас, компанийн хэрэгжүүлж буй хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр нь удирдлагын зүгээс хувьцааны өнөөгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэ цэнээс доогуур гэж үзэж буй дохио болохын зэрэгцээ эргэлтэд буй хувьцааны тоог бууруулснаар нэгж хувьцаанд ногдох үнэ цэнийг нэмэгдүүлэх, урт хугацааны хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг сайжруулах эерэг хүчин зүйл гэж үзэж байна.
Техник шинжилгээний хувьд хувьцааны ханш $5.50 орчим дахь гол дэмжлэгийн бүсэд арилжаалагдаж байгаа бөгөөд энэхүү түвшин хадгалагдсан тохиолдолд $7.61-ийн эсэргүүцлийн түвшнийг дахин сорих, цаашлаад дараагийн зорилтот түвшнүүд рүү өсөх боломж нээлттэй хэвээр байна.
Иймээс суурь үзүүлэлтүүд, алтны зах зээлийн төлөв, компанийн стратегийн шийдвэрүүд болон техникийн зураглалыг цогцоор нь үнэлэхэд Эрдэнэ Ресурсын хувьцаа нь дунд болон урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын боломж хэвээр байна гэж үзэж байна.